Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           05           11                                      2020/ШЦТ/469

 

 

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Энхболд,

өсвөр насны шүүгдэгч Э.Г- түүний хууль ёсны төлөөлөгч Х.Бадамсүрэн тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Н овогт Э-ын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005011970604 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...  оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, авто засварын туслах ажилтан, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт .... дүүргийн..  дугаар хороо ... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Н овогт Э-ын Г-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Э.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар гудамжинд хохирогч Б.Б-ыг зодож биед тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар гудамжинд хохирогч Б.Б-ыг зодож биед тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын “2020 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед би найз У-ын хамт гудамжинд утсаараа оролдоод байж байтал саарал өнгийн Prius 20 маркийн автомашин ирж зогсоод Г- болон М- хоёрыг буулгачихаад яваад  өгсөн. Тэгээд Г-, М- хоёр У- бид хоёр дээр ирээд Г- У-д чи яасан том болчихсон юм гээд цохих гээд гараа далайхаар нь би Г-ын гарнаас бариад болиоч дээ гэсэн чинь Г- миний нүүр лүү гараараа 4, 5 удаа цохисон. Тэр дороо миний хамарнаас цус гарахаар нь би доошоо тонгойгоод цусаа гоожуулж байтал Г- миний эрүүнээс базаж толгойг минь дээшлүүснээ гарынхаа ард талаар 2, 3 удаа алгадаад чи уйлчихлаа ш дээ гэж хэлтэл Г-той хамт явж байсан М- нь одоо болно явъя гээд Г-ын гарнаас татаад тэр хоёр цаашаагаа яваад өгсөн.

... Г- гэдэг эрэгтэй миний нүүрэн тус газар гараараа 4,5 удаа цохиж тухайн гэмтлийг учруулсан.

... У- болон намайг зодсон Г-той хамт явж байсан М- байсан. Эмчилгээндээ гарсан зардлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч А.У-ын “... Г- нь бууж ирээд надад чи ямар том болчихсон юм, яаж яриад байгаа юм гэх зэргээр үг хэлээр дайраад миний урд тулж ирээд баруун гараараа далайгаад байсан ба манай найз Б- нь гарнаас нь татсан чинь Б.Б-ын нүүрэн тус газар 4-5 удаа цохичихсон. Б.Б-ын хамраас цус гараад тогтохгүй байсан ба Г- нь гарын араар Б.Б-ын ам руу алгадаад доошоо харахад нь Б.Б-ын эрүүний хэсгээс базаж өргөөд чи ямар том болчихсон юм, чи одоо уйлж байна ш дээ гэх зэргээр надтай яриад байж байхад М- за зүгээр үү гэж асуусан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч О.М-ын “... Тэгсэн чинь манай найз Г- таксинаас буугаад У-, Б- хоёрт хандаж та хоёр юугаа муухай хараад байгаа юм гэж хэлээд тэр хоёр луу дөхөж очоод Г- нь У-ыг гараараа алгадах гээд далайсан. Тэгсэн чинь У- би яагаа ч үгүй ш дээ гээд хойшоо болсон. Г- У- руу уурлаж хэл амаар доромжилж байгаад хажууд нь  зогсож байсан Б- луу дайрч эхэлсэн. Г- Б-ын хамар болон хацар луу нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгсэн чинь Б-ын хамарнаас цус гараад эхэлсэн. Б- урагшаагаа тонгойгоод цусаа гоожуулж байхад нь Г- нь Б-ын эрүүнээс нь гараараа базаж нүүрийг нь өөр лүүгээ харуулаад чи уйлчихлаа ш дээ, арчаагүй юм гэх мэт үг хэлээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3879 дугаартай:

“1. Б.Б-ын биед тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Өсвөр насны яллагдагч Э.Г-ын “Миний бие 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр найз Мэндээгийн хамт Өргөө кино театрын хажуу талаас такси бариад гэртээ харихаар явж байсан. Бид хоёрыг такситай харих замд Б-, У- хоёр гудамжинд зогсож байсан юм. Бид хоёрын сууж явсан такси үүнээс цааш явахгүй гэхээр нь бид хоёр таксинаас буугаад би Б-, У- хоёр луу явж очоод Б-ын зүүн талын хацар луу нь баруун гараараа 3 удаа алгадсан. Тэгтэл манай найз Мэндээ намайг явъя гээд Б-, У- хоёроос салгаад аваад явсан. Би Б-ын биед учирсан гэмтлийн зэрэгт тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт надад байхгүй. Би гараараа түүний зүүн хацар луу нь алгадаж тухайн гэмтлийг учруулсан.

... Би хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Мөн түүнээс уучлалт гуйна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын “... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 36 дугаар хуудас/ түүний хууль ёсны төлөөлөгч Б.Соёлмаагийн “... Э.Г-той сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлоо төлүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 59 дүгээр хуудас/  авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч  Э.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Н овогт Э-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Э.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар хийхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дах хэсэгт зааснаар Э.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Г- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ