Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2017/00151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/01413/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* айл, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: ******* /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* / РД: ********/-д холбогдох

 

“6,607,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...О.******* нь 2015 оны 08 дугаар сард Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, 2-60 айлын 2 өрөө орон сууцаа 38,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь түүнтэй уулзаж тухайн орон сууцыг банкны лизингээр нөхрийнхөө нэр дээр авах тухай ярилцсан. Миний нөхөр тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Банкны зээлийн эдийн засагчтай уулзаж тус орон сууцыг үзүүлэхэд, засвар хийж янзлахаар байр байна. Хэрвээ засвар хийчихвэл зээл олгож болох юм гэж хэлэхээр нь О.*******тэй ярилцаж байрыг чинь түрээслэе, түрээслэх хугацаандаа засвар хийе гэж харилцан тохиролцсон. Тэгээд тухайн байранд түрээсээр орж, засвар хийгээд дуусах гэж байтал Дарханы төмөрлөгийн үйлдвэр зогсож нөхөр маань ажилгүй болсноор О.*******гийн байрыг худалдан авч чадахгүй болсон. Засварын материалын үнэ, ажлын хөлсөнд нийт 6,475,800 төгрөгийн зардал гаргасан. Түрээсийн хугацаа дуусаагүй, эзгүй байх хугацаанд манай гэрийн эд хогшил болох хувцасны шкаф, бичгийн ширээг орцонд гаргаж хаясан байсан. Манай гэрийн эд хогшил орцонд 7 хоног байсан талаар орцны хүн надад хэлснээр би мэдээд очиход эд хогшил эвдэрсэн байдалтай байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эвдэрсэн зүйлийн үнэлгээ гаргуулсан. Үнэлгээчин эвдэрсэн зүйлийг засварлахад 150,000 төгрөг болно гэсэн юм. О.*******д үнэн учир байдлыг хэлж байрыг чинь авч чадахгүй болсон болохоор засварт орсон материалын үнэ, ажлын хөлс 6,475,800 төргөрийг өгчих гэсэн чинь өгөхгүй 2,000,000 төгрөг л өгнө гээд бидний хооронд үл ойлголцол бий болсон. Иймд засварын бараа материалын үнэ, ажлын хөлс нийт 6,475,800 төгрөг, эвдсэн эд хогшлын засварын үнэ 150,000 төгрөг нийт 6,607,800 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн гаардлага гаргасан.” гэжээ

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би *******тэй уулзахаар “ ” ХХК-д очиж үйлчлүүлсэн. Би Дархан сумын 5 дугаар баг 2 дугаар 60 айл байранд байдаг 4 давхарын 2 өрөө байраа зарах гэж байгаа гэж хэлээд манай байрыг үзье, хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ? гэхэд нь би 45,000,000 төгрөгөөс яриад өглөө гэж хэлсэн. 40,000,000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тухайн үед манай хадмууд 200,000 төгрөгөөр хөлсөлж сууж байсан. 2 сар байр заруулахгүй саатуулсан. М.******* ажил дээрээ авч очоод захиралтайгаа уулзуулаад мөнгийг нь компаниасаа гаргуулж өгнө гэж хэлсэн. 39,000,000 төгрөгөөр М.*******т өгөхөөр гэрээ байгуулаад, байраа хүлээлгэж өгсөн. М.******* миний байрыг надад мэдэгдэлгүйгээр засвар хийлгэсэн. Би 2 сарын дараа мөнгөө авахаар нэхсэн боловч өгөөгүй. Харин би засвар хийсэн мөнгийг чинь төлөхгүй шүү гэдгээ тухайн үед хэлж байсан. Миний хувьд М.*******т өгөх мөнгө байхгүй. Манай байранд засвар хийхдээ 2,000,000 төгрөгийн зарцуулсан байх гэж гэж үзэж байгаа. Би М.*******т 2,000,000 төгрөг өгөөд, салъя гэж хэлсэн боловч тохиролцож чадаагүй. Манай байрны обой, цонх сольсон, гадаа тагтны хаалт хийлгэсэн, ариун цэврийн өрөөнд засвар хийсэн байсан, гал тогоо том өрөөг нэгтгэсэн байсан, угаалтуур тавьсан байсан, пильта сольсон гэсэн. Том өрөөний цонхыг вакум цонхтой  болгосон. Жижиг өрөө өмнө нь вакум цонхтой байсан. Шаланд засвар ороогүй, ханыг янзлаагүй, ариун цэврийн өрөөнд нэг хаалга хийснээс өөр зүйл хийгээгүй байсан. М.******* банкнаас зээл авах гэж байгаа гэсэн боловч зээл нь гарч манай байрыг аваагүй юм. Иймд миний хувьд гэрээнээсээ татгалзаж, байраа авсан юм. Одоо төлөх төлбөр байхгүй.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай зүгээс гэрээнээс татгалзаж байгаа. Хариуцагч өөрөө засвар хийхийг зөвшөөрөөгүй гэж хэлж байна. Гэрээ нь зээлээр худалдаж авах гэрээ байдаг. Эдгээр хүмүүс гэрээнээсээ татгалзаж, өгсөн авснаа буцаасан байдаг. Зээлээр худалдан авах гэрээ хийсэн ч гэрээнээсээ татгалзсан бол өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Байранд засвар хийх талаар гэрээнд заагаагүй бөгөөд төлбөр нь хаанаас гарах вэ гэдэг талаар тохиролцоогүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал түрээсийн мөнгө төлсөн гээд байдаг 264.1-д зааснаар худалдагчийн эрх ашгийг хамгаалсан, худалдан борлуулах боломжийг хаана гэж үзэж байна. Байранд засвар хийх талаар гэрээнд байхгүй тул худалдах худалдан авах гэрээний зохицуулалтаар гэрээнээс татгалзсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Вакум цонх 1,080,000 төгрөг, будаг 50,000 төгрөг, обой 251,700 төгрөг, цахилгаанд 97,600, сантехникийн эд зүйл 589,100 төгрөг, эвдэрсэн зүйл 150,000 төгрөг, үнэлгээ 5,000, засвар хийхэд 1,000,000, хана буулгахад 1,000,000 төгрөг, материал 371,200 төгрөг, пильта 586,000 төгрөг, 4,000,000 төгрөг байрыг худалдаж авахаар өгсөн байснаас 3,600,000 төгрөгийг буцааж өгсөн үлдэгдэл 400,000 төгрөг нэхэмжилж байгаа нь баримтуудаар тогтоогдож байгаа нийт 5,624,600 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгээс татгалзаж байна. “ ” ХХК-ийн захирал дээр гэдэг хүнтэй манай байрыг зараад өгөөрэй гэж гэрээ байгуулсан байдаг. Тэр байр нь зарагдахгүй болохоор М.*******т санал болгож өгсөн байдаг. Энэ байранд засвар хийж сайжруулаад, байр зарж байгаа хүнд өгнө гэж хандсан байдаг. М.*******, О.******* нарын хооронд байгуулсан гэрээ байхгүй. Байранд засвар орсон учраас хариуцагч 40,500,000 төгрөгөөр зарсан юм. М.******* засвар хийж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хана буулгахад нэлээн их ажил болдог, зардал нь ч их гардаг. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй гэж үзэж байна.” гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь  хариуцагч ******* засварын бараа материалын үнэ, ажлын хөлс нийт 6,475,800 төгрөг, эвдсэн эд хогшлын засварын үнэ 150,000 төгрөг, нийт 6,607,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******гийн өмчлөлийн  Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар 60 айлын 52 тоот 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцон,  орон сууцыг өмчлөлд шилжүүлэх хүртэл хугацаагаар сарын 200 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж оршин сууж байх хугацаандаа уг орон сууцанд засвар хийсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.******* уг орон сууцанд зохих засвар хийхэд гарсан зардалыг төлүүлнэ гэж, хариуцагч О.******* засвар хийхийг зөвшөөрөөгүй, засвар хийснээс болж уг орон сууцыг өөр этгээдэд худалдах үнэ нэмэгдээгүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч М.*******т өөрийн орон сууцыг  худалдахаар хүлээлгэн өгч,  өмчлөлд нь шилжүүлэх хүртэл хугацаанд түрээсийн төлбөр авч байсан бөгөөд энэ хугацаанд маргааны зүйл болсон Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар 60 айлын 52 тоот 2 өрөө орон сууцыг  худалдан авахаар тохиролцон,  үл хөдлөх хөрөнгийг эрх бүхий байгууллагад  барьцаалан зээл олгохыг хүсэж судлуулж байх үедээ буюу өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, түрээсийн төлбөр төлж оршин сууж байх үедээ тухайн орон сууцны хийц хэсэгт өөрчлөлт оруулан засвар хийсэн орон сууцанд засвар хийн анхны байдлаас засан сайжруулсан болох нь хэрэгт цугларсан гэрэл зураг, томилогдсон шинжээч “Арлын ам“ ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын  21-ний өдрийн 5 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар 60 айлын 52 тоот  2 өрөө орон сууцанд нэхэмжлэгч М.*******ийн хийсэн засварын ажлын зардал 4 384 499 төгрөг болно.

Хариуцагч О.******* засвар хийхийг зөвшөөрөөгүй гэж байгаа боловч уг засвар хийгдэж байгааг мэдэж байсан, засварын зардалтай холбоотой үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч М.*******ийн уг орон сууцанд хийсэн засварт зарцуулагдсан зүйл бодит байдлаар шингэж үлдсэн зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлын зарим хэсгийг хариуцагч ******* гаргуулах нь зүйтэй байна.

 Хариуцагч О.******* засвар хийхийг зөвшөөрөөгүй гэж байгаа боловч тухайн орон сууцны том өрөө, гал тогооны ханыг буулган мөн ОО-ын өрөө, угаалгын өрөөний ханыг буулган нэгтгэсэн, ОО-ын болон угаалгын өрөөнд ханын плита наасан, зарим сантехникийн зүйлийг шинэчилсэн, жижиг өрөөний тагтыг вакум цонхтой болгосон зэргийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр зүйлсийг хийхэд 2 000 000 төгрөг болно, үүнээс илүү гарахгүй гэж маргаж байгаа боловч үгүйсгэсэн нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй болно.

 Шүүхээс томилогдсон шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5 тоот дүгнэлтэд .. барилгад хана нураах, вакум цонх, балконы хаалт солих, угаагуур, жорлон солих, гал тогоо болон ванний өрөөний хана шалны плита солих, гал тогооний өрөөний плита солих, хана тааз угааж замаскдах, эмульсдэх зарим газар тоон будаг хийх ханын обой солих зэрэг засварыг хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнээд 2 өрөө байранд хийгдсэн дотор заслын ажил, барилгын материалын хэрэгцээ,барилгын механизмын хэрэгцээ, барилгын тээврийн тооцоо зэргийг тус тусад  нь гаргаж ирүүлсэн байна.

Шинжээчийн дүгнэлтэд хийгдсэн ажлын гүйцэтгэл, зарцуулах хүн хүч, материал, тээврийн зардлыг тооцоолон гаргасан бөгөөд нэхэмжлэгч М.******* засварт зарцуулагдсан барилгын материал худалдан авсан талаарх санхүүгийн баримтуудыг ирүүлсэн бөгөөд ажлын хөлс, тээврийн зардалд хэдийг зарцуулсан талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй байна.

 Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн /хэргийн 4-22 дугаар хуудас, 73-74 дүгээр хуудас/ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтй байдалд дүгнэлт хийн “*******” ХХК-иас вакум хаалт хийлгэсэний төлбөрт төлсөн 1 080 000 төгрөг, “*******” ХХК-иас 19 төрлийн сантехникийн хэрэгсэл авсан 589 100 төгрөг, Барилгын материалын захаас цахилгааны 5 эд зүйл авсан 97 000 төгрөг, Барилгын материалын захаас замаска, цемент обойн цавуу зэргийг авсан 371 200 төгрөг, “*******” ХХК-иас плита, цавуу авсан 586 000 төгрөг нийт 2 623 300 төгрөгийг ******* гаргуулж, бусад санхүүгийн баримтад хаанаас хэн худалдан авсан талаарх бичилт байхгүй, мөн засварын ажлыг хэнээр хийлгэж ажлын хөлс төлсөн талаарх болон эвдэрсэн эд зүйлийг засварлуулан бодит зардал гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул 3 984 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагчийн /хэргийн 132 дугаар хуудас / шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4236 дугаартай шүүгчийн захирамжаар Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж “Ситико Аудит” ХХК-ийг томилсон боловч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинжилгээний ажлаас татгалзах тухай 04 дугаартай албан бичиг ирүүлсэн байна. Дээрх баримттай хэргийн оролцогчид танилцсан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар хүсэлтгүй, хариуцагч дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж татгалзсан болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар  2 623 300  төгрөгийг хариуцагч ******* гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, 3 984 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.*******ээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ХААН Банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  121 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******  нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох  2  623 300  төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 56 923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ