| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00603/И |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 44
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжпэгч Н.******* би хариуцагч Б.*******тэй харилцан тохиролцож 2014.12.04-ний өдөр өөрийн эзэмшил өмчлөлийн ******* улсын дугаартай саарал өнгийн “*******” маркийн автомашиныг 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгөөр худалдсан. Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр машины үнийг хариуцагч ******* нь 2015.01.04-ний өдөр төлж барагдуулахаар тохирсон юм. Тухайн машины нийт үнийн хагас болох 7,000,000 /долоон сая/ төгрөгөнд хариуцагчаас өөр машин оролцуулан бодож аваад үлдэх төлбөр болох 4,100,000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг дээрх хугацаанд төлж барагдуулахаар болсон. ******* нь гэрээгээр тохиролцсоноор машины төлбөр 4,100,000 төгрөгийг тогтсон хугацаандаа төлөөгүй харин 2015.02.09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2015.03.07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.02.05-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулчихаад үлдэгдэл 800,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй иргэн намайг хохироосоор байна. Иймд гэрээ ёсоор худалдан авагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон тул 800,000 төгрөгийн нэг хоногийн алданги 4,000 төгрөг болж байгаа ба үүнийг хугацаа хэтэрсэн 10 cap буюу 300 хоног хэтэрчихээд байгаа тул нийт алданги 1,200,000 төгрөг болно. Хуулиар алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтгай тул алданги 400,000 төгрөг, үндсэн машины төлбөр 800,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг *******ээс гаргуулан өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч 1,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байвал эвлэрэх боломжтой.” гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1,200,000 төгрөг төлөх нь үнэн, хүлээн зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан 1,200,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Н.*******ын 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 16,650 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 16,650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР