Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0394

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00722 0316 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Э.Б, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймаг С суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, Содон хорооллын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо “Содон” хорооллын *** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн ломбардын зээлийн ажилтан Ц.Б-гаас барьцаат зээлийн гэрээний дагуу 400,000 төгрөг авах ёстой байсан боловч 800,000 төгрөг авсан буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж 400,000 төгрөг илүү өгснийг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Б овгийн Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын *** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн ломбардын зээлийн ажилтан Ц.Б-гаас барьцаат зээлийн гэрээний дагуу 400,000 төгрөг авах ёстой байсан боловч 800,000 төгрөг авсан буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж 400,000 төгрөг илүү өгснийг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “…Бичлэгийн 18:06 минутад Б нь шар өнгийн куртиктэй залуугийн хамт орж ирээд суух ба өөрийн хуруунаас бөгжийг тайлж зээлийн ажилтанд өгч, мөн бичиг баримтыг өгч байна. Түүний араас бор өнгийн савхин куртиктэй залуу орж ирж суув. Зээлийн ажилтан бөгжийг шалгаж, граммлаж үзээд тооцоолон 402,000 гэсэн тоог тооны машинд хийхэд бор өнгийн савхин куртиктэй залуу 100 төгрөгийг зээлийн ажилтанд гаргаж өгч, зээлийн ажилтан зээлийн гэрээг бичиж дуусгаад барьцаанд тавьсан бөгжийг битүүмжилж Б-оор гарын үсэг зуруулаад зүүн тийш явж камераас гарав. Зээлийн ажилтан буцаж ирэхдээ гартаа мөнгө барьсан ирэх ба уг мөнгийг тоолоход нийт 20 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт байв. Мөн шургуулгаас дахин багцалсан 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирж тоолоход 20 ширхэг байсныг нийлүүлэн тоолж нийт 40 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт буюу 800,000 төгрөгийг Б-од хүлээлгэн өгөхөд Б уг мөнгийг зээлийн гэрээний хамт хүлээн авч мөнгийг халаасандаа хийгээд гадаад паспорт гаргаж ирж харуулж, 18:18 минутад уг ломбардаас гарч байна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 8-9 дүгээр хуудас);

 

3. Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “***” ХХК-ийн салбар болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын *** дугаар байранд байрлах “Нандин” ломбардад зээлийн ажилтнаар ажилладаг. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Э.Б гэх хүн манай ломбардад орж ирээд өөрийн зүүж байсан 2 ширхэг монет бөгжийг барьцаанд тавьж зээл авахаар болсон. Тухайн үед Б гэх хүн 2 эрэгтэй хүний хамт орж ирсэн ба нөгөө 2 хүнтэйгээ ярилцаж байхыг нь сонсоход уг хүнтэй цуг орж ирсэн бор савхин куртиктэй залуу нь “уух юманд л тавиарай” гэж хэлж байсан. Тэгээд би уг хүний өгсөн 2 ширхэг монет бөгжийг жинлэж үзээд нийтэд нь 400,000 төгрөгт барьцаанд авах талаар хэлэхэд Э.Б нь зөвшөөрсөн учир уг хүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Би уг хүнд мөнгө тоолж өгөхдөө өөрийн анзааргагүй байдлаас болж 400,000 төгрөг өгөх ёстой байтал 20,000 төгрөгийн дэвсгэртийг 40 ширхэг буюу 800,000 төгрөг өгчихсөн байсан. Тухайн үедээ би илүү мөнгө өгсөн талаар мэдээгүй. Нөгөө хүн ч мөнгөө аваад гараад явсан ба буцаж ирээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр тооцоогоо бодоход 400,000 төгрөг дутчихаар нь тухайн өдрийнхөө камерыг шүүж үзчихээд олоогүй 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Уг өдөр Б ирээд 401,350 төгрөг өгч 2 ширхэг монет бөгжөө авч явсан. Бөгжөө авах үедээ ч Б надаас илүү мөнгө авсан талаараа. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болоход тооцоогоо шүүгээд гарч ирэхгүй байхаар нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн камер шүүж байтал би Э.Б гэх хүнд 20,000 төгрөгийн дэвсгэртийг 20 ширхгийг өгөх ёстой байтал 40 ширхгийг буюу 800,000 төгрөг өгч, илүү 400,000 төгрөг өгснөө мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч Э.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 65 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38 дугаар хуудас), “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2608863 дугаартай барьцаат зээлийн гэрээ...” (хх-ийн 6 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн 2 ширхэг монет бөгжийг 400,000 төгрөгийн барьцаанд тавьж Б гэх залууд уг мөнгийг зээлдүүлэхээр болоод Б, А нарын хамт “Содон” хорооллын *** дугаар байранд байх “***” ломбардад очиж бөгжөө барьцаанд тавьсан. Зээлийн гэрээ байгуулчхаад уг ломбардын ажилтны өгсөн мөнгийг аваад тоололгүй шууд халаасандаа хийсэн. Ломбардаас гараад машиндаа суучхаад Б-д мөнгө өгөх гээд ажилтны өгсөн мөнгийг тоолоход 400,000 төгрөгөөс илүү байсан. Тухайн үед Б болон А нар нь ломбардын ажилтан надад илүү мөнгө өгснийг мэдээгүй, анзаараагүй учир би тэр хоёрт хэлэлгүй 400,000 төгрөгийг өөртөө үлдээж 400,000 төгрөгийг Бд өгсөн. Үлдсэн мөнгийг нь шууд далд хийгээд тэр хоёроос салсны дараа тоолоход 400,000 төгрөг илүү өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 400,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр алдаатай гүйлгээг завшсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б-ыг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг алдаатай гүйлгээг завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Б нь хохирлын 400,000 төгрөгөө бүрэн авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн (хх-ийн 81 дүгээр хуудас) байх тул шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг шүүхээр тогтоосон хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Би торгох ялыг төлөх боломжтой. Харин хэсэгчлэн төлөх хугацааг уртасгаж өгөхийг хүсэж байна. Эхнэр маань ганцаараа ажил хийдэг, би одоогоор гэртээ хүүхдээ харж байгаа. Манайх байрны болон машины лизингтэй. Эрүүл мэндийн хувьд би аарцгийнхаа ясыг хугалсан болохоор 3 кг-аас дээш хүнд зүйл өргөж болохгүй учир нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй байхыг шүүхээс хүсье...” гэв.

Шүүгдэгч Э.Б- нь торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг флаш дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааралдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг алдаатай гүйлгээг завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг флаш дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БАТАА