Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 259

 

“Литолог” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 279 дүгээр магадлалтай, “Литолог” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Литолог” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Ашигт малтмалын газраас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зарласан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох сонгон шалгаруулалтад Ховд аймгийн Алтай сумын нутаг, 5075.41 га бүхий “Богоч” нэртэй талбайд оролцож, шалгарсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 886 дугаар шийдвэрээр 19692Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон. Энэхүү сонгон шалгаруулалт нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т заасны дагуу Ашигт малтмалын газраас зарлагдсан билээ.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулж, хээрийн ажлаа эхлэх гэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Алтай сумын Бодонч багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай 04 дүгээр тогтоол гарсныг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал авч хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заалтыг үндэслэн “Хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай” Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8/09 дүгээр тогтоол гаргаж бидний ажлыг явуулахгүй зогсоогоод байна.

Иймд бид дээд шатны байгууллага болон Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд түүний хариуд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын уг тогтоол нь хайгуулын ажлыг зогсоох үндэслэл болохгүй ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж дүгнэсэн байгаа билээ. Түүнчлэн бидний үзэж байгаагаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалт нь “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа бөгөөд манай компанид олгосон тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмаар олгосон.

Энэхүү тусгай зөвшөөрөл олгогдсон үйл ажиллагаа нь Улсын их хурлаас батлагдсан хууль, Уул уурхайн яамнаас батлагдсан тогтоол журмын дагуу Ашигт малтмалын газраас зохион байгуулж, явагдсан бөгөөд энэ нь дээрх байгууллагуудад харьяалуулсан асуудал тул Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8/09 дүгээр тогтоол нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр боллоо гэж үзэж байна.

Иймд Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ө.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны 08/09 дүгээр тогтоол хэрхэн батлагдсан, ямар нөхцөл байдал үүссэн тухай тайлбарыг хүргүүлж байна. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Бодонч багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гаргаж, тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Литолог” ХХК-нийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн хүсэлтийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанд өргөн барьсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу багаас гаргасан санал хүсэлтийг хэлэлцээд Иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Литолог ХХК-нийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол гаргасан. Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны  8/09 дугаартай  “Хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 279 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5-р сарын 4-ний өдрийн 279 дугаартай магадлалыг хүлээж аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гомдлыг гаргахдаа давж заалдах шатны шүүх ИХШХШТ хуулийн 172.2.2 /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих 172.2.1 /хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн/ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85.3 /давж заалдсан гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах/ зэрэг хуулийн заалтуудыг үндэслэл болгов.

1. Магадлалын хянавал гэсэн хэсэгт дүгнэхдээ "...лиценцээр олгосон талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Мөн тухайн зөвшөөрөл эзэмшигч ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдоогүй байна"..., "...зөвшөөрөл олгогдсоноос хойш хугацаанд нэхэмжлэгч дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулж хээрийн ажлаа эхлүүлээгүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүхийн энэ дүгнэлтээс харвал тусгай зөвшөөрөл эзэмшигч “Литолог” ХХК нь огт хууль зөрчөөгүй харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн хурал, иргэд л хууль зөрчөөд байсан бөгөөд нэхэмжлэгч компани тус суманд огт үйл ажиллагаа эхлээгүй мэтээр ташаа дүгнэлээ. Бодит байдалд “Литилог” ХХК нь тус суманд үйл ажиллагаа явуулахдаа яг хайгуул хийгээгүй нь өмнөх бэлтгэл ажлуудаа хийж эхлэхээс эхлээд хууль зөрчиж эхэлсэн. Тухайлбал: Бодонч багийн Оцог хад гэдэг газарт автомашины зам хааж тор татаж хашаалсан, 5 гэр барьсан, уулын ам өгсөж тор татсан, 2 ширхэг путк барих зэргийг хийсэн. Энэ бол тус компаний үйл ажиллагаа. Мөн Богоч гэдэг газарт үйл ажиллагаа явуулсан. Эдгээр газар нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах эсэхийг магадлах гэхээр бичиг баримтаа үзүүлдэггүй, хаанахын хэн болох нь мэдэгдэхгүй бичиг баримтгүй хүмүүс сумын төвөөр тус компанийх гэж явдаг 2 машинд тэсэрч дэлбэрэх бодис ачиж ард иргэдэд аюултай байдал үүсгэн сэлгүүцэж явах, зориулалтын агуулахгүй байх, компаний захиралтай уулзъя гэхээр олддоггүй байхгүй гэдэг, эрх бүхий байцаагчийн шаардлагыг сонсдоггүй зэрэгт иргэд ард түмэн дургүйцэж шаардлага тавьсан. Үүгээрээ тус компани холбогдох хуулиудыг дараах байдлаар зөрчсөнийг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчөөгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Тодорхой олон тооны зөрчил гаргасан учир үүнийг таслан зогсоох гэж хуулиар олгогдсон эрхийн дагуу тогтоол гарсан. Үүнд заримаас дурьдвал: -Үйл ажиллагаа явуулж буй  газар дээр байлгахыг хуулиар даалгасан баримт бичгүүд байхгүй гээд үзүүлдэггүй, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл байгаль орчны хяналтын албанаас огт зөвшөөрөл аваагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.

- Тусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба, сумын Засаг даргатай зөвшилцөж төлөвлөгөө боловсруулж   батлуулах /Ашигт малтмалын тухай хууль -эхлээгүй гэж нэхэмжлэгчийн үгээр дүгнэсэн, гэтэл эрх бүхий албаны зөвшөөрөл байхгүй зөвшилцөж боловсруулсан төлөвлөгөө байхгүй нь бодит үнэн юм.

-  Байгаль орчны талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож шаардагдах жилийн зардлын 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сумын Засаг даргын нээсэн дансанд төвлөрүүлээгүй.

- Хайгуул хийхдээ палентологи, археологич угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж зөвшөөрөл авалгүйгээр ажил эхлэхийг хориглодог атал шууд хайгуул хийхийг завдсан. /Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2/

- Дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах /Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1/ Жич: тус компанийн инженер гэх Цогтгэрэл гэгч нь тус сумаас ажилчин авахгүй гэж шууд хэлсэн нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн Бодонч багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлд бий.

- Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4, 38.1.2-т заасныг зөрчиж огт биелүүлээгүй.

- Эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд заасны дагуу тус компанид эдэлбэр газар олгох бүрэн эрх сумын Засаг даргад хуулиар олгогдсон атал зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж эхэлсэн. /Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.14/

2. Давж заалдах шатны шүүх нь хэргийг давж заалдах гомдолд дурдсанаар хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн татгалзаж буй үндэслэл, нэхэмжлэгчийн үйл ажиллагаа хууль ёсны байсан уу гэдгийг дүгнэлт өгөхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрийн санаачлагаар цуглуулж шийдвэрлэх байсан гэдгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч тайлбарласан ч хэрэгсээгүй заримаас дурдвал:

- Нэгэнт шүүх өөрөө ач холбогдолтой гэж үзээд тусгай зөвшөөрөл хэрхэн олгогдсон талаарх баримтыг гаргуулахаар Ашигт малтмалын газар руу, аймгийн Засаг даргад албан бичиг явуулж хариуг авахдаа шаардсан зүйл нь бүрэн ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон юм. Жишээ дурдахад: - аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газар руу хэзээ юуг үндэслээд ямар дэмжсэн санал явуулсныг харах гэхэд хэрэгт байдаггүй.

-Аймгийн ИТХ-ын саналыг Засаг дарга авсан уу гээд харах гэтэл мөн тогтоол нь хэрэгт байхгүй гэх мэт.

3. Аймгийн Засаг дарга нь Алтай сумын Засаг даргад бичиг явуулж зөвшөөрөл олгох эсэх асуудлыг сумын ИТХ-аар хэлэлцүүлж хариу өг гэсэн ч хариу өгөөгүй тул зөвшөөрсөнд тооцсон гэж тайлбарласан ч шүүхээс бичиг баримтанд хийсэн үзлэгээр энэ бичиг нь тухай үедээ ИТХ байтугай Засаг даргад очоогүй болох нь тодорхой атал хариу өгөөгүй гэж буруутгасан.

4. Тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой өөр баримтууд тухайлбал шүүх хуралдаан дээр уг талбайг 2012 онд Засгийн газрын тогтоолоор нөөцөд авсан талаар мөн сумын ИТХ-ын тогтоолоор уг талбайд бичил уурхай ажиллуулах зорилгоор тусгай хэрэгцээнд авсан талаарх хариуцагчийн тайлбар зэргийг тодруулаагүй орхисон байдаг,

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэл  хуулийн  шаардлага хангахгүй,  хэт ерөнхий, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т огт дурдаагүй давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор байдал огт харагдахгүй байгаа асуудлыг хариуцагчийн   зүгээс тавьсан ч тодруулсангүй.

6. Нэхэмжлэлийн шаардлага нь ИТХ-ын 8/09 тоот тогтоолыг хүчингүй болгох гэсэн ба хариуцагчийг тодорхойлохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн. Хурлын дарга нь хурлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх, төлөөлсөн ч ядаж хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарч эрх олгох байсныг  анхаарсангүй. Мөн хэргийг шийдвэрлэхдээ "тогтоол хүчингүй болгуулах" шаардлагаас хальж "хууль бус болохыг тогтоож" шийдвэрлэлээ.

7. Шүүх нь "урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч хангасан гэж үзэхдээ сумын ИТХ-ын тогтоолыг хянах дээд шатны байгууллага нь мэргэжлийн хяналтын байгууллага гэж үзсэн нь буруу. Хэдийгээр Ашигт малтмалын тухай   хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т энэ хуулийн хэрэгжилтэнд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавихаар байгаа ч үндсэн маргаан маань ашигт малтмал эрэх хайх асуудалтай холбоотой биш харин сумын ИТХ-ын тогтоолын талаарх маргаан болно. Дээр дурдсан болон өөр олон эргэлзээтэй зөрүүтэй асуудлууд байхад шүүх тодруулж нэг мөр болгохгүйгээр хэт нэг талыг баримталсан шийдвэр, магадлал гаргасан тул гомдолтой байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Литолог” ХХК нь Ховд аймгийн Алтай сумын нутаг, Богоч нэртэй газарт 5075.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-019692 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг, талууд уг үйл баримттай маргаагүй, Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 8/09 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Литолог” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019692 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд “...хайгуулын ажил явуулахыг хориглох...” шийдвэр гаргасан, нэхэмжлэгч “... өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр /гаргасан/” гэж, хариуцагч “... хуульд заасны дагуу багаас гарсан санал хүсэлтийг хүлээн авч ... хэлэлцээд ... тогтоол гаргасан, ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтыг үндэслэн ... иргэдийн Нийтийн Хуралд оролцсон 86 иргэний 100 хувийн саналаар /хайгуулын үйл ажиллагааг/ эсэргүүцэж байгааг ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр уламжлах”-аар шийдвэрлэсэн, уг тогтоол болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалтуудыг маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгон дурдсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д “... /багийн Хурал нь/ иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум ...-ын Хуралд уламжлах”-аар, 18 дугаар зүйлийн 18.1-д “сум ...-ын Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх”-ээр тус тус заасан боловч хариуцагч Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч “Литолог” ХХК-ийн “хайгуулын үйл ажиллагааг зогсоох” шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “... хайгуулын тусгай зөвшөөрөл гэж ... ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг ... /ойлгоно/”, 11 дүгээр зүйлийн 11.3-т “...Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “... /хуульд заасан/ ...  тохиолдолд /мэргэжлийн хяналтын улсын байцаагч/ холбогдох ажил, ... үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох /эрхтэй/” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Литолог” ХХК нь уг хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй, ийнхүү үйл ажиллагаа явуулахдаа “хууль тогтоомж зөрчсөн” нь тогтоогдсон тохиолдолд  мэргэжлийн хяналтын улсын байцаагч үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй байна.

Гэтэл Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хуулиар тусгайлан харьяалуулсан асуудлаар, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Литолог” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд “хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглох” шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...сум...-ын Хурал ... төрийн эрх бүхий байгууллагад ... хуулиар харьяалуулснаас бусад ... асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх” гэсэнтэй нийцээгүй гэж үзнэ.

“Литолог” ХХК-иас “Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 8/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхүүд уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянасан, нэхэмжлэгч “Литолог” ХХК-ийн  эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019692 дугаартай тусгай зөвшөөрөл “анх хэрхэн олгогдсон” асуудал нь маргааны үйл баримтад хамааралгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... зөвшөөрөл хэрхэн олгогдсон талаар ... шүүх тодруулаагүй орхисон” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Түүнчлэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-т “... /Хурлын дарга/ тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх /эрхтэй/”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “... хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж тус тус заасан, Ц.Алтансүх нь 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Литолог” ХХК-ийн захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч “Литолог” ХХК-ийн захирал Ц.Алтансүхээс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Батнасан овогтой Батсүхэд 1 жилийн хугацаанд “... шүүхэд төлөөлөх” итгэмжлэл олгосон, нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус Хурлын дарга А.Энхбатын “төлөөлөх эрх”-ийн талаар тус тус маргаагүй тул хариуцагчийн “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор байдал огт харагдахгүй байгаа”, “...Хурлын дарга нь хурлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх, төлөөлсөн ч хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарч эрх олгох байсан” гэх зэрэг хяналтын гомдол үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранхоёрдугаар зүйлийн 2-т “...нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “...Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасан тул “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол”-ын тухайд “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа” шаардахгүй, энэ асуудлаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, “... нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж хариу авсан” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.   

  Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 279 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Энхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА