| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01234/И |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 32
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00032 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар баг, Чулуут багт оршин суух, 35 настай, эмэгтэй, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Мөнгөнтуул /РД:НУ82022509/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 4 дүгээр баг, Хушинга багт оршин суух, 30 настай, эрэгтэй, Илжиган овогт Цэрэндолгорын Бадрах /РД:ОК87062018/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Мөнгөнтуул, хариуцагч Ц.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Мөнгөнтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Бадрахтай 2013 онд танилцаж бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Дашдулам төрсөн. Ц.Бадрах нь хамт амьдарснаас хойш байнга дээрэлхэж, элдэв янзаар дарамталж, гэр орноосоо хөөж туудаг, хоолой багалзуур шахах, зодох зэргээр аашилдаг болсон. Энэ байдлыг удаа дараа тэсвэрлэж, гайгүй болох байх гэж бодон аяыг нь харж байсан боловч 2016 оны 2 дугаар сараас хамт амьдрах нөхцөлгүй болсон учир охиноо аваад салж өөрийн гэртээ ирсэн. Бид хоёр гэр бүлийн баталгаагүй. Гэтэл Ц.Бадрах миний охиныг өөрийн нэрээр бүртгүүлсэн байсан. Үүгээрээ далимдуулж охиноо авна гэдэг. Ц.Бадрах нь одоогоор өөр хүнтэй хамт амьдарч байгаа болно. Иймд охин Б.Дашдуламын эцэг нь мөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд танилцаж, бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Дашдулам төрсөн. Б.Дашдулам нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Мөнгөнтуул нь Ц.Бадрахад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2013 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Дашдулам төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/-аар тогтоогдож байна.
Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2016 оны 02 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа, охин Б.Дашдулам нь 3 /настай/, бага насны, төрснөөс хойш эх Э.Мөнгөнтуулын асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин Б.Дашдуламыг эх Э.Мөнгөнтуулын асрамжинд үлдээж, эцэг Ц.Бадрахаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.
Иймд Ц.Бадрах нь Э.Мөнгөнтуултай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн дундаас төрсөн охин Б.Дашдуламыг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнгөнтуул нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч ц.Бадрахаас 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Илжигэн овогт Бадрахын Дашдуламыг 18 насанд хүртэл эх Боржигон овогт Эрдэнэчимэгийн Мөнгөнтуулын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Дашдуламыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Бадрахаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнгөнтуул нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Бадрах нь 28.209 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Нямдорж сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ