Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

2020        05          26                                   2020/ШЦТ/394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч Д.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 2011 00855 0495 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 7-198 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж тэнссэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгүүлсэн.

Боржигон овогт Д.Г, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн гудамжинд С.Ариунаатай маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж "зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хамарт зулгаралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн буланд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт" бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

С.Ариунаагаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч С.Ариунаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Баярхүү эрүүлжүүлэх байрнаас гарч гэртээ ирэхэд нь Бат-Отгон, Мөнхжаргал, Д.Г бид нар гэрт нь 0,750 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд Баярхүү буцаад цагдаагийн хэлтэс рүү явна гэсэн. Бид нар гэсэн ч Баярхүүгийн гэрээс гарч гудамжинд зогсож байтал Сансармаатай таарсан. Тэгээд би Д.Г-ыг яв гэхэд явахгүй гээд уурандаа 2-3 удаа ам руу алгадахад хамар амнаас цус гарсан. Тэгсэн Сансармаа гүйж ирээд намайг дагуулаад Баярхүүгийн гэрт авч орсон. Тэгсэн араас нь Баярхүүгийн гэрт Д.Г орж ирээд надаас “уучлаарай” гээд байхаар нь би шилэн аяга авч шидсэн. Тэгсэн араас Бат-Отгон Мөнхжаргал нар орж ирж байж байтал Баярхүү уурлаад бид нарыг гэрээсээ хөөсөн. Тэгээд тэд нар бөөнөөрөө Баярхүүгийн гэрээс гарч яваад Батаагийн гэрт очсон. Тэгсэн удалгүй Д.Г намайг дагуулан аваад авч гараад машинд суулган гэрт нь хүргэж өгнө гэхэд би харихгүй гэхэд намайг Баярхүүгийн гэрт хүргэж өгөөд яваад өгсөн... намайг Д.Г цохиж гэмтэл учруулсан... Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч С.Сансармаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15-16 цагийн үед байхаа би дүүгийнхээ гэрээс ирээд Давхар дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад гэрлүүгээ өгсөх гээд явж байтал гудамжны үзүүр дээр Мөнхжаргал, Бат-Отгон, Ариунаа, түүний хүү, Д.Г тавтай таарсан. Тухайн үед С.Ариунаагийн 2 нүд нь хөхөрсөн, малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн, гайхаад би юу болсон талаар асуугаад л өнгөрсөн. Тэгээд би гэрлүүгээ солих хувцсаа авах гээд дээшээ өгсөөд явж байтал гудамжинд хүүхэд орилох дуу сонсогдохоор нь гайхаад хартал Ариунаагийн хүү “аниа туслаарай” гээд надруу гараараа далалсан. Тэгээд гүйгээд очтол Ариунаа газарт шороон дээр уначихсан, хамарны хажуу хэсгээр маажсан, цус гарчихсан Гантулгыг маажсан гэж хэлсэн. Тэгээд би С.Ариунааг татаж босгоод хүүгийнх нь хамтаар дагуулж Баярхүүгийн гэрлүү явахад Д.Г хамт дагаж орсон. Тэгсэн араас 10-аад минутын дараа Мөнхжаргал, Бат-Отгон хоёр Баярхүүгийн гэрт орж ирсэн. Баярхүүгийн гэрт ороод Ариунаагийн шархыг цэвэрлэж өгөөд Ариунаа надаас “Д.Г-с намайг салгаад өгөөч, цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд Баярхүүгийн гэрээс би Ариунааг хүүгийнхэн хамтаар мөн Бат-Отгон, Мөнхжаргал нартай хамтдаа Батын гэрт очсон. Д.Г-г Баярхүүгийн гэрт үлдээсэн. Батын гэрт Ариунааг унтуулсан ба араас Д.Г орж ирсэн. Тэгээд би Д.Г-аас “чи яагаад Ариунааг ингэж зодож байгаа юм бэ” гэж асуухад Д.Г “лагер дээр Ариунаа, Баярхүүтэй унтсаныг мэдээд зодсон” гэж хэлсэн. Д.Г Батын гар утсаар машинтай дүүгээ дуудсан. Тэгсэн Батын гэрийн гадаа Д.Г-ын дүү нь машинтай ирж, Д.Г тухайн үед орон дээр хэвтэж байсан Ариунааг хүчээр чирээд аваад гарсан. Араас нь би Ариунаагийн хүүг дагуулан машинд суулгасан... Миний бодлоор Ариунаа Д.Г-д зодуулсан өдрөө андуураад байгаа юм шиг санагдаад байна. Ариунаа Д.Гд зодуулсан нь үнэн юм шиг байна лээ. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сургуулийн 19-р гудамжны үзүүрт тааралдахад Ариунаагийн 2 нүд нь хөхөрчихсөн, Батын гэрт хувцсыг солиход Ариунаагийн бие нь 2 гар цээж хэсгээрээ энд тэндгүй хөхөрчихсөн байсан. Тэгээд зодуулсан өдрөө андуураад байх шиг байна. Мөн Пүрэвсүрэнгийн Батаа, Баярсайханы Бат гэж 2 өөр хүмүүс байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Баярхүүгийн гэрт очиход Бат-Отгон, Ариунаа, түүний хүү, Д.Г, Баярхүү нар байсан ба бид нар Баярхүүг эрүүлжүүлэхээс гарсаныг дамжуулаад 0,750 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад Баярхүүгийн гэрээс гарсан. Баярхүү гэртээ ганцаараа үлдсэн. Ингээд Сургуулийн 19-р гудамжны үзүүр дээр зогсож байтал Сансармаатай таарсан. Тэгээд Бат-Отгон бид хоёр Бат-Отгоны гэрлүүгээ явж худаг орж ус аваад буцаад иртэл Сургуулийн 19-р гудамж дээр ирэхэд Д.Г, Ариунаа байгаагүй ба Бат-Отгон бид хоёр эргээд Баярхүүгийн гэрт очиход Сансармаа Ариунаа, Д.Г нар байсан ба Баярхүүгийн гэрээс Сансармаа Ариунаа, түүний хүү Д.Г, Бат-Отгон бид нар бөөнөөрөө Батын гэрт очсон. Батын гэрт Сансармаа Ариунаагийн нүүр гарыг угааж цэвэрлэсэн. Тэгсэн Батын гар утсаар Д.Г дүүгээ дуудсан гэсэн. Тэгээд удалгүй Д.Г-ын дүү гэх залуу ирсэн гээд Д.Г Ариунаа орон дээр хэвтэж байхад нь чирээд аваад гарсан. Араас нь Сансармаа Ариунаагийн хүүг аваад гарсан. Тухайн үед би Баярхүүгийн гэрт очиход Ариунаатай уулзахад 2 нүд нь хөхөрсөн, малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн байсан... Миний бодлоор Ариунаа Д.Г-д зодуулсан өдрөө андуураад байна. Ариунаагийн яриагаар Ариунаа Д.Г-д лагерт байхдаа зодуулсан юм шиг байна лээ. Тэгээд сая 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гудамжинд Бат-Отгон бид хоёрыг явсаны дараа Д.Г Ариунааг нэмж гудамжинд цохисон юм шиг байна лээ. Тэгээд Ариунаа аргаа ядаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байхаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Т.Баярхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай найз Бат, над дээр ирээд Д.Г дуудаад байна хамт очъё гэсэн Д.Г-ын найз Сансарбаатарын лагер дээр очсон. Очиход Ариунаа согтуу унтаж байсан ба Ариунаагийн 2 нүд нь хөхөрчихсөн зодуулсан байдалтай харагдсан. Тэгээд Сансарбаатар, Д.Г, Ариунаа Бат бид тав лагер дээр 0,750 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад Батаа гэрлүүгээ харьлаа гээд явсан. Би лагер дээр үлдэж хоносон. Ингээд маргааш өдөр нь буюу 2020 оны 03 дугаар сарын 27- ны өдөр Ариунаа, Д.Г, Сансарбаатар бид дөрөв лагераас орж ирээд Батаагийн гэрт ирсэн. Батаагийн гэрт Ариунаа 3 хоног хонохдоо орноос огт боогоогүй гэсэн. Мөн Сансарбаатар, Д.Г нар Батаагийн гэрт 3 хоног хоносон. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д.Г Ариунаа хоёр манай гэрт ирж бид гурав 0,33 литрийн Хараа, 200 гр-н Хараа нэртэй архи хувааж уугаад би эрүүлжүүлэхэд орсон. Манай гэрт Д.Г, Ариунаа нар үлдсэн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө эрүүлжүүлэхээс гараад гэрлүүгээ харихад Бат-Отгон Мөнхжаргал нар манай гэрт ирчихсэн байж байсан ба Д.Г, Ариунаа, Бат- Отгон, Мөнхжаргал нар намайг гаргаж ирсэн гээд тэд нар 0,750 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж ууцгаасан. Би буцаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэр үед Сансармаа надруу залгаад гэрээс хувцас хунараа авах гэсэн юмаа гэхэд нь би хороон цагдаагаас гуйгаад гэрлүүгээ харьсан. Тэгээд гэртээ ирж Д.Г, Ариунаа, Бат-Отгон, Мөнхжаргал нарыг гэрээс гаргасан. Тэгээд гэрээ цэвэрлээд байж байтал гаднаас Сансармаа Д.Г Ариунаа нарыг дагуулсан орж ирсэн. Сансармаа хувцас хунараа аваад байж байтал Д.Г Ариунаагаас уучлаарай гээд байх шиг байсан. Тэгээд байж байтал гаднаас Бат-Отгон Мөнхжаргал хоёр орж ирсэн. Энэ үед Ариунаа, Д.Г руу шилэн аяга аваад шидэж, Гантулгыг оноогүй. Тэгээд би уурлаад гэрээс хөөж гаргасан. Тэгээд тэд нар бөөнөөрөө гараад явсан. Би гэртээ үлдэж гэрээ цэвэрлэсэн. Тэгээд гэрээ цэвэрлэж дуусгаад гэрээс гараад явж байтал өөдөөс хар өнгийн машин ирж, зогсоод машины цонхоор Д.Г надад хандан гэрээр чинь ороод гарчихъя гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэрийнхээ хаалгыг онгойлгон ороход араас Д.Г, Ариунаа, Гантулгын дүү гэх залуу орж ирсэн. Энэ үед Ариунаагийн ам, хамарнаас цус гарсан байсан ба Ариунаа гэр дотор цус гоожуулж байхад Д.Г Ариунаад хандан “чи ингэж болохгүй шдээ” гээд хэрэлдээд байсан. Тэгсэн Гантулгын дүү гэх өндөр нуруутай залуу Гантулгыг аваад явсан. Ариунаа манай гэрт үлдэн нүүр гарыг угаагаад гэрээс гаргаад явуулаад би өөрөө 3,4-р хороололд байх эгчийнхээ гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.Ариунаа бид хоёр манай найз Сансарбаатарын Жигжид зуслангийн байшинд очсон. Очоод архи ууж улмаар С.Ариунаа бид хоёр хоорондоо маргалдан би согтуудаа гараараа С.Ариунаагийн нүдрүү нь цохисон. Тэгээд би найз Баярхүү, Бат хоёрыг дуудсан. Тэгээд Сансарбаатар, Баярхүү, Ариунаа Бат бид тав лагер дээр 0,750 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад Батаа гэрлүүгээ харьлаа гээд явж, Баярхүү Жигжид зуслангийн лагер дээр хоносон. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С.Ариунаа, Баярхүү бид гурав лагераас орж ирээд Батаагийн гэрт очсон. Батаагийн гэрт С.Ариунаа 3 хоног хонохдоо орноос огт боогоогүй бөөлжиж, архины хордлогонд орчихсон байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С.Ариунаа бид хоёр Баярхүүгийн гэрт очиж бид гурав 0,33 литрийн Хараа, 200 гр-н Хараа нэртэй архи хувааж ууж байгаад Баярхүүг цагдаагаас ирж аваад явсан. Баярхүүгийн гэрт С.Ариунаа бид хоёр үлдэн хоносон. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Баярхүү эрүүлжүүлэх байрнаас гарч гэртээ ирэхэд Бат-Отгон Мөнхжаргал. С.Ариунаа бид нар байсан ба Баярхүүг гарч ирсэн гээд бид нар 0,750 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд Баярхүү буцаад цагдаагийн хэлтэс рүү явна гээд яваад өгсөн. Бид нар ч гэсэн Баярхүүгийн гэрээс гарч гудамжинд зогсож байтал Сансармаа автобуснаас бууж ирээд Баярхүүгийн гэрээс хувцас хунараа авах гэж байна гэж тааралдсан. Тэгсэн С.Ариунаа гэнэтхэн “намайг зайл” энэ тэр гээд хөөгөөд байхаар нь 2-3 удаа амруу нь алгадахад хамар амнаас нь цус гарсан. Тэгсэн Сансармаа гүйж ирээд С.Ариунааг дагуулаад аваад явсан. Тэгээд би Баярхүүгийн гэрт араас нь очиж С.Ариунаагаас “уучлаарай” гэж гуйхад С.Ариунаа надруу шилэн аяга авч шидэж, намайг оноогүй. Тэгсэн араас Бат-Отгон Мөнхжаргал хоёр орж ирсэн. Тэгсэн Баярхүү уурлаад бид нарыг гэрээсээ хөөсөн. Тэгээд тэд нар бөөнөөрөө гэрээс гарч яваад Батаагийн гэрт очсон. Тэгээд би хамт ажилладаг дүү Одонхүүг Батаагийн гэрт хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд удалгүй хамт ажилладаг дүү ирэхэд нь би Батаагийн гэрээс С.Ариунааг дагуулан аваад гараад гэрт нь хүргэж өгөх гэхэд С.Ариунаа харихгүй гээд байхаар нь би С.Ариунааг Баярхүүгийн гэрт хүргэж өгөөд би өөрөө хамт ажилладаг дүүгийнхээ хамтаар ажил руу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43- 44 дүгээр хуудас/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4304 дугаартай шинжээчийн “...С.Ариунаагийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хамарт зулгаралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн буланд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 52/, ажлын газрын тодорхойлолт /хх 67/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаар тогтоол /хх 75/, шүүгдэгч Д.Г, хохирогч С.Ариунаа нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 72-73/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн гудамжинд С.Ариунаатай маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж "зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хамарт зулгаралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн буланд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт" бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн С.Ариунаагаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч С.Ариунаагийн “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Баярхүү эрүүлжүүлэх байрнаас гарч гэртээ ирэхэд нь Бат-Отгон, Мөнхжаргал, Д.Г бид нар гэрт нь 0,750 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд Баярхүү буцаад цагдаагийн хэлтэс рүү явна гэсэн. Бид нар гэсэн ч Баярхүүгийн гэрээс гарч гудамжинд зогсож байтал Сансармаатай таарсан. Тэгээд би Д.Гантулгыг яв гэхэд явахгүй гээд уурандаа 2-3 удаа ам руу алгадахад хамар амнаас цус гарсан. Тэгсэн Сансармаа гүйж ирээд намайг дагуулаад Баярхүүгийн гэрт авч орсон. Тэгсэн араас нь Баярхүүгийн гэрт Д.Г орж ирээд надаас “уучлаарай” гээд байхаар нь би шилэн аяга авч шидсэн...намайг Д.Г цохиж гэмтэл учруулсан... Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч С.Сансармаагийн “...Тухайн үед С.Ариунаагийн 2 нүд нь хөхөрсөн, малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн, гайхаад би юу болсон талаар асуугаад л өнгөрсөн. Тэгээд би гэрлүүгээ солих хувцсаа авах гээд дээшээ өгсөөд явж байтал гудамжинд хүүхэд орилох дуу сонсогдохоор нь гайхаад хартал Ариунаагийн хүү “аниа туслаарай” гээд надруу гараараа далалсан. Тэгээд гүйгээд очтол Ариунаа газарт шороон дээр уначихсан, хамарны хажуу хэсгээр маажсан, цус гарчихсан Гантулгыг маажсан гэж хэлсэн... Миний бодлоор Ариунаа Д.Гд зодуулсан өдрөө андуураад байгаа юм шиг санагдаад байна. Ариунаа Д.Гд зодуулсан нь үнэн юм шиг байна лээ. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сургуулийн 19-р гудамжны үзүүрт тааралдахад Ариунаагийн 2 нүд нь хөхөрчихсөн, Батын гэрт хувцсыг солиход Ариунаагийн бие нь 2 гар цээж хэсгээрээ энд тэндгүй хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхжаргалын “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Баярхүүгийн гэрт очиход Бат-Отгон, Ариунаа, түүний хүү, Д.Г, Баярхүү нар байсан ба бид нар Баярхүүг эрүүлжүүлэхээс гарсаныг дамжуулаад 0,750 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад Баярхүүгийн гэрээс гарсан...Тухайн үед би Баярхүүгийн гэрт очиход Ариунаатай уулзахад 2 нүд нь хөхөрсөн, малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн байсан... Миний бодлоор Ариунаа Д.Гд зодуулсан өдрөө андуураад байна. Ариунаагийн яриагаар Ариунаа Д.Гд лагерт байхдаа зодуулсан юм шиг байна лээ. Тэгээд сая 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гудамжинд Бат-Отгон бид хоёрыг явсаны дараа Д.Г Ариунааг нэмж гудамжинд цохисон юм шиг байна лээ. Тэгээд Ариунаа аргаа ядаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байхаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Т.Баярхүүгийн “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай найз Бат, над дээр ирээд Д.Г дуудаад байна хамт очъё гэсэн Гантулгын найз Сансарбаатарын лагер дээр очсон. Очиход Ариунаа согтуу унтаж байсан ба Ариунаагийн 2 нүд нь хөхөрчихсөн зодуулсан байдалтай харагдсан...Энэ үед Ариунаагийн ам, хамарнаас цус гарсан байсан ба Ариунаа гэр дотор цус гоожуулж байхад Д.Г Ариунаад хандан “чи ингэж болохгүй шдээ” гээд хэрэлдээд байсан. Тэгсэн Гантулгын дүү гэх өндөр нуруутай залуу Гантулгыг аваад явсан. Ариунаа манай гэрт үлдэн нүүр гарыг угаагаад гэрээс гаргаад явуулаад би өөрөө 3,4-р хороололд байх эгчийнхээ гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Гантулгын “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.Ариунаа бид хоёр манай найз Сансарбаатарын Жигжид зуслангийн байшинд очсон. Очоод архи ууж улмаар С.Ариунаа бид хоёр хоорондоо маргалдан би согтуудаа гараараа С.Ариунаагийн нүдрүү нь цохисон...Тэгсэн С.Ариунаа гэнэтхэн “намайг зайл” энэ тэр гээд хөөгөөд байхаар нь 2-3 удаа амруу нь алгадахад хамар амнаас нь цус гарсан. Тэгсэн Сансармаа гүйж ирээд С.Ариунааг дагуулаад аваад явсан. Тэгээд би Баярхүүгийн гэрт араас нь очиж С.Ариунаагаас “уучлаарай” гэж гуйхад С.Ариунаа надруу шилэн аяга авч шидэж, намайг оноогүй. Тэгсэн араас Бат-Отгон Мөнхжаргал хоёр орж ирсэн. Тэгсэн Баярхүү уурлаад бид нарыг гэрээсээ хөөсөн. Тэгээд тэд нар бөөнөөрөө гэрээс гарч яваад Батаагийн гэрт очсон. Тэгээд би хамт ажилладаг дүү Одонхүүг Батаагийн гэрт хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд удалгүй хамт ажилладаг дүү ирэхэд нь би Батаагийн гэрээс С.Ариунааг дагуулан аваад гараад гэрт нь хүргэж өгөх гэхэд С.Ариунаа харихгүй гээд байхаар нь би С.Ариунааг Баярхүүгийн гэрт хүргэж өгөөд би өөрөө хамт ажилладаг дүүгийнхээ хамтаар ажил руу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43- 44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4304 дугаартай шинжээчийн “...С.Ариунаагийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хамарт зулгаралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн буланд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Ариунаа нь “...Би эмчилгээний 500.000 төгрөгийг авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ