Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 124/2021/0034/З |
Дугаар | 221/МА2021/0581 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0581
Б.О-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Б.О-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-т захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ын үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176471 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ
Хариуцагч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“...Б.О нь 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ховд сумын “А нам”-аас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Татварын албанд ирүүлсэн.
Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.О-т холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Терийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүртэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн.
Гэтэл шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.
Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй.
“У” ХХК-иар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Гэтэл шүүх “... зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж, Б.О-ыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.О-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176471 дугаартай шийтгэлийн хуудсаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ховд сумын 1 дүгээр тойрогт А намаас нэр дэвшигч Б.О нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасныг анхан шатны шүүх “...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх зөрчлийн шинжийг агуулаагүй...” гэсэн үндэслэлээр ханган шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Сонгуулийн хуулийг зөрчих”, 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл А намын хорооны хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар “Зардлын данс нээсэн материал хүргүүлсэн” албан бичиг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гомдол гаргагч Б.О нь нэр дэвшигчийн зардлын дансыг “Х” банканд нээлгэсэн боловч төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр Б.О-ын сонгуулийн зардлын тайланд “У” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай хараат бус аудитын дүгнэлтээр аливаа зөрчилгүй гэх дүгнэлт гарсан, гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “...А намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн. Аймгийн А нам хоцроосон” хэмээн тайлбарлах боловч энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөнийг зөвтгөх боломжгүй.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах гэсэн хоёр өөр зөрчлийг нийлмэл байдлаар байдлаар зохицуулсан байх бөгөөд сонгуулийн зардлын нэг данс ашиглаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж,зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь маргаан бүхий дансыг бүртгүүлээгүй зөрчилд хамааралгүй учир сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь хууль, журмын зорилгод нийцсэн гэсэн үндэслэлээр зөрчлийн шинжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь нэгэнт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй учир Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан шударга ёсны зарчмын үүднээс зөрчил үйлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ховд сумын 1 дүгээр тойрогт А намаас нэр дэвшигч Б.О-т шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176471 дугаар шийтгэлийн хуудас нь хуульд заасан журмын дагуу гаргасан, түүний улмаас гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх үүргээ бусад этгээдээр, тухайлбал, намын орон нутгийн салбараар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, тийнхүү тохиролцсон этгээд нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж үзвэл тухайн этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болно.
Мөн анхан шатны шүүх хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хавсаргаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн бус оролцогчийн нэрийг бичсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт байдаггүй хуулийн заалт барьсан, хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн дардас дараагүй зэрэг зөрчлүүдийг гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.О-ын “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176471 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА