Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0554

 

“Б е г” ХХК,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “Б о ч л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд “Э б о Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Ж,  гуравдагч этгээд “Э б о Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ийн өмгөөлөгч Х.Б, гуравдагч этгээд “Х х б”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Х х б”-ны өмгөөлөгч П.Ц, Н.Б, Т.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, “Э б о Ч”, “Х х б”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б е г” ХХК, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б е г” ХХК, “И” ХХК-иудаас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гарсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Б е г” ХХК-ийн эзэмшлийн MV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Х х б”, “Э б о ч”-д холбогдох хэсгийг, “И” ХХК-ийн эзэмшлийн MV-016947, MV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011  оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Б е г” ХХК-ийн эзэмшлийн MV-008888 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Х х б”, “Э б о Ч”-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “И” ХХК-ийн эзэмшлийн MV-016947, MV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Х х б”-ны өмгөөлөгч Н.Б, Т.С, П.Ц нар давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмын хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журам нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх процесс хэрхэн явагдах, түүнд ямар шаардлага тавигдах талаар зохицуулсан бөгөөд ялангуяа 94 дүгээр зүйл нь иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтанд түүний гаргасан шийдвэр, актын талаар гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэхтэй холбоотой хугацааны талаарх шаардлага байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн.

Нэхэмжлэгч нар нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт “Геологи уул, уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26,  2012 оны 1 дүгээр сарын 17, 2014 оны 2 дугаар сарын 21, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар хандсан байна. Гэвч 2020 оны 7 дугаар  сарын 09-ний өдөр хүчингүй болгуулахаар хандана гэдэг нь 1-9 жилийн өмнөх бүртгэл, шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн хэрэг юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т мөн захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах хугацаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэсэн байдаг.

Эндээс харахад нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан 30 хоногийн хугацааг 1 жил 3 сараас 9 жилийн хугацаагаар хэтрүүлсний дараа актуудыг хүчингүй болгохыг хүсэж, дээд шатны байгууллагад нь гомдол гаргаж байгаа үйл баримт нь тодорхой байх бөгөөд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх нь өөрөө шүүхийн процессийн урьдчилсан нөхцөл болдог тул уг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.

Анхан шатны шүүх актыг хүчингүй болгуулахаар хэзээ хандсан нь чухал биш, харин хүчингүй болгохгүй гэсэн хариуг захиргааны байгууллага өгснөөс хойш Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг ингэж тайлбарлах аваас ямар ч маргаанд хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт тогтоох боломжгүй болох юм.

Өөрөөр хэлбэл 20, 30 жилийн өмнөх актын талаар өнөөдөр захиргааны байгууллагад хандахад хариу өгөх нь тодорхой бөгөөд тэр хариуг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд түүнийг хүчингүй болгуулахаар хандаад, шүүх түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан 30 хоног хэтрээгүй гэж хүлээн аваад, хэрэг үүсгээд, шийдээд байх учиргүй.

Анхан шатны шүүх мөн “хууль бусаар татгалзсан эс үйлдэхүй нь 2020 оны 7 сард гарсан” гэж нэхэмжлэгчийг зөвтгөсөн. Энэ нь хууль бус эс үйлдэхүй биш бөгөөд “Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн урьдчилан шийдвэрлүүлэх гомдолд дээд шатны байгууллагаас хуульд заасны дагуу заавал өгөх хариу юм. Хууль бус эс үйлдэхүй байгаа бол тэр нь маргаан бүхий актуудыг гаргасан Кадастрын хэлтэст хамаарахаас биш урьдчилан шийдвэрлүүлэх гомдолд өгсөн хариу хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь тусгай зөвшөөрлийг барьцаалсныхаа дараа нэр бүхий банкууд төсөл хөтөлбөрт нь зориулж зээл олгоогүй, дансаар нь мөнгө, хөрөнгө оруулалт орж ирээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг зөрчиж байгаа учир тухайн барьцааны гэрээний дагуу бусдын өр төлбөрийн үүргийг гүйцэтгэхгүй, энэ үүрэг үүсэх ёсгүй, дурдсан бүртгэлүүд нь барьцааны үүрэг хүлээх эрсдэлд оруулахаар байна гэжээ.

Нэхэмжлэгч нарт тухайн гэрээтэй холбоотой үүрэг нь захиргааны байгууллагын барьцааг бүртгэсэн бүртгэл, шийдвэрээр биш, харин тодорхой банкуудтай байгуулсан барьцааны гэрээнүүдийн дагуу үүснэ.

Захиргааны хэргийн шүүх нь тодорхой нийтийн эрх зүйн хүрээний маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Харин нэхэмжлэгч нарын банкуудтай байгуулсан тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээний дагуу үүрэг үүсэх боломжтой эсэх, энэ гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, хууль зөрчсөн эсэхийг үнэлж дүгнэх боломжгүй, тухайн барьцааны гэрээ зээлийн харилцааг шинжлэн судалж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй бөгөөд хувийн эрх зүйн харилцааны энэ агуулга руу орох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар боломжгүй.

Магадгүй тусгай зөвшөөрөл барьцаалсан барьцааны гэрээг харьяалах иргэний шүүх, арбитр нь хүчин төгөлдөр бусад тооцсон, хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон, эсвэл барьцаалуулснаас үүдэлтэй үүрэг “Б е г” ХХК, “И” ХХК-д үүсэхгүй гэж дүгнэсэн тохиолдолд шүүх дээрх дүгнэлтийг хийх, захиргааны байгууллага барьцаа бүртгэсэн бүртгэлээ хүчингүй болгох боломжтой.

Гуравдагч этгээдийн зүгээс энэхүү захиргааны маргаанд тухайн зээлд хэдэн төгрөг хэрхэн яаж гарсан, юунд зарцуулагдсан, төлөлт нь ямар байгаа гэх мэт асуудал нь огт хамаагүй, захиргааны шүүх ийм асуудлыг дүгнэх, шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурь, тайлбар өгч байсан бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар “нотлох баримтаа” гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Хэрэв захиргааны шүүх энэхүү зээлийн санхүүжилт, түүнтэй холбоотой баримтууд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, түүнийг шинжлэн судална, төлбөр тооцоог нягтална, дүгнэнэ гэж үзэх тохиолдолд нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах, нотлох зарчмыг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд ажиллагаа хийх ёстой. Харин энэ дагуу шүүх гуравдагч этгээдээс тодорхой баримт шаардахад тухайн баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд дээрх 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсгийг хэрэглэнэ.

Анхан шатны шүүх өмнө нь буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг хэлэлцэж байгаад нэхэмжлэгч тал урьд нь хариуцагчид хандаж байсан эсэх баримтыг шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу гаргуулах нь зүйтэй гээд тухайн нотлох баримтыг гаргуулахаар 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 440 дүгээр захирамж гаргасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй гээд шийдэх боломжтой байсан.

Анхан шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн өмч болох байгалийн баялаг бусдад шилжих гээд байхад таслан зогсоох ёстой гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал төрийн өмч бөгөөд төрөөс ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг тусгай нөхцөл шалгуураар бусдад өгдөг. Энэхүү эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдэд олгоно. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ч тус эрхийг авч болно.

Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол тухайн тусгай зөвшөөрөл өөр этгээдэд шилжиж болно. Өөр этгээд гэдэг нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээд юм. Гэхдээ түүнд шилжүүлэх эсэх шийдвэрийг захиргааны байгууллага, тухайлбал Кадастрын хэлтэс гаргахаас биш аль нэг барьцаалагч дур мэдээд, төрийн өмчийг бусдад шилжүүлэх асуудал байхгүй, хуулиар энэ нь хориотой.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэгдсэн хяналт тавих” захиргааны байгууллагын чиг үүрэг нь тусгай зөвшөөрөл олгох, түүнийг хадгалах, дуусгавар болгох, цуцлах, бүртгэх зэрэг үйл ажиллагааны цогц болохоос биш тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудал огт биш юм. Үйл ажиллагаа дундаа ямар банктай ямар гэрээ байгуулсан, хэдий хэмжээний зээл авахаар тохирсон, үүнээс хэд нь орж ирсэн, хэд нь орж ирээгүй, төсөлд хэрхэн зарцуулагдсан зэргийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянаад, шалгалт хийгээд, цаашлаад бүр тусгай зөвшөөрлөө барьцаалсан бүртгэлийг нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл, боломж огт байхгүй.

Нэгэнт гэрээ хийж барьцаалсан бол түүний бүртгэлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр “барьцааны бүртгэлээс хасуулах, барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэх” боломж байгаа ба харин тухайн барьцааны гэрээ нь өөрөө хүчинтэй хэвээр байгаа нөхцөлд тэрхүү барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох боломж хаалттай.

Харин хүчингүй болгох ойлголт нь анх бүртгэл хийхдээ хууль зөрчсөн байхыг шаардана. Анх бүртгэл хийх үед хууль зөрчсөн, шаардлага хангаагүй гэрээг үндэслэсэн гэх мэт асуудал байхгүй.

Анхан шатны шүүх өөрийн шийдвэрээрээ хариуцагчид тухайн бүртгэл хийсэн шийдвэрийг хүчингүй болго гэж даалгасан. Анхан шатны шүүх өөрийн мэдэхгүй үйл баримтыг таамаглаж шийдсэн, мөн шүүхийн шийдвэр нь хэрхэн яаж хэрэгжих нь ч тодорхойгүй үлдэж байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд илтэд алдаатай байхаас гадна зарим дүгнэлтийг мөн хийлгүй орхигдуулжээ.

Тухайлбал, хүчингүй болгохыг даалгах шаардлагын хувьд хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газар татагдсан. Гэхдээ маргаан бүхий актуудыг тус газрын Кадастрын хэлтэс гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллагын ямар хэлтэс нь ямар чиг үүрэгтэйг зааж өгсөн. Хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн асуудал байх аваас тэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар Кадастрын хэлтэс байх ёстой. Тэгэхээр Кадастрын хэлтэст хамаатай шаардлага байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татаж, түүнд даалгах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ харилцаанд Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариу өгөх байдлаар л оролцсон байгаа болохоос хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй.

Гуравдагч этгээдийн зүгээс дээр дурдсан үндэслэлүүдээр тусгай зөвшөөрөл барьцаалсан бүртгэлүүдийг хүчингүй болгохыг даалгах үндэслэлгүй гэж үзэж байсан ба эдгээрийг шүүх бүгдийг нэхэмжлэгчийн талд дүгнэсэн ч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй, хүчингүй болгох боломжгүй талаар тайлбарласан.

Нэхэмжлэгчийн зүгээс “барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлүүд нь сөрөг нөлөөлөл бүхий акт” гэсэн тайлбарыг мэтгэлцээний явцад гаргаж байсан ба нэхэмжлэгчдийн өөрийн хүсэлтээр хийгдсэн, барьцааны гэрээ байгуулсныг бүртгэсэн актууд сөрөг нөлөөлөл бүхий байх үндэсгүй.

Тухайн этгээд “тусгай зөвшөөрлөө барьцаалж гэрээ байгуулсан, энэхүү барьцааг бүртгэж өгөөч” гэсэн хүсэлт гаргаж, улмаар захиргааны байгууллага хүсэлтийг нь үндэслэж гаргасан акт нь сөрөг нөлөөлөл бүхий байх учиргүй.

Энэ нь шүүх ч тэр, шүүхийн даалгаснаар захиргааны байгууллага ч 2011, 2012, 2014 онуудад хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүйг илтгэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 128/ШШ2021/0394 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Б е г” ХХК, “И” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэр, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, Кадатсрын хэлтсийн даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 57 шийдвэр, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э б о ч”-ын өмгөөлөгч Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Г.Н нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Б е г” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Баянгол нэртэй газарт орших 3393 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-008888А дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалахаар гуравдагч этгээд “Э б о ч” банктай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээг байгуулсан.

Үүний дагуу “Б е г” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгүүлэх талаар өргөдөл, холбогдох баримтуудын хамт Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасны дагуу гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэрээр барьцааг бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахдаа эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар барьцаалдаг. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ, өргөдөл, тусгай зөвшөөрөл, зохих маягтуудын хамт хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн мөн заалтын 51.3-т заасны дагуу зохих шийдвэрийг гаргаж, түүнийгээ барьцаалуулагч болон барьцаалагчид мэдэгдсэн.

Мөн нэхэмжлэгч “И” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын MV- 016947, ХV-016948 дугаартай тусгай зөвшөөрөл /өмнө ХV-016814 зөвшөөрөл хуваагдсан/-ийг барьцаасан талаар “Э б о ч” банктай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт, холбогдох баримтуудыг гаргасан.

Үүний дагуу хариуцагчаас 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1009 тоот шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгэсэн. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх тусгай зөвшөөрлүүдийн барьцааны бүртгэлийг хийсэн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.3-т заасантай нийцэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл олгох, түүнийг хадгалах, дуусгавар болгох, цуцлах, бүртгэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон барьцаалагчдын хооронд байгуулсан зээл, барьцааны гэрээний үүрэг талууд хэрэгжүүлсэн эсэхийг хянах эрх хэмжээ байхгүй.

“Б е г” ХХК болон “Э б о ч” банк хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ”, “И” ХХК болон “Э б о ч” банк хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ” зэргийг байгуулсан. Тухайн гэрээний дагуу барьцаалуулагч “Б е г” ХХК болон “И” ХХК-иуд нь гэрээний үүргээ барьцаалагч биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд гэрээнд заасны дагуу маргааныг шийдвэрлэх байгууллагад хандах эрхтэй.

Дээрх үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ”, 8.1.1-д “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж зааснаар иргэний эрх зүйд харьяалах маргаан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч эрхийг хэрхэн хамгаалах талаар зохих заалтыг хуульд тусгасан. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, барьцаалагчийг хохироосон тохиолдолд барьцаалагч нь тухайн тусгай зөвшөөрлийг хуульд заасан шаардлага хангасан этгээдэд шилжүүлж, өөрийн хохирлыг барагдуулж авах арга механизм байгаа юм.

Гэхдээ барьцаалагч тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4-т зааснаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан.

Үүгээрээ барьцаалагч нь өөрт хохирол учирсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг Монгол улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд буюу зохих хуульд заасан шаардлага хангасан этгээдэд шилжүүлэх боломжтой.

Энэхүү шилжүүлэх тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шийдвэрийг гаргадаг. Энэ нь хэрэв барьцаалагч нь өөрт, эсхүл гадаад улсын хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд түүний хүсэлтийг хангахаас татгалзах эрх хэмжээ байгаа юм.

Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь “Б е г” ХХК болон “И” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гомдолд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариу өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногиин дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч “Б е г” ХХК нь MV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, Кадастрын хэлтсийн  даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Э б о ч” банк болон “Х х б”-д холбогдох хэсгийг, нэхэмжлэгч “И” ХХК нь MV-016947, ХV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Ингэхдээ маргаан бүхий шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 07 сарын 09-ний өдөр гомдол гаргасныг 2020 оны 07 сарын 17-ны өдрийн хариу өгсөн хэмээн тайлбарладаг.

Нэхэмжлэгч нараас өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэр, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрүүдийг гэж заасан.

Гэтэл уг шийдвэрүүд анх гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1-9 жилийн хугацаа өнгөрсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу дээрх маргаан бүхий актууд нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл “И” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, “Б е г” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 20- ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасны дагуу дээрх шийдвэрүүдийг гаргаж, тухайн шийдвэрүүдийг гарсан талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон барьцаалагчид тухай бүрт нь мэдэгдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзвэл акт гарснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор заажээ.

Хуулийн дээрх заалтаар хэрэв маргаж буй шийдвэрүүдээс Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийг хүчингүй гэж үзэж болно. Гэхдээ энэхүү шийдвэр нь Б о Ч Л-ийг MV-008888 дугаартай тусгай зөвшөөрөлд барьцаалагчаар нэмж бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй шийдвэр байдаг.

Мөн нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар гомдлыг гаргах хугацааг сэргээх боломжгүй, маргаан бүхий шийдвэрт гомдол гаргах эрхээ нэгэнт алдсан.

Энэхүү нөхцөл байдлаар шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т “Гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан нэхэмжлэгч “Б е г” ХХК болон “И” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Б е г” ХХК-ийн MV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Э б о ч” банк болон “Х х б”-д холбогдох хэсэг, “И”ХХК-ийн эзэмшлийн MV-016947, ХV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нар нь Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтэст холбогдуулан маргааны бүхий захиргааны актуудын холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү маргаан бүхий шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээнд үндэслэсэн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлэхээс биш, иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй.

Гэтэл шүүхээс гуравдагч этгээдүүдийг нэхэмжлэгч нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл олгосон талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй хэмээн маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлээ болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчиж байгаа юм.

Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал байна.

Иймд шүүхээс гуравдагч этгээдүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу зээл олгосон талаар баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Э б о ч” банк болон “Х х б”-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хүчингүй болгохыг даалгах шаардлага гаргаж байхад шүүхээс уг маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, агуулгад огт дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийн шаардлагад хөтлөгдөж “Б е г” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20/265 дугаар, “Инфинитиспейс” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20/22 дугаар бүхий хүсэлтүүдэд Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/3222, 1/3223 дугаар албан бичгээр хариу өгсөн байдлыг үнэлээд байгаа нь ойлгомжгүй болсон байна.

Нэхэмжлэгч нарын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 94-д заасан гомдол биш өмнөх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шийдвэрүүдийг үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтүүд юм.

Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр татгалзсан хариу өгсөн, шүүхийн зүгээс үнэлээд байгаа шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна гэж тодорхойлж нэхэмжлэгчийн шаардлага ба үндэслэлд заагдаагүй хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг бий болгож түүнийг дүгнэж, үнэлж, шийдэхдээ “хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдэж байгаа байдлаар шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Яагаад гэвэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь онолын хувьд захиргааны акт гаргахгүй байгаа үйлдэл ба эс үйлдэхүйн эсрэг чиглэсэн шаардлага байдаг юм.

Мөн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэл болгосон нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл бий болсон байна.

Хэрэв шүүхээс төрийн өмчид хохирол учрах эрсдэл үүссэн болохыг нэгэнт тогтоосон тохиолдолд яагаад 106 дугаар зүйлийн 106.3.4-д “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн...” гэсэн зохицуулалтыг үндэслэл болгож  байгаа вэ. Шүүх 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ... зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол ...хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох”, эсхүл төрийн өмч хохирох эрсдэл үүссэн гэдгээр 106.3.10-д зааснаар “... нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох”-г баримтлах ёстой биш гэж үү, хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь таарахгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийг тодруулдаг журамтай.

Эдгээр зохицуулалтын нэг ялгаа нь 106.3.4 бол “зөрчигдсөн эрхийг” сэргээх, 106.3.8, 106.3.10 бол “зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон” тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилготой. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр болон тайлбартаа зөрчигдөж болзошгүй тухай тайлбарладаг болно.

Мөн түүнчлэн, Газар доорхи баялаг бол төрийн өмч мөн, гэхдээ уг баялгийг ашиглах эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зөвхөн Монгол улсад бүртгэлтэй, үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжид олгодог, мөн зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах боломжтой. Хуулиас гадуур түүнийг ашиглах боломжгүй. Үүний нэг жишээ нь “Б е г” ХХК нь 100 хувь Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Үүнийг “...төрийн өмчид хохирол учрах эрсдэл үүсэн ...” байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм.

Маргаан бүхий 4 шийдвэрийн агуулгад дүгнэлт хийлгүйгээр тухай шийдвэрүүдийг хүчингүй болгохыг даалгасан шийдвэрийг гаргасан нь шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн юм.

Э банкинд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэвэл “хэвээр үлдээж” гэсэн агуулга Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, мөн зүйлийн 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэсэн хуулиар тогтоосон ойлголттой аль ч талаараа таарахгүй байх тул “хэвээр үлдээж” гэсэн утга шийдвэр биш болж байна.

Ашигт малтмалын тухай хууль, тухайн хуулийн тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлтэй холбоотой зохицуулалт болох 51, 52 дугаар зүйлд Ашигт малтмалын газраас гурван төрлийн шийдвэр гаргахаар хуульчилсан юм. Барьцааны гэрээг бүртгэх, барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэх, барьцааны гэрээний дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх, хэвээр үлдээх гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд энэ бол шийдвэрлэж байгаа зүйл биш агуулгыг тодруулж байгаа илэрхийлэл юм.

Тэгвэл уг 57 дугаар шийдвэрийн үндсэн агуулга нь “Э банктай 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ дуусгавар болсныг бүртгэсүгэй” гэж зааж энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.5-д заасан үндэслэлээр явагдсан юм.

Тэгвэл уг 2014 оны 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор Э банктай 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний барьцааны бүртгэл сэргэхээр болж байна. Тэгвэл энэ үр дагавар нь нийт Шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийн агуулгатай бүхэлдээ зөрчилдөж байна.

Уг шийдвэрийн үндэслэх хэсгийг харвал Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3 дахь заалтыг баримталж “Б о Ч Л” банкинд барьцаалсан гэрээг бүртгэхээр шийдвэрлэсэн агуулгатай байна. ЭКСИМ банкинд холбогдох шийдвэрлэлт/захирамжилсан агуулга уг шийдвэрт байхгүй байна.

Тэгвэл уг шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн...” -ыг ойлгохгүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн боловч дахин материалуудыг судалж үзэн захиргааны акт гаргах ёстой гэж үзэж байгаа нь шүүхээс гарч байгаа шийдвэр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх нөхцөл байдалтай зөрүүтэй болсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг маргаан бүхий актуудыг хүчингүй болго гэж шийдвэрлэснээ, материалуудыг дахин шалгаад шинэ захиргааны акт гарга гэж үзэн утга агуулгын хувьд зөрүүтэй шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0394 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүрэн хэмжээгээр дэмжиж байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0394 дүгээр шийдвэрийн Тогтоох 1 дэх заалтын “... “Б е г” ХХК-ийн MV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 1 дүгээр сарын 27- ны өдрийн 111 тоот шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Э Б о Ч банк болон Х х б-д холбогдох хэсэг, “И”ХХК-ийн эзэмшлийн MV-016947, ХV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж” шийдвэрлэснийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээд нарын өмгөөлөгч, төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэхээргүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж, шийдвэрлэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б е г” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Б е г” ХХК-ийн эзэмшлийн МV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Х х б”, “Э б о ч”-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах,

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын  хэлтэст холбогдуулан “Б е г” ХХК-ийн эзэмшлийн МV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Х х б”, “Э б о ч”-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

 Нэхэмжлэгч “И” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “И” ХХК-ийн эзэмшлийн MV-016947, MV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2011  оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах,

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын  хэлтэст холбогдуулан “И” ХХК-ийн эзэмшлийн MV-016947, MV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            Нэхэмжлэгч нар нь “өөрсдийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 1009, 2012 оны 111, 2014 оны 57, 2019 оны 203 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа тухайн “захиргааны актуудыг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хүн, хуулийн этгээд нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргахаар, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус зааснаар захиргааны актыг хууль зөрчсөн эсэх, зорилгодоо нийцсэн эсэхийг тогтоож шийдвэрлэдэг байгууллага нь урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл захиргааны хэргийн шүүх байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “Захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж, 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шийдвэрийг тус тус анхан шатны шүүх гаргахаар зааснаас үзвэл эдгээр шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэг захиргааны актад холбогдуулан гаргах боломжгүй.  

Нэхэмжлэлээс үзвэл дээрх захиргааны актуудаас өөр захиргааны акт буюу “эс үйлдэхүй” хууль бус болохыг тогтоолгох талаар дурдаагүй, дээрх хуулийн дагуу “хууль бус” эсэхийг нь шүүхээс тогтоох шаардлагатай “эс үйлдэхүй” байхгүй байх тул “тухайн захиргааны актуудыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй” гаргасан учраас захиргааны байгууллагад өөрт нь “даалгах” нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар логик зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь “... даалгах” шаардлагын үндэслэлийг “... тухайн зээлийн хөрөнгө оруулалт орж ирээгүй учраас хариуцагч өөрөө хүчингүй болгох боломжтой” гэх боловч зээл болон барьцааны гэрээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсэн шүүх, арбитрийн шийдвэр хавсаргаж, “тусгай зөвшөөрлүүдээ барьцаанаас чөлөөлүүлэх”-тэй холбоотой хүсэлтийг хариуцагчид гаргаагүй, “даалгах” шаардлагыг үүнтэй холбоотой гэж үзэхээргүй байна.  

Ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон захиргааны хэргийн шүүх нь хүчин төгөлдөр байгаа тухайн  зээлийн гэрээ, түүний биелэлт, барьцааны гэрээний талаар дүгнэлт өгч,  шууд барьцааны бүртгэлийг дуусгавар болсныг бүртгэх, барьцаанаас чөлөөлөх зэрэг шийдвэр гаргах эрх хэмжээгүй. Гэтэл анхан шатны шүүх Кадастрын хэлтсийн “ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүрэгт хамааруулан, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг буруу хэрэглэжээ.

Мөн захиргааны хэргийн шүүх захиргааны актаа өөрөө хүчингүй болгох эсэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд түүнд ямар нотлох баримт цуглуулж, ямар шийдвэр гаргахыг даалгах нь захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхгүй, хяналтын цар хүрээнээс хэтэрсэн асуудал болно.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн “...даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, бусад хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул тус шүүх дүгнэлт өгөлгүй, хэвээр үлдээж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ/2021/0394 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Б е г” ХХК-ийн эзэмшлийн МV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Х х б”, “Э б о ч”-д холбогдох хэсгийг, “И” ХХК-ийн эзэмшлийн MV-016947, MV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-ыг хүссэн “Б е г” ХХК, “И” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-т заасныг баримтлан “Б е г” ХХК-ийн эзэмшлийн МV-008888 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн “Х х б”, “Э б о ч”-д холбогдох хэсгийг, “И” ХХК-ийн эзэмшлийн MV-016947, MV-016948 дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /Хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн “Б е г” ХХК, “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, “2” дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд “Э б о ч”, “Х х б”-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

                 ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ