Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

2020           05           13                                        2020/ШЦТ/480

 

 

 

                                 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч  Н.Энхболд,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас И овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005002530568 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, маникурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл... , ....... нарын хамт .. дүүргийн ... дугаар хороо ........ байрны ... тоотод түр оршин суух, ...... аймаг .... сум ... дугаар баг ......... дугаар хэсэг .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, И овогт Б-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал караокены 00 өрөөний угаалтуурын тавцан дээр тавьж, мартаж явсан хохирогч М-ын эзэмшилийн 750.000 төгрөгний үнэ бүхий I phone 7 plus загварын гар утсыг олж гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал караокены 00 өрөөний угаалтуурын тавцан дээр тавьж, мартаж явсан хохирогч М-ынын эзэмшилийн 750.000 төгрөгний үнэ бүхий I phone 7 plus загварын гар утсыг олж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнхгал төвийн Монгол нэртэй караокены хэсгийн бие засах өрөөнөөс 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн гарч байгааг камерын бичлэгийг 00:04:08 секундэд харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 12-28 дугаар хуудас/

 

Хохирогч М-ын “2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал нэртэй караокед найзуудын хамт орж үйлчлүүлж дуулж байгаад би 01 цаг 50 минутын үед бие засах өрөөнд цэвэр устай хамт гар утсаа барьж ороод үсээ янзлах гээд угаалтуурын тавцан дээр гар утас, цэвэр ус хоёроо тавьчихаад үсээ янзалж дуусаад цэвэр усаа аваад гар утсаа мартаад гараад явсан байсан. Тэгээд 10 минутын дараа гар утсаа мартсанаа санаад эргээд ороход миний гар утас байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас  I phone 7 plus загварын гар утас байсан. Би 2017 онд Макао улсаас Монгол мөнгөөр 3.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

... Би гар утсаа мартаад алга болсоны дараа тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд намайг 00 өрөөнд ороод гарсаны дараа 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бие засах өрөөнд орсон. Би тэр хүмүүсийг сэжиглэж байна. 353820088856228 гэсэн имэй кодтой. Би танихгүй ээ. Харин тухайн үед үүдний ресепшинээс асуухад надад тэдгээр хүмүүсийн хүн нь тооцоо хийхдээ мобайл банкаар шилжүүлэг хийсэн гэж хэлээд надад 5077366801 гэсэн дансны дугаарыг хэлж өгсөн. Би гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/

 

Гэрч Н.Н-ынын “... Би тухайн үед хяналтын камерын бичлэгийг би өөрийнхөө утсан дээрээ бичиж авч байсан. ... Би хяналтын камерын бичлэг шүүж үзэж байхад 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бие засах өрөө ороод 2 эрэгтэй хүний 1 эрэгтэй хүн нь бие засах өрөөний угаалтуур дээр байсан гар утсыг авч байх үе нь хальт харагдаж байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-68 дугаар хуудас/

 

Гэрч Э.Н-ынын “Би тухайн өдөр ажиллаж байх үед 3 дугаарын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүсийн дундаас нэг эмэгтэй бие засах өрөөнд гар утсаа мартаж гарсан гэж хэлэхээр нь зохион байгуулагч А-ынт хэлээд хяналтын камер шүүж үзэхэд 4 номерын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс нөгөө утсаа алдсан эмэгтэй хүний араас бие засах өрөө ороод угаалтуурын тавцан дээр байсан гар утсан дээр өөрийнхөө гар утсыг тавиад давхар авч явсан нь бичигдсэн байсан гэж хяналтын камер шүүсэн зохион байгуулагч А-ын, тухайн гар утсаа алдсан хүн тэгж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70 дугаар хуудас/

 

Гэрч Б.А-ынын “... Тэгээд би 6 давхарт байх хяналтын камерын өрөөнд орж шүүх үед гар утсаа алддаг эмэгтэй бие засах өрөөнд ороод гар утсаа угаалтуурын тавцан дээр тавьж үлдээгээд гараад явч байсан. Тэгээд араас нь удалгүй 4 дугаарын өрөөнд үйлчлүүлж байсан 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн бие засах өрөөнд ороод угаалтуур дээр байсан гар утас авч байх үе бичигдсэн байсан. Тэгээд гар утсаа мартдаг эмэгтэй хүн нэг гар утсаар тухайн үеийн хяналтын камерын бичлэгийг бичиж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72-74 дүгээр хуудас/

 

Гэрч Т.А-ынгийн “Би тухайн өдөр караокед орж үйлчлүүлсэн. Найз залуу М-а, найз залуугийн найз Б- бид гурав хамт орж үйлчлүүлсэн. Бид гурав үйлчлүүлж дуусаад караокены өрөөнөөс гарч бие засах өрөө орсон. Найз залуу М-а, Б- бид гурав цугтаа орсон. Тухайн бие засах өрөөнд байсан гар утсыг би мэдэхгүй, огт хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 75-77 дугаар хуудас/

 

Гэрч Б.М-ын “... Бие засах өрөөний угаалтуур дээр байсан гар утсыг Б- түрүүлж хараад энд гар утас байна авчих уу, яах уу гэж байснаа авчихъя гэж хэлээд аваад халаасандаа хийсэн. ... Би тухайн үед бүдэг цэнхэр өнгийн үстэй малгайтай өвлийн куртик, хар өнгийн жинсэн өмд, шар өнгийн Timberland гутал өмссөн байсан. Найз Б- болохоор малгайтай хар өнгийн өвлийн куртик, бэлтгэлийн 2 өөр өнгөтэй өмд, хар өнгөтэй Nike брэндийн өвлийн пүүзэн нутал өмссөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 78-80 дугаар хуудас/

 

Гэрч Г.Баттулгын “Б- нь манай ломбардаар үйлчлүүлж гар утас бэлэн мөнгөний барьцаанд тавьж буцааж авдаг байнгын үйлчлүүлэгч болохоор танилцсан. Би Б-ыг сайн танихгүй. Би Б-аас 2020 оны 01-02 дугаар сарын үед хар өнгөтэй I phone 7 plus загварын гар утас 70.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 84-86 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны ТХҮ-720/027 дугаартай “I phone 7 plus загварын гар утсыг 750.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. /хэргийн 93-96 дугаар хуудас/

 

Б.Б-ы яллагдагчаар өгсөн “... Миний буруу би гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байна. ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй шударга байх болно. Би хохирлын мөнгийг нь бага багаар ч болтугай олоод төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /102-103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хохирогч М-ын, гэрч нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны ТХҮ-720/027 дугаартай дүгнэлт, Б.Б-ы яллагдагч болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх гал караокены бие засах өрөөний угаалтуурын тавцан дээр тавьж, мартаж явсан хохирогч М-ынын эзэмшилийн 750.000 төгрөгний үнэ бүхий I phone 7 plus загварын гар утсыг олж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйл баримт тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Б.Б-аас хохирогч М-ынын “... I phone 7 plus утсаа гээгдүүлж, түүнийг олсон Батболдын Б- нь хохирлыг минь барагдуулсан тул цаашид хохирол гомдолгүй болно” гэсэн хүсэлтийг Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 144-145 дугаар хуудас/ гарган өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, Баялаг өрнө дэлгэрэх ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газар эд зүйл барьцаанд тавьсан 12 хуудас бүртгэл, Хаан банкны 29/1281 тоот албан бичиг 4 хуудас 5077366801 дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Б.Б-ы хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, Баялаг өрнө дэлгэрэх ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газар эд зүйл барьцаанд тавьсан 12 хуудас бүртгэл, Хаан банкны 29/1281 тоот албан бичиг 4 хуудас 5077366801 дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ