Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 653

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00083 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Оюуномин, Л.Эрдэнэбулган нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 1 524 690 төгрөг тус тус гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Л.Эрдэнэбулган,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Одгариг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон Л.Эрдэнэбулган, түүний эхнэр Г.Оюунномин нарын 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн зээлийн гэрээ болон 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хийсэн зээлийн гэрээнүүдийн нийт төлбөр болох 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэнээс хойш одоог хүртэл төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хугацаа дууссан учир гэрээнд заасаны дагуу иргэний хуулийн 232.6 дахь заалтыг үндэслэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданга тооцож, үндсэн зээл болон хүү алданги оруулан нийт 60 000 000 төгрөгийг, Л.Эрдэнэбулганд надаас түрээслүүлсэн ажлын байрны түрээсийн төлбөр болох 1 200 000 төгрөг ба цахилгааны төлбөр 324 690 төгрөгийг оролцуулан нийт 61 524 690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхжаргалаас 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд зээлийн хүүг 5 сарын турш төлж, нийт 6 000 000 төгрөгийг Д.Мөнхжаргалын нэр дээрхи, Хаан банкны 5015030590 тоот дансанд шилжүүлж төлсөн. Улмаар миний бие Д.Мөнхжаргалын хүсэлтээр түүнтэй ярилцаж тохирон, нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрт Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Орог ямаатын аманд жуулчны баазын барилга байгууламж барьж өгөхөөр болсон. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс би өөрийн “Юник вүүд” ХХК-ийн 20 ажилчинтай дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцад нийт 9 гэрийн суурийг машин механизмаар ухаж, далан босгон бэлдэн, зуурмагийн машины тусламжтайгаар суурийг цутган, гэрүүдийг барьсан. Үүний дараа рестораны зориулалтаар 201.6 м.кв талбай бүхий 2 давхар барилга барьж, гадна бүжгийн талбай, галын наадам хийх талбай зэргийг хийж тохижуулсан. Мөн уг талбайгаас дараагийн талбай руу явахад шаардлагатай, төмөр бетонон тулгууртай, 200 м.кв талбайтай модон гүүр, 36 м.кв талбайтай боловсон жорлон, душ, караоке барилга, элсний гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, баазын гаднах төмөр хашаа зэргийг барьсан. Уг ажлыг гүйцэтгэхэд газрын талбай нь их налуу, уулын хажуу байсан учраас газар шорооны ажил маш их хийгдэж, нийт 8 ширхэг машин механизм ажиллуулсан ба баазын доторх цахилгааны монтаж, төмөр бетон цутгамал бүхий бохирын цооног  бохир болон цэвэр усны шугам татах, бохирын шингэлтийн нүх ухах, гал тогооны бохирын цооног барих, авто зогсоол байгуулах, замын хөрс хуулалт хийж хайрга асган тэгшлэх, гадан жорлон барих, гүний худагт хаалт, хамгаалалт хийх, хөшөөний суурь бэлдэх, эко хавтан өрөх зэрэг ажлуудыг хийсэн. Мөн жуулчны баазад 75 тооны модон тавилгыг хийж тохижуулж өгсөн бөгөөд дээрх ажпуудын тээвэрлэлтийг өөрийн хөрөнгөөр, унаагаар хийж гүйцэтгэсэн. Жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.Мөнхжаргал нь манай эхнэр Г.Оюунномингийн нэр дээрх Хаан банкны 5072046569 тоот дансаар ажлын хөлс гэж нийт 61 964 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 24 519 500 төгрөгөөр нь материал авсан. Баримтуудыг нь түүнд өөрт нь тухайн үед нь өгсөн. Дээрх жуулчны баазын ажлын нийт зардал нь 140 519 000 төгрөг болсон бөгөөд би энэ хүнд мөнгө өгөх биш харин ч авлагатай гарч байгаа. Харин би тухайн үед энэ хүнд итгээд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, ажил хийсэн акт, төлбөр тоцооны талаар санхүүгийн баримт үйлдээгүй бөгөөд энэ бүхнийг хийсэн ажилчдын мэдүүлэг, барьсан барилга зэргээр нотлогдоно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбулганаас 60 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 524 960 төгрөг, хариуцагч Г.Оюунноминд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбулганаас 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Одгариг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх "...хариуцагч Л.Эрдэнэбулган дээрх төлбөрийг ажил гүйцэтгэх аргаар төлсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Л.Эрдэнэбулган нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр солихоор талууд тохиролцсон гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна... мөн хариуцагч Л.Эрдэнэбулган нь зээлийн гэрээний хүүд 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх боловч үндсэн зээлийг буцаан төлөөгүй талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргаагүй байх тул уг хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй..." гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Л.Эрдэнэбулган нь нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын хүсэлтээр түүнтэй ярилцаж тохиролцон, нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрт Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи Тэрэлжийн байгалын цогцолбор газрын Орог Ямаатын аманд жуулчны баазын барилга байгууламж барьж өгөхөөр амаар тохиролцон нийт 140 519 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь түүний гаргаж өгсөн ажлын тооцоо, уг амралтын газрын барилгын гэрэл зургуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.1-д "хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ." гэж заасан бөгөөд хуулийн 343-р зүйлд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр заавал байгуулах талаар зохицуулаагүй тул мөн хуулийн 196-р зүйлийн 196.1.5-д зааснаар талуудын тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч Л.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан гайлбартаа 140 519 000 төгрөгийн ажил хийсэн. Би энэ хүнд мөнгө өгөх биш харин ч авлагатай гарч байгаа гэж марган нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар дээрх ажлыг хийсэн нь тогтоогдож байхад шүүх уг барммтыг үнэлээгүй нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1-д зааснаар захирамж гарган, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт шийдвэрлэх ёстой байтал хуульд заагаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй нь үндэслэлгүй. Хуулийн тайлбарт "...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөв гэж үзэж байгаа хэдий ч түүнтэй хамтруулж өөрийн шаардлагыг шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа нь тухайн төлбөр, үүргийг шаардлагад тусгасанаар бүрэн биелүүлэх учиргүй, харин нэхэмжлэгчийн мөн гүйцэтгээгүй төлбөр, үүрэгтэй харилцан тооцох ёстой гэж үзэж байгаагийн хэлбэр юм. Энэ нь мөн л нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгогдож байна..." гэсэн байх тул Л.Эрдэнэбулган нь өөрийн шаардлагаа сөрөг нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн Л.Мөнхжаргал нэхэмжлэлдээ үндсэн зээл болон хүү алданги гэж нэхэмжилсэн бөгөөд Л.Эрдэнэбулган 6 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж тайлбарлан баримт гаргаж өгсөн байхад зээлийн төлбөрөөс хасаагүй нь үндэслэлгүй. Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл, хүүгээ нарийвчлан тодорхойлж заагаагүй тул хариуцагчийн төлсөн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах үндэслэлтэй байна. Дээрхи байдлуудаас үзэхэд Л.Эрдэнэбулган нь сайн дураараа юм уу эсвэл бэлэглэх байдлаар 140 519 000 төгрөгийн ажил хийж, амралтын газар барьж өгөх болон 6 000 000 төгрөгийг Л.Мөнхжаргалд өгсөн талаар нотлох баримт байхгүй байхад шүүх хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сөрөг нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч Г.Оюуномин, Л.Эрдэнэбулган нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 1 524 690 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 12 275 760 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн гэж үзэхгүй хэмээн үндэслэлгүй дүгнэж хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. /хх-ийн 126-127 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдэлдэг эрх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  ажиллагааны диспозитив зарчимын хүрээнд нэхэмжлэгч нь хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг болно.

 

Түүнчлэн хариуцагч Л.Эрдэнэбулган нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “… зээлийн гэрээний үүрэгт тооцож нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын эзэмшлийн амралтын газрыг барьж өгөхөөр  тохиролцсон, уг амралтын газрыг барьсан ажлын үр дүн 140 519 000 төгрөг болсон. Үүнээс зээлийн гэрээний үүрэг 60 000 000 төгрөг, материалын зардал  37 444 500 төгрөгийг тус тус хасч, зөрүү 43 074 500 төгрөг гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-ийн 169-170 дугаар тал/

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж хүлээн авахаас татгалзсан нь буруу байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй, шүүх маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг талуудад олгоогүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 780 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ          

                                              ШҮҮГЧ                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                Г.ДАВААДОРЖ