Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

2020           05           13                                        2020/ШЦТ/479

 

 

     

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт Ч-ийн Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005013040615 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ...  дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ....... их сургуулийн ОУОС-ын франц хэлний орчуулагчийн 3 дугаар курсын оюутан, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Ч-ийн Э-

 

Шүүгдэгч Ч.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг 8 дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байр ... тоот гэртээ хохирогч О.М-ийн толгой, цээж, бие, нуруу хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь тархи доргилт, зүүн талын 5 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суга, бугалга, зүүн бугуйн цус хуралт гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг 8 дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байр ... тоот гэртээ хохирогч О.М-ийн толгой, цээж, бие, нуруу хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь тархи доргилт, зүүн талын 5 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суга, бугалга, зүүн бугуйн цус хуралт гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч О.М-ийн “2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай хамтран амьдардаг Э- бид хоёр 21 цагийн үед нохой салхилуулах гээд гадаа гарсан бөгөөд гадаа гараад маргаан хийгээд байсан бөгөөд яагаад юунаас болоод уурлаад байгаа юм гээд жаахан үглэсэн чинь надад уурлаад ямар олон үгтэй юм бэ гээд над руу гар утсаа  шидсэн боловч тэр нь оноогүй. Гэтэл өөрөө ирээд намайг түлхэж унагаагаад толгой дээр нэлээд олон удаа гараараа цохисон бөгөөд намайг уйлаад болиочээ гээд гуйсан боловч болихгүй зодоод байсан бөгөөд намайг үснээс зулгаагаад чирсэн. Энэ үедээ миний нурууны зүүн доод хэсэг рүү нэг өшиглөсөн. Тэгээд намайг гар утсаа өгөхгүй бариад байгаад байсан чинь намайг 5 тоолохын хооронд надад өг, тэгэхгүй бол ахиад зодно гээд хэлсэн. Тэгээд би өгөхгүй байсан чинь намайг ахиад зодсон. Би энэ үед айгаад гар утсаа ор луу шидсэн. Тэгээд намайг салах гэж байгаа юм байж явахгүй юу хийгээд байгаад байдаг юм явтал чинь чамайг зодно гээд байсан бөгөөд ингэж байгаад Э- больсон. Тэгээд би орон дээрээ уйлаад байж байтал миний гар утсыг аваад өөрийнхөө сим картаа хийгээд ээж А-тай утсаар яриад хувцсаа өмсөөд гарсан. Харин би гараад явахаар нь өөрийнхөө сим картаа гар утсандаа хийгээд мөн өөрийн ээж М- руу утсаар ярьсан. Манай ээж М- дараа нь ирээд миний хувцас юмыг аваад Э-ын төрсөн ээж А-гийн гэрт очиж үлдээсэн байсан хувцсаа авах гээд очсон. Энэ үед Э- мөн ээж дээрээ очсон граш доторхи миний эд зүйлийг гаргаад байж байсан.

... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Намайг толгой орчим нэлээн олон удаа гараараа цохисон. Энэ үед тархи доргисон. Мөн зүүн шанаа зүүн нүд гэх зэрэг гэмтэл бэртлүүд учирсан. Харин унагаагаад өшиглөж нэлээд олон удаа дэвссэн. Энэ үед хавирга хугарч бусад гар, бугалга зэрэг нь гэмтсэн байх гэж бодож байна. Эдгээр гэмтэл бэртэл нь манай найз залуу болох Э- надад учруулсан бөгөөд хэн нэг хүн надад гар хүрч гэмтээсэн зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 33-36 дугаар хуудас/

“... Надад учирсан хохирол болох 278.000 төгрөг болохоор надад өгнө гээд өгөөгүй байгаа бөгөөд энэ хохирлоо барагдуулмаар байна. Өөр бусад зардлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ биз дээ гэж бодож байна. Надад гар хүрч байсан боловч би цагдаад хандаж байгаагүй. Энэ удаа анх гомдол гаргаж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45-46 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4463 дугаартай:

“1. О.М-ийн биед тархи доргилт, зүүн талын 5 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суга, бугалга, зүүн бугуйн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17-19 дүгээр хуудас/

 

Ч.Э-ын яллагдагчаар өгсөн “... Тухайн өдөр би гадагшаа гарах гэтэл намайг хаачих гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хаачих ч байсан чамд ямар хамаатай юм гээд хэлсэн. Гэтэл чи гадуур хүүхэн эргүүлэх гээд байна гээд маргаан болсон Уг асуудлаас болоод бид хоёр нэлээд удаан маргаан хийсэн. М- бид хоёр танилцаад 2 жил орчим болж байгаа бөгөөд  нэг гэрт хамт амьдраад нэг жил гаран хамт амьдарч байгаа юм. Энэ хугацаанд надад гэр бүлээсээ авхуулаад надад танилцуулсан хүн нь худлаа болоод гэртээ байдаг гарч ордоггүй гэсэн чинь гадуур архи уугаад явсан тухай нэлээд олон удаа сонссон юм. Манай гэр бүлээс хамт амьдарч байгаа бол гээд хоёр өрөө байр аваад өгсөн бөгөөд энэ байранд орсон үеэс хойш найз нар нь гэх хүмүүс манай гэрт байнга ирээд манай гэрт архи пиво уух болсон бөгөөд хамт энэ асуудаас болоод сүүлийн үед нэлээд маргаантай байсан юм. Ингээд тухайн хэрэг маргаан гарсан өдөр бид хоёр нохой салхилуулах гэж байгаад гэрт нохой бааж шээгээд байна гэж хэлсэн. Тэр асуудлаас болоод маргаан гарсан юм. Тэр өдөр би уурлаад хэрүүл хийж байхаар гээд гарах гэтэл намайг гаргахгүй гээд зууралдаад байсан. Тэгээд би нэлээд ууртай байсан учир хэд хэдэн удаа гараараа алгадсан юм. Гэтэл хойшоо саваад уначихсан. М-ийг уурандаа нэг хоёр удаа гараараа нүүр лүү нь цохисон бөгөөд газар унаад хэвтээд байхаар нь хажуугаас нь хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд би энэ маргааны үед өөрийнхөө гар утсыг хана руу шидээд эвдсэн байсан.

... Би дүгнэлттэй уншиж танилцсан бөгөөд гарсан хариуг хүлээн зөвшөөрч байгаа. Би хоёр, гурван удаа гараараа алгадаад газар унахаар нь уурандаа нүүр лүү нь гараараа нэг хоёр удаа цохисон. Энэ үед толгой нүүрэнд учирсан гэмтэл учирсан байх. Харин энэ үедээ баруун бөөр орчим нэг удаа өшиглөсөн нь хавирга гэмтээсэн гэж бодож байна. Гар, бугалга бугуйнд цус хурсан нь намайг тухайн хэрэг маргаан гарах үед ноцолдож байх үед нь учирсан гэж бодож байна.

... Би болсон явдалд хамарсаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээж байгаа тул ойрын хугацаанд хохирлыг барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-44 дүгээр хуудас/

“... Хохирогчоос гарсан бодит зардлыг нөхөн төлсөн тул харгалзан үзэж хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүний бусдыг зодож гэмтэл учруулсан болох нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч О.М- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад учирсан хохирол болох 278.000 төгрөг болохоор надад өгнө гээд өгөөгүй байгаа бөгөөд энэ хохирлоо барагдуулмаар байна” гэж мэдүүлжээ. /хэргийн 45-46 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Э- нь хохирогч О.М-д “300.000 төгрөг хүлээлгэн өгсөн” болох нь хэрэгт авагдсан /хэргийн 52 дугаар хуудас/ нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс нэмж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол_ хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Шүүгдэгч Ч.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Ч-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Э-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6 Хэрэгт хавсарган ирүүлсэн O.Misheel Brainct Chest 2020.4.9 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг компакт дискийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч О.М-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ