Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2017/01037/И |
Дугаар | 001/ХТ2018/00845 |
Огноо | 2018-05-24 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2018/00845
“Р” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03269 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 509 дүгээр магадлалтай,
“Р” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Г.Т-д холбогдох,
24.936.569 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Баттогтох, Б.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ням, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Р” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т-ын зээл авах тухай хүсэлтийг тус банк бус санхүүгийн байгууллагын Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, 39.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж 18.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, бизнесийн хэрэгцээнд ашиглах зориулалттай олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч уг зээлийг өөрийн төрсөн дүү Г.Тунгалагтай хамтарч авахыг хүсч, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн нөхөр Т.Батмагнай, хүүхэд Б.Цолмон нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205033442 дугаартай, 2 өрөө байрыг тэдгээрийн итгэмжлэн зөвшөөрснөөр барьцаалж, 45/14 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг Г.Тунгалагтай хамтарч 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээлийг эргэн төлөх графикийг хатуу тохирсон боловч 2015 оны 9 дүгээр сарын 19-нд зээлийн хугацаа дуусахад зээлдэгч нь үндсэн зээлээс 1.304.000 төгрөг, зээлийн хүүгээс 6.696.000 төгрөг төлсөн. Хариуцагч Г.Т- зээлдэгч, барьцаалуулагчийн хувьд ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн тул зээлийн үлдэгдэл 16.696.000 төгрөг, зээлийн хүү 6.878.751 төгрөг, нэмэгдэл хүү 997.308 төгрөг бүгд 24.572.059 төгрөгийг тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний 364.510 төгрөгийн хамт нийт 24.936.569 төгрөгийг төлөх ёстой.
Иймд Г.Т-аас 24.936.569 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа: би энэ байгууллагаас 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээлийг авсан тохиолдол огт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний дүүгийн Гантус ХХК-д зээлийг олгосон гэж дуулсан. Би дүүгийнхээ ажилд тус болох үүднээс зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан болохоос зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Гантус ХХК-ийн ажлыг мэдэхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03269 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Т-аас 24.570.059 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 366.510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033422 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000095804 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 28/1 байр 70 тоот 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 1.822 төгрөгийг нэхэмжлэгч Р ББСБ ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.Т-аас 351.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 509 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 351.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Гөлгөний Туул миний бие СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.21-ний өдрийн 181ШШ/201703269 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 509 тоот магадлалын бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол байна. Би “Р ББСБ”-с нэг ч төгрөгний зээлийн мөнгө аваагүй 2014 онд болон өнөөдрийг хүртэл би ямар ч байгууллагаас зээл аваагүй бөгөөд 2014 оны 9-р сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ гэгчийн талаарх болсон үйл явдлын талаар бүх зүйлээ үнэн зөв тайлбарлаж хэлж байхад дээрх шатны шүүхүүд бодиттой талаас нь үнэн зөв дүгнэж хуулийн талаас нь огт үнэлэхгүй зөвхөн “Р ББСБ” -ын худал тайлбараар гэмгүй явсан намайг өрөнд оруулж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Тухайн 18.000.000 төгрөгийг авсан хүн нь тодорхой, шилжүүлж авсан компани нь тодорхой иргэн Тунгалагийн зүгээс 2014, 2017 онуудад зээлийн төлбөр үр хүүхдүүдээрээ төлүүлж байсан нь тодорхой нотлох баримтууд байхад шүүх хэт нэг талыг барьж хуулийг зөв хэрэглэхгүй намайг хохироож байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.21-ний өдрийн 181ШШ/201703269 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 509 тоот магадлалын бүхэлд нь эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч “Р” ББСБ ХХК нь хариуцагч Г.Т-д холбогдуулан 24.936.569 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгө аваагүй” гэсэн тайлбар гаргажээ.
Хариуцагч Г.Т- нь Баянгол дүүрэгт байрлах 39.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Р” ББСБ ХХК-с 18.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар сарын 4 хувийн хүүтэй зээлэх, төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохирч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, Г.Тунгалаг нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зуржээ.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг хамтран зээлдэгчийн хүсэлтээр түүний “Ган тус” ХХК-д шилжүүлсэн байх ба зээлдэгч Г.Т- зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг төлсөн, зээлдэгч Г.Тунгалаг нас барсан үйл баримт тогтоогджээ /хэргийн 6-17, 25, 149, 165, 166 дугаар тал/.
Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх, хариуцагч Г.Т- зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх ба мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэжээ.
Зээлийн гэрээнд Г.Т- нь үндсэн, Г.Тунгалаг хамтран зээлдэгчээр оролцсон, энэ тохиолдолд мөнгийг тэдгээрийн хэн аль нь авах эрхтэй, нэхэмжлэгч мөнгийг хамтран зээлдэгчийн хүсэлтээр түүний заасан этгээдэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг Г.Т-аас шаардах эрхтэй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, төлбөрийн тооцоо зэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03269 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 509 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 351.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ