| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0403/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 409
2020 05 28 2020/ШЦТ/409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Г.Б, Ү.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отог овогт Г.Б, Бодонгууд овогт Ү.Г нарт холбогдох эрүүгийн 2011 00671 0419 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын д-5 дугаар гудамж 135 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Бодонгууд овогт Ү.Г /РД: /,
Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Авто ойл” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, сот 3-2 байр 96 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25а-37 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Отог овогт Г.Б / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 1201 тоотод хохирогч Ү.Гийг түлхэж, толгой хэсгээр нь хана мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ү.Г нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 1201 тоотод хохирогч Г.Бын цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газар гараараа цохиж, боож унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ү.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Болормаагийн эгч Сүглэгмаа, ах Ү.Г нар ирээд хаалгаа хаах гэтэл хөлөө хавчуулж байгаад дайрч орж ирэнгүүтээ Ү.Г ах миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиход би түлхэгдээд хойшоо болоход Сүглэгмаа болон Болормаа нар тал талаас энэ чиний гэр биш, гар зайл гээд татаж чангаагаад байсан.Тэгээд хэсэг маргалдаж байгаад хоорондоо эв зүйгээр ярилцаад сууж байхдаа дүү Булгантамир луу гэрт гялс хүрээд ир гэж мессеж явуулсан. Ү.Г ах тайвшрахгүй намайг элдэв янзаар хараагаад орилж дайраад миний өмсөж байсан подволкийг ураад хоолой боогоод, зүүн хавирга руу нэг удаа өшиглөх шиг болсон.Энэ үед Булгантамир гаднаас орж ирээд салгасан.Тэгэхээр нь би босоод Ү.Гийн цээж хэсэгт нь 2 гараараа хүрээд цааш нь түлхээд орцонд гаргаад хойш нь түлхсэн. Гэтэл хойшоо баганы /хана/ ирмэг мөргөөд толгойноос цус гарсан. ...тухайн үед Ү.Г ах орж ирэнгүүтээ миний зүүн шанаа руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон, дараа нь баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн, хоолой боосон, зүүн хавирга руу нэг удаа өшиглөх шиг болсон. ...Миний хувьд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Хохирогч Ү.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 22.00 цагийн үед гэртээ унтаж байж байхад манай эхнэр намайг сэрээгээд Болороо /манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм/-ийн гэрийн хаалганы цоожийг нөхөр нь сольчихоод гэртээ оруулахгүй байна гэнээ гэхээр нь би босоод Болороог цагдаа дууд гээд хэлчих гээд эхнэртэйгээ хамт хувцсаа өмсөөд Болороогийн гэрт ойролцоогоор 10-15 минутын дараа яваад очиход Болороо орцонд зогсож байсан. Намайг эхнэртэйгээ яг лифтнээс буухаад Г.Б хаалгаа онгойлгоод орцонд гараад ирсэн. Тэгэхээр нь би чи энд юу хийж яваа юм бэ гэтэл Г.Б надаас зугтаад гэр лүүгээ ороод хаалгаа хаах гэхээр нь би хөлөө хаалганы завсраар хөлөө хийгээд дотогшоо орсон, гэтэл миний өвлийн куртикны захнаас Г.Б татаад намайг гадагшаа гаргах гээд татаад байсан. Г.Бтай чи яагаад хаалганы цоож сольчихсон юм бэ, чи яагаад энэ гэрт орж байгаа юм, энэ байр чинь Болороогийн нэр дээр байдаг биз дээ гээд яриад сууж байтал гаднаас Г.Бын төрсөн дүү /нэрийг нь мэдэхгүй/ залуу улаан галзуу шууд орж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгээд Г.Б дүүтэйгээ нийлээд миний куртикнээс татаад чирч гаргаад хоёулаа намайг нийлээд цаашаа түлхтэл би орцны баганы ирмэг толгойгоороо мөргөтөл толгойноос цус гарахаар нь Г.Бд та нар миний толгойг хагалчихлаа гээд гараа үзүүлсэн чинь Г.Б миний гаран дээр байсан цусыг өөрийнхөө гараар арчаад биеэндээ түрхээд байсан. Тэгээд хоорондоо маргалдаж байхад удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Түргэний эмч ирээд надад 5 оёдол тавьж өгөөд, даралтны эм өгөөд явсан. Миний толгой хагарсан. Нүүрэнд гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Г.Булгантамир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...төрсөн ах Батгуул над руу эхлээд мессеж бичсэн байсан.Тухайн үед машин барьж байсан болохоор анзаараагүй, тэгээд дуудлага ирэхээр нь утсаа автал хүмүүс намайг аллаа, хурдан хүрээд ир гэхээр нь шууд тасганы овоогоор уруудаад ойролцоогоор 10 минутын дотор яваад очиход Ү.Г гэх ах манай ахын эрээн /дисант/ өнгийн цамцаар хоолойг нь боогоод газар дээш нь харуулаад унагачихсан байж байхаар нь шууд оронгуутаа Ү.Гийн ар нуруунаас савхин куртикнээс нь татаад босгосон чинь ах маань босч ирээд Ү.Г ахын цээж хэсэг рүү түлхээд гэрээс гаргасан. Тэгээд хоорондоо түлхэлцээд ах Ү.Г ахыг цааш нь түлхсэн чинь хананы ирмэг мөргөчихсөн. Тэгээд орцон дотор Ү.Г ах тархи хагарчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Т.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Г.Б хаалга онгойлгоод намайг гэрт оруулахгүй гээд хэрэлдээд байж байтал лифтнээс ах, эгч 2 дөнгөж буутал Г.Б хаалгаа хаагаад оруулахгүй байсан. Гэтэл Ү.Г ах хаалганы завсраар хөлөө хийж байгаад арай хийж ороод Г.Б, Ү.Г 2 хоорондоо чи гар, би гар гээд гэрээс нэг нэгнээ түлхэж гаргах гээд хэсэг ноцолдож байхад Г.Бын дүү Булгантамир орж ирээд Ү.Г гэх ах руу дайрах гээд байхаар нь чи оролцоод хэрэггүй гээд татаад болиулсан. Тэгтэл Г.Б Ү.Г ахыг гэрээс түлхэж гаргаад цаашаа ханаруу түлхэх үедээ толгойг нь савчихсан юм шиг байна лээ, тэр үед Ү.Г ахын толгойноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3314 дугаартай “...Г.Бын биед зүүн 5 дугаар хавирганы цууралт, хүзүү, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3311 дугаартай “...Ү.Гийн биед дагзны хуйханд шарх, оочинд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72, 81/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73, 82/, шүүгдэгч Г.Бын ажлын газрын тодорхойлолт /хх 74/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 75/, дансны хуулга /хх 76/, шүүгдэгч Ү.Гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 83/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаар тогтоол /хх 95/, шүүгдэгч, хохирогч Г.Б, Ү.Г нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 91, 92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 1201 тоотод хохирогч Ү.Гийг түлхэж, толгой хэсгээр нь хана мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ү.Г нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 1201 тоотод хохирогч Г.Бын цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газар гараараа цохиж, боож унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Г.Бын “...Болормаагийн эгч Сүглэгмаа, ах Ү.Г нар ирээд хаалгаа хаах гэтэл хөлөө хавчуулж байгаад дайрч орж ирэнгүүтээ Ү.Г ах миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиход би түлхэгдээд хойшоо болоход Сүглэгмаа болон Болормаа нар тал талаас энэ чиний гэр биш, гар зайл гээд татаж чангаагаад байсан... Ү.Г ах тайвшрахгүй намайг элдэв янзаар хараагаад орилж дайраад миний өмсөж байсан подволкийг ураад хоолой боогоод, зүүн хавирга руу нэг удаа өшиглөх шиг болсон.Энэ үед Булгантамир гаднаас орж ирээд салгасан.Тэгэхээр нь би босоод Ү.Гийн цээж хэсэгт нь 2 гараараа хүрээд цааш нь түлхээд орцонд гаргаад хойш нь түлхсэн. Гэтэл хойшоо баганы /хана/ ирмэг мөргөөд толгойноос цус гарсан. ...тухайн үед Ү.Г ах орж ирэнгүүтээ миний зүүн шанаа руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон, дараа нь баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн, хоолой боосон, зүүн хавирга руу нэг удаа өшиглөх шиг болсон. ...Миний хувьд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, хохирогч Ү.Гийн “...Г.Бтай чи яагаад хаалганы цоож сольчихсон юм бэ, чи яагаад энэ гэрт орж байгаа юм, энэ байр чинь Болороогийн нэр дээр байдаг биз дээ гээд яриад сууж байтал гаднаас Г.Бын төрсөн дүү /нэрийг нь мэдэхгүй/ залуу улаан галзуу шууд орж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгээд Г.Б дүүтэйгээ нийлээд миний куртикнээс татаад чирч гаргаад хоёулаа намайг нийлээд цаашаа түлхтэл би орцны баганы ирмэг толгойгоороо мөргөтөл толгойноос цус гарахаар нь Г.Бд та нар миний толгойг хагалчихлаа гээд гараа үзүүлсэн ... Түргэний эмч ирээд надад 5 оёдол тавьж өгөөд, даралтны эм өгөөд явсан. Миний толгой хагарсан. Нүүрэнд гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч Г.Булгантамирын “...төрсөн ах Батгуул над руу эхлээд мессеж бичсэн байсан. Тухайн үед машин барьж байсан болохоор анзаараагүй, тэгээд дуудлага ирэхээр нь утсаа автал хүмүүс намайг аллаа, хурдан хүрээд ир гэхээр нь шууд тасганы овоогоор уруудаад ойролцоогоор 10 минутын дотор яваад очиход Ү.Г гэх ах манай ахын эрээн /дисант/ өнгийн цамцаар хоолойг нь боогоод газар дээш нь харуулаад унагачихсан байж байхаар нь шууд оронгуутаа Ү.Гийн ар нуруунаас савхин куртикнээс нь татаад босгосон чинь ах маань босч ирээд Ү.Г ахын цээж хэсэг рүү түлхээд гэрээс гаргасан. Тэгээд хоорондоо түлхэлцээд ах Ү.Г ахыг цааш нь түлхсэн чинь хананы ирмэг мөргөчихсөн. Тэгээд орцон дотор Ү.Г ах тархи хагарчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Т.Болормаагийн “...Г.Б, Ү.Г 2 хоорондоо чи гар, би гар гээд гэрээс нэг нэгнээ түлхэж гаргах гээд хэсэг ноцолдож байхад Г.Бын дүү Булгантамир орж ирээд Ү.Г гэх ах руу дайрах гээд байхаар нь чи оролцоод хэрэггүй гээд татаад болиулсан. Тэгтэл Г.Б Ү.Г ахыг гэрээс түлхэж гаргаад цаашаа ханаруу түлхэх үедээ толгойг нь савчихсан юм шиг байна лээ, тэр үед Ү.Г ахын толгойноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3314 дугаартай “...Г.Бын биед зүүн 5 дугаар хавирганы цууралт, хүзүү, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3311 дугаартай “...Ү.Гийн биед дагзны хуйханд шарх, оочинд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ү.Г, Г.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Г.Б нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн...” гэх тул шүүгдэгч Ү.Г-ийг бусдад төлөх төлбөргүй,
Хохирогч Ү.Г нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн..” гэх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч Ү.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт Ү.Г, Отог овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г, Г.Б нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ү.Г, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Г, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ