| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01209/И |
| Дугаар | 05 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 05
| 2016 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00005 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багт оршин суух, 60 настай, эрэгтэй, Боржигин овогт Жамсрангийн Цогтбаатар /РД:НВ56112410/-ын,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 онд 7 дугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр тус суманд малчнаар ажиллаж ирсэн. 1975 онд цэрэгт яваад 1978 онд халагдаж ирээд тус сумандаа 1989 оны дуустал малчин, адуучнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тамга, тэмдэг бүдэг, орсон, гарсан тушаал гараагүй зэрэг зөрчилтэй учир шүүхэд хандаж байна. Иймд 1972 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн Цавчир хэсэгт малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Цогтбаатар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ж.Цогтбаатар нь 1972 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын МПН нэгдлийн Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт Ж.Цогтбаатарын 1981 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Төв аймгийн Баян сумын МПН нэгдлийн даргын 1972 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаар МАХН-ын уриалга, МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-р анги төгсөөд хөдөө гарч байгаа залуу малчдыг ажилд томилох” тухай тушаал, 1973 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1972 оны 147-р тогтоолыг биелүүлэх арга хэмжээний тухай” тушаал, түүний хавсралт, Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 863, 864, 865 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн Баян сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан Ж.Цогтбаатарын “1972-1982” “1983-1989” онуудын цалингийн түүвэр, Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 39 дугаар “Зоо-мал эмнэлэг ариун цэврийн 45 хоногийн ажил зохион явуулах тухай” тушаал, түүний хавсралт, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаар “Малчдад ээлжийн амралт олгох” тухай тушаал, 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар “Малчдад ээлжийн амралт олгох” тухай тушаал, 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар “Малчдад ээлжийн амралт олгох” тухай тушаал, 1990 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаар “Малчдад ээлжийн амралт олгох” тухай тушаал, гэрч Ц.Банзрагчбаатар, Б.Жадамбаа нарын “Ж.Цогтбаатартай хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолтууд, тэдгээрийн шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд, Батлан хамгаалах яамны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 7921 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар Ж.Цогтбаатар нь 1972 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын МПН нэгдлийн Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх, түүний хөдөлмөрийн дэвтэрүүдийн хуулбар, мөн дээр дурдсан тушаалуудыг ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлж, Ж.Цогтбаатарыг Төв аймгийн Баян сумын МПН нэгдлийн Цацрал нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Жамсрангийн Цогтбаатар /РД:НВ56112410/-ыг Төв аймгийн Баян сумын МПН нэгдлийн Цацрал нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цогтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ