Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 11

 

 

                               Ц.Эрдэнэбаярт холбогдох хэргийн талаар

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй, 

Прокурор Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Эрдэнэбаярт холбогдох 201707000037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Бигэр сумын 5-р баг, Хүрэмтэд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ДВ94051014 регистрийн дугаартай, Бууч овогт Цэеэн-Ойдовын Эрдэнэбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багийн нутаг Ондгой гэх газар нэн ховор амьтан болох цоохор ирвэс агнаж 11.200.000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бууч овогт Цэен-Ойдовын Эрдэнэбаярыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, нэн ховор ан амьтан болох ирвэс агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр заажээ. Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн Вепрь 762-39 маркийн буу, сумны гэр, 8 ширхэг сум зэргийг улсын орлогод оруулахаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт галт зэвсгийн гэрчилгээний хамт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Эрдэнэбаяраас гэм хорын хохирлын үлдэгдэл 11.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, бууны үнийн үлдэгдэл 2.500.000 төгрөгийг иргэний 

нэхэмжлэгч Б.Идэрначинд тус тус олгохыг дурдаж, мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шүүгдэгчийн 26.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 166 малыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаагаар битүүмжилснийг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 настай эр ирвэсний арьсыг Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музейд шилжүүлж, 6 ширхэг, 14 кг 640 гр махыг устгаж, CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Ц.Эрдэнэбаярыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн    өмгөөлөгч    Д.Батмөнх    давж    заалдах    гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь: Ц.Эрдэнэбаяр нь 2017 оны 01-р сарын 20-ны өдөр ирвэсийг хэрхэн ямар учраас буудсан болохоо мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Хашааруу гарсан чинь миний өмнөөс дайраад гараад ирэхээр нь өмнөөс нь буудсан. Цаашаа буугаад явах шиг болсон” гэж мэдүүлсэн, гэрч Сүнжидмаагийн “...Гадаа гараад нэг буун дуу сонсогдсон. Тэгээд орилоод нэг буун дуу сонсогдсон. Тэгэхээр нь би сандраад орноосоо босоод хувцасаа өмсөөд гарах гэж байсан чинь манай хүн урдаас ороод ирсэн. Тэгээд юу болов гэсэн чинь ирвэс ирсэн байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэсэн. Юу болоод орилсон юм бэ гэсэн чинь хашаан дээр харайж гарч ирээд дайрах гэсэн гээд орилсоноо өрөө мэдээгүй сандарсан байртай орж ирсэн гэх мэдүүлэг”, Гэрч Цэен-Ойдовын “...Манай хүү яриад ирвэс урд шөнө хотруу дайраад хашаан дээр үсэрч гарч ирээд өмнөөс дайраад буудсан чинь маргааш нь хотны цаана үхсэн байна гэсэн” гэх мэдүүлэг, арьсанд үзлэг, шинжилгээ хийсэн дүгнэлт зэргээр Ц.Эрдэнэбаяр нь өөрийн амь нас эрүүл мэндээ араатан амьтаны дайралт, довтолгооноос хамгаалж буудсан. Өөрөөр хэлбэл гарцаагүй байдлын улмаас ирвэс буудсан болох нь хавтаст хэргээр тодорхой нотлогдож байна.

      Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Эрдэнэбаяр нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр нэн ховор амьтан болох ирвэсийг агнасан гэмт хэрэгт холбогдсон байгаа. 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Зүйл ангийн тухайд авч үзвэл 2015 оны 12 сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 1.9-д зааснаар хууль буцаан хэрэглэж болохоор байгаа. Уг хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байгаа. 2015 оны эрүүгийн хуулиар Ц.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд хэрэг болчихсон байгаа. Ц.Эрдэнэбаяр нь 2016 онд өрх тусгаарласан эхнэр, 2 настай хүүхдийн хамт амьдардаг. 2011 онд ээжийгээ алдсан, эмэг эх нь одоо 93 настай, аав нь 59 настай, эдгээр хүмүүс Ц.Эрдэнэбаяр байнгын асран хамгаалдаг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол болох 11.200.000 төгрөгийг сайн дураар барагдуулсан мөн үлдэгдэл нөхөн төлбөрөө 7 сарын 20-оос өмнө хийсэн, иргэний нэхэмжлэгч Идэрначинд бууны мөнгөө төлж барагдуулсан байгаа. Тиймээс 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг журамлан хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Ц.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс оруулж байна гэв.  

Прокурор Д.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарыг сонслоо. Зүйлчлэлийн хувьд маргахгүй байх шиг байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж хуулийг буцаан хэрэглэж тэнсэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ. 

Ц.Эрдэнэбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-нд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багийн Ондгой гэх газарт нэн ховор амьтан болох цоохор ирвэс агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч О.Мөнхбаярын: “Эрдэнэбаяр утсаар надруу залгаж “Урьд шөнө манай хоттой мал руу ирвэс дайраад мал бариад идэж байхаар нь би буудчихсан. Өглөө харсан чинь манай хотны дээд хадан дээр үхчихсэн хэвтэж байна гэж хэлсэн” гэсэн  мэдүүлэг,

Гэрч Ж.Цэен-Ойдовын: “Манай хүү Эрдэнэбаярын мал руу нь удаа дараа Ирвэс дайраад байна гэхээр нь би Байгаль орчны газарт өргөдөл өгсөн. Тэгээд байж байтал 2017 оны 01 дүгээр сарын дундуур надруу залгаад урьд шөнө хот руу ирвэс дайраад би харайж гараад хий буудсан чинь миний өмнөөс хашааны хөрөн дээр гараад ирэхээр нь чиглүүлээд буудсан. Хотны баруун талд хадны ёроолд үхчихсэн байна. Одоо яах вэ гэж хэлсэн. Би нэгэнт алчихсан юм бол арьсыг нь хуулаад махыг нь эвдээд хадгалчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хүрэлбаатарын: “2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр байх нэг өдөр Эрдэнэбаяр гар утсаар залгаж, манай хоттой мал руу цоохор ирвэс дайраад мал идээд байна. Бүр хотон дотор орж ирээд мал бариад явахгүй болохоор нь буудаж үргээж хөөсөн чинь өглөө нь хотны толгой дээгүүр даваад цаана нь үхчихсэн байна гэж ярьсан. Эрдэнэбаяр руу дайрсан талаар яриагүй” гэсэн мэдүүлэг,

Т.Сүнжидмаагийн: “2017 оны 01 дүгээр сарын дундуур нэг орой 21-22 цагийн үед байх хоттой хонь үргэсэн юм. Манай нөхөр юу болсныг үзэхээр гарчихаад, орж ирэхдээ нэг ирвэс хотон дотор мал барьсан байна гэж хэлээд том буугаа аваад гарсан. Гараад нэг удаа буудаж байгаа нь сонсогдсон. Нэг их удалгүй буудаад хөөгөөд явуулчихлаа гэж хэлээд орж ирсэн. Маргааш өглөө нь манай нөхөр хотны захад хадны цаана урьд шөнө буудсан ирвэс үхчихсэн хэвтэж байна гээд аваад хүрээд ирсэн. 

Манай нөхөр хашааны мухарт хадны урд талд ямаа барьчихсан идээд хэвтэж байхаар нь буудчихлаа. Тэгээд нөгөө ирвэс цаашаагаа харайгаад явчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваанямын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн: “Шинжилгээнд ирүүлсэн цоохор ирвэсний арьсанд үүссэн №1, №2 гэж дугаарласан цооролтууд нь галт зэвсэгийн үйлчлэлээр буюу шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 1545, замагны 545 дугаартай Вепрь маркийн галт зэвсгээр, зэс хошуутай сумаар  үүсгэгдсэн байх боломжтой байна. 

 

Шинжилгээнд ирүүлсэн цоохор ирвэсний арьсанд №1, №2 гэж дугаарласан хэсгүүдээр орсон сум №3, №4 гэж дугаарласан хэсгүүдээр гарсан байх боломжтой гэсэн 2255 дугаар физикийн шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. 

2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан нэн ховор ан амьтан агнасан, барьсан үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцох бөгөөд Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоон гэмт этгээдээр нөхөн төлүүлдэг журамтай.

Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч  Г.Цогтжаргалын 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн толгой, 4 сарвуу бүхий 1 ширхэг амьтны арьс, мах зэрэг нь махчдын баг, Мийн овгийн Ирвэсийн төрөлд хамаарах Цоохор ирвэсийн арьс, мах мөн.  

Үзлэг шинжилгээ хийхэд Арьсны өнгө, зүс соёо, шүд зэргээс харахад залуу буюу 3-4 настай, эр бодгаль байна. 

Эклоги эдийн засгийн үнэлгээгээр цоохор ирвэсний эр бодгаль нь 11 200 000  төгрөг болно.” гэжээ. 

Шүүгдэгч нь төрийн сангийн 100050000954 дугаар дансанд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 11 200 000 төгрөгийг, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 200 000 төгрөгийг тус тус төлж гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь хашаан дээр гарахад миний өмнөөс ирвэс дайраад гараад ирэхээр нь өөдөөс нь буудсан гэж мэдүүлж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнх шүүгдэгчийн цоохор ирвэсийг буудсан үйлдэл нь араатан амьтнаас өөрийгөө хамгаалах зорилготой буюу гарцаагүй байдлын улмаас хийгдсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь шүүгдэгч цоохор ирвэсийг хоёр удаа буюу шөнө хотон дотор байхад нь буудаад маргааш өглөө нь дахин буудсан тухай мэдүүлэг, уг байдлыг нотолсон физикийн шинжилгээний дүгнэлт, гэрч Т.Сүнжидмаагийн “Манай нөхөр хашааны мухарт хадны урд талд ямаа барьчихсан идээд хэвтэж байхаар нь буудчихлаа. Тэгээд нөгөө ирвэс цаашаагаа харайгаад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Хүрэлбаатарын “Эрдэнэбаяр руу дайрсан талаар яриагүй” гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Тиймээс Ц.Эрдэнэбаярын дээрх үйлдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт  бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ц.Эрдэнэбаяр нь нэн ховор ан амьтан болох цоохор ирвэс  агнасан гэмт хэрэг  үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.

Ц.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар тус тус заажээ.

Ц.Эрдэнэбаярын үйлдсэн 2002 оны эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан нэн ховор ан амьтан агнах гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнах гэмт хэргийн шинжтэй тохирч байна. 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар Ц.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох торгох, хорих ялын доод хэмжээ багассан боловч хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн, тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломж хязгаарлагдсан зэргээр уг хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Ц.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Ц.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзан, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж нэн даруй суллаж, эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан 14 кг 640 грамм цоохор ирвэсний махыг Говь-Алтай аймгийн уламжлалт анагаах ухааны төвийн хүсэлтийг харгалзан тус байгууллагад шилжүүлэх зэргээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 38 дугаар шийтгэх тогтоолд: 

a. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн 

хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай гэсэн нэмэлт заалт оруулж, 

б. Шийтгэх тогтоолын 5 дугаар заалтаас “ялтан Ц.Эрдэнэбаяраас гэм хорын хохирлын үлдэгдэл 11 200 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод” гэснийг хасч, 

в. Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг “Шүүгдэгчийн 26 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий 166 толгой  малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, 

г. Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтын “6 ширхэг, 14 кг 640 грамм махыг устгаж” гэснийг “6 хэсэг ба нийт 14 кг 640 грамм хэмжээтэй цоохор ирвэсний махыг Говь-Алтай аймгийн уламжлалт анагаах ухааны төвд шилжүүлж” гэж өөрчлөн, 

д.  Шийтгэх тогтоолын 8 дугаар заалтын “ялтан Ц.Эрдэнэбаярын цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд” гэснийг хасч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Ц.Эрдэнэбаяр нь нийт 76 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.БАТТОГТОХ

 

                              ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                    Ч.ЭНХТӨР