Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2017/00130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/01589/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* орог овгийн ******* *******, /РД:*******/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:*******/-д холбогдох

“Тугалтай 3 үхэр болон 1,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие Д.******* нь 2009 онд өөрийн эзэмшлийн мангирт хэсэг 7-05 тоот хашаа байшингаа 3,000,000 төгрөгөөр З.*******д худалдсан юм. Энэхүү 3,000,000 төгрөгийг нэхүүлж олон удаа тасалж байж мөнгийг авч байсан юм. Хашаа байшингаа зарах үедээ өөрийн мал болох тугалтай 3 үхрээ худалдахаар болсон. Тухайн үед тугалтай нэг үхрээ 150,000 төгрөгөөр тооцож тугалтай 3 үхрээ зарсан. Алтайн буган халиун эрлийз үнээ байсан. Гэтэл З.******* үхрийн мөнгийг өгөлгүй өдий хүрлээ. Түүнчлэн манай хашаа байшин маань жимсний модтой, гүний худагтай, үхрий өвөлжөөтэй, зуны амбаартай, байшин барих 100 гаруй шпал модтой, оценка трубатай, 2.5x2.5 харьцаатай төмөр амбаартай нь цуг өгч байсан. Гэтэл надаас авсан тугалтай 3 үхрийн үнийг одоо хүртэл өгөлгүй тэтгэврийн хөгшин намайг загнаад явна. Иймд З.*******аас тугалтай 3 үхэр болон 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Д.******* нь 2009 онд З.*******д 3 тугалтай үхрээ 1,000,000 төгрөгөөр бодож зарсан боловч мөнгөө авч чадаагүй байтал харвасанаас болоод  2009-2015 он хүртэл бусдын асаргаанд байсан. 2016 оноос гайгүй болсон учир дээрх 1,000,000 төгрөгөө авна гэж нэхэмжлэл гаргасан.” гэжээ.

 

Хариуцагч З.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“... Д.******* гуай нэхэмжлэлийн үндэслэлдээ 2009 онд хашаа байшингаа надад худалдсан гэсэн нь цаг хугацааг андуурсан байна. Түүнээс өмнө 2003 онд Мангиртын хашаа байшингаа зарна гээд тухайн үед 3,000,000 төгрөг биш 2,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч бэлэн мөнгийг нь удаалгүй өгч худалдан авч байсан. Ингээд авсан хашаа байшингаа засч янзалсаны дараа ******* гуай би ер нь чамд хямдхан өгчихсөн байнаа чи надад нэмээд 500,000 төгрөг өгчих гээд нэхээд байхаар нь хэлсэнээр нь өгөөд ингээд 3,000,000 төгрөгөөр надад өгсөнөөс хойш дахин энэ талаар яриа болоогүй нэг мөр дууссан. Тухайн ондоо надад бас тугалтай үнээгээ 1,000,000 төгрөгөөр өгч бэлнээр нь мөнгөө өгөлцөж авалцсан байсанаа бас л хэсэг хугацааны дараа чамд тугалтай үнээгээ хямдхан өгсөн байна 250,000 төгрөгийг нэмээд өгчих гэж уулзсан. Тэгээд би та наймаа хийж чадахгүй дандаа араас нь дахин мөнгө нэмж авна гээд байх юм гэж дургүйцэж байгаад гэр орноор удаа дараа ирээд байхаар нь залхаад хэлсэн мөнгийг нь нэмж өгч байсан. Гэтэл одоо бүхэл бүтэн 13 жилийн дараа 1,250,000 төгрөгөөр зарж мөнгийг нь авсан тугалтай үнээгээ нэг бүрийг нь 150,000 төгрөгөөр үнэлж дахин 1,000,000 төгрөг шаардсан байгааг нь ойлгохгүй байна. Тэгээд ч тэр үед зарсан тугалтай үнээ үгүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...З.******* нь тугалтай 3 үхрийг Д.*******гаас 2002 онд авсан гэдэг гэрч нар мөн 2002 он гэж мэдүүлдэг, нэхэмжлэгч цаг хугацааны хувьд андуурсан юм шиг байна. Хариуцагч нь Д.*******д тухайн үедээ 1,000,000 төгрөгөө өгчихсөн одоо ямар ч өргүй гэдэг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан тугалтай 3 үхрийн үнэ 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ... 2009 онд өөрийн эзмшлийн Мангирт хэсэг 7/05 тоот хашаа байшингаа 3 000 000 төгрөгөөр, тугалтай 3 үхрээ нэг үхрээ 150 000 төгрөгөөр тооцож зарсан. Гэтэл үхрийн мөнгийг өгөөгүй тул тугалтай 3 үхэр болон 1 000 000 төгрөгийг гаргуулна ... гэж тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч З.******* ...2003 онд Мангиртын хашаа байшинг 2 500 000 төгрөгөөр худалдан авсан боловч арай хямдхан өгсөн байна мөнгө нэмэээд өгчих гэхээр 500 000 төгрөг нэмж өгч дуусгасан. Тухайн ондоо тугалтай үнээгээ 1 000 000 төгрөгөөр өгч мөнгөө бэлнээр өгсөн атлаа бас л хямдхан өгсөн байна гээд нэмээд 250 000 авсан. Одоо 13 жилийн дараа 1 250 000 төгрөгөөр зарж мөнгийг авсан тугалтай үнээ тус бүрийг 150 000 төгрөгөөр үнэлж дахин 1 000 000 төгрөг шаардсан байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй ...  гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд хашаа байшин, тугалтай 3 үхэр худалдаж, худалдан авсан үйл явдал тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч 2009 онд, хариуцагч 2003 онд гэж маргаж, гэрч ... 2002 онд 2 тугалтай үнээ 1 тугаллах гунжийг Энхтал гэдэг газарт З.*******ы гуйлтаар хүргэж өгч, 2003 онд Дарханд буцааж авчирсан... гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Мөн нэхэмжлэгч Д.******* 3 тугалтай үхрийн үнийг нэхэмжлэлийн шаардлагадаа  нэг бүрийг 150 000 төгрөгөөр тооцож тугалтай 3 үхрээ зарсан гэсэн бөгөөд энэ тооцооллоор нэхэмжлэлийн үнэ 450 000 төгрөг болохоор атал ямар үндэслэлээр 1 000 000 төгрөг гэж  шаардаж байгаа нь тодорхойгүй, түүний хариу тайлбартай танилцаад ирүүлсэн “Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч “ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны Д.*******гийн эзэмшилд байсан тугалтай үнээ 3 тус бүр 700 000 төгрөг, эр бяруу 350 000 төгрөг, охин бяруу 350 000 төгрөг гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг  ирүүлсэн бөгөөд  үнэлгээ тогтоолгосон тугалтай 3 үнээ нь З.*******д худалдсан гэх үнээ мөн эсэх нь тодорхойгүй, талуудын хооронд хэдэн насны ямар үүлдрийн үнээг хэдэн төгрөгөөр худалдах худалдан авахаар болсон энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримтийг ирүүлээгүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох гурван жил өнгөрсөн байх тул энэ талаарх хариуцагч З.*******ы татгалзал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч З.*******д холбогдуулан гаргасан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ