| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0346/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 389
2020 05 20 2020/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Х-т холбогдох эрүүгийн 2011 00497 0274 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, слесарь мэргэжилтэй, Хувиараа түц ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн наран 15 дугаар гудамж, 128б тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Боржигон овогт Э.Х, регистрийн дугаар: / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар цэцэрлэгийн хойд талын сагсан бөмбөгийн талбайн зүүн талын явган хүний замаар хүүхэдтэйгээ хамт алхаж байсан иргэн Г.Халиуны халааснаас “Самсунг A50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Г.Халиун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гар утсаа хамгийн сүүлд гэрээсээ гарах үед л үзсэн намайг дэлгүүр орох үед хажууд болон ямар нэгэн ойрхон хүн зөрөөгүй, таараагүй харин дэлгүүрээс гараад гэрлүүгээ явах замд сагсан бөмбөгийн талбайн хажууд хоёр эрэгтэй хүн, ар талаас ирээд хажуугаар зөрсөн би хүүхэдтэйгээ явж байсан болохоор удаан алхаад явж байсан юм. Миний бодлоор тэр хажуугаар зөрсөн хоёр эрэгтэй хүн авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан /хх- ийн 20-23 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...ганцаараа явж байхдаа нэгэн хүүхдээ хөтөлсөн эгч урдуур гарахаар нь халаасанд нь байсан гар утсыг нь аваад...Баянхошуу явах замд хөтөл хавьцаа нэгэн хүнсний дэлгүүрт 2 шил 0.75 литрийн архи аваад үлдээсэн...Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гар утас нь бүрэн бүтэн цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найзууд болох Оюун-Эрдэнэ, И.Мөнхбаяр нартай Амритагийн цаад талд Нисдэг машины замын урд талд гадаа уулзаад хамтдаа “Хараа” гэх нэртэй 0.5 литрийн архинаас 2 шилийг уугаад, тэндээсээ 17 цагийн үед бид 3 хамтдаа Цагаан байр луу алхсан. Би тухайн үед Оюун- Эрдэнэ, И.Мөнхбаяр нараас бага зэрэг зайдуу урд талд нь алхаж байхад бас миний урд талд хүүхэдтэй нэг эмэгтэй алхаж байхаар нь тэр эмэгтэйн баруун талын халааснаас самсунг А50 маркийн цэнхэр өнгийн гар утсыг нь авсан. Манай дээрх Оюун-Эрдэнэ, И.Мөнхбаяр гэх хоёр найз маань надаас бага зэрэг зайдуу алхаж байсан ба намайг гар утас хулгайлж авсан гэдгийг мэдээгүй. Улмаар тэр гар утсыг би дээрх 2 найзтайгаа хамт дэлгүүрт 2 шил “Хараа” гэх нэртэй 0.75 литрийн архины барьцаанд тавиад үргэлжпүүлж архи уусан. Маргааш нь над руу цагдаагийн алба хаагч залгаад чи хүний гар утас хулгайлсан байна гэж хэлэхэд нь би нөгөө гар утсыг архины барьцаанаас аваад буцаагаад эзэнд нь өгсөн. Миний хувьд тухайн үед нэлээн согтуу байсан ба архи ууснаасаа болоод дахин хулгайн гэмт хэрэг үйлдчихлээ. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би 2018 онд гаргасан үйлдлээсээ хойш огт гэмт хэрэг үйлдэхгүй хичээж байгаад сая архины халуунаас болоод ийм асуудал хийчихлээ. Үнэхээрийн их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар цэцэрлэгийн хойд талын сагсан бөмбөгийн талбайн зүүн талын явган хүний замаар хүүхэдтэйгээ хамт алхаж байсан иргэн Г.Халиуны халааснаас “Самсунг A50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч Г.Халиуны “...Би гар утсаа хамгийн сүүлд гэрээсээ гарах үед л үзсэн намайг дэлгүүр орох үед хажууд болон ямар нэгэн ойрхон хүн зөрөөгүй, таараагүй харин дэлгүүрээс гараад гэрлүүгээ явах замд сагсан бөмбөгийн талбайн хажууд хоёр эрэгтэй хүн, ар талаас ирээд хажуугаар зөрсөн би хүүхэдтэйгээ явж байсан болохоор удаан алхаад явж байсан юм. Миний бодлоор тэр хажуугаар зөрсөн хоёр эрэгтэй хүн авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан /хх- ийн 20-23 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Хын гэрчээр өгсөн “...ганцаараа явж байхдаа нэгэн хүүхдээ хөтөлсөн эгч урдуур гарахаар нь халаасанд нь байсан гар утсыг нь аваад...Баянхошуу явах замд хөтөл хавьцаа нэгэн хүнсний дэлгүүрт 2 шил 0.75 литрийн архи аваад үлдээсэн...Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гар утас нь бүрэн бүтэн цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Хын “...миний урд талд хүүхэдтэй нэг эмэгтэй алхаж байхаар нь тэр эмэгтэйн баруун талын халааснаас самсунг А50 маркийн цэнхэр өнгийн гар утсыг нь авсан. Манай дээрх Оюун-Эрдэнэ, И.Мөнхбаяр гэх хоёр найз маань надаас бага зэрэг зайдуу алхаж байсан ба намайг гар утас хулгайлж авсан гэдгийг мэдээгүй. Улмаар тэр гар утсыг би дээрх 2 найзтайгаа хамт дэлгүүрт 2 шил “Хараа” гэх нэртэй 0.75 литрийн архины барьцаанд тавиад үргэлжпүүлж архи уусан. Маргааш нь над руу цагдаагийн алба хаагч залгаад чи хүний гар утас хулгайлсан байна гэж хэлэхэд нь би нөгөө гар утсыг архины барьцаанаас аваад буцаагаад эзэнд нь өгсөн...Үнэхээр их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.
Хохирогч Г.Халиун нь “...би гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Э.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Х-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ