Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 240

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б гийн Т ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч:  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 

Гуравдагч этгээд: Я гийн Г , 

Гуравдагч этгээд: Б гийн Н , 

Нэхэмжлэлийн шаардлага: “О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж .../Г тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг Я.Г ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.И , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , гуравдагч этгээд Я.Г , Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Б.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Б.Т  Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын .. гудамж .../. тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн өмчлөх эрхийг Б.Н од бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж өгсөн бөгөөд өмч одоог хүртэл огт шилжээгүй юм.

Энэ гэрээг байгуулахдаа Б.Н  гэгч нь өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ байсан учир 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэснээр уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх Б.Т од хуулийн дагуу шилжсэн юм. 

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр бэлэглэлийн гэрээ хүчингүй болж үл хөдлөх хөрөнгө Б.Т  миний өмч хэвээр үлдсэн юм.

Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж өргөдөл гаргасан боловч Нийслэлийн улсын бүртгэлийн газарт ханд гэсэн хариуг амаар /хэлтсийн дарга н.Ц / өгсөн.

Үүний дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газарт хандаж өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй байсаар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлсэн гэж хариуг өгсөн. Гэтэл дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс маргаантай асуудлыг шийдвэрлэдэг ажлын хэсэг О ы өмч, улсын бүртгэлийн газарт байдаг тул танай өргөдлийг Я.Г ийн өргөдлийн хамт шийдвэрлүүлэхээр өгсөн гэж амаар хариу өгсөн. Ингэж хариу өгсөн учир хэзээ шийдвэрлэхийг хүлээсээр байсан юм.

Ингээд хариу өгөхгүй байсаар байсан, гэтэл Я.Г  гэгч 2017 оны 8 дугаар сард утсаар ярьж би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан байраа сулла гэж утсаар ярих үед улсын бүртгэл хийгдсэн байна гэж мэдсэн. Ингээд О ы өмч, улсын бүртгэлийн газар болон хяналтын газарт, мөн дарга н.С д нь өргөдөл гаргасан. 

Гэтэл О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хяналтын газрын дарга Ч.Э ийн газрын үсэгтэй 4/6558 тоот албан бичгээр өмчлөгч нь хэн болохыг тогтоогоогүй байна гэсэн хариуг, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 7/6974 тоот албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Гэтэл О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/736 тоот тушаалаар иргэн Б.Т оос үндэслэл бүхий өмчлөх эрхийн маргаан үүссэн гэж үзэн өргөдөл гаргасан байна гээд урьдчилсан тэмдэглэл хийсэн юм.

О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь ч үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхэд маргаантай асуудлыг шийдвэрлэж шийдвэр /захиргааны акт/ гаргахын өмнө Б.Т оос шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах зэрэг сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасныг зөрчсөн төдийгүй, эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар гаргасан түүний өргөдөл гомдлыг улсын бүртгэлийн дээрх байгууллагууд хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байсаар улсын бүртгэлд бүртгэхээс олон янзын шалтгаан зааж шийдвэрлэхгүй юм.

Я.Г ийн хүсэлтээр дээрх өмчлөх эрхийн маргаантай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргажээ. Гэтэл Б.Т  өөрийн өмчийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт болон Я.Г ийн хүсэлтийг хамтад нь О ы өмч, улсын бүртгэлийн газрын дэргэд байдаг маргаантай асуудлыг шийдвэрлэдэг ажлын хэсэгт шилжүүлсэн гэсэн хариу өгсөн атлаа түүний хүсэлтийн дагуу өмчлөх эрхийн маргаантай байгаа үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5, 14.1.6, 15.4-д заасныг зөрчин Захиргааны ерөнхий хуулийн 48 зүйлд заасан хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

Я.Г  нь өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт байхгүй, бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан өмчлөх эрхийн талаар маргаантай байгаа, уг үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар нь өөр хүний өмчлөлийнх байхад улсын бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан мэдүүлэг гаргагчид буцаах үүргээ биелүүлэлгүй улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус үйл ажиллагаанаас болж иргэн Б.Т ын өмчлөх эрх зөрчигдөж, өмчлөх эрхээ баталгаажуулах, өмчөө захиран зарцуулах ямар ч боломжгүй болж эрх ашиг нь хохироод байна.

Иймд О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын .. гудамж .../Г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн маргаантай байхад Я.Г ийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүргээ биелүүлэлгүй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Я.Г ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220101.... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамжны .../Г тоот хаягт орших 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, хоёр давхар барилгыг иргэн Я.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг гарган, түүнд хавсаргасан нотлох баримтад иргэн Я.Г ийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөл, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 тоот шийдвэр, О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2011 оны 01 дүгээр сарын 17-ны №52 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтыг тус тус үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 24, 24.4 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан иргэн Я.Г ийн өмчлөлд шилжүүлэн өмчлөх эрхийн 0000603... дугаартай гэрчилгээг олгосон байна. 

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 0. дугаар сарын 06-ны өдрийн 2/5022 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2/11818 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2/12389 тоот албан бичгүүдээр тус тус уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, төлбөр авагч Я.Г ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож хариу ирүүлэхийг шаардсан албан бичгүүд, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын /төлбөр төлөгч Б.Н  нь төлбөрөө барьцаа хөрөнгөөрөө хангуулахыг зөвшөөрсөн агуулга бүхий/ хурлын протокол зэрэг нотлох баримтууд хувийн хэрэгт авагдсан байна.

Иймд иргэн Б.Т ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гурав. Гуравдагч этгээд Я.Г  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “... Нэхэмжлэгч Б.Т ын гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Би Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны шийдвэрийн дагуу зээлийн барьцаанд байсан Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж дахь .../Г тоот объектыг 2 удаа дуудлага худалдаанд оруулаад хэн ч авахгүй болохоор нь авсан. 

Мөн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/000168 дугаар шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Т од шилжүүлсэн гэж худлаа гөрдөж байна. Иймээс тухайн асуудлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тодруулах, иргэн Б.Н ыг шүүхэд дуудаж тайлбар авсны дараа шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд Б.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Т оос Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо Орбитын .. дүгээр гудамж ...-. тоот 2 давхар объектыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан юм. Миний Б.Т оос уг объектыг бэлэглэлийн гэрээгээр авах болсон шалтгаан нь Б.Т ын хадам эцэг Ц.Ц , хадам эх С.О  нарын гуйлтаар авсан. Ц.Ц , С.О  нар нь их хэмжээний өртэй учир өөрсдөд нь зээл өгөхгүй байна гээд намайг нэр дээрээ объектыг шилжүүлж аваад зээл авч өгөхийг гуйсан. Тэгээд Я.Г  гэдэг хүнээс хорин сая төгрөг зээлж аваад би арван сая төгрөгийг, Ц.Ц , С.О  нарт есөн сая есөн зуун мянган төгрөгийг нь зээлүүлсэн. 

Ингээд зээлээ хувааж төлөхөөр тохиролцсон боловч Ц.Ц , С.О  нар нэг ч төгрөг төлөөгүй. Иймд уг объект нь зээлийн барьцаанд байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж улмаар Я.Г эд шилжүүлсэн байсан. Би Ц.Ц , С.О  нарт Я.Г эд зээлээ төлчихвөл уг объектыг буцаан өгөхөд ямар ч асуудалгүй, зээлээ л төл гэж олон удаа хэлсэн.

Тиймээс энэ хүмүүсийг надаар дамжуулж зээлсэн мөнгөө өгнө гэдэгт итгээд шүүхэд хандаж байгаагүй. Гэвч харамсалтай нь Ц.Ц , С.О  нар нь зээлсэн мөнгөө төлөхгүйгээр барахгүй, намайг хүргэн Б.Т ынхоо нэрийг барьж хөрөнгө оруулалт татна гэж объект авсан гэх, урьд өдөр нь надтай уулзах буюу утсаар ярьсан атлаа огт олдохгүй байна, эрэн сурвалжлуулна гэх, Я.Г ээс зээл авахдаа объектыг барьцаанд тавихаар үзүүлж байх үед Ц.Ц , С.О  нар нь дэргэд байсан байж зээл авсан тухай огт мэдээгүй гэх зэргээр удаа дараа ор үндэслэлгүйгээр гүтгэж байгаа билээ. Би одоо ямар ч байсан боломжоороо Я.Г ээс авсан зээлээ төлье гэж бодож байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн . дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж .../Г тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн маргаантай байхад Я.Г ийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүргээ биелүүлэлгүй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Я.Г ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. 

1. Нэхэмжлэгч Б.Т  нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж .../Г тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Н ын нэр дээр шилжүүлж, бүртгэлийн байгууллагад хандан зохих бүртгэлийг хийлгэсэн.

2. Б.Н  2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Я.Г тэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20.0 /хорин/ сая төгрөг зээлж авсан. 

3. Мөн өдөр Б.Н  уг зээлийн болон барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийн мэдүүлэг гаргаж, бүртгэлд бүртгүүлсэн. 

4. Зээлдэгч Я.Г ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, бусад эрх бүхий байгууллагуудын албан бичиг, хүсэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-220101.... дугаарт бүртгэлтэй маргаан бүхий эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

5. Улмаар гуравдагч этгээд Я.Г  Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэн Б.Н од холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 177. дугаар шийдвэрээр “зээл, хүүгийн төлбөр, алдангид нийт 45,738,000 төгрөгийг Б.Н оос гаргуулан Я.Г эд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар” шийдвэрлэжээ. 

6. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2 удаагийн дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгө худалдаалагдаагүй тул төлбөр төлөгч Б.Н ын саналын үндсэн дээр барьцаа хөрөнгийг Я.Г эд шилжүүлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2/12389 тоот албан бичгээр “...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан ...259/Г тоотод байрлах ... барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул захиран зарцуулах эрх сэргээх”-ийг Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, захиргааны эрх бүхий байгууллага эрхийг сэргээсэн байна. 

7. Шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгүүдийг үндэслэн Я.Г  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг мэдүүлсэн боловч бүртгэлийн байгууллага хүлээж аваагүй. Харин 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлгийг хүлээн авч, маргаан бүхий эд хөрөнгийг Я.Г ийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. 

Дээрх үйл явдлуудтай зэрэгцэн нэхэмжлэгч Б.Т  нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Н од холбогдуулан “2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “”Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны 1. дугаар сарын 20-ны өдрийн “Хэлцэл”-ийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ц ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр Б.Т , Б.Н  нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

Энэхүү иргэний хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаар шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаагүй, тухайн хэргийн оролцогчид 2016 оны 7 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд гардаж авснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй болох нь тус шүүхийн Тамгын газрын болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүдээр тогтоогдоно. 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Т  иргэний хэргийн шүүхийн 168 дугаар шийдвэрээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хамгаалах эрхийн хүрээнд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 177. дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг мэдээгүй учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаагүй гэж тайлбарлах бөгөөд харин бүртгэлийн байгууллагад 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг гаргаагүй болох нь өөрийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож, мөн хариуцагчийн “нэхэмжлэгч гомдлоо бичиг хэрэгт өгсөн байхыг үгүйсгэхгүй, гэхдээ 5 дугаар сарын 03-ны өдрийн өргөдөл нь ... хууль болон журамд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул урьдчилсан тэмдэглэгээг тухайн үед бүртгэгдээгүй болно” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй. 

Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 793 дугаар О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргад хүргүүлсэн “Чиглэл авах тухай” албан бичигт “... хоёр талын гаргасан шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх тул бүртгэл хийх боломжгүй болоод байна. Иймд цаашид хэрхэх талаар чиглэл гаргаж өгнө үү” гэснээр 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн иргэн Я.Г ийн мэдүүлгийг хүлээн авч бүртгэл хийхээс өмнө уг үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөлийн маргаантай байгааг хариуцагч байгууллага мэдсэн байх боломжтой байна.

Хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн энэхүү хүсэлтийн дагуу ямарваа нэг чиглэл зааварчилгаа өгөөгүй болох нь О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 7/2783 тоот албан бичигт “Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Орбитын ..-...Г тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст чиглэл хүргүүлээгүй” гэснээр тогтоогдож байна. 

Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 15 дугаар зүйлийн 15.4-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана” гэж заасныг зөрчсөн үйлдэл болжээ. 

Мөн гуравдагч этгээд Б.Н ын мэдүүлэгт “... Миний бие Б.Т той үйлчилгээний барилгыг бэлэглэлийн гэрээгээр авах болсон шалтгаан нь түүний хадам эцэг Ц.Ц , хадам эх С.О  нарын гуйлтаар зээл авч өгөхөөр тохиролцож авсан. Тэгээд Я.Г  гэдэг хүнээс 20,0 сая төгрөг зээл 10,1 сая төгрөгийг би аваад үлдэх 9,9 сая төгрөгийг Ц.Ц , С.О  нарт өгсөн. Тэд зээлээс нэг ч төгрөг төлөөгүй” гэх тайлбар нь хэдийгээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 29056 дугаар захирамжаар хүчингүй болсон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 998 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан “Ц.Ц миний бие нь ... уг объектыг 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хамтран ажиллах зорилгоор иргэн Б.Н од бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Бид ярилцаж тохироод ... шүүхийн 177. дугаар шийдвэрийн дагуу Я.Г эд төлөх 45.738.000,0 төгрөгийг Б.Н ын өмнөөс бүрэн төлж барагдуулахаар... тохиролцлоо” гэснээр хэргийн оролцогчдын хооронд зээлийн төлбөр тооцооны асуудал байгаа болох нь нотлогдож байна. 

Энэ талаар гуравдагч этгээд Я.Г  “шүүхийн шийдвэрийн дагуу надад төлөх ёстой өр төлбөрийг төлсөн тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг заавал авах шаардлагагүй” гэсэн тайлбарыг өгдөг. 

Ийнхүү дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд: 

- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 177. дугаар шийдвэрээр хариуцагч Б.Н оос зээлийн гэрээний төлбөрт 45.738.000 төгрөг гаргуулж, Я.Г эд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр Б.Т , Б.Н  нарын хооронд хийгдсэн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байна. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дүгнэхгүй, гэхдээ Б.Т , Б.Н  нарын 2008 онд хийгдсэн “Бэлэглэлийн гэрээ” хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон байхад түүний үр дагавраар бий болсон Б.Н ын нэр дээрх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөр авагч Я.Г ийн нэр дээр бүртгэсэн нь бодит байдалд нийцэхгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д тус тус заасан “бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчмыг алдагдуулж байна.  

Харин хэргийн оролцогчдын хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, дуусгавар болгох, зээлийн төлбөр авагч Я.Г ийг хохиролгүй болгосны дараа жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодорхойлж, түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд заавал биелэгдэх бодитой байх шинжийг агуулдаг. 

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч байгууллагаас дахин шинээр бүртгэл хийх хүртэл Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо  Орбитын .. дүгээр гудамжны ...Г тоотод байрлах 100 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-220101.... дугаартай барилгыг Я.Г ийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосныг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс/ хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо Орбитын .. дүгээр гудамжны ...Г тоотод байрлах 100м2 талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-220101.... дугаартай барилгыг Я.Г ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон 00060.... тоот гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо  Орбитын .. дүгээр гудамжны ...Г тоотод байрлах 100 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг Я.Г ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА