Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           22                                    2020/ШЦТ/400

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ц.Э- түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Н овогт Ц-ийн Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005009040391 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -ны өдөр ...... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ....... компанид цахилгааны инженер ажилтай, ам бүл..., эхнэр, ...хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Ц-ийн Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо ... дугаар байрны .... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Б-ийн нүүр хэсэгт цохиж уруулд язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э- мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар 25-ны өдөр өглөө 06 цаг 30 минутад босоод ажилдаа явах гэж байсан. Тухайн өдөр шинийн хоёрны өдөр байсан. Би тухайн өдөр ажил дээрээ хариуцлагатай жижүүрээр томилогдсон байсан. Эртхэн гаръя гэж бодоод хувцсаа өмсөөд байж байтал эхнэр гарч ирээд чи бэлэвсэн янхан руугаа явах гэж байна уу, би тэр хүүхнийг чинь мануулсан байгаа, та 2 буудал орох гэж байна уу гэж хэрүүл хийсэн. Өмнө тэгэж өглөө эрт босч хэрүүл өддөггүй байсан. Тэгээд би ажилдаа явах гэж байна гэхэд эхнэр явуулахгүй гээд зуураад байсан. Тэгсэн 2 хүүхэд сэрээд уйлаад байхаар нь одоо салахын хооронд 2 хүүхдийн хажууд хэрүүл хийгээд, явах гээд гарах гэтэл мөрнөөс татаад араас таавчиг шидсэн. Таавчиг оруулах гээд хаалга балбахад хаалга нээж өгөөгүй. Тэгэхээр нь би ажил руугаа явсан. Тэгсэн араас 2 удаа залгаад чамайг цагдаа дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь би ажлаа хийж байна гэсэн. 11 цагийн үед цагдаагаас надруу залгаад ирж мэдүүлэг өг гэсэн. Би очиж мэдүүлэг өгөөд ажил руугаа явсан. Гэр бүл салалт 1 жилийн өмнөөс яригдаж шүүх цагдаагаар явж байсан. Энэ хугацаанд намайг өдөж хоргоож хэрүүл хийдэг байсан. Гэр бүлийн шүүх хуралдаан дээр би хүсэлт гаргаад энэ хүн хэрүүл хийж намайг тайван байлгахгүй байна, ингэж байгаад муу юм болохоос нь өмнө бид хоёрын цуцлалтыг шийдтэл тусад нь байлгаж өгнө үү гэхэд тэгэх боломжгүй байна гэсэн” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны 39 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Б-ийн нүүр хэсэгт цохиж уруулд язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн “2001 онд би нөхөр Э-тай гэр бүл болоод нэг гэрт орсон. 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Одоо хамт амьдраад 19 жил болж байна. ... Тэгээд 2019 оны 06 дугаар сард гэр бүлээс гадна харилцаатай болсныг нь би мессэжнээс нь мэдээд бид хоёрын хооронд хэрүүл үүссэн. ...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр гэрээсээ гарахад нь би нөхөртөө салахыг чинь зөвшөөрсөн, хоноод ирсэн ч болно гээд нөхөр гараад явсан. Шүүх хурал болсноос хойш бүр их дарамтлах болсон. Над руу нулимна, салаавч өгнө, хурдан зайл, хувцсаа аваад гээд утсаараа толгой руу тоншино, гэрээс хөөнө. Иймэрхүү  байдалтай л амьдарч байна. Битүүний орой нөхөр буцаж ирээд бид нар ямар нэг хэрүүл хийлгүй харамлаад байсан хоолоо надад өгөөд сайхан байцгаасан. Шинийн хоёрын өдөр нөхөр өглөө 07 цагт гадагшаа гарах гэхээр нь би салахдаа 3 хүүхдээ ямар байсан авна шүү гэхэд чи мэддэг юм уу шүүх мэддэг юм уу гээд хэрүүл болсон. Тэгэхээр нь би үзэх юмаа үзээ гээд муудалцаж байхад нөхөр гараа атгаж байгаад миний ам руу 1 удаа цохисон. Тэгээд нөхөр гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн. Манай нөхөр Э- миний зүүн завьж руу баруун гараараа 1 удаа цохиж учруулсан. Гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нэг өдөр хэвтээд Гэмтлийн эмнэлгийн бичиж өгсөн 4 төрлийн эм уусан. Өөр эмнэлгийн байгууллагад хандаагүй, эмчилгээ хийлгээгүй. Хэрэгт хавсаргуулсан 2 ширхэг баримтын мөнгө болох 128.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна. Урт удаан хугацаанд би энэ хүнд дээрэлхүүлж зодуулж, сэтгэл санааны дарамтанд амьдарч ирсэн. Хуулийн дагуу зохих хариуцлагыг нь хүлээлгэмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3016 дугаартай:

“1. Б.Б-ийн биед уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

Ц.Э-ын яллагдагчаар өгсөн “2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би өглөө 06 цагт босоод ажилдаа явах гээд хувцсаа өмсөөд цайгаа уух гээд байж байтал Б- тусдаа өрөөнд унтаж байснаа өрөөнөөс гарч ирээд бэлэвсэн янхан руугаа явах гэж байна уу, би тэр янханыг чинь хүнээр мануулсан байгаа, та хоёр буудалд хонох гэж байна уу гэх мэтээр хэрүүл өдөж эхэлсэн. Би ажилтай гэдэг шалтгаанаа хэлээд явах гэтэл хойноос ирээд гадуур  хувцасны ханцуйнаас зуураад тэр янханыг чинь ална, тэр чинь үхээсэй гээд хүүхдүүдийн дэргэд хашгираад байсан. Манай 2 жаахан хүүхэд орон дээрээ босч ирж суучихаад уйлаад байсан. Намайг хүүхдүүдийн дэргэд элдвээр хэлээд байхаар нь би уурандаа цааш нь түлхчихсэн. Тэгсэн Б- ээжийг чинь цохиод байна гэж орилж чарлаад эхэлсэн. Тэгээд би ажилдаа явах гээд гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68 дугаар хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны 39 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Б-ийн нүүр хэсэгт цохиж уруулд язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-, шинжээчийн 3016 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж заажээ.

Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд хамрах этгээдийг “эхнэр, нөхөр ...” гэж тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Ц.Э- нь хохирогч Б.Б-тэй гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсоор эхнэр, нөхөр болох нь тогтоогдсон байна.

Иймд Ц.Э-ыг эхнэрийнхээ эсрэг бие махбодийн хүч хэрэглэсэн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Б.Б-т нийт 128.000 /хэргийн 19 дүгээр хуудас/ төгрөгийн хохирол учирсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Ц.Э-ын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Ц-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Ц.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ