Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0765/З |
Дугаар | 246 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 246
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ы Д ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: Г ийн Х,
Гуравдагч этгээд: Р ийн Т ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , Г.Ш , гуравдагч этгээд Г.Х, түүний өмгөөлөгч Д.Б , гуравдагч этгээд Р.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Б.Д нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж*******эд 0409.... тоот гэрчилгээ бүхий газар эзэмшдэг. 2012 онд тус газрыг авснаас хойш хөрш Г.Х ын эзэмшлийн 0.3 га газрын урд хэсгээр орц, гарцаа шийдэж байсан. 2016 оны 8 дугаар сард Г.Х манай орц гарцыг хааж, хашаа барьсан даруйд Чингэлтэй дүүргийн Газрын албанд орц гарцаа шийдүүлж, манай орц гарцын асуудал шийдэгдтэл иргэн Г.Х ын газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхад, газрын гэрчилгээний хугацааг сунгахгүй байхад, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байхад өргөдөллийг өгсөн.
Гэтэл тус байгууллага бүтэц өөрчлөгдөж байна, дарга өөрчлөгдөж байна, хариуцсан газар зохион байгуулагч өөрчлөгдөж ажлаа хүлээлцэж байна гэж явуулсаар эцэст нь 2017 оны 5 дугаар сард манай өргөдөл байхадгүй байна, мэдээллийн сангаас устсан гэсэн хариу өгсөн.
Дахин өргөдөл өгөхөд Г.Х нь манай орц, гарц хааж газрын хэмжээгээ сунгуулсан захирамж гаргуулсан байсныг 2017 оны 5 дугаар сарын 20-ны үеэр мэдсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж /орц, гарц нээлгэх/ манайхыг хариуцсан газар зохион байгуулагч н.А газар дээр нь очиж үзээд манайхыг өөр, орц гарц байхадгүй болохыг тогтоож, Газрын албаны даргын шийдвэрээр 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газрын албаны хүмүүс ирж, орц гарцыг албадан гаргаж өгсөн. Гэтэл Г.Х-нх газраа н.Т гэгчид зарсан. Газрын хэмжээг томруулж гаргасан захирамжтай, нэр шилжсэн болохыг албан ёсоор мэдсэн.
Ингээд бид Чингэлтэй дүүргийн Засаг даргад хууль бус захирамжаа цуцалж өгнө үү гэсэн өргөдөл гаргахад хариуд нь манай Газрын алба танай орц, гарцыг чөлөөлсөн болно гэсэн хариу ирсэн. Дээрх захирамжийг яагаад хууль бус гэж үзэж байгаа талаар тайлбарлавал:
1. 2016 оны 8 дугаар сард орц, гарц хааж хашаа баримагц тухайн үед газар зохион байгуулагч байсан н.О******* газар дээр нь очоод Г.Х-д хууль бус болохыг хэлж, таны газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан, та ингэж хашаа барьж болохгүй, бусдын орц, гарцыг хааж хашаа барьсан байна, энэ айл өөрөөр орж, гарах гарцгүй болохыг хэлсэн боловч Г.Х Чингэлтэй дүүргийн Газрын алба миний гарт, би чадна, мэднэ гэж маргаан үүсгэж байсан.
2. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд өгсөн өргөдөллийг шийдэж өгөлгүй сунжруулсаар алга болгож, мэдээллийн сангаас устгасан нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны хариуцлагагүй, хууль бус үйлдэл болж байна.
3. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн өргөдөллийн газар эзэмших нэр шилжүүлэх хүсэлт, хүлээн авсан баримт нь бидэнд байгаа.
4. Чингэлтэй дүүргийн Газрын алба ямар газрын хэмжээг сунгаж байгааг судлаагүй, газар дээр нь очиж танилцаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хууль бус захирамж гаргуулсан гэж үзэж байгаа учир иргэн Б.Д миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж******* зуслангийн эзэмшлийн 669 м.кв газрын оршин суух нөхцөл бололцоог хангаж орц, гарц хаасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”-ээр заасны дагуу тус дүүргийн 19 дүгээр хороо, Ж******* зусланд иргэн Г.Х ад дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар захирамжаар 300 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн, 2016 оны А/740 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгасан, 2017 оны А/221 дүгээр захирамжаар 300-700 мкв талбайн хэмжээ нэмэгдүүлж тус тус өөрчилсөн, 2017 оны А/227 дугаар захирамжаар Г.Х-аас Р.Т т газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
Гурав. Гуравдагч этгээд Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч Б.Д ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь иргэн Г.Х миний бие нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар өөрийн эзэмшлийн газраа кадастрын зургийн дагуу 700 м.кв газрын эзэмших эрхийг авсан болно.
Энэ нь ямар ч хууль тогтоомжийн заалтыг зөрчөөгүй болно. Б.Д нь Г.Х миний эзэмшлийн газрын урд хэсгээр орц, гарцаа шийдэж байсан гэж худал бичсэн байна. Тэгвэл тийм биш. Иргэн Б.Д ийн орц, гарцыг манай хойд талын том н*******н байшингийн хойд талаар шийдэж өгсөн, энэ нь улсын газрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн болно.
Б.Д нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд орц, гарцаа шийдүүлж, манай орц гарцын асуудал шийдэгдтэл иргэн Г.Х ын газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байхад, газрын гэрчилгээний хугацаа сунгахгүй байхад, газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байхад өргөдөллийг өгсөн гэж худал бичсэн байна. Иймд Б.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд Р.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Р ийн Т нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Ү хороолол, Туул гол гудамж ..в байрны .. тоотод оршин суудаг. 2018 оны 8 дугаар сард зарын дагуу иргэн Г.Х ын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж*******эд байрлах зуны хашаа байшинг үзэж авахаар тохирсон. Бичиг баримтаа шилжүүлэх болоход газрын гэрчилгээний хугацаа дууссан тул шилжүүлэг хийхгүй гэсэн.
Ингээд иргэн Г.Х-д энэ асуудлаа шийдчихээд дуудаарай бид хаашдаа авах юм чинь хашаагаа хийж битүүлж авъя гэж тохирсон. Тэгээд бид хөрөнгө мөнгө хүч хөдөлмөрөө зарцуулж хойд урд хашаагаа хийж дуусгах явцад ямар ч хууль ёсны захирамжгүйгээр байцаагч ирж, гарц, орц хаасан байна гэж иргэний гомдол санал ирсэн гэж 11 дүгээр сарын дараа гэнэт хашаа эвдэж, бүдүүлэг хууль бус ажиллагаа явуулсан, иргэн Б.Д нь хувь хүний эзэмшиж буй хууль ёсны газрын эрхийг хүчингүй болгоно гэж хураалгана гэж удаа дараа заналхийлсэн.
Иргэн Б.Д нь иргэн Г.Х-ын аав, ээжээс нь уг газрыг худалдаж аваад олон жил болсон гэхэд ганц ч шон зоож хашаа бариагүй байгаа. Урд хашааны эзэн Ц*******гийн эзэмшлийн газраас авах гэж хэрүүл зарга хийж байсан байналээ. Бид тийм л юм болж байна гэж бодсон. Энэ үед сонгууль болж удирдах газрын ажил жигдрээгүй байна гэж газрын бичиг нь хойшлогдсоор байгаад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хууль ёсоор гэрчилгээг нь сунгаж өгсөн.
Тэгээд нотариатаар орж Р.Т ийн нэр дээр шилжүүлэх бүх бичиг баримтыг бүрдүүлж Чингэлтэй дүүргийн Газрын албанд өгч, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Р.Т ийн нэр дээр гэрчилгээ гарсан. Гэтэл 6 дугаар сарын хэдэн байсныг санахгүй байна. Хашааг чинь эвдэж байна гэж урд хөршөөс утсаар ярьсан бид очиж үзэхэд хашааг юу ч үгүй эвдэж хэмхэлсэн байна. Б.Д ийнхөөс юу болов, яагаад хашаа эвдэв гэж асуухад Чингэлтэй дүүргийн Газрын албаны байцаагч н.А ирж нураасан, бид мэдэхгүй очиж уулз гэсэн. Маргааш нь Чингэлтэй дүүргийн Газрын албан дээр очиж байцаагч н.А тай уулзаж яагаад надад урьдчилан мэдэгдэж сануулаагүй байж, ямар хууль, захирамжийн үндсэн дээр хүний өмчид халдаж байгаа юм гэж асуугаад зөвшөөрлийн бичиг баримт нь байна уу надад үзүүл гэхэд ямар ч бичиггүй байсан.
Энэ н.А нь ганцаараа дур мэдэн иргэн Б.Д ийн төлөө хууль бусаар хүний өмчид халдсан байна. Бид хууль бус юу ч хийгээгүй өдий хүрсэн. Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.М-Этэй уулзаад энэ байдлаа хэлж танилцуулахад албан ёсны кадастрын зургийг үзээд иргэн Б.Д ийн газар руу орох дээгүүрээ гаргасан гудамж гарц байхад яагаад энэ айлыг хохироосон юм бэ, тэр дээгүүрх гарц гудамжаа гарга гэж хэлсэн. Надад та хашаагаа битүүлж болно. Бид дараа нь бүх зардлыг чинь нөхөн олгоно гэсэн. Үүний дагуу бид доод, дээд хашаагаа дахин гагнаж янзалсан. Ингээд хэсэг хугацаанд чимээгүй болохоор нь асуудал шийдэгдсэн юм байна гэж бодсон. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанаас мэдэгдэл ирсэн. Бас л Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.М-Этэй уулзсан. Та чинь дээгүүрх гарцаа шийднэ гэсэн яасан бэ? Яагаад байн байн асуудал үүсгээд байна гэсэн.
Ойрын хугацаанд өөрийн биеэр газар дээр нь очиж үзэж бүх зүйлийг шийдэж өгнө, та санаа зоволтгүй гэсэн. Удаа дараа л очиж уулзаХ танай зөв, бид дээгүүрх гарцыг шийднэ л гэдэг байсан.
Иргэн Б.Д ийнх рүү дээгүүрээ гарч орж болж байхад яагаад Б.Д зөрөөд байгааг ойлгохгүй байна. Гарц гаргасан хууль ёсны кадастрын зургийн дагуу гудамжийг нь гаргаж бидний хууль ёсоор эзэмшиж буй газрын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж хамгаалж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д ийн эзэмшлийн газар нь гуравдагч этгээд Г.Х-ын зуслангийн газартай хөрш зэргэлдээ буюу газрынхаа дээд талд байрлах бөгөөд түүний 300 м.кв газрын урдуур өөрийн эзэмшлийн газар руу орж гардаг байтал үндэслэлгүйгээр Г.Х ын газрын талбайн хэмжээг 700 м.кв болгосноор орц гарц хааж, эрх ашиг хөндсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Б.Д нь иргэн П.Л /гуравдагч этгээд Г.Х-ын эх/-ээс тухайн газрыг худалдан авахаар тохирч, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, захиргааны байгууллагад хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 699 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Шүүхээс нэхэмжлэгч Б.Д ийн эзэмшлийн газар руу нэвтрэх орц гарцын асуудлыг захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн эсэх, гуравдагч этгээд Г.Х-ын газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж олгосон эсэхэд тус тус дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаХ дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Нэг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар захирамжийн хавсралтын 7, 8 дугаар хүснэгтэд Г.Х-д 300 м.кв, Б.Г т 300 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, тус тус гэрчилгээ олгожээ.
Хэдийгээр уг захирамжаар газар ашиглах эрхтэй болсон иргэдийн газрын хувийн хэргийг хариуцагч байгууллагаас ирүүлэх боломжгүй, Х галагдаж үлдээгүй гэж тайлбарлаж байгаа ч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/2356 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар “... 2006 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 18641325636269 дугаар бүхий 1421.89 м.кв талбайтай газар регистрийн ХА35022417 дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр” мэдээллийн санд хадгалагдсан байна.
Энэ нь Г.Х-ын эцэг болох хэрэгт авагдсан Б.Г ийн регистрийн дугаар болох нь түүний иргэний үнэмлэх, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.
Харин Б.Г 2008 онд нас барсны улмаас түүний эхнэр П.Л бодитоор эзэмшиж ашиглаж байсан 699 м.кв талбай бүхий эзэмшлийн /Б.Г т захирамжаар олгосон хэмжээ 300 м.кв гэж бичигдсэн/ газрыг өв залгамжлах эрхээр өөрийн нэр дээр захиргааны байгууллагад хүсэлт гарган 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/161 дүгээр захирамжаар шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгч Б.Д д худалдан борлуулсан.
Ийнхүү худалдан борлуулах хүртэл П.Л /699м2/, Г.Х /1421.89-699=722 м.кв/ нар өөрсдийн эзэмшлийн газар дээрээ тус тусдаа байшин барьж амьдарч байсан ба энэ хэмжээгээрээ мэдээллийн санд хадгалагдсан, “зэргэлдээ аав ээж минь амьдарч байсан учир дундуураа хашаа бариагүй манай газар дээгүүр явж гэртээ ордог байсан” гэх гуравдагч этгээд Г.Х-ын тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Мөн 2017 онд Г.Х иргэн Р.Т т өөрийн эзэмшлийн газраа худалдаж, Р.Т дундын хашаагаа битүүлж барих хүртэл нэхэмжлэгч Б.Д түүний газраар дамжин өнгөрч байсан болох нь гэрчийн болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогддог.
Дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/740 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд Г.Х-д 300 м.кв газрыг эзэмшүүлсэн, эзэмших эрхийн хугацааг сунгасан боловч бодит байдал дээрээ болон кадастрын мэдээллийн санд ойролцо*******р 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж ашиглаж байсан нь 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийлгэсэн Л гийн газрын байршлын кадастрын зураглал , Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэдээллийн санд авагдсан талбайн хэмжээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн актад талбайн хэмжээг 753 м.кв, 2004 оны газрын гэрчилгээн дээр талбайн хэмжээг 400 м.кв гэж зөрүүтэй тэмдэглэсэн, газрын төлбөр төлсөн байдал, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн удаа дараагийн кадастрын зургуудаар тогтоогдох бөгөөд түүний газар дээгүүр бусдын орц гарцыг урьд өмнө нь ямар нэг байдлаар төлөвлөж байгаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэн Г.Х нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, 2016 оны 11 дүгээр сард 700 м.кв газрын хэмжээгээр кадастрын зургийг хийлгэж, дүүргийн Газрын албанд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр одоо бодитойгоор эзэмшиж байгаа хашааны хэмжээгээр буюу 700 м.кв болгож өгөхийг хүсч тус тус өргөдөл гаргасныг дүүргийн Газрын алба хүлээн авч, Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Х ын эзэмшлийн газрын талбайн хэмжээг 700 м.кв болгосныг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, үүнийг 2002 оноос хойш хариуцагч шийдвэр гаргахаддаа Г.Х ын бодитойгоор ашиглаж, эзэмшиж байсан талбайн хэмжээг буруу тодорхойлж, бичиж байсныг өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөсөн, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэнтэй нийцсэн хууль ёсны үйлдэл гэж үзэхээр байна.
Хоёр. Нэхэмжлэгч Б.Д ийн эзэмшлийн газар руу нэвтрэх орц гарцын асуудлыг захиргааны байгууллагаас шийдвэрлэсэн эсэх талаар:
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д иргэний газар эзэмшүүлэх хүсэлтийг холбогдох Газрын алба шийдвэрлэхдээ хээрийн судалгаа хийж, тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоохоор заасан байна.
Энэ үүргийг хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхад” бусад газар эзэмшигчдийн үүргийг сахиулах, зохион байгуулахаар зохицуулсан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ 2012 оны нэхэмжлэгч Б.Д ийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө түүний нэгж талбар бүхий газрын орц гарцын асуудлыг ертөнцийн зүгээр баруун хойд талаас орж гарахаар төлөвлөсөн болох нь тогтоогдож байна.
Уг төлөвлөсөн байдлыг нэхэмжлэгч “эгц өндөр, машин гарах боломжгүй учир өөрийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна” гэж тайлбарладаг хэдий ч уг төлөвлөсөн орц гарц гаргасан гудамжаар түүний газрын дээр байрлах бусад этгээдийн газар руу нэвтрэх, очих боломжтой болох нь тэдний газрын хувийн хэрэгт авагдсан газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдөл , холбогдох нотлох баримтууд, мэдээллийн санд авагдсан кадастрын зураг, мөн газрын үзлэгээр дээд талын айлууд барилга, байшингаа барьсан, уг орц гарцыг битүүлж хашаалаагүй байдлаас харагдсан болно.
Мөн гуравдагч этгээд Г.Х-ын “Б.Д ийн газрын дээд талд манай охины нэр дээрх газар байрладаг, түүндээрээ байшин барихаар төлөвлөж байгаа, одоо техник технологи хөгжсөн өөрсдийн ая тухтай байдлыг хангах үүднээс гудамж, орц гарцын асуудлыг шийдвэрлэхэд аль аль талаасаа анхаараад засч сайжруулаад зорчих боломжтой” гэсэн тайлбарыг шүүх харгалзан үзлээ.
Гурав. Нэхэмжлэгч Б.Д дүүргийн Газрын албанд иргэн Н.Х-ын газар эзэмших эрхийн хугацааг сунгах, томруулах, бусдад шилжүүлэх асуудлыг маргаантай байгаа тул шийдвэрлэхгүй байхадыг хүсч өргөдөл гаргасныг дүүргийн Газрын алба алга болгосон гэсний тухайд:
Нэхэмжлэгч Б.Д дээрх гомдлын үндэслэлээ нотолж, “Газар эзэмших, нэр шилжүүлэх хүсэлт хүлээн авсан” 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2185 бүртгэлийн дугаартай баримтыг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч дүүргийн Газрын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12/26 тоот албан бичигт “...Иргэн Б.Д ийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн өргөдөллийн хариуг тухайн үед албан бичгээр өгөөгүй” гэж тайлбарлаад 2185 дугаар бүхий өргөдөллийн бүртгэл хяналтын картын маягтыг ирүүлжээ.
Мөн шүүхэд ирүүлсэн дүүргийн Газрын албаны “Өргөдөл гомдлын бүртгэл”-ээр 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2183 дугаарт Г.Х-ын “хугацаа сунгуулах”, 2185 дугаарт А.С гэгч иргэний “эрх шилжүүлэх”, 2187 дугаарт Б.Д ийн “орц гарцын асуудал шийдүүлэх” тухай хүсэлтүүд тухайн өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. Уг бүртгэл нь “өргөдөл , гомдлын бүртгэлийн программ”-д шивэгдсэн байдлаар шууд хэвлэгдэж гардаг бөгөөд бүртгэгдсэн өргөдөллийг устгах, өөрчлөх эрх ажилтнуудад байхадгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.
Харин шүүхээс нэхэмжлэгчийг эрх бүхий байгууллагад тухайн асуудлаар өргөдөл , гомдол гаргаж байсныг үгүйсгэхгүй бөгөөд түүнийг шийдвэрлээгүй байж гуравдагч этгээд Г.Х-ын газрын талбайн хэмжээг томсгохдоо нийтийн эзэмшлийн зам талбай буюу бусдын орц гарцын хэсгийг хууль бусаар нэмж өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн хариуцагчийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байхад тул нэхэмжлэгч Б.Д ийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА