Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           04           22                                       2020/ШЦТ/402

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.М- түүний өмгөөлөгч С.Ялалт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас И овогт Б-ы М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005002240176 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барс худалдааны төвд ногоо зардаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... байр ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, И овогт Б-ны М-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд иргэн О.З-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд иргэн О.З-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Бичлэг бүхий компакт дискинд үзлэг хийсэн “... Энэ үед бас хохирогч О.З- хамт явж байгаа эрэгтэйгээс барьсан чигээрээ уг залуугийн баруун гар талаар гарав. Зөрөхдөө хоорондоо шүргэлцэж байв. Хар малгайтай  хар гадуур хувцастай нүдний шилтэй эрэгтэй хаалгаар гарахад ард нь явж байсан З- эргэж харан шар судалтай цамцтай эрэгтэйгийн нүүр лүү чиглүүлэн салаавч өгч нүүрэн тус газар нь баруун гарын алгаар цааш түлхэж багана налан зогсоход хохирогч З- шар судалтай цамцтай эрэгтэй хоёрын голоор эрээн цамцтай цэнхэр жинсэн өмдтэй залуу орж З-ын баруун гарнаас зүүн гараараа барьсан байдалтай зогсож байхад шар судалтай цамцтай эрэгтэй бичлэгийн 53 секундэнд З-ын зүүн талын шанаан тус газар баруун гараараа 1 удаа цохиж буй бичлэг байсныг тэмдэглэл болгон үйлдэж үзлэгийг 16 цаг 50 минутад дуусгав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Хохирогч О.З-ын “2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хоёр найз Б-, Баганаа нарын хамт 23 цагийн орчим Эргэн дурсахуй бааран орсон. Бид гурав тус бүр 0.5 литрийн Чингис нэртэй пиво 2-3 ширхэгийг уусан. Бид нарыг ширээнд сууж байхад цуг явж байсан Б-ийн толгой руу нэг залуу гараараа 1 удаа цохиж харагдсан. Тэгсэн Б- босоод тэр толгой руу нь цохисон залуутай маргалдаж байсан. Маргалдаад зогсож байхаар нь би босч очоод тэр хоёр салгаад нөгөөдөх залуу руу нь үг хэлээр бацаан минь чи юу чаддаг юм гэж үг хэлээр дайрсан. Тэгээд цааш нь цээж рүү түлхсэн. Түлхсэнээ бол санаж байна, тэр залууд гар хүрсэн эсэхээ санахгүй байна. Тэгтэл гал маналзаад явсан. Тэгээд зовхины хэсгээс цус гарсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.

... Эргэн дурсахуй бааранд байсан шар эрээн цамцтай залуу миний зүүн шанаа руу гараараа 1 удаа хүчтэй цохисны улмаас үүссэн. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогийн байдлаар 388.580 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг баримтыг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Цаашид 117.000 төгрөгийн эм захиалсан. Тэр эмийг хэрэглэнэ. Надад одоо гомдол санал байхгүй. Хохирлын мөнгөө түргэн хугацаанд гаргуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч Сүхийн Б-ийн “... Тэгээд бид нар маргалдаж байхад манай найз Зоригоо дундуур орсон юм шиг байгаа юм. Маргалдаад нэг харсан чинь Зоригоогийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд би Зоригоог яагаад чамайг цохиж байгаа юм гэхэд боль гээд салгах гэсэн цохиулчихлаа гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэст ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Г-ын “... Тэгээд сууцгааж байтал хажуу талын ширээн дээр хоёр ах ирээд охидуудын хажууд цуг сууж байснаа нүдний шилтэй ах ирээд зүүн шанаа руу гараараа нэг удаа ямарч үгийн зөрүүгүй цохисон. Тэгэхээр нь би босоод яаж байнаа гээд хэрэлдэж байтал хамгаалагч ирсэн. Тэгээд тэр хоёр ахыг хамгаалагч нар аваад гарсан. Тэгээд М- бид хоёр араас нь гарсан. Тэгээд тамхи татчихаад би түрүүлж ороод М- миний араас орсон. Тэгээд би түрүүлээд ортол түрүүний намайг цохисон ах найзтайгаа М-тай маргалдаад М-т салаавч өгөөд янз бүрээр хэлээд байсан. Тэгээд би цаашаагаа баар луу орчихсон. Тэгээд ороод байж байтал Б- орж ирээд М-ыг цагдаа аваад явчихсан гэнэ, би явчихаад ирье гэж яваад би бааранд үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38 дугаар хуудас/

 

Гэрч Сайжрахын Б-ийн “... Тэгээд удалгүй Дагва харих гэж яваад Зориг, М- бид гурав үлдээд салхилах гээд гарчихаад буцаж орж ирээд үүдэн дээр нөгөө хоёр ахтай таарсан. Тэгэхэд нүдний шилгүй өндөр ах нь пизда нар энэ тэр гэж хараагаад М- луу салаавч гаргаад М-ын нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиод авсан. Тэгээд би бас баарны хамгаалагч нар салгаад би цаашаагаа орсон. М- хүнд гар хүрч байгааг хараагүй. Баарны үүдэнд цус болчихсон харагдсан. Тэгээд баарны хамгаалагч нар цагдаа дуудсан юм шиг байна лээ, удалгүй цагдаа нар ирээд М-ыг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1247 дугаартай:

“1. О.З-ын биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, духын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломтжой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Б.М-ын яллагдагчаар өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн үед Эргэн дурсахуйд найз Б-ийн хамт ороод 0.75 литрийн Эдин нэртэй архи захиалаад талыг нь уучихаад гадаа тамхи татах гээд найзтайгаа хамт гарсан. Тэгээд буцаад орох гээд Эргэн дурсахуйн хувцасны өлгүүрийн хажууд хоёр хөгшин ах зөрж байгаад дээгүүрээ хар хувцастай ах намайг мөрлөхөөр нь ах нар аятайхан яваач гэсэн чинь бордуу өнгийн куртиктэй өндөр ах нь надад салаавч өгөөд намайг заамдаад түлхээд хамар луу 1 удаа гараараа цохисон, тэгээд зөрүүлээд би зүүн нүдний зовхи орчим нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёрыг хамгаалагч нар нь салгаад тарцгаасан. ... Дүгнэлт дээрхи гэмтлүүдийг би тухайн үед танихгүй байсан боловч одоо таньдаг болсон З- гэх хүний биед учруулсан. Би гэм буруугаа ойлгож байна.

... Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд иргэн О.З-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.М- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч О.З-ын “... Миний хувьд цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй байх талаар хүсэлт гаргаж байна” гэсэн хүсэлт /хэргийн 71 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ы М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.М-т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ