Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/06084 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Батаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Тачбин” ХХК болон Ж.Чинзориг нарт холбогдох

 

Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 46,5 км төмөр замыг 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ж.Чинзориг, “Тачбин” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318 890 000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

“Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгох, “Тачбин ХХК”-руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө болох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд Ц.Эрдэнийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цэндсүрэн,

Хариуцагч: Ж.Чинзориг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Баяржаргал,

Гуравдагч этгээд: Ц.Эрдэнэ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, иргэн Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарын өгсөн мэдээллийн дагуу Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс тус аймгийн Гурванзагал сумын нутагт байрлах “Мардай” хүртэлх 93 км төмөр замыг 2 жил орчим хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах, худалдан авах 373 тоот гэрээ байгуулан уг төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр гаргуулан авсан юм. Төмөр замын үнэ болох 440 000 000 төгрөгийг миний бие дангаар төлөх боломжгүй байсан тул Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарын хуучны танил Ж.Чинзоригоос тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болж, төмөр замыг богино хугацаанд зарж борлуулан худалдан авахад оруулсан хөрөнгөө авах аман тохиролцоо хийснээр Ж.Чинзориг 240 000 000 төгрөг, би найз нөхдөөс нэмж зээлж 200 000 000 төгрөгийг Төрийн өмчийн хорооны дансанд төлсөн болно. Төмөр замыг богино хугацаанд борлуулах, ашиглах боломжгүй байсан учраас Ж.Чинзоригийн хүсэлтээр мөнгө өгөх аман тохиролцоогоо өөрчилж “Тачбин” нэртэй компани байгуулан дүрмийн санг 50:50 хувь гэж тодорхойлон 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр "Тачбин” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн Ж.Чинзоригийн хүсэлтээр “Бүрхээст хайрхан” ХХК, “Тачбин” ХХК-ийн хооронд төмөр зам худалдах, худалдан авах гэрээ байгуулж 93 км төмөр замыг “Тачбин” ХХК-д шилжүүлсэн. Энэ гэрээ нь үнэн хэрэгтээ зөвхөн шинээр байгуулсан “Тачбин” ХХК-ийн хөрөнгөд төмөр замыг бүртгэн авах зорилгоор хийгдсэн гэрээ байсан болно. Бид анхнаасаа төмөр замаа борлуулах, хэн аль нь оруулсан мөнгөө ашгийн хамт авах, анх энэ наймааны санааг гаргасан Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарт борлуулалтын орлогоос урамшуулал олгох, урамшууллын хэмжээг тухайн үед нь шийдвэрлэхээр амаар тохиролцож байсан. Мөн худалдан борлуулах асуудлыг бие дааж шийдвэрлэхгүй байх, харилцан бие биеэ мэдээллээр хангаж, хамтарч ажиллахаар, төмөр замыг харах манаачийн цалинг хэн аль нь ээлжээр төлөхөөр тохиролцсон болно. 2011 оны үед Ж.Чинзориг нэг удаа “төмөр замаа зарахаар боллоо өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгтэй байна” гээд байхаар нь түүнд итгээд өгсөн. Энэ үеэс эхлэн Ж.Чинзоригийн зан ааш нь хувирч төмөр замыг надад мэдэгдэлгүйгээр зарж борлуулах ажлаа эхлүүлж, бүгдийг өөрийн өмч мэт үзэж, 2013-2015 онд нийт 42,5 км замыг хуулан бусдад худалдсан байна. Бусдад ийнхүү зарах гэж байгаагаа надад огт яриагүй, Дорнод аймагт төмөр замыг хуулж ачуулж байгааг би Ц.Эрдэнээгээс сонссон юм. Компанийн өмчийг ийнхүү дур мэдэн надад мэдэгдэлгүй зарсан асуудлаар тухайн үед би эрүүгийн журмаар гомдол гаргах боломж байсан ч “... би авахаа авсан, чамд ногдох хувь өгнө ...” гэх Ж.Чинзоригийн үгэнд итгэсэн болно. Энэ олон жилийн хугацаанд Ж.Чинзориг нь амаар ярьж тохиролцсоноосоо байнга буцаж, итгэл эвдэж байсан учраас түүнтэй төмөр замаас үлдсэн өөрт ногдох хэсгийг авах тухай тохиролцоог баталгаажуулж авахаар ярилцахад мөн л урьд нь ярьж тохиролцсоноосоо буцаж, өөрийн санааг тулгаж, “... чамд үнээс илүүг өгч чадахгүй, шүүхээр явж өөрт ногдох хувиа тогтоолго ...” гэх мэтээр өмчлөх эрхийг минь үгүйсгэж байгааг зөвшөөрөхгүй. Миний бие “Тачбин” ХХК-ийн гишүүн, хуулийн дагуу тухайн компанийн ашгийн болоод уг компанийн нэр дээрх өмч болох төмөр замын 50 хувийг өмчлөх бүрэн эрхтэй. Энэ асуудлаарх маргааныг миний зүгээс эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэж, Ж.Чинзоригийн хэлсэн болгонд буулт хийж өнөө хүрсэн болохоос биш, би Ч.Чинзоригоос түүний өмчөөс авах, булаах гээгүй, надад тийм сувдаг, шуналтай зан байхгүй. Ер нь “Тачбин” ХХК байгуулагдсан цагаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, гагцхүү төмөр замыг борлуулах л зорилгоор тус компанийг байгуулсан учраас “Тачбин” ХХК нь төмөр замыг хамтран өмчлөх бид хоёрын эрхийг нотолж байгаа хууль ёсны баримт мөн. Гэтэл Ж.Чинзориг нь надад мэдэгдэлгүй төмөр замыг удаа дараа хуулан бусдад худалдан цаашид хамтран ажиллах боломжгүй итгэл эвдлээ. Миний бие “Тачбин” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувь эзэмшигч, хөрөнгө оруулагчийн хувьд ногдох хэсгээ гаргуулж, компаниас гарахаас өөр аргагүй нөхцөлд орж байна. Миний бие  хариуцагч Ж.Чинзориг болон “Тачбин” ХХК-д холбогдуулан Дорнод аймгийн "Чингисийн далан" өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Ж.Чинзориг нь төмөр замын 42,5 км замыг хуулан авч ихэнх хэсгийг нь "МРС" ХХК-д худалдсан байх тул гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулж авах, "Тачбин" ХХК-ийн /4 гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгуулах, одоо газар дээр үлдсэн төмөр замын 50 хувийг өөрийн өмчлөлд авах, Төрийн өмчийн хорооноос "Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр олгосон № 00460 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээ"-г иргэн Ж.Чинзоригоос гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Ж.Чинзориг төмөр замын 42,5 км замыг хуулан авч ихэнх хэсгийг нь "МРС" ХХК-д худалдсан байх тул гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулж авах “Тачбин" ХХК-ийн гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгуулах, Төрийн өмчийн хорооноос "Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр олгосон № 00460 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээг иргэн Ж.Чинзоригоос гаргуулан авах тухай зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч миний бие Дорнод аймгийн "Чингисийн далан" өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, одоо газар дээр үлдсэн төмөр замын 50 хувийг өөрийн өмчлөлд авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн найруулж Ж.Чинзориг нь 93 км төмөр замаас 40 км гаруй төмөр замыг бусдад зарсан байх тул шүүхийн шийдвэрээр Дорнод аймгийн "Чингисийн далан" өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох төмөр замын 50 хувь болох 46,5 км төмөр замыг төмөр замын өмчлөгчийн эрхийн № 00460 тоот гэрчилгээнээс хасалт хийж, нэхэмжлэгч Б.Батаа миний өмчлөлд шилжүүлж өгөхийг "Тачбин" ХХК-ийн захирал Ж.Чинзоригт даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ. 

 

Хариуцагч Ж.Чинзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Энэхүү төмөр замыг худалдан авах саналыг анх Ц.Эрдэнэ надад санал болгож, хамтран худалдаж авахаар тохирсон бөгөөд “ТӨХ-ноос авангуут 2 сарын дотор Улаанбаатар төмөр замд шууд худалдана гэж тохирчихсон байгаа" гэсэн. Ц.Эрдэнээгийн дотны хүн нь УБТЗ-д дээд албан тушаалд ажилладаг байсан юм. Миний хувьд уг саналыг судалж үзээд Ц.Эрдэнэ Б.Батаа нарын хамт дөрвүүлээ Дорнод аймгийн Гурван загал явсан. Ингээд миний бие тус төмөр замыг хөрөнгө гаргаад авч болох юм гэж тооцоод Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Баянмөнх нартай “оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хувь эзэмших, хариуцлага хүлээхээр тохиролцон” төмөр замыг худалдаж авахаар шийдвэрлэсэн. Тухайн үед миний бие Худалдаа үйлчилгээний “Ирмүүн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус төмөр замыг өөрийн компанийн нэр дээр авч болох байсан боловч 2 шалтгааны улмаас больсон юм. Манай компани барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг, орлого зарлага ихтэй байгууллага учир санхүүгийн хувьд өөр объект, ялангуяа хамтарч хөрөнгө оруулж буй олон эзэнтэй эд хөрөнгө холих шаардлагагүй гэж тооцсон.  Ерөөс тус замыг аваад 2 сарын дотор л УБТЗ-д борлуулчихна гэсэн итгэл үнэмшилтэй болсон байсан тул Б.Батаагийн санал болгосон “Бүрхээст хайрхан" нэртэй нэг хүний эзэмшлийн цаасан дээрх эрх “хоосон” компаний нэр дээр аваад богинохон хугацаанд эргүүлэн зарахаар төлөвлөсөн болно. Ингээд төмөр замын эхний дэнчин 10 хувь болох 45 000 000 төгрөгийг би төлж үүнээс хойш нийт 8 удаагийн үйлдлээр 2006 оны 5 сарын 24-өөс 2006 оны 8 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 318 890 000 төгрөгийг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр иргэн Ж.Чинзоригоос” гэж хийсэн бөгөөд Б.Батаагаар дамжуулан ТӨХ зохих дансанд төмөр замын урьдчилгаа болгон бэлэн мөнгө өгч байсан болно. Энэ хугацаанд “төмөр замд хөрөнгө оруулаач” гэж олон удаа хандсан боловч хэн нь ч нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд бүгд “0” хөрөнгөтэй хүмүүс болох нь тодорхой болсон юм. ТӨХ-оос “Худалдах, худалдан авах гэрээ №373 дагуу мөнгөө төлж, үгүй бол оруулсан мөнгийг чинь улсын орлого болгоно" гэх мэтээр удаа дараа шаардаж байсан бөгөөд миний хувьд нэгэнт оруулсан хөрөнгөө хамгаалахаар нэмж мөнгө төлсөөр нийт хөрөнгийн 72,5 хувь буюу 318 890 000 төгрөгийг төмөр зам авахад зориулсан бөгөөд мөнгийг та нөхөд гарга, үгүй бол би оруулсан бүх мөнгөө татлаа” гэж босгож ирснээр Б.Батаа арга буюу хүнээс мөнгө зээлж үлдэгдэл төлбөрийг ТӨХ-ноос уг төмөр замыг “Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр өмчлөх гэрчилгээг гаргах эрх нээгдсэн болно. Тухайн үед нөхдүүд надаар бүх хөрөнгийг шийдүүлээд цааш худалдах, дундаас нь мөнгө унагах, хувь хүртэх гэсэн башир арга хэрэглэж би хожуу ухаарсан юм. Төмөр замыг богино хугацаанд худалдан борлуулах боломжгүй болж хугацаа нь 1 жил өнгөрсөн бөгөөд төмөр замд оруулсан хөрөнгө маань өсөж үрждэггүй үхмэл хөрөнгө болсон бөгөөд “Ж.Чинзоригийнх" гэх баримт байхгүй байсан. Иймд Б.Батаагийн хамтаар 50:50 хувийн хөрөнгө оруулалттай, нийт өөрийн хөрөнгө нь 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай “Тачбин" нэртэй хамтарсан компани байгуулсан. Энэхүү компани дээрээ “Бүрхээст хайрхан” ХХК-иас төмөр замаа шилжүүлэн авснаар төмөр зам тодорхой хэмжээгээр миний мэдэлд ирж, сэтгэл амар суух боломжтой болсон юм. “Тачбин” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн тус төмөр замын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 20 км тутамд 5 айл буулган эргүүл харуулын гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл цалин хөлсийг 72:28 хувийн харьцаатай төлж харж хамгаалуулж байгаа бөгөөд орлого ашиг олдоггүй, үргэлж алдагдалтай ажиллаж байгаа юм. Нэгэнт төмөр замын ихэнх хөрөнгийг гаргасны хувьд өмчлөх эрх тэр хэмжээгээр надад оногдож байгаа хэмээн ойлгож энэ хэмжээгээрээ алдагдлаа үүрч явах нь надад ногдсон үүрэг болсон тул 2007 оноос хойш бүх хугацаанд харуул хамгаалалт, сахиулуудыг байршуулж гэрээ хийн өөрийн хувийн хөрөнгөөр цалинжуулж ирсэн. Мөн 1 жилдээ 3-аас доошгүй удаа харуулуудаа эргэж тойрох, гэрээ байгуулах, төмөр замын байр байдлыг шалгах, авах ёстой арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэгт байнга анхаарч өөрийн “өмчдөө" ойр ажиллаж ирсэн. Төмөр зам авснаас хойш хавар, намрын тал хээрийн их түймэрт 4 удаа өртөгдөхөд, мөн хулгайд алдагдах бүрт газар дээр нь хууль хяналтынхантай хамтран ажиллаж ирсэн бөгөөд сум орон нутгийн удирдлага, ард иргэд бүгд намайг таньж мэдэх хэмжээнд хүрсэн билээ. Харин Б.Батааг манай 2 зэрэг харуул нэр усны сургаар нь мэдэх болохоос, өөр хэн ч орон нутагт таньж мэддэггүй. Хугацаа өнгөрөх тусам энэхүү төмөр зам нь улам бүр муудаж, хэрэглээнээс хасагдах, түймэрт өртөх, хулгайд өртөх, дэр мод илжрэх болоод өгрөх зэргээр хорогдол маш их болж байсан бөгөөд оруулсан хөрөнгөө аж ахуйн эргэлтэд оруулах үүднээс “банкны барьцаанд тавья, бизнесийн эргэлтэд оруулъя, цаг хугацаа өнгөрөх тутам хаягдал төмөрний үнэ ч хүрэхгүй болж байгааг Б.Батаад нэг бус удаа хэлж ярьж байсан боловч, тодорхой хариу өгдөггүй, төмөр замаа гэж явдаггүй байсан. Иймд оруулсан хөрөнгөө олж авах үүднээс сүүлийн хэдэн жил уйгагүй хөөцөлдсөний үр дүнд тодорхой хэсгийг нь зарж борлуулсан билээ. Гэтэл Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нар маань ноход болж үндэслэлгүйгээр өөрийн өмчид халдсан мэтээр гомдол гарган намайг Дорнод аймагт эрүүгийн хэрэг үүсгүүлж хэсэг явсан боловч үнэнд гүйцэгдэн тус хэрэг хэрэгсэхгүй болсон. Б.Батаа ч бас эдгээр нөхдийн адилаар илүү харж, билүү долоон “Тачбин” ХХК-ийн 50 хувийн эзэмшлээр далимдуулж иргэн Ж.Чинзориг миний шударга хөдөлмөрийн үр булаахаар санаархаж байгаа нь нэхэмжлэлийн утга санаанд тод харагдаж байна. Төмөр замыг худалдан авахад зориулсан хувь хэмжээ өөр өөр байтал "Тачбин" ХХК-ийн дүрмийн сангийн эзлэх хувь хэмжээтэй хөрөнгө оруулалтыг хольж, түүнээс ашиг олох, аливаа хариуцлагаас мултрах гэсэн хувийн санаархал байна. Компани үүсгэн байгуулагчийн хувьд Б.Батаа нь шүүхийн шийдвэрээр компаниас хасагдах биш хурлын шийдвэрээр зохицуулагдах бөгөөд тус компаний алдагдал эрсдэлийг хамт үүрэлцэж, нөгөөтэйгээр тус компанид оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр ашиг хүртэх учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие өөрт ногдох эд хөрөнгөө дараах байдлаар тогтоолгож, баталгаажуулах хүсэлтэй байна. Үүнд: Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг ТӨХ- ноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318 890 000 төгрөгийг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын албан ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

                                                                                                                                                           

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ шүүхэд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч гэх Ж.Чинзориг нарыг би олон жилийн өмнөөс мэдэх ба энэ хүмүүстэй хамтран ажил төрөл явуулж байсан үе надад бий. Харин өнөөдөр энэ хоёр этгээд нь иргэн миний худалдан авсан төмөр замын байгууламж буюу  Дорнод аймаг дахь Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урт төмөр замыг залилан мэхлэх аргаар өөрсдийн өмчлөл эзэмшилд авсан бөгөөд хүний ёсноос гажууд ичгүүр сонжуургүйгээр танай шүүхэд иргэн миний өмчийг хоорондоо булаацалдан хэрүүл маргаан үүсгэж яваад нь би үнэхээр харамсаад барахгүй байна. Болсон хэрэг явдлын талаар товч дурдвал 2006 оны 9 сарын 11-ний өдөр миний бие нь “Бүрхээст хайрхан“ ХХК-ийг байгуулсны үндсэн дээр тэр үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр дээрх төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдан авч, улмаар “Өмчлөх эрхийн гэрчилгээ”-г авч байсан юм. Тухайн үед уг “Бүрхээст хайрхан” ХХК-ийг би үүсгэн байгуулахдаа өөрийн танил буюу Б.Батаа гэх хүнийг захирлаар тавьж байсан. Би энэ хүнд ямар их итгэл найдвар хүлээлгэж байсан нь эндээс тод харагдана гэж бодож байна. Харин өнөөдөр эргээд энэхүү Б.Батаа гэгч этгээдэд мэхлүүлж хууртагдана гэдгээ тухайн үед огтхон ч төсөөлж чадаагүй билээ. Дээр хэлсэнчлэн уг 93 км төмөр замыг худалдан авахад надад 440 000 000 төгрөг шаардлагатай байсан тул 240 000 000 төгрөгийг нь одоо энэ хэргийн хариуцагч Ж.Чинзориг гэдэг хүнээс тухайн үед би зээлэн авч байсан. Харин үлдэгдэл буюу 240 000 000 төгрөгийг нь би хувиасаа гаргаж байсан гэдгээ энд зориуд дурдах нь зүйтэй. Нэгэнт Ж.Чинзоригоос 240 000 000 төгрөгийг зээлсэн учраас тэрээр мөнгөө надаас байнга нэхэж байсан тул энэ мөнгийг нь буцааж өгөхийн тулд би өөрийн хувьчилж авсан дээрх 93 км төмөр замаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон. Тиймээс 2007 оны 9 сарын 21-ний  өдөр “Уулзалтын тэмдэглэл“ гэсэн баримт бичгийг бид өөрсдийн гараар бааталгаажуулж байсан. Бид гэдэгт Б.Батаа, Ж.Чинзориг, Г.Баянмөнх иргэн Ц.Эрдэнэ миний бие орж байсан бөгөөд бид дөрөв дээрх бичиг баримт үйлдээд, өөрсдийн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ баримт бичигт дурдсанаар тухайн төмөр замыг буюу 93 км төмөр зам зөвхөн Ц.Эрдэнэ миний бие худалдан борлуулах эрхтэй гэсэн заалтыг оруулж өгсөн бөгөөд энэ нь уг төмөр зам нь бүхэлдээ иргэн миний хувийн өмч байсан гэдгийг бусад гурван этгээд хүлээн зөвшөөрч, тодорхойлсон албан ёсны баримт бичиг болсон. Өөрөөр хэлбэл Мардайн чиглэлийн дээрх 93 км төмөр замыг хувьчилж авах асуудлыг би ганцаараа бүтэн 4 жил хөөцөлдөж байж, эцэст нь хувьдаа буюу өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн нэр дээр хувьчлан авч чадсан билээ. Дээрх “Уулзалтын тэмдэглэл” хэмээх баримт бичиг үйлдэхэд оролцсон Г.Баянмөнх гэдэг хүн бол бас л миний танил бөгөөд тухайн үед “ Бүрхээст хайрхан” ХХК-ийн менежер гэдэг албан тушаалд байсан. 2006 оны 9 сарын 11-ний өдрөөс хойш буюу дээрх төмөр замыг хувьчилж авсны дараа 2006 оны 12 сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо нь хувьчилж буй 92 км төмөр замаа “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б.Батаа, менежер Г.Баянмөнх нарын хүмүүст хүлээлгэн өгч, “Төмөр зам хүлээлцсэн тухай акт” гэсэн бичгийг үйлдэж байсан. Ийнхүү төмөр замыг хувьчлан авсны дараа надад мөнгө зээлдүүлсэн Ж.Чинзориг гэгч нь Б.Батаатай үгсэн хуйвалдаж, уг төмөр замыг өөрсдийн өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авах луйварыг зохиосон юм. Энэ нь ямар луйврын арга вэ гэвэл Ж.Чинзориг нь “Тачбин” гэдэг нэртэй хуурамч ХХК байгуулж, улмаар уг хуурамч компани руугаа иргэн Ц.Эрдэнэ миний үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн бүх өмч хөрөнгийг хэнд ч мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлсэн билээ. Чинзоригийн энэхүү аймшигтай залилан мэхлэх үйлдлийг би тухайн үед огт мэдээгүй бөгөөд сүүлд мэдсэн даруйдаа Цагдаагийн байгууллагад хандсан. Анх Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт би өргөдөл гаргасан ба тухайн аймаг руу өөрийн өмгөөлөгч Б.Цолмон гэдэг хүнийг дагуулан очиж байсан. Улмаар уг газар нь Ж.Чинзоригт МУ-ын ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хэргийн дугаар нь 201511000289 бүхий байсан. Харин Ж.Чинзориг гэгч нь уг хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү татуулж, улмаар Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолоор өнөөдөр танай иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нарын хоорондоо булаацалдаад байгаа 93 км төмөр замын зарим хэсгийг буюу 630 ширхэг зам төмөр замыг битүүмжилж байсан юм. Болсон хэрэг явдлын хувьд товчхондоо энэ бөгөөд өнөөдөр иргэн миний бие тус арван тэрбум төгрөгний үнэ бүхий дээрх 93 км төмөр замаа Б.Батаа, Ж.Чинзориг гэсэн зальт этгээдүүдэд алдчихаад байна. Иймд “Бүрхээст хайрхан” ХХК нь иргэн Ц.Эрдэнэ миний 100 хувийн өмчийн компани мөн болохыг тогтоолгох, “Тачбин” ХХК гэх компани руу “Бүрхээст хайрхан“ ХХК-ийн бүх өмч хөрөнгө шилжүүлсэн гэх хуурамч баримт бичиг буюу гэрээг хүчингүй болгож гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 479 дүгээр зүйлийн 479.3-д зааснаар хариуцагч Ж.Чинзориг, “Тачбин” ХХК-д холбогдох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 46,5 км төмөр замын 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318 890 000 төгрөгийг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хариуцагч Ж.Чинзоригийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн гаргасан “Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгох, “Тачбин ХХК” руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус хэрэгт хамтруулан шийдвэрлээгүй болохыг дурдаж, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэг маргаанд ач холбогдолтой талаас нь үнэлж чадалгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв дүгнэж чадаагүйгээс хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч "Тачбин" ХХК-ийн захирал Ж.Чинзоригт холбогдуулан Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох төмөр замын 50 хувь болох 46,5 км төмөр замыг Төмөр замын өмчлөгчийн эрхийн № 00460 тоот гэрчилгээнээс хасалт хийж нэхэмжлэгч Б.Батаагийн өмчлөлд шилжүүлж өгөхийг "Тачбин" ХХК-ийн захирал Ж.Чинзоригт даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан билээ. Б.Батаа нь "Тачбин" ХХК-ийн гишүүний хувьд хуулийн дагуу тус компанийн үйл ажиллагааны ашгийн болоод компанийн нэр дээрх хөрөнгө болох 93 км төмөр замын 50 хувийг өмчлөх бүрэн эрхтэй бөгөөд хариуцагч Ж.Чинзоригийн хууль бус үйлдлээс болоод эдгээр эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдал үүссэний улмаас өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандсан билээ. Гэтэл шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нар нь 2007 оны 6 сарын 20-ны өдөр шинээр "Тачбин" ХХК-ийг байгуулж, Төрийн өмчийн хорооноос "Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр 2006 онд олгосон №00460 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээ бүхий Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингисийн далан" өртөөнөөс "Мардай" хүртэлх 93 км төмөр замыг "Тачбин" ХХК-д хөрөнгө оруулалт хийж талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг тэнцүү хэмжээтэй байхаар шийдвэрлэж оруулсан хөрөнгийн хэмжээгээр  компанийн хөрөнгийг 50:50 харьцаатайгаар өмчлөхөөр тохиролцсон байна. Гэтэл хариуцагч Ж.Чинзориг нь дээрх тохиролцоог зөрчиж ганцаараа дур мэдэн компанийн хөрөнгө болох төмөр замыг зарж борлуулан орж ирсэн  ашгийг дангаар зарцуулж, нэхэмжлэгч Б.Батаагийн хууль ёсны эрх ашгийг хохироож ирсэн ба Б.Батаагийн зүгээс энэ хууль бус үйлдлээ зогсоож, өөртөө оногдох хэсгийг түүнээс шаардахаар "өгөх боломжгүй, шүүхээр явж өөрт ногдох хэсгээ гэсний улмаас компанийн үүсгэн байгуулагчдын дунд хөрөнгийн маргаан үүссэн байна. Шүүх маргаан бүхий 93 км төмөр замыг зохигчдын дундаа өмчлөх хөрөнгө мөн байна гэж дүгнэсэн атлаа 2 гишүүнтэй "Тачбин" ХХК-ийн нэг гишүүн нь болох Б.Батаа уг төмөр замын тал болох 46,5 км төмөр замыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр тэнцүү хувиар буюу 50 хувийг эзэмших эрхээ үндэслэн өөрийн өмчөө авъя гэсэн л шаардлага гаргасан ба энэ шаардлагаа баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. "Тачбин" ХХК-ийн гэрчилгээ компанийн дүрэм хэрэгт нотлох баримтаар авагдсан ба компанийн үүсгэн байгуулагчид Б.Батаа Ж.Чинзориг нар нь компанийн хөрөнгийг эзэмших хувиа гишүүн тус бүр 50 хувь гэж тодорхойлж хуулийн этгээдийн талаархи мэдээллийн санд оруулсан байна. Талуудын хооронд үүссэн маргаан нь хамтран ажиллах гэрээний асуудал биш бөгөөд нэхэмжлэгч Б.Батаа нь хамтран ажиллах гэрээнээс гарах хамтран ажиллах гэрээ дуусгавар болгох асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлаганд хамааралгүй өөр асуудлыг шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,нэхэмжлэгч Б.Батаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

                                                            

                                                                     ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын агуулгыг тодруулаагүйгээс маргааны үйл баримттай холбоотой нотолгооны үүргийг буруу хуваарилсан, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч “Тачбин” ХХК болон Ж.Чинзориг нарт холбогдуулан “Чингисийн далан” өртөөнөөс “Мардай” хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 46,5 км төмөр замыг 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Чинзориг эс зөвшөөрч,

“Чингисийн далан” өртөөнөөс “Мардай” хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318 890 000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох, “Бүрхээст хайрхан” ХХК-иас “Тачбин ХХК”-д “Чингисийн далан” өртөөнөөс “Мардай” хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

 

 Хариуцагч “Тачбин” ХХК, иргэн Ж.Чинзориг нар нь нэхэмжлэгч Б.Батаагийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан эсэх, үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна.  Тодруулбал, нэхэмжлэгч Б.Батаа нь иргэний хувиар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ хэзээ байгуулагдсан болох, уг гэрээгээр ямар нөхцөл тохиролцсон болох, хамтран ажиллах гэрээнээс Б.Батаа нь гарах болсон нөхцөл байдал зэрэг нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.

 

 “Бүрхээст хайрхан” ХХК нь 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс “Мардай” хүртэлх 93 км төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдаж авч, өмчлөх эрхийн 00460 тоот гэрчилгээгээр төмөр замын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 7, 11-13 дугаар тал/

 

“Бүрхээст хайрхан” ХХК нь маргааны зүйл болох 93 км төмөр замыг  2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Тачбин” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2500 ам.доллараар худалджээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Дээрх гэрээнүүдэд “Бүрхээст хайрхан” ХХК-ийг Б.Батаа нь төлөөлж байсан бөгөөд  эдгээр гэрээнүүдэд шүүхээс дүгнэлт өгөхийн тулд хамтран ажиллах гэрээ хэний хооронд байгуулагдсан болох, эдгээр гэрээнүүдийн нэг тал нь иргэн Б.Батаа, эсхүл “Бүрхээст хайрхан” ХХК-ийн аль нь байсан эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Хэрвээ “Бүрхээст хайрхан” ХХК нь хамтран ажиллах гэрээний нэг тал байсан бол уг компанийн шаардах эрх иргэн Б.Батаад хэрхэн шилжсэн болох нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ж.Чинзоригтой хамтран “Тачбин” ХХК-ийг үүсгэн байгуулсан, 93 км төмөр замыг “Тачбин” ХХК эзэмшиж байгаа, Б.Батаа нь компанийн хувьцаа эзэмшигч тул өөрт ногдох хөрөнгийг авна ...” гэж тайлбарлан тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд компанийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын эрхийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэх, эсхүл хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Мөн анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн авсан атлаа  шийдвэрлэхгүй орхигдуулах эрхгүй юм. Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлага нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбоогүй, уг шаардлагыг хамтатган шийдвэрлэх шаардлагагүй, хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн авахаас татгалзах байжээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр”, эд хөрөнгийн бус эрх шаардаж байгаа тохиолдолд  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70 200 төгрөг тус тус төлүүлэхээр  зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх үндсэн болон сөрөг  нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тус тус улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлүүлж, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байгаа нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

           Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулаагүй алдаа гаргасан байгааг дурьдлаа.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/06084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ          

                                              ШҮҮГЧ                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                Г.ДАВААДОРЖ