Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0619/З |
Дугаар | 221/МА2021/0552 |
Огноо | 2021-10-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2021/0552
“Х б” ХХК дахь
банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, А.Б, хариуцагч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х б”ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах” тухай “Х б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: “ ... “М б” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж даатгалын тохиролцсон болзол бүрдсэн эсэхийг тодруулах тухай хүсэлтийг гаргасан.
Тус хүсэлтийн хариуд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтээр зөвхөн барилгын төлөв байдлын тухай дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу даатгалын тохиолдол үүссэн эсэхтэй холбогдуулан хохирлын шалтгаан, хэмжээ, зүйл зэрэгт дүгнэлт гаргах ёстой байсан боловч зөвхөн барилгын төлөв байдлын тухай дүгнэсэн байна.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тухай зарчмыг зөрчсөн байна.
Мөн “М б” ХХК-тай “Х б”ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь даатгалын гэрээ байгуулсан бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.3 дахь хэсэгт шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг шалгалтын тэмдэглэлд тусгана гэж заасан. Гэтэл Банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг огт тусгаагүй.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаартай байгууллагын стандартын 6.7, 16.9, 9.8 дахь хэсэгт заасны дагуу шалгуулагч этгээд болох Банкны эрх хүлээн авагч нь шалгалтын тэмдэглэлд гарын үсэг зураагүй, шалгуулагч этгээдэд хувийг гардуулж өгөөгүй.
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06/226 дугаартай албан бичгийн хавсралтад дулааны улиралд харьцангуй богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран болж өнгөрдөг мөндөр, нөөлөг салхи, дуу цахилгаантай ширүүн аадар бороо зэрэг үзэгдлүүдийн эрчимтэй хэсэг нь цаг уурын өртөө харуулыг дайраагүй өнгөрсөн байж болох ба дайран өнгөрсөн хэсэгт нийгэм эдийн засгийн хохирол, сүйтгэл учруулж цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон байх боломжтой тухай дурдсан. Гэтэл шүүхээс зөвхөн Онцгой байдлын газрын албан бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Х б”ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасан хүрээнд хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
“М б” ХХК, “Х б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 90С182032064 дугаар “Даатгалын гэрээ” байгуулж, Багануур дүүрэгт байрлах “Мах Маркет” ХХК-ийн мах бэлтгэх үйлдвэр, үйлдвэрийн тоног, төхөөрөмж, хөрөнгийг даатгуулсан байна.
Багануур дүүрэгт 2019 оны 07 дугаар сарын 11 болон 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш их хэмжээний бороо орсны улмаас тус үйлдвэрийн дээвэр болон ханаар их хэмжээний борооны ус нэвчин гоожсонтой холбоотой “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас “М б” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 466 дугаар албан бичгээр даатгалын тохиолдол бий болсон, даатгалын нөхөн олговор хүсч ханджээ.
“М б” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/1227 дугаар албан бичгээр “Тус компанийн даатгуулагч “Мах Маркет” ХХК-ийн Багануур дүүргийн 2 хороо, үйлдвэр хэсэг, 40 тоотод байрлах мах бэлтгэх үйлдвэрийн барилгад борооны ус орсны улмаас дусаал гоожиж барилгад хохирол учирсан гэх тохиолдлыг шийдвэрлэхэд танай байгууллагын дүгнэлт шаардлагатай байх тул шалтгааныг тогтоож бидний ажилд тусална уу” гэсэн хүсэлтийг тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Барилга техникийн хяналтын улсын байцаагч Н.Б төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж маргаан бүхий дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлтийг “даатгалын тохиолдол үүсээгүй, нөхөх олговор олгохгүй” байх үндэслэлээ болгожээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ, 8.1.1-д “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж заасны дагуу нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, тухайн бороо орж, барилгын чанарт нөлөөлсөн гэх үйл явдал нь “даатгалын тохиолдол” мөн эсэхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байна.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасны дагуу тухайн асуудал Иргэний хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.
Гэтэл хариуцагч улсын байцаагч нь гэрээний нэг тал болох даатгалын байгууллагын хүсэлтээр тухайн барилгын байдалд хяналт шалгалт хийсэн гэх боловч “барилгын дээврийн бин битүү байдал алдагдсанаас борооны ус нэвчин орж дотор хана, таазын заслыг эвдсэн, дээврийн усны хаялга эвдэрснээс гадна фасадны өнгө, үзэмж муудсан байна” гэж дүгнэснээс үзвэл “даатгалын тохиолдол” мөн эсэхтэй холбоотой дүгнэлт гаргажээ.
Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Улсын байцаагч хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” эрх хэмжээнд хамааралгүй, ямар нэгэн хууль тогтоомж зөрчиж байгааг тогтоолгохоор хүсэлт гаргаагүй байна.
Хариуцагч улсын байцаагч нь тайлбартаа “Даатгуулагч талаас ирүүлсэн хүсэлтийг даатгалтай холбоотой гэж хараагүй. Барилгын бодит нөхцөл ямар байгааг тусгаж өгсөн” гэх боловч тухайн дүгнэлтийн агуулга нь дээрх хуулийн 10.10-д “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно” гэсний дагуу Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараахь хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ: 47.2.1-д “Барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт”, 47.2.2-д “Барилгын материал, түүхий эд, эдлэхүүн, бүтээгдэхүүний чанарт, 47.2.4-д “Барилга байгууламжийн ашиглалтад” гэж заасан чиг үүргийн хүрээнээс хэтэрсэн байна гэж үзлээ.
Учир нь тухайн хяналт шалгалт явуулсан шалтгаан болох “М б” ХХК нь барилгын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч биш, гэрээний нэг тал болох нь тодорхой байхад нөгөө талыг оролцуулж, барилгын зураг төсөл, хийц, бүтээц, барьсан материал, бүтээгдэхүүний чанар буюу дүгнэлтэд дурдсан “дээврийн бин битүү байдал алдагдсанаас борооны ус гоожсон” гэх нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтуудыг шалгаагүй атлаа энэ талаар дүгнэлт гаргасан нь гэрээний талуудад иргэний хууль тогтоомжийн дагуу иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэхэд нь үр дагавар үүсгэхүйц байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий дүгнэлтийг гаргах болсон шалтгаан, зорилго, агуулга, хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд байгаа эсэх талаар хэргийн нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчийн хяналт шалгалтын явцад шалгаж, үнэлээгүй, барилгын хувийн хэрэг, зураг төсөл, насжилттай холбоотой баримтуудыг цуглуулж, холбогдох барилгын норм стандартыг зөрчсөн гэх, мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн талаар /таамаглал/ баримт цуглуулж, тус баримтдаа үндэслэн “хүчтэй бороо орсон нь цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд биш” гэх зэргээр иргэний эрх зүйн харилцааны хүрээнд шийдвэрлэгдэх асуудлыг дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд хариуцагч Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар, даатгалын гэрээний нэг талын хүсэлтээр нөгөө талыг оролцуулалгүй дүгнэлт гаргасан нь зорилгодоо нийцээгүй, иргэний эрх зүйн хүрээнд гэрээний талуудын шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцсон нь дээрх хуулийг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Харин “дахин дүгнэлт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар ямар нэгэн татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой гаргаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул мөн хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.10, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хангаж, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зйүлийн 54.1.1-д заасныг баримтлан “дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах” тухай “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар “Х б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ