Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           16                                      2020/ШЦТ/369

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт Д-ын Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005001330442 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ний өдөр ..... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, .... ХХК-д инженер ажилтай, ам бүл... , ......... хамт ........ дүүргийн ... дугаар хороо .......... байрны ... тоотод оршин суух, Ч овогт Д-ын Т-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle нэртэй бааранд иргэн У.О-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle нэртэй бааранд иргэн У.О-ын  нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч У.О-ын “... Тэгээд бид нар бөөнөөрөө бүжиглээд зогсож байтал миний ард талд танихгүй таван залуу бүжиглэж байсан бөгөөд тэр залуучуудын нэг нь миний араас гараараа нудраад байсан. Тэр үед би нэг их юм бодолгүй нэг эргэж нудраад байгаа залуу руу харчихаад буцаад найзууд руугаа харан бүжиглэж байтал нөгөө залуу миний араас дахин нудраад байхаар нь би анх бүжиглэж байсан газраасаа холдоод өөр газар очиж бүжиглэж байтал манай эхнэр миний хуучин бүжиглэж байсан байран дээр очиж бүжиглэж таарсан. Тэр үед нөгөө танихгүй таван залуугийн нэг болох намайг бүжиглэж байхад нудраад байсан залуу манай эхнэрийн араас тэвэрч бариад, бүжиглэх гээд байсан. Тэр үед манай найз Н- нөгөө залуу дээр очоод нөгөө залууд “бид нар гэр бүлээрээ яваа, тэгэхээр чи жоохон цаашлаад юм уу эсвэл өөр газар очоод бүжиглэчих” гэсэн чинь нөгөө залуу манай найз Н- руу ёжлонгуй хараад жоохон цаашаа болсон. Тэгээд бид нар зүгээр бүжиглээд байж байтал нөгөө эхнэр бид хоёрыг өдөөд байсан залуу дахин манай эхнэрийн араас тэврээд манай эхнэрийн хоёр гаран доогуур хоёр гараа оруулан тэвэрч байгаад хойноос нь хөдлөөд байсан бөгөөд манай эхнэр тэр үед орилсон. Тэгэхээр нь би нөгөө залуу дээр очин эхнэрээсээ холдуулан нэг түлхээд зүүн хацар орчим нь баруун гараараа  нэг удаа алгадсан. Тэр үед нөгөө залуу над руу дайраад миний зүүн хацар орчим нэг удаа баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед баарны хамгаалагч нар гарч ирсэн бөгөөд манай найзууд бас ирээд нөгөө залуу бид хоёрыг салгасан.

... бид нар тамхи татах гээд баарнаас гарах гээд баарны өлгүүрээс хувцсаа авах гээд очиход бүжгийн талбай дээр байсан таван  залуу байсан бөгөөд яг хажуугаар нь гарах гэсэн чинь эхнэр бид хоёрыг өдөөд байсан залуу миний нүүрэнд баруун гараараа хоёр удаа цохисон бөгөөд миний хамарнаас тэр доороо цус гараад эхэлсэн.

... Миний биед учирсан хамар ясны хугарал гэмтлийг надтай маргадаг залуу нүүрэнд хоёр удаа цохисноос болж үүссэн. Харин бугуйн хугарал гэмтэл болохоор намайг цохидог залуу бид хоёр зууралдаад байж байхад тал талаас хүмүүс ирээд салгах гэж байгаад бид хоёрыг түлхсэнээс болж тэр залуу  бид хоёр газар унах үед би гараараа эвгүй тулж унаснаас болсон. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16-17 дугаар хуудас/

“Миний хувьд өөрт гарсан эмчилгээний зардал болон цалингаа гаргаж авмаар байна. Тэрнээс гомдол санал гээд байх юм байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.С-ын “... Миний харснаар бол О-ыг танихгүй залуу ямар нэгэн шалтгаангүйгээр өлгүүрийн хавьд байхад нь гараараа хоёр удаа нүүрэн тус газар, хамар орчим нь цохисон.

... Тухайн үед бол О-ын хамар хугарсан юм шиг мурийсан байсан. Хүзүү нь жоохон маажуулсан юм шиг болсон байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч У.О-ийн “Манай ихэр өөрийг нь цохисон залууг нэг удаа алгадсан. Шалтгаан нь тэр залуу хэд хэдэн удаа хэлээд байхад эхнэрийг нь оролдоод байсан болохоор алгадсан байгаа. Тэгэхдээ нэг айхтар алгадаагүй. Зүгээр хальт алгадаад л өнгөрсөн байгаа. Тэр залуу О-ыг хувцсаа авах гээд зүгээр зогсож байхад нь шууд цохисон байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1065 дугаартай:

“1. У.О-ын биед баруун бугуй ясны сэтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дарааллыг нарийн тогтоох боломжгүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Шинжээч Ө.С-ийн “У.О-ын биед учирсан баруун гарын бугуйн ясны сэтэрсэн хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр, хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын сэтэрсэн хугарал гэмтэл нь баруун бугуйнд хүч үйлчилсэний улмаас буюу ямар нэгэн зүйл тулж унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Мөн хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

“Дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт диск”-ийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн  2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоол. /хэргийн 40 дүгээр хуудас/

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн “... хохирогч У.О- түүний цаагуур цэнхэр гэмээр өнгөтэй эрээн срочкин цамцтай явах ба уг цайвар өнгийн цамцтай залуу шууд эргэж харан баруун гараараа хохирогч У.О-ын нүүрэн тус газар нэг удаа цохих үед хохирогч цааш болсон боловч уг эрэгтэй дахин баруун гараараа хохирогчийн толгой орчим цохих үед ойр орчинд байсан хүмүүс хохирогч, цайвар цамцтай эрэгтэйг хоёрыг салгах боловч ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

Б.Т-ийн яллагдагчаар өгсөн “Би өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлаж байна. Тийм учраас би өөрийн үйлдлийн улмаас хохирогч О-д учирсан гэмтлийн хохирлоос одоогийн байдлаар 450.000 төгрөг өгчихсөн байгаа. Цаашид гарах зардлыг эмчилгээний зардалд үндэслэн гарган өгөх болно. ... Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle нэртэй бааранд иргэн У.О-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Д.Т- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч У.О-ын “... Д.Т-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр сайн дураараа эвлэрсэн. Бид хоёрын хооронд ямарваа нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 96 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Д-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Т-т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ