Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           04           ...                                       2020/ШЦТ/420

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Г.Г-,

хохирогч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Г-ийн Г-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005004440244 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хилчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ........... дүүргийн ... дүгээр хороо ....... гудамжны ... тоотод оршин суух, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-ийн Г-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Г-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж биед нь халдаж улмаар биед нь зүүн нүдний зовхи, хацар шанаа, уруул эрүү, чих битүү хавдаж цус хурсан, хоолой, 2 гарын бугалга, цээж толгойн хуйх, шуу, шилбэ, гуянд олон тооны шалбаралт цус хуралтуудтай гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г- мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өглөө сэрээд маргалдаж эхлээд өдөр гарч яваад найзуудтайгаа архи ууж байгаад 2 цагийн дараа найзтайгаа согтуу гэртээ орж ирсэн. Найз нь миний хоёр найз эвлэр гэж хэлсэн. Г- тухайн үед найз руугаа болон над руу дайрч давшлаад байхаар нь та хоёр хамт яв гэсэн чинь найзыгаа явуулчихаад дараа нь хэсэг агсарч байгаад унтсан. Сэрээд архи үлдсэн байх ёстой гэхээр нь би байхгүй гэж хэлсэн боловч айсандаа архийг нь гаргаад өгсөн. Архиа уучихаад хэрүүл хийж эхэлсэн. 18 цаг өнгөрч байхад намайг зодож эхэлсэн. 22 цагийн үед хаалга тогшиход хоёр цагдаа байсан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Юу болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний хоёр нүд ялангуяа зүүн нүд битүү хавдартай, зүүн шамархай чих, хамрын хөндийн зүүн тал, ам уруул сэтэрсэн, хоолой хүзүү гар боолтын улмаас битүү хавдартай, намайг гараараа базсанаас болж 2 хөл, 2 гар, гуя, 2 шилбэ хөхрөлттэй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай, хамар гэмтэж цөмөрсөн байх магадлалтай гэсэн боловч тухайн үед жирэмсэн байсан тул рентген зураг авхуулах боломжгүй байсан” гэв.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Г-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж биед нь халдаж улмаар биед нь зүүн нүдний зовхи, хацар шанаа, уруул эрүү, чих битүү хавдаж цус хурсан, хоолой, 2 гарын бугалга, цээж толгойн хуйх, шуу, шилбэ, гуянд олон тооны шалбаралт цус хуралтуудтай гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Т.Г-ийн “...Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны ... тоот гэртээ хамтран амьдрагч Г-тай байхад бид хоёрын найз Буянтогтохоос та хоёр хаана байна гэсэн чат ирсэн. Тэгэхэд Г- намайг байхгүй ажилдаа явсан байна гээд хэлчих, юу гэхийг нь харъя гэхээр нь бид хоёр гэртээ байна, Г- удахгүй ажилдаа явна, би ээж рүү явна гэж бичтэл Г- уурлаад дандаа надаас зөрдөг, миний талд орохгүй гээд надтай хэрүүл хийж хардаж эхэлсэн. Тэгээд Г- хоёулаа салъя, хувийн эмнэлэг орж хүүхдээ авхуулахад хэд болохыг хэлээрэй гээд найзуудтайгаа ярьж байгаад өдөр 14 цагийн үед гараад явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед найз Хишигээ нь залгаад та хоёр учраа олоод эвлэр гэж хэлсэн. Тэгээд өдөр  16 цагийн үед Г-, Хишигээ хоёр гаднаас халамцуу 1 шил архи бариад ороод ирсэн. Тэгээд тэр хоёр архиа уугаад намайг Хишигээ нь эвлэр гэж хэлээд Г- уурлаад дургүйцээд байсан. Тэгээд байдал бишдээд байхаар нь Хишигээд Г-ыг аваад яв гэхэд Г- Хишигээг ганцааранг нь явуулаад бид хоёр учраа олно гээд үлдсэн. Тэгээд би бие засах өрөө рүү орчихоод гараад ирэхэд ширээ өшиглөж унагаагаад над руу агсарч эхэлсэн. Тэгээд унтаад өгсөн. Орой 18 цаг өнгөрч байхад сэрээд тал шилтэй архиа нэхээд над руу уурлаад байхаар нь архийг нь гаргаад өгөхөд тэрийгээ уугаад хэрүүл хийгээд байсан. Тэгснээ гэнэт толгой руу олон удаа гараараа цохиод, хоолой багалзуурдаж газар унагаад дээрээс хөл гараараа зодоод байсан. Тэгээд дахиад миний хоолойг боож багалзуурдахад би хэсэг ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь миний нүүр лүү гараараа алгадаад биенээс сэгсрээд байсан. Тэгээд чамайг алчихаад би өөрөө шоронд орно гээд үргэлжлүүлээд зодоод байсан. Тэгээд орой 22 цагийн үед хаалга тогшиход Г- хаалга тайлж өгөхөд хоёр цагдаа орж ирээд Г-ыг аваад явсан.

... Г- намайг хардсанаас болж хэрүүл маргаан үүссэн. Намайг хардсанаас болж 2-3 цагийн хугацаанд Г- миний нүүр, толгой, гар хөл биеийн хэсэг рүү дандаа гараа зангидаж байгаад зодсон. Миний хоолойг гараараа болон миний өмсөж байсан гэрийн халаадаар боож унагасан. Би өөдөөс нь эсэргүүцээд дийлээгүй.

... Би 2 сар орчимтой жирэмсэн байсан. Г- энэ талаар мэдэж байгаа. Хоёулаа  салах гэж байгаа юм чинь хүүхдээ авхуулна гэж хэлж байсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа.

... Г- надаас уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1964 дугаартай:

“1. Т.Г-ийн биед зүүн нүдний зовхи, хацар шанаа, уруул эрүү, чих битүү хавдаж цус хурсан, хоолой, 2 гарын бугалга, цээж толгойн хуйх, шуу, шилбэ, гуянд олон тооны шалбаралт цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

“Тогтох Г-” гэсэн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картны хуулбар. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Д-гийн “...Жирэмсний хяналтад Т.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зургаан 7 хоногтой орсон. Тэгээд Г- шинжилгээнд орж нарийн мэргэжлийн эмчид  үзүүлээд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн миний хяналтад орсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 91-93 дугаар хуудас/

 

Г.Г-ын яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ байхад хамтран амьдрагч Г-ийн утсанд манай найз Буянаагаас чат ирээд хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би намайг байхгүй гээд хэлчих гэхэд Г- уурлаж, дандаа чиний хэлснээр хэлнэ гэж юу байдаг юм гээд би уурлаад бид хоёрын хооронд хэрүүл эхэлсэн. Тэгээд би өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад яваад Барилгын 7 дугаар байрны гадаа хэсэг хүмүүстэй 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад цаашаа яваад найз Хишигбаярын гэрт очиж тал шил архи байхаар нь би ганцаараа уусан. Тэгээд өдөр Хишигбаяр намайг гэр лүү хүргэж өгөөд замаараа дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи аваад манайд орж бид хоёр хувааж уусан. Тэгээд юу болсноо санахгүй байна.

... Би өөрийн хамтран амьдрагч Г-ийн биед учирсан гэмтлийн учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн хамтран амьдрагч Г-ээс уучлалт гуйж, эвлэрсэн байгаа. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г- нь хамтран амьдрагч Т.Г-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж заажээ.

Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд хамрах этгээдийг “эхнэр, нөхөр ...” гэж тодорхойлжээ.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Г.Г- нь хохирогч Т.Г-тэй гэр бүлийн харилцаатай болох нь тогтоогдсон бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийн эсрэг бие махбодийн хүч хэрэглэсэн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт хохирогч Т.Г-ийн “миний бие өөрийн хүсэлтээр Г.Г-тай  эвлэрсэн ба ямар нэгэн  гомдол снаал, хүсэлт байхгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 59 дүгээр хуудас/ авагдсан түүнчлэн тэрээр энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Г.Г-ын хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ын энэ хэрэгт  2020 оны 01 дүгээр сарын ...-ны өдрөөс 29-ний өдөр хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан жирэмсэн болохыг мэдсээр байж, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Г-ын баривчлагдсан 2 хоногийн хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, 704 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.Г- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Г- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ