Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

2020        05          13                                  2020/ШЦТ/374

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Э.Ундрал, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0229/,

өсвөр насны шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ /ҮД:2101/,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт М.С-д холбогдох эрүүгийн 2011 00644 0298 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн лицей сургуулийн 11 а ангид сурдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33- 26 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй,

Боржигон овогт М.С, регистрийн дугаар /      /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Өсвөр насны шүүгдэгч М.С нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байрлах өвлийн байшинд найз нөхдийн хамт архидан согтуурч улмаар Э.Ундралтай маргаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай найз намайг хүрээд ир гэж дуудсан. Би найзтайгаа хэсэг байж байгаад явъя гэж бодсон. Намайг очиход Ундрал согтуу байсан. Намайг найзтайгаа яриад сууж байхад миний дагзруу цохисон. Ундрал манай найзтай муудалцаад байсан болохоор би салгах гээд цээжрүү нь түлхэхдээ санаандгүй эрүү рүү нь цохисон. Мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зардал 93.000 төгрөгийг баримтанд үндэслэн төлж барагдуулсан. Хариуцлаггүй байдлаас болж ийм зүйл боллоо.Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохироч Э.Ундрал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 “...Бага ангийнхан уулзъя гэхээр нь очиж уулзсан. Өдөр 15 цагийн үед очиход олон хүүхдүүд байсан. Улсаа гэх хүүхэд намайг пиво уу гэж шахсан. Би ундаа их уусан учраас гадаа бие засах гээд гарсан. Бие засах гээд гарахад гадаа хүйтэн байсан. Орж ирээд зуухны хажууд суусан. Зуухны хажууд суугаад Сүлдтэй танилцсан. Сүлд “чи надтай чацуу гэж харагдахааргүй юм байна. Би чамайг дүү гэж дуудах юм байна. Би эд нарыг дүү нар гэж дууддаг. Чи эд нарыг дүү нар гэж дуудах уу?” гэж надаас асуусан. Би “найзуудын дунд насны зөрүү байх нь сүртэй зүйл биш” гэж хэлсэн. Тэр үед Сүлд нилээн согтолттой байсан учраас намайг шууд няслаж, алгадсан. Би “яаж байгаа юм бэ” гээд доошоо суух үед баруун талаас миний жавж руу хатуу зүйлээр маш хүчтэй цохисон. Намайг манаралтын байдалтай байхад нүд рүү цохисон, толгой руу цохисон. Би толгойгоо өргөөд хартал баруун талд М.С зогсож байсан. Миний уруулнаас цус гарч байсан. Би олуулаа байсан болохоор уруулаа дараад гадаа гарсан. Гадаа гарахад ардаас М.С гарч ирээд ална гэж хөөсөн. Манай ангийн хоёр охин М.Сыг арай гэж барьж авсан. Би “больё, би та нарыг барахгүй” гэж хэлэхэд М.С буцаад орсон. Гадаа надаас уучлалт гуйж эвлэрсэн зүйл байхгүй. Манай ангийн охин надад ус гаргаж өгсөн. Би усаар уруулаа угаагаад амаа зайлхад амаа хаасан байхад амнаас ус гойжиж байсан. Тэр үед уруулаа цоорсныг мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Эмчилгээ хийлгэх зардал 1.850.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэсэн 320.040 төгрөгийн хохирлыг шинээр мөн нэхэмжилж байна, гомдолтой, сэтгэл санаа хямралтай, толгой хөдлөөлд байнга өвддөг болсон гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Э.Ундрал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01- ний өдөр манай арван жилийн ангийн охин болох Батбилэг надруу фэйсбүүкээр холбогдоод “Батбилэгийг гэртээ ангийнхныгаа цуглуулаад парти зохион байгуулна” гэж ярьж байсан юм...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг гээд утсаар ярьж байгаад Андууд дээр уулзана гэж хэлсэн бөгөөд Батбилэг нүүрээ будаж байна, болоогүй байна гээд 14 цагийн үед нэг бүдүүн охины хамт хоёулаа ирсэн бөгөөд бид 3 уулзаад талбай ороод тэндээ улаан өнгийн үслэг хувцастай охинтой уулзаад байж байтал манай ангийн охин болох Гоо-Үжин ирсэн. Ингээд бид 5 нийлээд автобусанд суугаад 7-н буудал орсон ба 7-н буудлаас Шадивлан руу нөгөө байшин руу таксидаад очсон. Энэ үед 16 цаг орчим болж байсан байх, Шадивлан руу өгсөөд замын баруун гар талд байх саарал өнгийн блокон хашаатай 2 давхар улаан тоосгон байшин байсан ба уг байшинд ороход нилээн олон хүүхдүүд байсан бөгөөд зарим нь хоёрдугаар давхарт, зарим нь нэгдүгээр давхарын галын өрөө болон том өрөөнд байсан юм... Тэнд 2 ихэр банди байсан ба тэр хоёр бандийн нэг нь намайг танилцая гэсэн болохоор би танилцаад байж байтал би “тэр бандиас чи хэдэн оных юм бэ” гээд асуутал “өөрийгөө 2001 оных” гэж хэлсэн ба би бас өөрийгөө “2001 оных” гэж хэлсэн чинь “чи одоо 2001 оных байлаа юу” би чамайг “дүү л гэж хэлэх юм байна, чи одоо энд байгаа хүүхдүүдийг бараг дүүгээ гэж хэлэх юм байна, чи иргэний үнэмлэхээ үзүүлчих” гэх мэтийн зүйл ярьсан юм... тэр залуу хажууд юм яриад байснаа “чи одоо энд байгаа хүүхдүүдийг бүгдийг нь дүү гэж хэлнэ биздээ, тийм биздээ” гэхэд нь би толгойгоо дохих үед “чи одоо тэгээд томроод байгаа юм уу” гэхээр нь би “найзуудын хооронд нас хамаагүй ш дээ” гээд хэлсэн чинь тэр залуу надруу дөхөөд миний духруу нэг удаа нясалсан юм. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу “чи хаана юу ярихаа мэдэж бай хөгшөөн” гэж хэлээд миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсан юм. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ хөгшөөн” гэж хэлээд баруун тийшээ хараад зүүн тийшээ намайг алгадсан банди руу харах үед миний баруун талаас нэг хүн баруун талын уруул хэсэг рүү нилээн хүчтэй нэг удаа манартал цохиод авахаар нь би толгой хэсгээ доошоо болгосон юм. Тэгтэл удалгүй баруун нүдрүү цохиод авсан юм. Миний уруул руу цохих болон баруун нүдрүү цохисон цохилт дарааллаад болсон юм. Би цохиулчихаад манараад 40 орчим секунд нүүрээ дараад доошоо тонгойгоод босоод эргээд харахад 2-3 банди байсан ба намайг анх алгадсан залуу энийг хэн нь цохичихвоо гэж хэлсэн...Эхлээд 2 ихэр бандийн нэг нь болох үзмэн ягаан өнгийн бомбортой залуу миний духны голд няслаад дараа нь миний зүүн хацарт нэг удаа алгадсан юм. Харин миний баруун талд байсан залуу болох М.С гэх залуу миний уруул хэсэгт гараараа биш ямар нэгэн зүйлээр цохиод дараа нь миний нүдрүү гараараа цохисон гэж бодож байна. Өөр хүн миний биед гар хүрээгүй бөгөөд тухайн үед гадаа гарахад М.С болон Итгэл гэх, бас нэг нэрийг нь мэдэхгүй өндөр залуу надруу дайраад зодох гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч О.Сүлд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэмүүлэн, М.С бид 3 пийшингийн хажууд очоод суусан юм. Пийшингийн хажууд суугаад мөн тэнд сууж байсан залуутай буюу Ундралтай ерөнхийдөө танилцаад бие биенийхээ насыг асууж мэдсэн юм. Тэмүүлэн, М.С хоёр Ундралыг “чи 18 настай юм уу бид хоёр 16 настай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ундралд хандаад тэгэхээр “энэ хоёр чиний хувьд бацаан гэсэн үг үү” гээд хэлсэн чинь тийм гээд толгой дохисон юм. Тухайн үед Ундрал нилээн согтуу байсан юм. Тэгээд юм ярьж байснаа Ундрал босож ирээд М.Сын толгойны дагз хэсэгрүү хөнгөхөн цохиод авахаар нь би Ундралыг “чи хаана, хэнтэй юу гэж ярихаа бодож ярилдаа” гэж хэлээд духан дээр нь няслаад гарынхаа алганы ар хэсгээр хацар дээр нь нэг удаа цохиод авахад Ундрал яагаад байгаа юм бэ гэж хэлээд босож ирээд надруу дайрахаар нь би бас боссон ба энэ үед М.С Ундралын баруун талд сууж байсан болохоор босож ирээд Ундралыг цохиод авсан юм. Энэ үед М.Сын цаад талд Тэмүүлэн байсан юм. Ингээд дахиад цохичихож магадгүй гэж бодоод Ундралыг би гар гар гээд хэлэхэд Ундрал гадаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч С.Содбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Жоохон хүйтэн байсан болхоор дулаацах гээд пийшингийн тэнд очиж суухад тэнд нэг үл таних Ундрал гэх банди сууж байсан бөгөөд Сүлдээ, М.С, Тэмүүлэн бид нар пийшин тойроод сууж байтал нөгөө Ундрал гэх банди нилээн согтуу байсан ба тэр банди манай 2 найз болох Сүлдээ, М.С хоёртой юм яриад ах энэ тэр гээд пэдийгээд байх шиг байсан ба Сүлдээ, М.Сын толгойны дагз хэсэгрүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл Сүлдээ тэр бандийг олуулаа байхад яагаад ингээд хачин зан гаргаад байгаа юм бэ гээд нясалсан бас битгий ингэж уу гээд байсан тэгтэл М.С уурлаж босож ирээд цохиод авсан чинь уруулнаас нь цус гарсан тэгээд Ундрал гараад явсан...Ундрал гэх банди руу бөөнөөрөө нийлж дайрсан зүйл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч О.Тэмүүлэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Жоохон хүйтэн байсан болохоор дулаацах гээд пийшингийн тэнд очиж суухад тэнд нэг үл таних Ундрал гэх банди сууж байсан бөгөөд Сүлдээ, М.С, Содбилэг бид нар пийшин тойроод сууж байтал нөгөө Ундрал гэх банди нилээн согтуу байсан ба тэр банди манай 2 найз болох Сүлдээ, М.С хоёртой юм яриад ах энэ тэр гээд пэдийгээд байх шиг байсан ба энэ үед бие засах гээд гарчихаад буцаад ороод ирэхэд Сүлдээ, М.С хоёрын толгойны дагз хэсэгрүү гараараа цохих шиг болсон тэгтэл Сүлдээ тэр бандийг олуулаа байхад яагаад ингээд хачин зан гаргаад байгаа юм бэ гээд нясалсан бас битгий ингэж их уу гээд байсан. Тэгтэл М.С уурлаж босож ирээд Ундрал гэх бандийг цохиод авсан чинь уруулнаас нь цус гарсан тэгээд Ундрал гараад явсан ба гадаа ангийнх нь гэсэн хэдэн охидууд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3322 дугаартай шинжээчийн “...Э.Ундралын биед амны баруун буланд амны хөндий рүү нэвтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад найз Тэмүүлэнтэй 15 цагийн орчимд ярихад “хоме парти” болж байна хүрээд ир гэж хэлсэн болохоор би найз Эрдэнийг хамт 18 цагийн орчимд уг хоме парти болж байгаа Шадивлан зусланд байх саарал блокон хашаатай 2 давхар улаан өнгийн тоосгон байшинд очсон юм Эрдэнэ бид хоёрыг очиход манай найзууд болох Тэмүүлэн, Содбилэг, Сүлд, Соёмбо нар байсан юм. Тэнд очоод байж байхад уг парти 30.000 төгрөгийн такстай гэж хэлсэн болохоор би мөнгөгүй байсан болохоор удалгүй явъя гэж бодоод үүдний өрөөнд галын дэргэд Сүлд, Содбилэг, Эрдэнэ, Тэмүүлэн нарын хамт сууж байтал миний өмнө нь зүс мэддэг /Ундралыг хэлэв/ банди ирээд миний зүүн гар талд суусан юм. Тэр банди нүүр нь улайчихсан согтуу байсан ба Сүлд бид хоёрын дунд суугаад Сүлдтэй юм яриад байсан ба юуны тухай ярьсан бэ гэвэл өөрийгөө бид нараас ах гэх зүйл яриад байсан Сүлд бид хоёрын нуруу болон толгойны ар хэсэг рүү би та нарын ах шдээ гээд цохиод байхаар нь Сүлд бид хоёрын уур хүрээд Сүлд хамаагүй ийм юм ярьж болдоггүй юм гэж хэлээд тэр бандийн духруу няслаад дараа нь алгадсан чинь тэр банди Сүлд рүү яасан гэнээ гээд дайраад байхаар нь Тэмүүлэн салгах гээд дундуур нь орохоод нь би хажуугаар нь тэр Бандийг цээжрүү нь түлхэх гэж байгаад гар хальтраад уруул хэсгийг нь цохичихсон юм тэгээд би босоод явсан. Энэ үед Содбилэг, Эрдэнэ, Тэмүүлэн, Сүлд нар байсан. Тэр бандийн уруулнаас нь цус гараад яваад өгсөн ба нэг охин та нарыг дуудаж байна гэхээр нь Тэмүүлэн уурлаад би одоо чиний дүү болчихсон юмуу гэж хэлээд гарсан ба түрүүлж гараад би араас нь гарахад тэр банди хашаан дотор байсан юм тэгээд хашаанд байхад би тэр банди руу нэг их дайраагүй бөгөөд хэдэн охидууд хажууд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 70/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч М.С нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байрлах өвлийн байшинд найз нөхдийн хамт архидан согтуурч улмаар Э.Ундралтай маргаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч Э.Ундралын “...2020 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01- ний өдөр манай арван жилийн ангийн охин болох Батбилэг надруу фэйсбүүкээр холбогдоод “Батбилэгийг гэртээ ангийнхныгаа цуглуулаад парти зохион байгуулна” гэж ярьж байсан юм...Тэнд 2 ихэр банди байсан ба тэр хоёр бандийн нэг нь намайг танилцая гэсэн болохоор би танилцаад байж байтал би “тэр бандиас чи хэдэн оных юм бэ” гээд асуутал “өөрийгөө 2001 оных” гэж хэлсэн ба би бас өөрийгөө “2001 оных” гэж хэлсэн чинь “чи одоо 2001 оных байлаа юу” би чамайг “дүү л гэж хэлэх юм байна, чи одоо энд байгаа хүүхдүүдийг бараг дүүгээ гэж хэлэх юм байна, чи иргэний үнэмлэхээ үзүүлчих” гэх мэтийн зүйл ярьсан юм... тэр залуу хажууд юм яриад байснаа “чи одоо энд байгаа хүүхдүүдийг бүгдийг нь дүү гэж хэлнэ биздээ, тийм биздээ” гэхэд нь би толгойгоо дохих үед “чи одоо тэгээд томроод байгаа юм уу” гэхээр нь би “найзуудын хооронд нас хамаагүй ш дээ” гээд хэлсэн чинь тэр залуу надруу дөхөөд миний духруу нэг удаа нясалсан юм. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу “чи хаана юу ярихаа мэдэж бай хөгшөөн” гэж хэлээд миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсан юм. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ хөгшөөн” гэж хэлээд баруун тийшээ хараад зүүн тийшээ намайг алгадсан банди руу харах үед миний баруун талаас нэг хүн баруун талын уруул хэсэг рүү нилээн хүчтэй нэг удаа манартал цохиод авахаар нь би толгой хэсгээ доошоо болгосон юм. Тэгтэл удалгүй баруун нүдрүү цохиод авсан юм. Миний уруул руу цохих болон баруун нүдрүү цохисон цохилт дарааллаад болсон юм. Би цохиулчихаад манараад 40 орчим секунд нүүрээ дараад доошоо тонгойгоод босоод эргээд харахад 2-3 банди байсан ба намайг анх алгадсан залуу энийг хэн нь цохичихвоо гэж хэлсэн...Харин миний баруун талд байсан залуу болох М.С гэх залуу миний уруул хэсэгт гараараа биш ямар нэгэн зүйлээр цохиод дараа нь миний нүдрүү гараараа цохисон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

гэрч О.Сүлдийн “...Тэмүүлэн, М.С бид 3 пийшингийн хажууд очоод суусан юм. Пийшингийн хажууд суугаад мөн тэнд сууж байсан залуутай буюу Ундралтай ерөнхийдөө танилцаад бие биенийхээ насыг асууж мэдсэн юм. Тэмүүлэн, М.С хоёр Ундралыг “чи 18 настай юм уу бид хоёр 16 настай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ундралд хандаад тэгэхээр “энэ хоёр чиний хувьд бацаан гэсэн үг үү” гээд хэлсэн чинь тийм гээд толгой дохисон юм. Тухайн үед Ундрал нилээн согтуу байсан юм. Тэгээд юм ярьж байснаа Ундрал босож ирээд М.Сын толгойны дагз хэсэгрүү хөнгөхөн цохиод авахаар нь би Ундралыг “чи хаана, хэнтэй юу гэж ярихаа бодож ярилдаа” гэж хэлээд духан дээр нь няслаад гарынхаа алганы ар хэсгээр хацар дээр нь нэг удаа цохиод авахад Ундрал яагаад байгаа юм бэ гэж хэлээд босож ирээд надруу дайрахаар нь би бас боссон ба энэ үед М.С Ундралын баруун талд сууж байсан болохоор босож ирээд Ундралыг цохиод авсан юм. Энэ үед М.Сын цаад талд Тэмүүлэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

гэрч С.Содбилэгийн “...пийшингийн тэнд очиж суухад тэнд нэг үл таних Ундрал гэх банди сууж байсан бөгөөд Сүлдээ, М.С, Тэмүүлэн бид нар пийшин тойроод сууж байтал нөгөө Ундрал гэх банди нилээн согтуу байсан ба тэр банди манай 2 найз болох Сүлдээ, М.С хоёртой юм яриад ах энэ тэр гээд пэдийгээд байх шиг байсан ба Сүлдээ, М.Сын толгойны дагз хэсэгрүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл Сүлдээ тэр бандийг олуулаа байхад яагаад ингээд хачин зан гаргаад байгаа юм бэ гээд нясалсан бас битгий ингэж уу гээд байсан тэгтэл М.С уурлаж босож ирээд цохиод авсан чинь уруулнаас нь цус гарсан тэгээд Ундрал гараад явсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч О.Тэмүүлэнгийн “...пийшингийн тэнд очиж суухад тэнд нэг үл таних Ундрал гэх банди сууж байсан бөгөөд Сүлдээ, М.С, Содбилэг бид нар пийшин тойроод сууж байтал нөгөө Ундрал гэх банди нилээн согтуу байсан ба тэр банди манай 2 найз болох Сүлдээ, М.С хоёртой юм яриад ах энэ тэр гээд пэдийгээд байх шиг байсан ба энэ үед бие засах гээд гарчихаад буцаад ороод ирэхэд Сүлдээ, М.С хоёрын толгойны дагз хэсэгрүү гараараа цохих шиг болсон тэгтэл Сүлдээ тэр бандийг олуулаа байхад яагаад ингээд хачин зан гаргаад байгаа юм бэ гээд нясалсан бас битгий ингэж их уу гээд байсан. Тэгтэл М.С уурлаж босож ирээд Ундрал гэх бандийг цохиод авсан чинь уруулнаас нь цус гарсан тэгээд Ундрал гараад явсан ба гадаа ангийнх нь гэсэн хэдэн охидууд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3322 дугаартай шинжээчийн “...Э.Ундралын биед амны баруун буланд амны хөндий рүү нэвтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

өсвөр насны шүүгдэгч М.Сын “...галын дэргэд Сүлд, Содбилэг, Эрдэнэ, Тэмүүлэн нарын хамт сууж байтал миний өмнө нь зүс мэддэг /Ундралыг хэлэв/ банди ирээд миний зүүн гар талд суусан юм. Тэр банди нүүр нь улайчихсан согтуу байсан ба Сүлд бид хоёрын дунд суугаад Сүлдтэй юм яриад байсан ба юуны тухай ярьсан бэ гэвэл өөрийгөө бид нараас ах гэх зүйл яриад байсан Сүлд бид хоёрын нуруу болон толгойны ар хэсэг рүү би та нарын ах шдээ гээд цохиод байхаар нь Сүлд бид хоёрын уур хүрээд Сүлд хамаагүй ийм юм ярьж болдоггүй юм гэж хэлээд тэр бандийн духруу няслаад дараа нь алгадсан чинь тэр банди Сүлд рүү яасан гэнээ гээд дайраад байхаар нь Тэмүүлэн салгах гээд дундуур нь орохоод нь би хажуугаар нь тэр Бандийг цээжрүү нь түлхэх гэж байгаад гар хальтраад уруул хэсгийг нь цохичихсон юм тэгээд би босоод явсан. Энэ үед Содбилэг, Эрдэнэ, Тэмүүлэн, Сүлд нар байсан. Тэр бандийн уруулнаас нь цус гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан 180 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцож өсвөр насны шүүгдэгчийн ар гэр хувийн байдлыг харгалзан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно... гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч М.С-ын хувьд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн нийтэд тустай ажил оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Өсвөр насны шүүгдэгч М.С нь хохирогч Э.Ундралд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролын 93.000 төгрөгийг төлсөн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар гарган өгсөн баримт болох 320.040 төгрөгийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.Харин хохирогч Э.Ундралын эмчилгээний зардал болох 1.850.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэв.

Гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар харилцан тохиролцож 1 850 000 төгрөгийг эхний 7 хоногт 500 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 10-нд 500 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-нд үлдэгдэл хохиролыг барагдуулахаар тохиролцож, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.  

Өсвөр насны шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогт М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С-ыг 120 /зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ундрал /УШ01261577/-д олгосугай.

5. Нэхэмжлэлийн шаардлагаас хохиролын 320,040 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Өсвөр насны шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ