Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0643

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

нарийн бичгийн дарга Г.

хохирогч Б.Б ,   

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогтой А-гийн Т-д холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт  

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн Оюут 2 дугаар хорооллын 27 дугаар байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй байж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шилжиж явсан, шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй, оршин суух тодорхой хаяггүй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  05 дугаар сарын 03-ны өдрийн  432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б  овогтой А-гийн Т, регистрийн дугаар:.........,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын  17-12 тоотод оршин суух иргэн  Д.О-гийн гэрээс Самсунг А50 маркийн гар утас, годон гутал, хаан виза карт бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,  

Мөн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед болон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелын 2 дугаар буудалд байрлах Авто засварын газарт иргэн Б.Б гийн 71-65 УНҮ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Пассо маркийн автомашиныг “7 хоногийн дотор засаж өгнө” хэмээн хуурч, улмаар “Замаск хийж байна, цагаан сарын дараа гарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135647073 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                               

ТОДОРХОЙЛОХ нь :      

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч А.Т 2019 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын  17-12 тоотод оршин суух иргэн  Д.О-гийн гэрээс Самсунг А50 маркийн гар утас, годон гутал, хаан виза карт бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :        

- хохирогч Д.О-гийн:…2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 17-12 тоотод байх гэртээ ирэхэд 3 зээ болон манай охин Р.Э-гийн хамтран амьдрагч А.Т нар байсан. Манай охин Р.Э  хамтран амьдрагчтайгаа муудалцсан гээд гэртээ байхгүй байсан. Би ядраад 22 цаг өнгөрч  байхад орондоо ороод, өөрийн самсунг А-50 маркийн гар утсаа дэрэн доогуураа хийгээд унтахад, Тэлмэн зурагт үзээд 3 зээгийн цаана хэвтэж байсан. Би унтаж байгаад шөнийн 04 цагийн үед сэрэхэд зурагт асаатай, Тэлмэн байхгүй байхаар нь би зурагтаа унтраагаад гар утсаараа охин Энхцэцэг рүү залгах гэтэл гар утас байгаагүй...Гэтэл Тэлмэн нь Самсунг А-50 маркын гар утас, годон гутал, Хаан банкны виза карт, бэлэн 20,000 төгрөг байсныг аваад явсан байсан…Маргааш өглөө ажил руугаа авч очоод залгатал Тэлмэнгийн утас холбогдохгүй байсан...Манай охин Р.Э  нь Т-тэй  холбогдоход гар утас болон миний годон гутлыг авч явсан гэж хэлсэн ба удахгүй очно гээд алга болсон…Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-24-25/,  

- гэрч Р.Э ийн:…2019 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд бид хоёр хэрүүл маргаантай байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ очилгүй найзындаа очиж хоносон ба над руу залгаад байхаар нь гадуур ажилтай явж байна гээд хэлээд очоогүй. Тухайн шөнө 03 цагийн над руу би явлаа гээд мессэж бичээд үлдээсэн байсан. Маргааш өглөө нь ээж болох Д О  над руу залгаад Тэлмэн чам дээр очсон уу, гар утас, карт, годон гутал, бэлэн 20,000 төгрөг аваад явсан байдаггүй гэхээр нь би Тэлмэн рүү залгахад утсаа аваагүй, утас дуудаад л байсан…Тэр өдрөөс хойш холбогдож чадаагүй, над руу чатаар хэл амаар доромжлоод байсан. Би цагдаад хандлаа гэхэд надад гутал, гар утас нь байгаа би чамайг айлгах гэж авч явсан гээд таг алга болсон” гэх мэдүүлэг /хх-30-31/, 

- гэрч Д.М-гийн...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш байх, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хорооллын 49-5 тоотод байх “Баянбулаг" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийж байхад, гаднаас хар өнгийн үүргэвчтэй цүнх үүрсэн залуу орж ирээд, ээжийнхээ гутлыг утастайгаа тавьчихъя, машин мөргөлдөөд, мөнгөний яаралтай хэрэг гараад гэсэн  юм…Би гар болон годон гутлыг нийлүүлээд 480,000 төгрөгөөр авсан. 14 хоногийн хугацаатай тавьсан ба 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Таны тавьсан эд зүйлийн үндсэн хугацаа дууслаа, хүлээлгийн хугацаанд орлоо” гэж мессеж автоматаар 2 удаа явсан. Би тухайн үед өөрийн фэйсбүүк дээр зургийг нь тавиад зарж борлуулсан гэх мэдүүлэг /хх-44/,     

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны үнэлгээгээр хохирогч Д.О-гийн эд зүйлийг  975.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт /хх-46-47/,  

- А.Т-гийн яллагдагчаар өгсөн :...Би тухайн өдөр хадам ээж Оюунцэцэгийн хар өнгийн А-50 маркийн гар утсыг нь хэлэлгүй аваад хамтран амьдрагч Энхцэцэг рүү залгатал утсаа аваагүй, тэгэхээр нь орны хажууд байсан цаа бугын годон гутлыг, мөн ээжийн түрүүвчнээс 10,000 төгрөг бэлнээр авсан...годон гутал, гар утсыг Хархорин захын орчим байх ломбарданд 480,000 төгрөгөөр барьцаанд тавьж үрсэн...гэх мэдүүлэг /хх-65-66/ зэрэг нотлох баримтуудаар, мөн  

 

Шүүгдэгч А.Т нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед болон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелын 2 дугаар буудалд байрлах “Авто засварын газар”-т иргэн Б.Б гийн 71-65 УНҮ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Пассо маркийн автомашиныг “7 хоногийн дотор засаж өгнө” хэмээн хуурч, улмаар “замаск хийж байна, цагаан сарын дараа гарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135647073 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь :      

- хохирогч Б.Б гийн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 71-65 УНҮ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Пассо маркийн автомашины урд күзов засварыг засуулахаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн зам дагуү Золбоо дэлгүүрээр ертөнцийн зүгээр зүүн тийш эргэхээр байрлах гражид Тэлмэн гэх хүнд автомашинаа өгсөн. Тухайн үед Тэлмэн гэх засварчинтай уулзаад 1.500.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаанд машинаа засуулахаар тохирсон…Машин засуулахаар тохирохдоо 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мобайлаар 500.000 төгрөгийг 5135647073 дугаартай данс руу шилжүүлсэн, мөн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг мобайл банкаар А.Т-гийн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 02-р сарын 10-ны үеэр шаардлагатай сэлбэгүүдийг нь авч өгсөн. Тэгээд Т-тэй  үтсаар холбогдоод “Машин хэзээ гарах вэ?” гэтэл “Замаск хийж байна, цагаан сарын дараа гарна” гэж хэлсэн…Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Тэлмэн нь утсаа авахгүй, утас нь холбогдохгүй болчихсон, фэйсбүүк хаяг нь ч болохгүй байсан. Тэгээд би аргаа бараад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр граж дээр нь очоод Болд гэх хүнд хэлээд машинаа ачиж аваад явсан. Машинаа авч явахад авчирсан сэлбэгнүүдийг машинд хийгээгүй байсан…Би дахин өөр хүнд мөнгө төлж машинаа засуулсан….1 сая төгрөгөө авах хүсэлтэй” гэх мөрдөн байцаалт /хх-98-100/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,  

- хохирогч Б.Б  2018.02.01, 2018.02.05-ны өдрүүдэд тус бүр 500.000 төгрөгийг А.Т-гийн 5135647073 дугаартай данс руу шилжүүлсэн тухай баримт болох Хаан банкны 5135647073 дугаартай А.Т-гийн дипозет дансны /хх-ийн    116-124/, Хаан банкны 5055286080 дугаартай Б.Б гийн дипозет дансны хуулга /хх-154-191/,   

- шүүгдэгч А.Т-гийн ...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэг эмэгтэй машиныхаа хамар хэсгийг янзлуулна гэж яриад 1.500.000 төгрөгөөр янзлахаар хөлсийг тохирсон, мөн автомашины сэлбэгийг машины эзэн гаргахаар болоод, автомашинаа надад үлдээсэн. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баярмаа гэх эмэгтэй миний 5135647073 данс руу 500.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөн 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд би тухайн машиныг янзалж өгч чадаагүй...гэх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-219-220/, мөн тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч А.Т тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.             

Иймд шүүгдэгч А.Т-г  хулгайлах болон залилах гэмт хэргийг тус бүр   хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогч Ц.О-т 950.000 төгрөг /хх-ийн 24-25, 27/, хохирогч Б.Б д 1.000.000 /хх-98-99,101/ нарт тус тус төлөөгүй байх тул 1.950.000 төгрөг төлөхөөр байна.        

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :    

Шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  05 дугаар сарын 03-ны өдрийн  432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тухайн ялууд биелэгдсэн баримт хэрэгт авагджээ.    

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь оршин суух байнгын хаяггүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажил, хөрөнгө орлогогүй, гэр бүл, төрөл садангийн гэх хүмүүсийн талаарх баримт, мэдүүлэг хэрэгт авагдаагүй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  хулгайлах болох залилах гэмт хэрэг тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулан нэмж нэгтгэж, уг хорих ялыг нээлтэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.     

Шүүгдэгч А.Т 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдан, тус өдрөөс хойш 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 51 хоног цагдан хоригдсон /хх-49, 68/, тус хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :   

 

1. Шүүгдэгч А.Т-г  хулгайлах болон залилах гэмт хэргийг тус бүр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

            2. Шүүгдэгч А.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,        

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-гийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн  хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-гийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Т-гийн цагдан хоригдсон нийт 51 хоногийг түүний эдлэх  хорих ялд оруулан тооцсугай.    

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Т-г ээс нийт 1.950.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Оюунцэцэгт 950.000 төгрөг, хохирогч Б.Б д 1.000.000 төгрөгийг тус тус олгосугай.    

            7. Уг хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар өөрт учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

 8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            9. Шүүгдэгч А.Т-г   цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 06 сарын  08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г. Г