Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00079

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, “Түшиг Баянгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, 5-р хэсгийн Үзүүр улаан гэх газар оршин суух, /РД:УЕ:61092211, утас: 95545888/ Буурлууд овогт Балчингийн Баадайд холбогдох 896000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Түшиг Баянгол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Манай компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг дэвсгэрт 87 га газарт Улаанбуудай тариалсан юм. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-нд шилжихийн орой дээр дурьдсан Б.Баадайн 41 тооны үхэр 17 га талбайд орж ургацыг маань талхалж сүйтгэсэн. Уг үхрийг манай ажилчин А.Энхтулга талбайн эргүүл Сэрээтэрийн хамт шөнө хашиж хоносон. Бид 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ургацын комисс дуудаж тэд газар дээр нь ирж үзээд хохирлын хэмжээг тогтоож өгсөн юм. Хохирол 896000 төгрөг гаргасан. Тухайн үед Б.Баадайг дуудахад тэр Дарханд ажилтай явж байна гээд ирээгүй түүний хүү Б.Отгонбаяр ирж ургацын комиссын акттай танилцаж гарын үсэг зурж хашигдсан байсан 39 тооны үхрээ хүлээн авсан. Шөнө нь үхэр хашиж хонохдоо 1 үхэр өвөлжөөн дотор оруулж барьцаанд барьж уяж хоносон. Учир нь эзгүй хойгуур малаа гаргаад аваад явчихдаг өмнө нь ч тэгж байсан. Ингээд комисс акт тогтоож барьцаанд нэмж 1 үхэр үлдээсэн боловч тэр үхэр хашаагаа даваад ижилтэйгээ нийлсэн юм. Гэтэл Б.Баадай нь бид нартай уулзаагүй өвөлжөөнд байсан 1 үхрийг дур мэдэн аваад явчихсан байсан. Б.Баадай нь дээрхи хохирлыг сайн дураараа нөхөн төлөхгүй өдий хүрч байна. Зөвхөн энэ жил ч биш урьд нь жил бүр үхэр, хонио манай талбайд удаа дараа оруулаад хохирлоо төлөхгүй сурчихсан юм. Энэ удаад Ургацын комиссын тогтоож баталгаажуулсан актын дагуу хохирлоо нэхэмжилж байна. Иймд Б.Баадайгаас 896000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Баадай шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь “Түшиг Баянгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. “Түшиг Баянгол” ХХК-ийн нэхэмжилсэн 896,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийг нь төлж барагдуулна. Иймд энэ хүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Түшиг Баянгол” ХХК-ийн захирал Н.Алтантулга шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Б.Баадайгийн хариу тайлбарт бичигдсэн 300,000 төгрөгийг өгч авахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн үлдэх 596000 төгрөгнөөс татгалзаж байна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Түшиг Баянгол” ХХК, хариуцагч Б.Баадай нар нэхэмжлэлийн шаардлага болох 896,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 596000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч “Түшиг Баянгол” ХХК, хариуцагч Б.Баадайд холбогдуулан 896000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 596000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 300000 төгрөгийг өгч авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26060 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баадайгаас 4825 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 4825 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Түшиг Баянгол” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.