Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           05           01                                     2020/ШЦТ/438

 

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Х-,

хохирогч К.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ийн Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005011570535 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Х- дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо .... гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Х-

 

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х- нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн К.М-ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.М- мэдүүлэхдээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х- дэлгүүрээс гоймон, 1 шил хараа архи, бас жаахан идэх юм аваад гарч явахад араас ирж өшиглөсөн. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй. Цус хуралт, цээжин бие гэмтэлтэй, хамрын хугарал гэх зэрэг онош гарсан. Одоо би хамраа эмчлүүлэх шаардлагатай байна. Тэрнээс өөр гомдол санал нэхэмжилсэн мөнгө төгрөг байхгүй” гэв. 

 

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х- нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн К.М-ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч К.М-ын “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед би гэрээсээ гараад Х- дэлгүүр ороод бэлэн гоймон, будаа, 100 граммын Монгол нэртэй архи 1ширхэг, 10 ширхэг тамхи аваад тооцоогоо хийчихээд гарч ирээд дэлгүүрийн үүдний шатаар доошоо бууж байтал араас үснээс зулгаагаад миний цээж, толгой хэсэг рүү өшиглөөд гараараа цохиод байсан. Нилээн хэдэн удаа цохисон. Ганц нэг цохисон бол би уг нь босоод л яваад өгнө. Тэгээд цохихоо болихоор нь хартал дэлгүүрийн худалдагч залуу зогсож байсан. Тэгээд чи яагаад намайг цохиод байгаа юм, би чамд ямар гэм хийсэн юм гэхэд тэр залуу юм хэлэлгүй дэлгүүрийнхээ үүдэн дээр үлдсэн. Тэгээд би гэрлүүгээ ороход гэрч ээж Оюунтуяа, эхнэр М- нар байсан. Тэгээд тэд нар намайг нүүр амаа яачихсан юм гэхээр нь дэлгүүрийн залуу намайг зодчихлоо гэхэд эхнэр би дэлгүүр орчихоод ирье гээд гүйгээд гэрээс гарсан. Ээж бид хоёр гэртээ үлдсэн. Тэгээд манай дүү, эгч нар ирээд хүнд зодуулчихлаа гэсэн чинь манай дүү Уранцацрал 23 цаг өнгөрч байхад цагдаа дуудаад цагдаагийн хэлтэст ирсэн.

... Дээрхи гэмтлүүдийг надад Х- учруулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гэмлийн зэрэг тогтоолгохоор очиж үзүүлэхэд надад эм бичиж өгсөн. Тэр жороор одоо би 4 ширхэг эм ууж байна. Өөр эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Гэхдээ цаашдаа үзүүлнэ. ...Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 11-12 дугаар хуудас/

“Би зодуулаад хамрандаа гэмтэл аваад бас толгой өвддөг болсон. Өөрөө мөнгө өгөөд эмчлүүлье гэхээр ажилгүй төлбөрийн чадвар байхгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Намайг зодсон залуугаас эмчилгээний төлбөр урьдчилж аваад хамрандаа эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна. Бас би хувиараа барилгын туслахын ажил хийдэг байсан. Зодуулсаны улмаас ажлаа хийж чадахгүй байна. Би өдрийн 40.000-50.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Ажлаа хийж чадаагүй болсон тул энэ хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Толгой өвдөөд бариачид 1 бариулахдаа 10.000 төгрөгөөр нийт 3 удаа бариулсан. Мөн таксинд ойролцоогоор 80.000 төгрөг зарцуулсан. Эдгээр зарлагууд нь баримтгүй ч гэсэн би дээрх мөнгийг бас нэхэмжлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрч К.М-ын “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэртээ хадам ээж Оюунтуяа, нөхөр М- бид гурав гэртээ байж байгаад манай нөхөр М- дэлгүүрээс бэлэн гоймон, будаа, тамхи авах гээд 21 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 5-10 минут болоод удаад байхаар нь би араас нь гараад хашааны гадаа ирж байгаа эсэхийг нь хараад зогсож байтал М- хүнд зодуулчихсан байдалтай урдаас хүрээд ирсэн. М-ын зүүн нүдний дээд зовхи, амнаас нь цус гарчихсан, хувцас нь шороо болчихсон урдаас ирсэн. Ирээд хөгшин нь хүнд зодуулчихлаа гэхээр нь би хаана, хэн зодчихвоо гэхэд Х- дэлгүүрийн үүдэнд зодуулчихлаа, Х- дэлгүүрийн банди зодчихлоо гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Э-ын “ ... М- ах зүүн нүднээс нь цус гарчихсан, хувцас хунар нь цус болчихсон байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Х- дэлгүүрт ороод юм авсан чинь худалдагч залууд зодуулчихлаа гэхэд эхнэр цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4103 дугаартай:

“1. К.М-ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт язрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Б.Х-ын яллагдагчаар өгсөн “Би Х- дэлгүүрт худалдагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ дэлгүүрийг манай аав Буяннэмэх ажиллуулдаг юм. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 4-5 хоногийн өмнө манай дэлгүүрт нэг ах орж ирээд тамхи, архи аваад карт уншуулаад үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан. Тэгээд тэр ах архи аваад тамхиа үлдээгээд гарсан. 20 орчим минутын дараа тэр ах дэлгүүрт орж ирээд лалрын муу бацаан, миний тамхийг өгөөгүй байна гэхээр нь би та архиа авсан биз дээ, тамхи авахад мөнгө чинь хүрэлцээгүй гэхэд тэр ах намайг хэл амаар доромжилж байгаад гарсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг хэл амаар доромжлоод байсан ах орж ирсэн. Тэгэхээр нь би та намайг таньж байна уу гэхэд тэр ах чамайг таньж яадаг юм гэхээр нь би нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд тэр хүнийг би хувцаснаас нь зуураад дэлгүүрээс гаргачихаад нойл орчихоод ирсэн чинь тэр ах дэлгүүрийн шатан дээр суугаад байхаар нь би бөгс рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөөд явуулсан.

... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг Х-ттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х- нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн К.М-ыг “хэл амаар доромжиллоо, таньсангүй” гэх шалтгаанаар түүний биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч К.М-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар хэрэгт тодорхой нотлох баримтууд байхгүй, харин шүүгдэгч Б.Х- нь хохирогчид 230.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Х- нь одоогоор төлөх төлбөргүй бөгөөд харин хохирогч К.М- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Б.Х-ын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Х-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч К.М- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ