Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                          Хэргийн индекс:114/2018/0003/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн  Б-

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

“Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10А байрны ******* тоот орон сууцны улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэл, П.*******, Д.******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                     П.Уламбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                         Б.Хишгээ

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                                С.Баяраа       

Гуравдагч этгээд                                                                               П.*******

Гуравдагч этгээд П.*******, Д.******* нарын өмгөөлөгч  Л.Оюунсувд

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                                           Ц.Ганхуяг    нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б- нь “*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 1,500,000,000 төгрөгийг 4.3 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай 8470 м2 талбайтай орон сууцны зориулалттай барилгыг барьцаалсан ба байрны үнэ төлөгдөх бүрт барьцаанд байгаа барилгаасаа хэсэгчлэн чөлөөлж өгөх хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, зарим байрны гэрчилгээг гаргуулсан юм. “*******” ХХК-тай  байгуулсан барьцааны гэрээнд Б-ээс зөвшөөрөл авч гэрчилгээ гаргуулахаар тохиролцсон боловч Улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох албан тушаалтантай хуйвалдаж зөвшөөрөл авахгүйгээр гэрчилгээ гаргасныг нь мэдээд Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа  хариу өгөхдөө манай бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа байна, цаашид барьцаалсан этгээд буюу Б-ээс зөвшөөрөл авч гэрчилгээ олгож байх болно буруутай үйл ажиллагаа явуулсан Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтанд арга хэмжээ авна гэсэн албан бичгийг Б-т хүргүүлсэн байдаг. Гэвч 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зөвшөөрөлгүйгээр Д.*******, П.******* нарт Дархан сумын 11 дүгээр хороолол 10А байрны ******* тоотын 59,84 м 2  орон сууцны өмчлөх гэрчилгээг олгосон байсан.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” хэмээн заасан байх бөгөөд ийм үндэслэл байхгүй байхад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн П.*******, Д.******* нарын нэр дээр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн  48.2.2-т  “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх үр дагаврыг бий болгож байна.

         Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ёстой байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс тус барилгыг барьцаалсан  Б-ийн хууль ёсны эрхийг зөрчсөн байх тул П.*******, Д.******* нарт олгосон Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны ******* тоотод 59.84 м2 орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- “*******” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээ бүртгүүлсэн бүртгэл байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа байрны өмчлөгч нь Д.*******, П.******* нар байгаа бөгөөд Д.*******, П.******* нар нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулснаар, маргаан бүхий Дархан сум 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10А байрны ******* тоот 59,84 м2 орон сууцны өмчлөгч шударга эзэмшигч болсон байгаа. Иргэний хуулинд заасан барьцааны эд зүйлийн өмчлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд болох Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан барьцаалагчийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд гэрчилгээ олгох шаардлагатай байсныг хүчингүй болгож, барьцааны эд хөрөнгөтэй холбоотой өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, зөвшөөрөл авах шаардлагагүй болсон учир бид П.*******, Д.******* нарын  байрны гэрчилгээг гаргаж өгсөн. Б- нь тус орон сууцны барилгыг барьцаалсан боловч өмчлөгч нь “*******” ХХК хэвээрээ байгаа. Орон сууцны өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр тогтоох ёстой. Харин барьцааны гэрээ байгуулснаар өмчлөгч болохгүй, гуравдагч этгээд нь тус барьцаанд байгаа хөрөнгийн өмчлөгч болохын тулд барьцаалсан хүнээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан хуулийн зохицуулалт байхгүй болсон. Иймд Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл хуулийн дагуу явагдсан бөгөөд Д.*******, П.******* нарын гэрчилгээ нь хүчинтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Д.*******гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр П.******* бид хоёр “*******” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаад Дархан сум 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10А байрны ******* тоот 59,84 мкв орон сууцыг худалдаж авах болж урьдчилгаа мөнгөө төлж, үлдэгдэл 41840000 төгрөгийг “Голомт” банкнаас авсан зээлээрээ төлсөн. Тэгээд улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаснаар байрны гэрчилгээг олгосон.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд П.*******, Д.******* нарын өмгөөлөгч Л.Оюунсувдаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.*******, П.******* нар нь “*******” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан тус байрыг худалдаж  авахдаа байрны үнийг хэсэгчлэн төлж дуусгаад Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хандсан. Хуулийн дагуу бүртгэж гэрчилгээ олгосон хууль зөрчсөн үйлдэл байхгүй. “*******” ХХК-ний захирал Лхагвасүрэнгийн албан бичиг, Д.*******, П.******* нарын гэрчилгээ олгох хүсэлтийн дагуу гэрчилгээ гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг улсын бүртгэлийн хэлтэс зөрчөөгүй, хуулийн дагуу гэрчилгээ олгосон байна. Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй байна гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсгүүдэд заасан заалт Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Иргэн Б- нь “*******” ХХК-тай зээлийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулахад барьцааны зүйл болох барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй  байсан, гэтэл 2017 онд тус барилга нь 100 хувийн гүйцэтгэлтэй барилга болсон байна гээд тус байрны гэрчилгээ гарсан байгаа. Б- нь 50 хувийн гүйцэтгэлтэй барилга барьцаалсан, барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа гэрээгээ шинэчилж байгуулах ёстой байсан боловч гэрээгээ шинэчлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Анхныхаасаа 50 хувийн илүү буюу 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг яагаад барьцаалаад байгаа нь ойлгомжгүй байгаа иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь П.*******, Д.******* нартай хуулийн дагуу орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, төлбөрийг төлж барагдуулсны дараа орон сууцыг нь хүлээлгэж, тэдний өмчлөлд өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрлийг авахыг шаардаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байна. Б-ээс авсан мөнгийг барилгаа 100 хувийн гүйцэтгэлтэй болгоход шингээсэн ба “*******” ХХК нь барилгаа гүйцээхийн тулд Б-ээс 1,5 тэрбум төгрөг зээлсэн. Уг зээлийн барьцаанд 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан ба үүнээс хойш барилгын үнийн дүн нэмэгдсэн байхад 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан барьцааны гэрээгээр 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалах боломжгүй юм. Д.*******, П.*******д орон сууцны гэрчилгээ гаргаж өгснөөр нэхэмжлэгч тал хохироод байгаа зүйл байхгүй. Б- нь өөрийн нэр дээр 20 гаруй байрны гэрчилгээ гаргуулсан, зөвхөн энэ байран дээр маргаад байгааг ойлгохгүй байна. “*******” ХХК Д.*******, П.******* нарын мөнгийг нь хүлээж авсан учир Улсын бүртгэлийн хэлтэст хандаж орон сууцных нь гэрчилгээ гарсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б-ээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10А байрны ******* тоот  58.64 м2 орон сууцны улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэл, П.*******, Д.******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

 

          Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

            “*******” ХХК-нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б-тэй 2015/06/10  дугаартай зээлийн гэрээ, 2015/06/10А дугаарын зээлийн барьцааны гэрээ байгуулж,  1,500,000,000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгийг сарын 4.3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2003018160 улсын бүртгэлийн дугаартай, 000339007 тоот гэрчилгээтэй Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай 8470 м2 талбайтай орон сууцны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй  дуусаагүй барилга, нэгж талбарын 080100761 дугаарын 1500 м2 нийтийн орон сууцны зориулалттай газрыг уг зээлийн барьцаанд барьцаалж, энэхүү барьцааны эрхийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “*******” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 17/54 дүгээр албан тоот, гуравдагч этгээд Д.*******, П.******* нарын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын “Ласти таун” хотхоны 10А байрны  А блокны 2 дугаар орцны 2 давхрын ******* тоот 59,84 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000562763 дугаарын гэрчилгээг П.*******, Д.******* нарт олгосон байна.

Гуравдагч этгээд П.*******, Д.******* нар нь “*******” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 13 дугаар гэрээг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулан Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны А блокны 2 дугаар орцны 2 давхрын ******* тоот 59,84 м2 талбай бүхий 2 өрөө байрыг захиалж улмаар  тухайн орон сууцыг 59840000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон үнийг нь хэсэгчлэн төлж төлбөрөө барагдуулсан болох нь П.*******, Д.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, “*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Голомт банкны дансны хуулга, “*******” ХХК-ний урьдчилгаа төлөлтийн бүртгэл зэргээр нотлогдож байна.

Хэдийгээр гуравдагч этгээд нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх гэрчилгээ олгогдсон, энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу ... ийн зөвшөөрлийг заавал авсан байх”, өмнө бүртгэгдсэн өмчлөх эрх, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл хүчинтэй, өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдсөнөөр “эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох бөгөөд  иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байхаар хуульчилсан байх ба энэ хуульд зааснаар эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд нарын нэр дээр өөрчлөн бүртгэхэд уг орон сууц, газрыг барьцаалсан Б-ийн зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай байсан ба хариуцагч улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч Б-ээс зөвшөөрлийг аваагүй нь дээрх хуультай нийцээгүй байна.

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан барьцаалагчийн зөвшөөрлийг авна” гэсэн заалтуудыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоол болон  2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болгосон тул үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл шаардахгүй гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын  09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор  “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1...” дэх заалтуудыг хүчингүй болгосон байх ба дээрх заалтуудыг Улсын Их Хурал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль, мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус тус дахин сэргээсэн байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор дээрх хуулийн заалтуудыг тус тус хүчингүй болгосон байна.

Тодруулбал гуравдагч этгээд Д.*******, П.******* нарын Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10А байрны ******* тоот 59,84 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000562763 дугаарын гэрчилгээг олгох үе буюу 2017 оны 8 дугаар сарын 02-ний өдөр Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ”Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийнг барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн хуулийн заалтууд нь хүчин төгөлдөр үйлчилж байсан байх бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх хуулийг зөрчиж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн дугаарт бүртгэснээс нэхэмжлэгч Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

                                                                                                                                               

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг  тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

          1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10А байрны ******* тоот  59.84 м2  орон сууцны Ү-******* дугаарын улсын бүртгэл, Д.*******, П.******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000562763 дугаар гэрчилгээг тус тус  хүчингүй болгосугай.

 

           2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-т олгосугай.

        

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.НАРАНТУЯА