Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0406

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Туяана, шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овгийн Ш.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01295 0482 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овгийн Ш.Г-, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн Б суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д харуул ажилтай, ам бүл тав, эхнэр,  гурван хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Б- сумын Т *** дугаар багт оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам *** дүгээр байранд түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.Г- /РД: ***/ нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 36 дугаар гудамжны *** тоотод иргэн Б.Ч-ыг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь “дух, баруун доод зовхинд шарх, баруун доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д овгийн Ш.Г нь 2020 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 36 дугаар гудамжны *** тоотод хохирогч Б.Ч-ын нүүр лүү шалтгаангүйгээр дэгээ төмрөөр цохиж, түүний бие махбодод “...дух, баруун доод зовхинд шарх, баруун доод зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй....” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Х ахын найз Б гэх хүн ирсэн байсан бөгөөд нэг шил архи авч ирсэн байсан. Надад 2 хундага архи хийж өгсний дараа Х ах “сайн унтаж амарчих, маргааш эрт явцгаана шүү” гэж хэлэхээр нь би унтаж амарсан. Шөнө миний хөлөөс хүн зулгаагаад байхаар нь сэрээд өндийхөд миний нүүр лүү гал маналзаад явчихсан. Тухайн үед хэн, юугаар, ямар шалтгаанаар цохиж зодсон талаар мэдээгүй. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн ба намайг цохисон гэх залуугийн эгч, эхнэр хоёр бас ирчихсэн байсан. Уг хэрэг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин *** тоотод байх Х ахын гэрт 2020 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед болсон. Г гэх залуу надад учирсан гэмтэлд гарсан бүх зардлыг бүрэн төлсөн тул миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3460 дугаартай: “...Б.Ч-т дух, баруун доод зовхинд шарх, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгт зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 12 дугаар хуудас);

4. Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд Ч унтаж байсан бөгөөд хөдөө айл, аймаг байсан Б мөн золгохоор ирсэн байсан. Би хоол цай хийж өгөөд гаднаас ирсэн дүү нараа гаргаж өгөөд байж байхад хамт ажилладаг Г миний rap утас руу 00 цагийн үед залгасан байсан. Тэгэхээр нь би буцааж залгаад юу болсон талаар асуухад танайд очиж ахтай золгодог юм билүү гэхээр нь манайд хүмүүс ирсэн байна гэж хэлсэн. Г дахин залгахаар нь өөрсдөө мэд гэж хэлээд гэртээ унтаж байхад гаднаас Г, Г нар орж ирсэн. Би босож бууз жигнэж өгөөд 0.5 литрийн шар Чингис нэртэй архи нэг шилийг задалж өгөөд буцаад унтахаар хэвтсэн. Энэ үед нөхөр Х- болон Б нар ширээний 2 талд суугаад юм ярьж, архиа хувааж уугаад сууж байсан. Намайг унтаж байхад хүмүүс орилоод байхаар нь сэрэхэд Г Ч-ыг зодчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

5. Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний цэргийн найз болох Б хөдөөгөөс ирсэн. Удалгүй эхнэр гаднаас орж ирээд 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгөхөөр нь бид 2 хоол цай идэж уух зуураа хувааж уугаад сууж байсан. Шөнө 01 цагийн үед эхнэрийн ажлын газрын 2 хүн орж ирээд Б бид хоёртой золгосон.  Би эхнэр Гыг сэрээж эхнэр бууз жигнэж өгсөн. Эхнэр нэг шил 0.5 литрийн шар Чингис нэртэй архи гаргаж өгөөд буцаад унтсан. Бид дөрөв архиа хувааж уугаад юм яриад сууж байхад Г гараад явсан бөгөөд буцаж орж ирээд учир зүггүй агсам тавиад танай дүү нар чинь хуншгүй хүмүүс гээд орилоод байсан. Тэгэхэд Б чи манай дүү нарыг яахаараа ингэж хэлдэг юм гээд босоод үүдэнд Г-ийн бие рүү нь түлхээд гаргах гэхэд баруун орон дээр унтаж байсан Ч-ын хөлөөс татаад байсан. Би босох гэсэн боловч нугалж сууснаас болоод хөл бадайраад босож чадахгүй байсан. Энэ үед Г- гэх залуу орон дээр хэвтэж байсан Ч-ын нүүр хэсэг рүү галын үнс унагаах зориулалттай дэгээ төмрөөр 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь Б түлхээд гэрээс гаргасан чинь хамт явсан гэх залуу нь Г-ийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);

6. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өндөр залуу нь хажуугийн айл руу орсон бололтой надад архи өгсөнгүй гээд агсам тавиад эхлэхээр нь би гаргах санаатай түлхэх гэхэд монгол гэрийн баруун орон дээр хэвтэж байсан Ч-ын хөлөөс татаад байхаар нь холдуулахад галын үнс унагаах зориулалттай дэгээ төмөр аваад Ч-ын нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө 2 залууг гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);

7. Гэрч Ш.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “***” нэртэй ХХК-д 2010 оноос эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаа бөгөөд миний дүү Г эхнэрийн хамт тус байгууллагад ажилладаг юм. 2020 оны 3 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө 01 цагийн үед унтаж байхад миний гар утас руу хамт ажилладаг Г эгч залгаад дүү чинь хүн зодчихлоо гэж хэлэхээр нь эхнэрийг нь дагуулан Г эгчийн гэрт очиход Г эгч нөхөртэйгөө, мөн гэрт нь өөр 2 эрэгтэй хүн байсан. Нэг эрэгтэй хүний духнаас цус гарсан байсан. Түргэн тусламж дуудсан гэсэн боловч ирэхгүй байхаар нь дахин залгаж шаардаад, би цусыг нь цэвэрлэсэн. Дараа нь түргэний эмч ирээд ямар ч байсан ясандаа хүрээгүй байна, эмнэлэг орж оёдол тавиулах шаардлагатай гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42- 43 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Ш.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ч-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ч-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй нийцсэн байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ч нь эмчилгээний зардлаа бүрэн авсан, гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ш.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д овгийн Ш.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ш.Г-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА