Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 462

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           05           06                                      2020/ШЦТ/462

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

улсын яллагч  А.Марал,

шүүгдэгч Ц.О- түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,

хохирогч М.Ө-ын өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ц-ийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005006620239 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ...  дугаар сарын ...-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....... дүүргийн ... дугаар хороо ........хдугаар гудамж ... тоотод бүртгэлтэй боловч ..... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Ц-ийн О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороололд байрлах ...  дугаар байрны ... тоотод иргэн М.Ө-ын цүнхнээс бэлэн 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол болох 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүлэгт шүүгдэгч Ц.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороололд байрлах ... дугаар байрны ... тоотод иргэн М.Ө-ын цүнхнээс бэлэн 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Ө-ын “2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед сэрсэн. Манай  хажуу өрөөнд амьдардаг байсан Ц-ийнгийн О- би өлсөөд байна гэж хэлээд надаас хоол нэхсэн. Тэгэхээр нь би хийж л байна гэж хэлсэн. Тэгээд би цайгаа чанаж байтал Ц.О- намайг 1500 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд мөнгө өгөхөөр чи архи авч уугаад байна, тийм болохоор би чамд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Би гал тогооны өрөөндөө байж байсан. О- харин манай үүдний коридор хэсэгт байж байгаад О- гал тогооны өрөөнд орж ирээд чи надаа мөнгө хэзээ ч өгөхгүй гэлүү гэж хэлсэн. Тэгсэнээ надаас миний гар утас байхгүй байна гэж асуухаар нь би чиний гар утсыг авсан зүйл байхгүй гэж хэлэхэд О- цааш яваад үүдний хэсэгт очоод хувцсаа өмсөж байсан. Тэгээд би О-г гарахаар нь угаалгын өрөөнд ортол О-гийн гар утас байсан. Тэгэхээр нь би О-д гар утас чинь энд байна гэж хэлэхэд О- хаячих гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Тэгээд би О-ийн гар утсыг цүнхэндээ хийх гэтэл миний цүнхэнд байсан 550.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би О-г авсан гэдгийг мэдээд эргэж ирээд өгчих байх гэж бодоод хүлээгээд байтал ирэхгүй болохоор нь цагдаад хандаж байна. Миний цүнхэнд манай охин У- надаас зээлсэн мөнгөө өгсөн 550.000 төгрөг байсан юмаа. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин У-гаас авсан юм. Тэгээд би У-гаас авсан мөнгөө өөрийн гар цүнхэндээ хийсэн. Тэгээд би гэртээ очоод цүнхэндээ мөнгөө харахад миний цүнхэнд мөнгө байсан. Манай гэрт ач Түвшинжаргал, О- бид 3 хоносон. Өөр хүн хоносон зүйл байхгүй. Гаднаас хүн ирсэн зүйл байхгүй.

... Би өөрийн гар цүнхээ том өрөөний ширээн дээр тавьсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7-8 дугаар хуудас/

“... Одоог хүртэл Ц.О-той цуг амьдарч байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал гэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/

“... Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ц.О- нь надаас шүүх хурал дээр орохдоо хамтран амьдрагч гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би хэлчихсэн юм. Ц.О-той хамтран амьдардаг асуудал бол огт байхгүй.

... Ц.О- бол манай гэрээр хааяа ирж хоноглоод явдаг байсан. Тэрнээс биш бол тогтоод амьдраад байгаагүй. Энэ бол миний мөнгө байгаа юм. Учир нь миний төрсөн охин У- надаас зээлчихээд зээлсэн мөнөгө буцаагаад өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74-75 дугаар хуудас/

 

Гэрч Б.У- “... Би 2019 онд өөрийн төрсөн эх Ө-аас өөрийн төр охиныг Малайз улс руу тэмцээнд явуулахаар урьдчилгаа 700.000 орчим төгрөгийг авч байсан юм. Тэгээд би мөнгө авснаас хойш 2019 оны 08 дугаар сараас эхэлж бага хэмжээний мөнгө өгөөд харин түүний дараа 2020 оны 01 дүгээр сарын сүүл орчмоор 550.000 төгрөгийг өөрийн эхдээ буцааж өгсөн юм. Тэгтэл манай ээж удалгүй чиний өгсөн мөнгийг алга болгочихлоо гэж надад хэлэхээр нь таны хажууд байгаа хүн чинь авсан байхаа гэж хэлсэн. Миний санаж байгаагаар 2020 оны 01 дүгээр сарын дундуур орчмоос эхлээд манай гэрт хоноглоод яваад байсан. Харин түүнээс өмнө нь бол хааяа хааяа ирж уулзчихаад яваад байсан талаар өөрийн ээжээсээ сонссон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 76-77 дугаар хуудас/

 

Төрийн банкны Журнал 698400077419 дугаартай зарлагын мэдүүлэг. /хэргийн 81 дүгээр хуудас/

 

Мятав овогтой Ө-ын дансны дэвтрийн хуулбар. /хэргийн 82 дугаар хуудас/

 

Ц.О-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэж байхад Ө-ны хар цүнх байхаар нь түүнийг нь онгойлгож үзэхэд дотор нь 20.000 төгрөгийн дэвсгэртүүд 20-30 ширхэг орчим байсан бөгөөд тэгэхээр нь би түүнийг нь авч гараад Модны 2 орчимд нэг пабад ороод 0.75 литрийн Чингис нэртэй архи 2 ширхэгийг авч ууж байснаа санаж байгаа юм. Тэгээд түүнээс хойш тасраад юу болсон талаараа бол мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айл орчимд замын хажууд хэвтэж байсан бөгөөд халаасаа ухахад миний халаасанд байх ёстой мөнгө, тамхи байхгүй байсан.

... Би тухайн үед мөнгийг тоолж үзсэн асуудал бол байхгүй. Учир нь Ө- хөөгөөд яараад гараад явчихсан юм.

... Би тухайн хүнд учруулсан хохирлоо бүрэн төлж дуусгасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-20 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороололд байрлах ... дугаар байрны ...тоотод иргэн М.Ө-ын цүнхнээс бэлэн 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч М.Ө- нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад 550.000 төгрөгийг буцааж нөхөн төлсөн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал гэх зүйл бол байхгүй” /хэргийн 75 дугаар  хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.О-гоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх, шүүгдэгч Ц.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-г 500 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.О- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ