Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 

2020           05           04                                         2020/ШЦТ/451

 

 

     

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Д.Б-,

хохирогч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ш овогт Д-ийн Б-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005005090465 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ...  дүгээр сарын ...-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., хүүгийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...... дугаар гудамжны ....  тоотод оршин суух,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 566 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Ш овогт Д-ийн Б-

 

Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо М-ойл групп ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд хохирогч Т.Г-той шатахуун авах дарааллаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нэг шүдний булгарал, нэг шүдний  сулрал, доод уруулд зулгаралт, дотор салстад эд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б- мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой 10 цагийн хооронд кино үзэж байгаад бензин авахаар шатахуун түгээх станц орсон. Очиход очертой миний урд 3 машин байсан. Тэгсэн хажуугаас нэг саарал машин гарч ирээд тулаад зогссон. Тэгээд хохирогч гарч ирээд цонх балбасан. Тэгэхээр нь яасан гэсэн чинь би ухарч авах гэж байсан юм гээд намайг татаж гаргасан. Татаж гаргахдаа миний куртикыг урсан. Яаж байгаа юм бэ гэсэн чинь нүүр лүү шанаадсан. Тэгээд гадаа гаргаад би гарыг нь тавиулах гээд түлхтэл шүд уначихсан байна гээд бахирсан. Тэгсэн хажуу талын залуу нь энэ байна гээд гаргаж ирж байсан. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татагдсан. Хохирогчийн мэдүүлэг буруу байна. Цуг явсан 2-3 залуутайгаа нийлж намайг зодчихоод өөрөө зодуулсан юм шиг ярьж байна. Тухайн үед цагдаа шүүхээр явъя гэж бодсон ч өмнө шүүхийн асуудалтай байсан учир цагдаад гомдол гаргаагүй. Тухайн үед өмсөж явсан куртикаа 340.000 төгрөгөөр авч байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг хэсэгчлэн төлнө гэхэд үгүй гэсэн. Шүдийг нь хийлгэж өгье гэхэд өөрөө мөнгөө авч байгаад 6 сарын дараа шүдээ хийлгэнэ гээд байсан. Шүдийг нь хийлгэж өгье гэхэд үгүй гээд хийлгээгүй. Хэргийг хэт нэг талаас харсан учир хэргийг нэмэлт мөрдөн  байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г- мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой би ажилдаа явахаар өөрийн хамт ажилладаг хоёр залуугийн хамт Гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах М-Ойл шатахуун түгээх станцаас бензин авах гээд очерлоод 20 минут орчим зогсож байсан. Тэгсэн энэ ах миний урд талаас орж ирээд тулчихсан. Би буцаж ухраад шатахуун авах гээд орох дахин өөдөөс тулсан. Тэгэхээр нь энэ ахад би бензин авах гээд яараад байна ахаа гэхэд машиныхаа цонхыг хаачихсан. Би хаалгыг нь нээгээд та яасан соёлгүй юм бэ гэсэн чинь энэ ах бууж ирээд чи яасан овоо банди вэ цагдаад өгнө гээд намайг заамдсан. Манай найз гарч ирээд салгасан. Тэгсэн нүүр лүү утсаараа цохисон. Тэр үед манай найз шүд чинь уначихлаа гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байх үед тэр ах өөрийн машинтайгаа зугтаагаад явчихсан. Тухайн үед энэ ахын машины номер бүдэг байсан учир харж амжаагүй. Би болон манай найзууд тэр ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Одоо шүдний эмчилгээнд 2.200.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн дараа нь ахиад 6 сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учир дараа нь  хийлгэх эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо М-ойл групп ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд хохирогч Т.Г-той шатахуун авах дарааллаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нэг шүдний булгарал, нэг шүдний  сулрал, доод уруулд зулгаралт, дотор салстад эд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Т.Г-ын “2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой би ажилдаа явахаар өөрийн хамт ажилладаг Одбаяр, Ц- нарын хамтаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажууд байрлах М-Ойл шатахуун түгээх станц руу өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгслийг жолоодон орсон юм. Намайг шатахуун түгээх станц руу орох үед миний урд талаас жижиг тэрэг орж ирээд тулчихсан. Би буцаж ухраад хажуу шатахуун авах гээд орох гэтэл нөгөө машин дахин өөдөөс тулсан. Би тэр үед машинаасаа бууж очоод жолооч ахад би шатахуун авах гээд очерлож байна гэж хэлж тухайн автомашины жолооч ах бид хоёр хоорондоо маргалдсан. Маргалдаад байж байх үед тэр ах гартаа барьж байсан гар утсаараа миний уруул руу цохиж миний үүдэн шүд хугарч би амаа дарж доошоо суусан. Тэр үед миний амнаас цус гарч байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байх үед тэр ах өөрийн машинтайгаа зугтаагаад явчихсан. Би болон манай найзууд тэр ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Зодооноос болж миний үүдэн нэг шүд унасан. Тухайн үед миний машин дотор миний хамт ажилладаг найз Одбаяр байсан. Мөн М-Ойл шатанхуун түгээх станцын түгээгч 2 эмэгтэй байсан. ... Миний эмчилгээний зардал шүдний эмнэлгүүдийн дундаж үнээр бодоход 2.200.000 төгрөгний хохирол учирсан байна. Би өөрийнхөө шүдийг хийлгэж чадаагүй байна. Надад одоогийн байдлаар эмчилгээний зардлын баримт байхгүй байгаа. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ц-ийн “... Г-ыг уулзах үед нь юу болсон талаар нь би сайн мэдэхгүй. Би Г-ын машины хойд суудалд нь суугаад утсаар хүнтэй ярьж байсан. Г-ыг буусны дараа Одбаяр машинаас яараад буусан. Тэр үед юу болсон юм бол гэж бодоод утсаа таслаж буусан чинь Г- миний өөдөөс цохичихлоо, миний шүд уначихлаа гээд ирсэн. Намайг буусан чинь нөгөө машины жолооч ах, та нар бүлэглэж намайг польдох гэж байна уу гэж орилж байхаар  нь би Г-т цагдаа дууд гэж хэлсэн.

... Г- Одбаяр бид 3 тухайн хүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Намайг машинаас буух үед бол тэр хоёр ахыг зодож цохисон зүйл байхгүй байх. Учир нь Одбаяр надад ярьсанаар Одбаярыг тэр хоёр салгах гээд буух үед нь гартаа барьж байсан утсаараа Г-ын нүүр хэсэгт нь цохичихсон гэж хэлж байсан. Тухайн үед Г-ыг л цохиж  шүдийг нь унагасан. Одбаяр бид хоёрын бид хоёрын биед халдаж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Г-ийн “... Тэр өдөр манай шатахуун түгээх станц нь ачаалал ихтэй байсан ба би шатахуун түгээгчээр ажиллаж байсан чинь хоёр машины  жолооч дарааллаас болж маргалдаж дуу нь чангарч эхэлсэн. Би тэгээд харсан чинь Toyota Prius маркийн тээврийн хэрэгслээс 20-25 орчим насны 3 залуу гарч ирээд цайвар ногоон өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийг машинаас нь заамдаж буулгаж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд машинаасаа гарч ирж би орох байсан, чи орох байсан гээд хоорондоо маргалдаад байж байх үед нь цайвар ногоон өнгийн машины жолооч 40-45 орчим настай эрэгтэй Toyota Prius  маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь нүүрээ дараад доошоо суугаад шүд уначихлаа гээд гартаа шүдээ бариад амнаас нь цус гараад талбай дээр шүлсээ хаяад байсан. Тэр үед Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн дотроос 2 залуу  гарч ирээд цайвар ногоон өнгийн тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Б.М-гийн “... Тэгээд би юу болоод байна гэж бодоод гараад ирсэн чинь 20-25 орчим насны нэг залуугийн амнаас нь цус гарчихсан гартаа шүдээ бариад цохиулчихсан цагдаа дуудсан гээд байж байсан.  ... Тухайн хүнийг яг цохиж байсныг нь хараагүй. Шүд нь унасан байсан. Тэгээд цайвар ногоон өнгийн машины жолоочийг цохисон гэж тухайн үед хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Г.Уянгын “... Миний шатахуун түгээж байсан хэсэг маш их ачаалалтай байсан учир би сайн хараагүй. Манай нөгөө талд шатахуун түгээж байсан Г- тэр асуудлыг зохицуулаад байх шиг байсан. Тэгээд намайг машинд шатахуун өгөөд байж  байх үед тэр асуудал дуусчихсан байсан. Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тэр хүмүүс нэг нь нэгийгээ цохиод шүд нь уначихсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1866 дугаартай:

“1. Т.Г-ын биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, доод уруулд зулгаралт, дотор салстад эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид нэг шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5 % алдуулна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “Би Т.Г-ын эрүүл мэндэд хохирол учруулсан  гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-38 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б- нь “хэргийн газрын камерын бичлэгийг хэрэгт хавсаргаагүй,  хохирогч Г-т би  санаатайгаар гэмтэл учруулаагүй хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хэрэгт цугларсан хохирогч Т.Г-, гэрч Б.Ц-, Ш.Г- нарын мэдүүлэг буюу анхдагч, шууд нотлох баримтууд мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1866 дугаартай дүгнэлт, гэрч Б.М-, Г.У- нарын мэдүүлэгт тулгуурлан шүүгдэгч Д.Б- нь хохирогч Т.Г-той шатахуун авах дарааллаас болж маргалдан түүний нүүрэн тус газарт газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б-ийн хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд дээрхи нотлох баримтуудаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд түүний үйлдэл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Т.Г- нь шүүх хуралдаанд “...шүдний эмчилгээний мөнгө 2.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэх боловч энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, мөн “Цагаан зул” ХХК-ний 2.080.000 төгрөгийн нэхэмжлэх гэх баримт хэрэгт байгаа боловч нэхэмжлэх дээр заасан эмчилгээ, үйлчилгээг хийлгээгүй, уг төлбөрийг төлөөгүй, ирээдүйд хийлгэх эмчилгээ гэж хохирогч мэдүүлж байх тул хохирлыг бүрэн бодитой гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй болжээ.

Харин хохирогч Т.Г- нь өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгий талаар нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Д.Б-ийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.Г- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ