Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

 

 

С.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

                                                               

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00067 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Энхбат, Д.Баяр нарт холбогдох

 

Газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Пүрэвсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Одончимэг,

Хариуцагч: Т.Энхбат,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Цэрэндолгор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Т.Энхбаттай 2005 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 онд охин маань төрсөн. Бид 2006 оны 1 дүгээр сард газар худалдан авч, 2007 оны 5 дугаар сард уг газар дээр амины орон сууц бариулсан. 2015 онд гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн хэдий ч газрын асуудлыг шийдвэрлээгүй. 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах 144 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг хариуцагч Т.Энхбат нь иргэн н.Лодойдамбаас шилжүүлэн авсан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2005 оноос хойш хамтран амьдрах хугацаандаа 2006 онд газар авч, гэр бүлийн дундын эд хөрөнгө болон амины орон сууцыг тухайн газартаа барьсан. Хариуцагчийн ах, дүү нар нь гэр бүлийн амьдралд тус болж байсан нь үнэн. Тухайн газар эзэмших эрх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Иймээс бид Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дүгээр зүйлд заасныг баримталж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байгаа. Хариуцагч Т.Энхбат нь гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл авалгүйгээр газар эзэмших эрхийг Д.Баярт шилжүүлсэн байгаа учраас уг хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хариуцагч нарын шууд үйл ажиллагаатай холбоотой байгаа учраас хариуцагч нарт эрх шилжүүлэхийг даалгаж, өгнө үү гэсэн логикоор ийм шаардлага гаргасан юм. Тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Энхбатын нэр дээр байдаг. Газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч Т.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнтэй 2005 оноос эхлэн хамтран амьдарсан. Миний хувьд энэ газрыг гэр бүлийн гишүүдийн дундын өмч биш гэж үзэж байна. Ах эгч маань намайг байшинтай болгох гэж уг газрыг өгч, Д.Баяр эгчээс мөнгө авч байшингаа барьсан. Анхнаасаа үйлчилгээний зориулалттай миний эзэмшлийн газар байсан. Гэр бүлийн дундын өмчийн газар биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

             Хариуцагч Д.Баяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газар нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн газар биш юм. Өмчлөх эрхийн гэрчилгээгүй, эзэмших эрхтэй газар юм. Уг газар дээр барьсан байшинг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн гэж шүүхийн шийдвэр гарсан байдаг. Уг газар нь үйлчилгээний зориулалттай газар юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны барилгын баруун талд байрлах нэгж талбарын 8023/5092 дугаар бүхий 144 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нар дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Т.Энхбат, Д.Баяр нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны баруун талд байрлах нэгж талбарын 8023/5092 дугаар бүхий 144 м.кв талбайтай газар эзэмших эрхийг С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Баяр, Баянгол дүүргийн Газрын албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Т.Энхбатын нэр дээр шилжүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Д.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Т.Энхбат нь манай нөхрийн дүү бөгөөд 6 настайдаа өнчирч бидний гар дээр өссөн. Би дүү Т.Энхбатдаа туслах зорилгоор газар худалдан авч өгч уг байрыг бариулан зээлийг нь төлж байсан. Эхнэр болох С.Пүрэвсүрэн нь банкны зээл нэхэгдэх үед нь манай дүүг хаяад явсан. Банкинд байрыг алдахгүй байхын тулд дахин банкны зээлийг төлж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Т.Энхбатаас 65 000 000 төгрөгөө нэхэмжилсэн ба шийдвэр гүйцэтгэлийн шатанд байгаа болно.  Биднийг хэцүү үед хуруугаа ч хөдөлгөөгүй байж бүх зүйл дууссан олон жилийн дараа заргалдаж байна. Би газрын гэрээгээ цаг бүрт сунгуулж, газар эзэмших гэрээний үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж бодож  байна.  Миний нэр байсан газрыг яагаад С.Пүрэвсүрэнд шууд өгч байгаа нь шударга биш байна. Би 65 000 000 төгрөгөөр хохирч, энэ байрны бүх зээлийг төлөөд одоогоор юу ч үгүй хоцорч байна. Иймд шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Т.Энхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх маш ойлгомжгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасанд харамсаж байна. Би Д.Баяр эгчийн мөнгөөр байшин барьж банкны өрийг төлж,  зээлийг чөлөөлж шилжүүлсэн. Бидний байдлыг мэдсээр байж санаатай ийм үйлдэл гаргаж байгаа нь ах дүү нарын хооронд эвдрэлцүүлсэн хууль бус үйлдлийг шүүх өөгшүүлж байгаад гомдолтой байна. Д.Баяр эгчийн нэр дээр байгаа газрыг яагаад С.Пүрэвсүрэн, Марал-Эрдэнэ нар эзэмших  гэж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэрэндолгор давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг газрыг эхнээсээ Т.Энхбатын ах дүү нар нь авч өгсөн. Зөвхөн өөрийнх нь эзэмшлийн газар байсан болохыг шүүх үнэн зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Энэ нь Т.Энхбатын зөвхөн өөрийнх нь өмч байсан. Барьсан барилга нь банкны өрөнд хураагдах болоход барьцаа гаргаж өгсөнөөрөө давуу эрхээр Д.Баяр гэрээ хийж банкны болон байрны төлбөр 65 000 000 төгрөгийг төлж банкнаас өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Баяр нь 6-7 жилийн туршид газар эзэмших гэрээнийхээ дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөд явсан шударга эзэмшигч болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь хариуцагч Т.Энхбат, Д.Баяр нарт холбогдуулан газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн, хариуцагч Т.Энхбат нар 2005 онд гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 21-ний гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Марал-Эрдэнэ төрсөн байна. Гэрлэгчид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7052 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ. /хх-ийн 22-28 дугаар тал/

 

Мөн  гэрлэгчид Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 564 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 674 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 607 дугаар тогтоолоор гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг шийдвэрлүүлсэн байна. /хх-ийн 5-19 дүгээр тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр 2006 онд Т.Энхбат нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барилгын баруун талд байрлах 144 м.кв газар эзэмших эрхийг  олж авсан, уг газар дээр орон сууц барьж хамт амьдарч байсан талаархи үйл баримт тогтоогдсон байна. Анхан шатны шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар зөв дүгнэж, маргааны зүйл болох газар эзэмших эрхийг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэйг тогтоосон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Т.Энхбат, Д.Баяр нар 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, маргааны зүйл болох газар эзэмших эрхийг Д.Баярын эзэмшилд шилжүүлсэн байна. /хх-ийн 89 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Баяр нь уг газрын шударга эзэмшигч гэж маргасан нь үндэслэлгүй, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байхад хариуцагч Т.Энхбат нь  гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй  тул Т.Энхбат, Д.Баяр нарын хооронд 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцсэн байна.

 

Нөгөө талаар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр гэрлэгчид маргааны зүйл болох 144 м.кв газар дээр, 247.62 м.кв талбайтай орон сууц барьж ашиглалтад оруулсныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоосон байх ба Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой эрхүүдийг салгаж үл болох шинжтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Баярын эзэмшлээс маргааны зүйл болох газар эзэмших эрхийг буцаан гэр бүлийн гишүүдийн эзэмшилд шилжүүлэхийг Баянгол дүүргийн газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх маргааны зүйл болох газар эзэмших эрхийг гэр бүлийн гишүүд болох С.Пүрэвсүрэн, Т.Энхбат, Э.Марал-Эрдэнэ нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа хариуцагч Т.Энхбатыг шаардлага гаргаагүй гэж дүгнэж түүний нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлээгүй, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Т.Энхбатад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж, тус өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байх боловч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэмэгдүүлсэн шаардлагад тэрээр хариу тайлбар гаргасан байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хариуцагчийн эрхийг зөрчөөгүй гэж үзлээ. /хх-ийн 130 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1, 2, 3 дахь заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барилгын баруун талд байрлах 144 м.кв газрыг С.Пүрэвсүрэн, Т.Энхбат, Э.Марал-Эрдэнэ нар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барилгын баруун талд байрлах 144 м.кв газрыг С.Пүрэвсүрэн, Т.Энхбат, Э.Марал-Эрдэнэ нарын эзэмшилд бүртгэхийг Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгасугай” гэж,

 

           4 дэх заалтыг “2”, 5 дахь заалтыг “3” болгон өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ          

                                              ШҮҮГЧ                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                Г.ДАВААДОРЖ