Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

2020        05          27                                   2020/ШЦТ/406

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Жавхлан,

шүүгдэгч: Б.Н түүний өмгөөлөгч Ю.Батболд /ҮД:1958/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сашка овогт Б.Н-д холбогдох эрүүгийн 1911 01480 1323 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамтаар Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг Баянхангай дунд өлөнт гудамж 145т тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Сашка овогт   Б.Н / /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны теллерээр ажиллаж байх хугацаандаа Голомт банкны мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч харилцагчдын интернет банкинд бүртгүүлсэн утасны дугаарыг өөрийн утасны 88311161, 99391111 дугаараар сольж буюу мэдээллийг өөрчилж, интернет банкны эрх нээж буюу мэдээлэл нэмж оруулах замаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Д.Уртнасангийн хадгаламжийг барьцаалан зээлж авч 6 удаагийн үйлдлээр 13,951,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Эрдэнэхүүд интернет банкны эрх нээж хадгаламжийг нь барьцаалан 595,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Л.Хооногтын хадгаламжийг барьцаалан 5 удаагийн үйлдлээр 8,845,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Батдэлгэрийн хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Хандсүрэнгийн хадгамжийг барьцаалан 5 удаагийн үйлдлээр 17,595,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Баасансүрэнгийн хадгаламжийг барьцаалан 1 удаагийн үйлдлээр 14,100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Лхамсүрэнгийн хадгаламжийг барьцаалан 1 удаагийн үйлдлээр 1,190,000 төгрөг зэргийг Голомт банкнаас зээл хэлбэрээр авч өөрийн данс руу шилжүүлэн авч “Голомт банк"-д нийт 61,276,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тоглоомонд бооцоо тавьж зарцуулсан. Интернэт тоглоомонд үрээд дуусгасан. Өмнөхөө арилгах гэж явсаар байгаад л буруутсан. Хохирол төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсан, ямар үр дагаварт хүрдэг гэдгийг мэдээд дахиж ийм зүйл хийхгүй, 3 дүүдээ үлгэр дууриал үзүүлэхийг хүсч байна. Гэмшиж байна. Үнэхээр хүмүүсийг хохирооё гэж хүсээгүй. Өөр лүүгээ зээл гэж шилжүүлсэн. Буцаагаад төлнө гэсэн итгэлтэйгээр хийсэн. 100 хувь миний буруу. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Н нь нийт 61.276.000 төгрөг төлж барагдуулсан. Хадгаламж барьцаалсан зээл нь хүүтэй байдаг. Тиймээс хүүгийн нийлбэр 2.343.831 төгрөг болсон. Энэ 7 хүний хүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Голомт банкны 2205134070 дугаартай дансны /Б.Н эзэмшдэг/ хуулга /хх-ийн 11-36, 40 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Б.Н нь хуучнаар Центерпойнт төв дотор байрлах Голомт банкны зээлийн төв бизнес төв буюу Чингэлтэй дүүргийн 2 хороонд байрлах Голомт банкинд ажиллаж байсан. Банкны системд хийсэн шалгалтаар Б.Н нь 2018 оны 10 сарын 09-ний өдрөөс иргэн Д.Уртнасангийн интернет банкинд хууль бусаар нэвтэрч банкинд хохирол учруулж эхлээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Х.Лхагвасүрэнгийн интернэт банкинд нэвтэрсэн байсан нь тогтоогдсон...Б.Н дээрх 7 харилцагчийн интернэт банкинд нэвтрэхдээ бүртгэлтэй байсан гар утасны дугаарыг өөрчилж өөрийн утасны дугаарыг бүртгүүлээд утсандаа мессежеер интернет банкны гүйлгээний нууц үг, нэвтрэх нэрийг аваад, буцааж харилцагчийн дугаарыг бүртгэж харилцагчийн интернет банкинд нэвтэрдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 60 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...7 харилцагчийн хадгаламж барьцаалж зээл авсан 61.276.000 төгрөгийн хохирол гэж гарсан. Энэ бүх зээлийн хүү 2.343.831 төгрөг 32 мөнгөний хүүг бодож гаргасан. Манай Голомт банкинд бодит хохирол 61.276.000 төгрөгний хохирол учирсан. Энэ бодит хохирлын 61.276.000 төгрөгийг Б.Н нь бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай байгууллагын зүгээс Б.Нэс хүүг иргэний журмаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Хохирогч Д.Хандсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын үед Голомт банкны хугацаагүй дансанд орлого хийхээр Саппорро Голомт банкны төв дээр очиж 1 сая төгрөгийн орлого хийхэд теллер маш удаан юм бичээд байсан. Би хүлээж байгад теллэрээс хадгаламжийн дэвтрээ аваад хартал миний өмнөх үлдэгдэл 4 сая гаран байхгүй байсан...ахимаг насны теллер эмэгтэй та интернет банк ашиглаж мөнгөө авсан байна гэсэн. Би интернет банк ашиглаж мэдэхгүй, интернет банк нээлгэж байгаагүй...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч Д.Туяацэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн үед манай банкны нэг харилцагч /Хандсүрэн/ миний данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн байна гээд манай Саппоро салбар дээр гомдол гаргасан байдаг. Гомдлын дагуу тухайн харилцагчийн гүйлгээг шалгаж үзэхэд Бизнес төв буюу зээлийн төвд теллерээр ажиллаж байсан Б.Н гүйлгээ хийсэн байсан. Бизнес төвийн удирдлагаас манай дотоод аудитын газарлуу холбогдож Хандсүрэн гэж харилцагч өөрийн хүсэлтээр ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байна. Харин Наран-Эрдэнийн эрхээр гүйлгээ хийгдсэн байна гэж хариу өгсөн. Ингээд манай ДАГ-т Хандсүрэн гэж харилцагчийн гомдол нь ирж гомдол мэдээллийн дагуу нягтаршуулж шалгасан. Наран-Эрдэнийн эрхээр харилцагч нарын мэдээллийг өөрчилсөн, интернет банкны эрх нээсэн логуудыг шалгахад зөрчилтэй 7 бил үү 8 харилцагчийн дансны мэдээллийг өөрчилсөн, зарим хүн дээр нь интернет банкны эрх нээсэн лог гарч ирсэн бөгөөд тухайн логны огноо, цаг хугацаагаар нь хөөж үзэхэд буюу харилцагч салбар дээр ирж теллер Б.Нэр үйлчилгээ авсан эсэхийг Бизнес төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн цаг хугацаанд ямар нэгэн харилцагч ирээгүй Б.Н өөрөө баримт бүрдүүлээд харицагч нарын мэдээллийг өөрчилсөн, интернет банкны нууц үгийг сольж байсан болох нь камерийн бичлэг, мэдээллийг өөрчилсөн лог тайлан зэргээр батлагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Гэрч С.Төгөлдөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би системээс дээрх 2 дугаарын логыг бүрэн гаргаж ирүүлсэн. Миний ирүүлсэн мэдээлэлд манай системд байгаа 99391111, 88311161 дугаартай холбоотой бүх аудитыг гарган ирүүлсэн. Дугаарын эзэмшигч Б.Наран- Эрдэнэ өөрийн данс болон бусад харилцагч нарын дансны дугаарыг сольсон мэдээллүүд байгаа. Миний гаргаж өгсөн мэдээлэлд Б.Эрдэнэхүү, Д.Батдэлгэр, Д.Баасансүрэн гэсэн хүмүүсийн дансны дугаарыг 99391111, 88311161 дугаараар сольсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3068 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-86-р хуудас/,

Голомт банкны дотоод аудиторын илтгэх хуудас, хүүний дүн нэхэмжилсэн тухай баримт /1хх-ийн 198-201, 2хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Голомт банкинд учруулсан 61,276,000 төгрөгний хохирлыг бүрэн төлж барагдулсан байгаа. Би хохирлоо 2019-11-13 ны өдөр 35,000,000 төгрөг, 2019-11-14 ны өдөр 5,133.587 төгрөг, 2020-01-31 нд 21,142,500 төгрөг нийт 61,276,087 төгрөгийг Голомт банкны 2205100120 тоот дансанд тушаасан байгаа. Мөнгө тушаасан баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би Голомт банкинд данс эзэмшдэг 7 хүний данснаас мэдээллийг нь өөрчилж мөнгө авсан байгаа. Миний данснаас нь мөнгө авсан хүмүүс нь Д.Хандсүрэн, Д.Уртнасан, Х.Лхагвасүрэн, Д.Батдэлгэр, Д.Баасансүрэн, Д.Лхамсүрэн, Б.Эрдэнэхүү нарын данснаас мөнгө авсан. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйл үгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 108/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 107/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны теллерээр ажиллаж байх хугацаандаа Голомт банкны мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч харилцагчдын интернет банкинд бүртгүүлсэн утасны дугаарыг өөрийн утасны 88311161, 99391111 дугаараар сольж буюу мэдээллийг өөрчилж, интернет банкны эрх нээж буюу мэдээлэл нэмж оруулах замаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Д.Уртнасангийн хадгаламжийг барьцаалан зээлж авч 6 удаагийн үйлдлээр 13,951,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Эрдэнэхүүд интернет банкны эрх нээж хадгаламжийг нь барьцаалан 595,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Л.Хооногтын хадгаламжийг барьцаалан 5 удаагийн үйлдлээр 8,845,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Батдэлгэрийн хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Хандсүрэнгийн хадгамжийг барьцаалан 5 удаагийн үйлдлээр 17,595,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Баасансүрэнгийн хадгаламжийг барьцаалан 1 удаагийн үйлдлээр 14,100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Лхамсүрэнгийн хадгаламжийг барьцаалан 1 удаагийн үйлдлээр 1,190,000 төгрөг зэргийг Голомт банкнаас зээл хэлбэрээр авч өөрийн данс руу шилжүүлэн авч “Голомт банк"-д нийт 61,276,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Голомт банкны 2205134070 дугаартай дансны /Б.Н эзэмшдэг/ хуулга /хх-ийн 11-36, 40 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаярын “... Б.Н нь хуучнаар Центерпойнт төв дотор байрлах Голомт банкны зээлийн төв бизнес төв буюу Чингэлтэй дүүргийн 2 хороонд байрлах Голомт банкинд ажиллаж байсан. Банкны системд хийсэн шалгалтаар Б.Н нь 2018 оны 10 сарын 09-ний өдрөөс иргэн Д.Уртнасангийн интернет банкинд хууль бусаар нэвтэрч банкинд хохирол учруулж эхлээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Х.Лхагвасүрэнгийн интернэт банкинд нэвтэрсэн байсан нь тогтоогдсон...Б.Н дээрх 7 харилцагчийн интернэт банкинд нэвтрэхдээ бүртгэлтэй байсан гар утасны дугаарыг өөрчилж өөрийн утасны дугаарыг бүртгүүлээд утсандаа мессежеер интернет банкны гүйлгээний нууц үг, нэвтрэх нэрийг аваад, буцааж харилцагчийн дугаарыг бүртгэж харилцагчийн интернет банкинд нэвтэрдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 60 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлангийн “...7 харилцагчийн хадгаламж барьцаалж зээл авсан 61.276.000 төгрөгийн хохирол гэж гарсан. Энэ бүх зээлийн хүү 2.343.831 төгрөг 32 мөнгөний хүүг бодож гаргасан. Манай Голомт банкинд бодит хохирол 61.276.000 төгрөгний хохирол учирсан. Энэ бодит хохирлын 61.276.000 төгрөгийг Б.Н нь бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай байгууллагын зүгээс Б.Нэс хүүг иргэний журмаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-15 дугаар хуудас/, хохирогч Д.Хандсүрэнгийн “...Би 2019 оны 05 дугаар сарын үед Голомт банкны хугацаагүй дансанд орлого хийхээр Саппорро Голомт банкны төв дээр очиж 1 сая төгрөгийн орлого хийхэд теллер маш удаан юм бичээд байсан. Би хүлээж байгад теллэрээс хадгаламжийн дэвтрээ аваад хартал миний өмнөх үлдэгдэл 4 сая гаран байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, гэрч Д.Туяацэцэгийн “...Ингээд манай ДАГ-т Хандсүрэн гэж харилцагчийн гомдол нь ирж гомдол мэдээллийн дагуу нягтаршуулж шалгасан. Наран-Эрдэнийн эрхээр харилцагч нарын мэдээллийг өөрчилсөн, интернет банкны эрх нээсэн логуудыг шалгахад зөрчилтэй 7 бил үү 8 харилцагчийн дансны мэдээллийг өөрчилсөн, зарим хүн дээр нь интернет банкны эрх нээсэн лог гарч ирсэн бөгөөд тухайн логны огноо, цаг хугацаагаар нь хөөж үзэхэд буюу харилцагч салбар дээр ирж теллер Б.Нэр үйлчилгээ авсан эсэхийг Бизнес төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн цаг хугацаанд ямар нэгэн харилцагч ирээгүй Б.Н өөрөө баримт бүрдүүлээд харицагч нарын мэдээллийг өөрчилсөн, интернет банкны нууц үгийг сольж байсан болох нь камерийн бичлэг, мэдээллийг өөрчилсөн лог тайлан зэргээр батлагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч С.Төгөлдөрийн “...би системээс дээрх 2 дугаарын логыг бүрэн гаргаж ирүүлсэн. Миний ирүүлсэн мэдээлэлд манай системд байгаа 99391111, 88311161 дугаартай холбоотой бүх аудитыг гарган ирүүлсэн. Дугаарын эзэмшигч Б.Наран- Эрдэнэ өөрийн данс болон бусад харилцагч нарын дансны дугаарыг сольсон мэдээллүүд байгаа. Миний гаргаж өгсөн мэдээлэлд Б.Эрдэнэхүү, Д.Батдэлгэр, Д.Баасансүрэн гэсэн хүмүүсийн дансны дугаарыг 99391111, 88311161 дугаараар сольсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3068 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-86-р хуудас/, Голомт банкны дотоод аудиторын илтгэх хуудас, хүүний дүн нэхэмжилсэн тухай баримт /1хх-ийн 198-201, 2хх-ийн 5 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Голомт банкинд данс эзэмшдэг 7 хүний данснаас мэдээллийг нь өөрчилж мөнгө авсан байгаа. Миний данснаас нь мөнгө авсан хүмүүс нь Д.Хандсүрэн, Д.Уртнасан, Х.Лхагвасүрэн, Д.Батдэлгэр, Д.Баасансүрэн, Д.Лхамсүрэн, Б.Эрдэнэхүү нарын данснаас мөнгө авсан. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйл үгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, мэдээлэл нэмж оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ: шүүгдэгч Б.Н-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт гаргасан болно.

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр суурьнаас шүүх хуралдаанд оролцож хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавлан нь “...Шүүгдэгч Б.Н нь нийт 61.276.000 төгрөг төлж барагдуулсан...” гэх тул шүүгдэгч Б.Н бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан нь хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох 2.343.831 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Өөрөөр хэлвэл шүүх гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох тул, шүүгдэгчээс бодит хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сашка овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, мэдээлэл нэмж оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан нь хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох 2.343.831 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ