Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0651

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г  даргалж,

Нарийн бичгийн дарга С.Ц,

Улсын яллагч А.Г, 

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1988 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “Энержи эко транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Баянхошууны 21 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 08 дугаар гудамжны 55 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц  овогт Б-ын Н, регистрийн дугаар ..........,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

            Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 22 дугаар гудамжны 22 тоотод иргэн Э.О-тай “манай дүүг уруу татаж, архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, мөр, цээжин тус газрууд нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...зүүн 2-р хавирганы урд үзүүр хэсгийн зөрүүгүй далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, тархины доргилт, зүүн дээд 1-р шүдний эмтрэлт, дээд уруулын салстын язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын хянга, баруун хацар, дээд уруулын дотор салст, хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, баруун мөрний урд хэсгийн зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 22 дугаар гудамжны 22 тоотод иргэн Э.О-тай “дүүг уруу татаж, архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :     

- хохирогч Э.О-ын “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 19-р гудамжинд явж байсан чинь зүс таних Б.Н , Н  нар машин дотор архи уугаад сууж байсан ба тэд нартай мэндлээд “өчигдөр миний төрсөн өдөр болсон” гэж хэлээд гэртээ ороход удалгүй араас Б.Н , Н  нар 1 шил архи аваад гэрт ороод ирсэн...Б , Н  нар гэрээс гарсан, гэтэл Б.Н надад “манай дүү Б  миний үгэнд орохоо болиод байна, дандаа чиний үгэнд ороод байх юм” гэхээр нь би “Б  чинь өөрийн гэсэн толгойтой хүн” гэсэн чинь Б.Н миний нүүрэнд гараараа 1 удаа цохисон, би ухаан алдаад, нэг сэрсэн чинь би гэртээ шкафны хажууд хэвтэж байсан, миний хамарнаас цус гараад шалаар тарсан  байсан...Б  шал угаагаад байж байхаар нь “хөнжил аваад өгчих” гэж хэлээд буцаад унтаад өгсөн...Би шинжээч эмчийн 3540 дугаарын дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-7, 9/,

- гэрч М.Н ийн “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр машинаа угаалгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 21-р гудамжинд найз Б.Н ын гэрийнх нь үүдэнд Б.Н тай, мөн Э.О-тай уулзаад ууж байсан архинаасаа хийж өгсөн чинь Э.О “миний төрсөн өдөр өчигдөр болсон манайд орох уу” гэхэд нь Б.Н бид хоёр дэлгүүрээс 1 шил архи аваад гэрт нь орсон чинь Э.О-ын гэрт Б  байж байсан...Б  бид хоёр гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь Б.Н нь Э.О-ыг газарт хэвтүүлээд заамдаад байж байхаар нь Б  бид хоёр Б.Н ыг салгаад болиулсан. Тэгэхээр нь би Б.Н аас юу болсон талаар асуусан чинь “Э.О-тай жоохон маргалдсан” гэсэн...Би Э.О-хаас Бавхүүтэй хамт гарах үед Э.О-ын нүүр ам нь зүгээр байсан. Харин буцаж гэрт ороход Э.О-ын нүүрийг харсан чинь нүд нь хавдсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- гэрч Ч.Б ын...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хуурай ах Э.О-ын гэрт орох гээд хашаанд нь орсон чинь миний өөдөөс манай аавын  дүү болох Б.Н , Н той хамт гараад ирсэн. Тэгтэл Нармандах надад “чи дахиж битгий Отгонбаяртай нийлж архи дарс уугаарай” гэж хэлсэн. Тэгээд би Э.О-ын гэрт орсон чинь Э.О цаашаа хараад газарт хэвтэж байсан ба дөхөөд очсон чинь хэвтэж байсан газрынхан хажууд цус болсон байсан, цусыг нь угаагаад байж байсан чинь Э.О ах намайг “хөнжил аваад өг” гэхээр нь би Э.О-ын дээрээс нь хөнжил нөмруулж өгөөд гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,   

- шинжээчийн дүгнэлт ;...Э.О-ын биед зүүн 2-р хавирганы урд үзүүр хэсгийн зөрүүгүй далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, тархины доргилт, зүүн дээд 1-р шүдний эмтрэлт, дээд уруулын салстын язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын хянга, баруун хацар, дээд уруулын дотор салст, хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, баруун мөрний урд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-24-26/,

- шүүгдэгч Б.Н ын...Би энэ хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э.О-ыг “миний дүү Б ыг уруу татаж архи уухаа боль” гэхэд би түшээгээ өөрөө мэднэ, чамд хамаагүй” гэхээр нь түүний нүүрэнд 1 удаа цохиход газар унасан, босч ирэхээр нь дахин цээжин тус газарт нь 1 удаа цохихо  газар унахлаар нь дээр нь гарч байгаад нүүрэнд нь 2-3 удаа цохисон, тэгээд түүний цамцнаас боогоод байж байхад Н , Б  нар орж ирээд салгах гээд намайг татахад Отгонбаярыг дрож руу чирсэн, тэгээд цамцнаас нь гараа салгаад гэрээс нь гарч явсан тухай мэдүүлэг /хх-39-41/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд гэрч, хохирогч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Харин шинжээчийн дүгнэлтэд заасан тухайн хөнгөн гэмтэлд хамаарах олон тооны гэмтэл, шархыг үүсгэсэн үйлдлийн давтамж, бусад асуудлаар шинжээчийг байцаах гэсэн боловч ээлжийн амралтаа авсан байсан тул холбогдож чадаагүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн /х-27/, энэ талаар прокурор тайлбар хийсэн байх тул тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах тодорхой бус зарим асуудлыг тодруулахаар  хэргийг прокурорт буцаан дахин шалгуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх үндэслэл хангалтгүй гэж үзэв.      

Иймд шүүгдэгч Б.Н ыг хохирогч Э.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.О-т гэмт хэргийн улмаас 603.090 төгрөгийн хохирол учирсан нотлох баримттай /х-47-49/, тус хохирол төлөгдөөгүй байна.  

Шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогч нь нийт 3000.000  төгрөг нэхэмжилсэн гэх боловч холбогдох нотлох баримтгүй, мөн хохирогч шүдээ эмчлүүлсэн гэх баримтгүй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:                 .     

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хөрөнгө орлоготой буюу “Энержи эко транс” ХХК-д 1.200.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг, хувьдаа хувийн сууц, газар, автомашинтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж //х-50, 55-57, 59-65/ хэрэгт авагджээ.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Н ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н ад оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Н аас 603.090 төгрөг гаргуулж, хохирогч Э.О-т олгосугай.     

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.Г