Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0407

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00814 0406 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Б.Э, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Ховд аймгийн Ж суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа фермерийн аж ахуй эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Жаргал мандах *** дүгээр хэсэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын *** дугаар байрны гарааш дотор хохирогч Ө.Б-тай “яасан их зогсоолтой юм бэ, эхнэр лүү утсаар доромжиллоо" гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, гараараа цээжин тус газарт цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн талын 4-р хавирганы цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х овгийн Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын *** дугаар байрны гарааш дотор хохирогч Ө.Б-тай авто машины зогсоолын асуудлаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, түүний цээж рүү гараараа цохиж, бие махбодод нь “...зүүн талын 4-р хавирганы цуурал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч буруу ойлголцсоноос ийм хэрэг болчихлоо. Нэмж хольж ярьсан асуудал байгаа. Хохирогчтой хэрэлдэж маргалдсан зүйлгүй. Би эхнэртэйгээ хэрэлдээд ууртай байсан болохоор хохирогчийн хажуугаар нь зөрөхдөө нэг удаа цохичихсон юм, хохиролд 300,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус 1 хорооллын гараашинд ороод өөрийн *** дугаартай зогсоол дээр машинаа байрлуулах гэсэн чинь *** улсын дугаартай саарал өнгийн “Приус-41” маркийн машин зогсож байхаар нь машин дээр байсан *** дугаар луу нь залгаад ахын дүү машинаа холдуулчихаа гэж хэлсэн чинь тэр эмэгтэй наад машин чинь хаана байна гэхээр нь Залуус хорооллын гараашинд байна, машинаа гаргаа, ах нь зогсоол дээрээ зогсъё гэж хэлсэн. Тэгээд би машинаа ард нь тавьчхаад гэр рүүгээ орсон чинь 5 минутын дараа *** дугаараас нэг эрэгтэй хүн залгаад буугаад ир гэхээр нь машин дээрээ очсон. Тэгтэл өндөр нуруутай нэг залуу чи яасан их зогсоолтой хулгайч вэ, эхнэр хүүхэд доромжиллоо гээд үгийн зөрүүгүй миний цээж рүү цохисон. Тэр залуу надаас том биетэй, залуухан хүн байсан бөгөөд ноцолдоод би хүч хүрэхээргүй байсан. Тэр залуу намайг хөгшнөөр нь дуудаад, эхнэр доромжиллоо гээд уурлаад байсан, би тэр залуутай юу ч яриагүй. Тэр залуу машинаа унаад гараад явсны дараа гэртээ ортол цээж амьсгалахад өвдөөд байхаар нь эргэж тэр залуу руу залгаад ахын дүү миний цээж гэмтсэн юм шиг байна, хоёулаа эмнэлгээр явъя гэсэн чинь та эмнэлгээрээ яваад үзүүл гээд байсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь хавирга гэмтсэн байна гэж хэлсэн. Би тэр залуу руу залгасан чинь утсаа авахаа больсон, тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Би маш их гомдолтой байна, эмчилгээний мөнгөө баримтаар нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-20 дугаар хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2221 дугаартай: "Ө.Б-ын биед зүүн талын 4-р хавирганы цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас);

4. Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 28 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 32 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ө.Б- гэдэг хүнийг 1 удаа цээж рүү нь цохисон, тэгэхэд энэ гэмтэл учирсан байх.  Дараа нь над руу утсаар ярьж чамд цохиулснаас болж миний цээж өвдөөд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ө.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2020 оны 01 дүгээр сарын 28-ны        өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан юм.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд шинэ хуулийг хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хохиролд 300,000 төгрөг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч Ө.Б нь эмчилгээний зардлаа бүрэн авсан, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Э-т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Э-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА