Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           05           01                                    2020/ШЦТ/436

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ын М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905044910506  дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...... дүүргийн ...  дугаар хороо ....... дугаар гудамжны .... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 478 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийг журамлан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 349 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн 4 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д-ын М-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.М- нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн 305 тоот өрөөн дотор иргэн Б.А-ийн эзэмшилийн Samsung А-70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.М- нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн 305 тоот өрөөн дотор иргэн Б.А-ийн эзэмшилийн Samsung А-70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн “Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн 305 тоот өрөөнд эмчийн үзлэгт орж байсан юм. Тухайн үед эмчилгээний хуудас бөглөх шаардлага гарахаар нь өөрийн гар утсаа өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийгээд тэрхүү эмчилгээний хуудсыг бөглөсөн. Намайг эмчилгээний хуудас бөглөж байх үед миний хажууд байсан манай ангийн охин А- нь чиний гар утсыг саяхан нэг эрэгтэй аваад явчихлаа гэсэн. Тэгээд би өмсөж явсан куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн байсан гар утсаа шалгаж үзтэл байхгүй байсан. Би тухайн үед гар утас хулгайлсан гэх хүний хойноос гараад ойр орчмоороо шалгаж үзтэл тэр хүнийг олоогүй. Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сайн электроникс цахилгаан барааны дэлгүүрээс Samsung А-70 маркийн гар утсыг 1.399.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл байхгүй бөгөөд 359320102684114, 359321102684112 гэсэн имэй кодтой, бүдэг цэнхэр өнгийн гадаргуутай гар утас байсан. Манай сургуулийн 3 давхарын коридорт хяналтын камер байгаа бөгөөд миний үзлэгт хамрагдаж байсан өрөөний үүд хэсэг рүү чиглэсэн байсан. Мөн миний гар утсыг 30 орчим насны нүдний шилтэй эрэгтэй хүн хулгайлан авч байгаа нь бичигдсэн байсан. Би өөрийн гар утсаа олж авмаар байна. Мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Өөрийн гар утсаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... МҮИС-ийн 305 тоот өрөө рүү чиглэсэн хяналтын камерын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны бичлэгийг ногоон өнгийн DVD дээр эх хувиар нь хуулбарласаныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “.. Уг бичлэгийн 02 минут 28 секундэнд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь 305 тоот өрөөний үүдээр болон коридороор эргэлдэж байгааг харуулав. ... Уг бичлэгийн 22 минут 26 секундэнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд нь хохирогчийн гар утсыг хулгайлж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 22-25 дугаар хуудас/

Ашид Билгүүн ХХК-ны ТХҮ-720/007 дугаартай “Samsung A-70 гар утсыг 1.160.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. /хэргийн 35-37 дугаар хуудас/

 

Д.М-ын яллагдагчаар өгсөн “... Би өөрийн учруулсан гэм хороо арилгасан. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Samsung A-70 маркийн гар утсыг Теди төвөөс худалдан авч өгсөн. Тухайн гар утас нь 1 жилийн баталгаатай. Шинэвтэр гар утас байсан. Би хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.М- нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн 305 тоот өрөөн дотор иргэн Б.А-ийн эзэмшилийн Samsung А-70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Д.М- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунаагийн “... Миний бие яллагдагч Д.М-аас Samsung galaxy A-70 маркийн 353230 дугаартай гар  утсыг  2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан. Иймд энэ хүнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулсан тул энэ хүнийг уучилж байна” гэсэн хүсэлт /хэргийн 77 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.М-ын урьд хулгайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хугацаатай хорих оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 3606006.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Д.М-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ