| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2017/0000/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-09-11 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 12
Э-д холбогдох хэргийн талаар
Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Б.Э
Хохирогч Б, түүний өмгөөлөгч Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Э-д холбогдох 201707000043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөр илтгэснээр хянан хэлэлцэв.
Э нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн дээд талын эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ засмал замаар 01-12 УБЛ улсын дугаартай Land cruiser 200 маркын автомашин жолоодон уруудаж яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчиж урд талд нь мотоцикль жолоодож явсан иргэн Л-ийг мөргөж, уг ослын улмаас иргэн Л нь тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 01 цаг 51 минутад нас барсан, улмаар нэгдсэн эмнэлгийн дээд талын авто машины зогсоолд эгнүүлэн тавьсан Б.Г-ын эзэмшлийн 59-12 ГАҮ улсын дугаартай Тоёота рав 4 маркын авто машиныг мөргөж 255.000 төгрөгний хохирол учруулсан, Ц-ын өмчлөлийн 72-44 УНК улсын дугаартай тоёота кроун маркын авто машиныг мөргөж 1.866.000 төгрөгний хохирол учруулсан, М-ын эзэмшлийн 36-29 ГАА улсын дугаартай тоёота прус 20 маркын авто машиныг мөргөж 452.000 төгрөгний хохирол учруулсан, Б-ийн эзэмшлийн 54-68 ГАҮ улсын дугаартай тоёота раум маркын авто машиныг мөргөж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан, зогсоолын цаад талд байрлах Д-ийн эзэмшлийн торгэн үйлчилгээний цэгийг мөргөж 955.000 төгрөгний хохирол учруулсан, талийгаач Л-ийн унаж явсан улсын дугааргүй мотоцикльд 163.000 төгрөгний хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насын хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг аяга, үс угаагч зэргийг устгаж, CD-ийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдаж, Хятад улсад үйлдвэрлэсэн КВ150 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хохирогч Б-д олгохыг дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Э-ийн 56795 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж, цахим үнэмлэх, 01420156 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг буцаан олгож, иргэний нэхэмжлэгч М, Б, Ц, Б, Д нарын хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Б-д 32.500.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б давж заалдах гомдол тайлбартаа: Миний бие Э-д оногдуулсан тэнсэн хянан харгалзах ялыг хүлээн зөвшөөрөхгүй биечлэн эдлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж гомдол гаргаж байна. Учир нь Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа гэмшиж ойлгоогүй. Надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй. Зөвхөн миний гуйлт шахалт шаардлагаар аргагүйдэж 32.500.000 /гучин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргаж өгсөн. Энэ мөнгө нь миний хүүгийн амь настай зүйрлэвэл тийм их мөнгө биш. Хавтаст хэрэгт талийгаачийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримт авагдаагүй. Талийгаач миний удам залгах ганц хүү минь байсан. Одоо миний удам тасарч байна. Айлын эрэгтэй хүүхэд нь удам залгадаг билээ. Манай эхнэрийг дахин төрөх боломжгүй гэсэн эмчийн магадлгаа гаргасныг анхан шатны шүүх хуралдаанд өгсөн. Тэгээд ч эхнэр маань энэ хэргийн улмаас цочролд орж мэдрэлийн өвчтэй болсны улмаас эмчлүүлж байна. Ийм учраас Э-д маш их гомдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд би гомдолтой байна гэдгээ хэлсэн боловч шийтгэх тогтоолд бичигдээгүй байсан. Энэ тогтоолд зөвхөн Э-ийн өөрийгөө хамгаалж ярьсан, яриагүй зүйлийг бичиж хэвлэснийг гайхаж байна. Миний хүсэлтийг хангаж гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хор уршгийг арилгахад гарах зардлыг тооцож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа Э-ийн нөхөр нь надруу утсаар залгаж танд Баярлалаа гэж ярьж байсан. Миний хүүгийн амь насыг хохироочихоод юунд баярлалаа гээд байгааг нь би ойлгоогүй. Э-г надтай уулзаж уучлалт гуйгаагүй. Надтай мэндлэх ч үгүй байгаа. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохгүй бол би дээд шатны шүүхэд хандана.
Хохирогчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүгдэгч Э манай хохирогчоос уучлал гуйдаггүй. Удам залгах хүүгүй, эхнэр нь сэтгэцийн өвчтэй болсон учраас гомдол гаргасан юм байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг хүндрүүлж өгөөч тэнсэн харгалзах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б ахтай байрлаж байсан буудлын үүдэнд, цагдаагийн газар, өмгөөлөгчийн өрөөнд, мөнгө төгрөг өгч, авалцах тал дээр олон удаа уулзаж ярилцаж байсан. Хүүг нь үгүй хийчихээд сайн байна уу? та гэлтэй биш. Юу гэж мэндлэх учраа ч олдоггүй учраас уулзахдаа мэндэлж зүрхэлдэггүй юм. Хуулийн дагуу нэхэмжилсэн 13.000.000 төгрөг дээр нэмээд 20.000.000 төгрөг өгсөн. Уйлж унжиж олон дахин уучлал гуйж уулзаж байсан. Би ийм хэрэг хийсэн хүн уучлал гуйлгүй яахав дээ. Өмгөөлөгчтэй Д.Батмөнхтэй бол нэг удаа муудалцсан. Намайг чи санаатайгаар хүн дайрч алсан гэж хэлсэн. Би яахаараа хуульч хүн байж ийм юм ярьж хэлдэг юм гэж би маш их уурласан. Б ахтай хурлын дараа уулзах гэсэн боловч байхгүй байсан утсаар яриад уучлал гуйж, баярлалаа гэж хэлсэн. Хохирлын мөнгө төгрөгийг чадах, ядахаараа барагдуулсан. Хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Э нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт, Нэгдсэн эмнэлгийн зүүн урд талын эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээ засмал замын уулзварт авто машин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад, аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж урд талд нь мотоцикл жолоодож явсан иргэн Л-ийг мөргөж, уг ослын улмаас иргэн Л нас барж, Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирч, улмаар нэгдсэн эмнэлгийн зүүн урд талын авто машины зогсоолд эгнүүлэн тавьсан Г-ын эзэмшлийн 59-12 ГАҮ улсын дугаартай Тоёота рав-4 авто машиныг мөргөж 255000 төгрөгийн, Ц-ын өмчлөлийн 72-44 УНК улсын дугаартай Тоёота кроун маркийн авто машиныг мөргөж 1866000 төгрөгийн, М-ын эзэмшлийн 36-29 ГАА улсын дугаартай Тоёота прус 20 маркийн авто машиныг мөргөж 452000 төгрөгийн, Б-ийн эзэмшлийн 54-68 ГАҮ улсын дугаартай Тоёота раум маркийн авто машиныг мөргөж 3000000 төгрөгийн, авто машины зогсоолын хажууд байрлах ТҮЦ-ийг мөргөж 955000 төгрөгийн талийгаач Л-ийн унаж явсан мотоциклд 163000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч А: “...Тухайн үед манай эхнэр Э автомашиныг жолоодож явсан. Тухайн үед бид нар эмнэлгийн хашааны баруун талын хаалга руу чиглээд баруунаасаа зүүн тийш замаар явж байхад урд талд нэг мотоциклтой хүн явж байсан. Тэгээд манай эхнэр машин зогсохоо больчихлоо, тормоз гишгэгдэхгүй байна гэж орилсон. Тэр үед манай эхнэр урд явж байсан мотоциклийн зүүн гар талаар нь тойрч гарах оролдлого хийсэн. ...Тэгээд манай машин огцом зүүн гар тийш эргэх оролдлого хийсэн учраас мотоцикл машины буруу талын арын гупер хэсэгт шүргэгдэж унасан. Бид нарын машин зогсоолд байсан автомашинуудыг мөргөж зогссон. ... Би жолооч талаар нь очоод хаалгаа нээхэд тормозны гишгүүрийн орчимд савтай шампунь, хуванцар гадаргуутай төмөр дотортой аяга хэвтэж байсан. Тэгэхээр нь би аягыг нь аваад машины арааны речакны орчим, шампуныг суудал дээр тавьсан. Би жолооч талаар очоод бичиг баримтаа авах санаатай хаалгыг нээсэн.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б-ийн: “Манай ээж 01-12 УБЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн авто машиныг унаад явж байхад урд талд мотоциклтой хүн явж харагдсан. Ээж гэнэт хажуу тийш дарсан чинь аав тормозоо дараачээ гэсэн чинь ээж тормоз болохгүй байна гээд орилж байсан. Осол болсны дараа бид нар машинаасаа буугаад ирэхэд бид нарын машины ард талд мотоцикл уначихсан, хүн нь мотоциклийн ойролцоо газарт унасан харагдсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч М-ын: “Таяг тулсан эрэгтэй хүн ланд 200 маркийн машины хаалгыг нээж шалавчны орчмоос савтай зүйл авч машины суудал дээр шидэж байсан. Хаалганы хавтсанд байсан юм унаад тормозны доогуур орсон байна шүү дээээ гай, ээ гай гээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б-ийн: “Машин дотроо ганцаараа сууж байхад араас машин гарч ирээд мөргөсөн. Машины шил хагарсан, хаалга нь огойхгүй байсан болохоор цонхоор гарч ирэхэд Ланд 200 маркийн авто машин мөргөөд зогссон байсан. Би эмнэлэг рүү ороод хацар шанааны баруун хэсэг, чихний орчимд шилэнд зүсэгдсэн байсан оёдол тавиулж эмнэлэгт хэвтсэн. Жолооч Э-тэй харилцан тохиролцоод эзэмшлийн авто машинаа аваад дээрээс нь надад Прус 10 маркийн тээврийн хэрэгсэл авчирч өгсөн. Эмнэлэгт хэвтсэн 312000 төгрөг, эм тарианы 100000 гаруй төгрөгийг төлсөн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М-ын: “Эмнэлгийн дээд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн авто машинаа байрлуулж орхисон байхад нь ланд 200 маркийн авто машин зогсоолд байсан 3 авто машиныг мөргөсөн байдалтай зогсоол дээр байсан. Жолооч Э-тэй харилцан тохиролцоод 500000 төгрөгийг авсан. Санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц-ын: “Эмнэлгийн баруун талын авто зогсоолд машинаа байрлуулаад эмнэлэг орчихоод гараад ирэхэд Ланд 200 маркийн авто машин зогсоол дээр байсан машинуудыг мөргөсөн байдалтай зогсож байсан. Жолооч Э-тэй харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн авто машинаа Э-д зарсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, Э-ээс Ц-д 7 410 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт,
Иргэний нэхэмжлэгч Г-ын: “Миний машины номер цааш чихигдэн орж, гэрэл хагарсан, арын бампер хугарсан байсныг өөрөө авч яваад янзалсан. Надад бэлнээр 100000 төгрөг өгсөн. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д-ийн: “Ланд 200 маркийн авто машинтай хүн зогсоолд байсан машинуудыг мөргөөд тухайн машинд мөргүүлсэн такси дэлгүүрийг нь мөргөж зогссон байсан. Тухайн ослыг гаргасан Э гэдэг эмэгтэй ирээд харилцан тохиролцоод надад учирсан хохирол болох 1600000 төгрөгийг өгөөд явсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б-ийн: “Манай зээ дүү Г утсаар залгаад -Эмнэлэг дээр хүрээд ир. Хүүхэд чинь аварт орсон муу байна гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд сэхээний тасагт манай хүүхэд байсан. Тэгээд эмнэлэгт ухаангүй байж байгаад нас барсан. Энэ хүмүүс миний хүүгийн амь насыг хохироочихоод надтай ярьдаггүй. Тэнд, энд ирж уулз гэж хэлдэг.Энхцэцэгээс 32 500 000 төгрөг авсан. ” гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн: “Л-ийн гэх цусанд этилийн спирт илрээгүй. Дух, баруун зулайн яс, баруун чамархай яс, суурь ясны шугаман хугарал, хамар, эрүүний хугарал, тархины 2 тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал, зүүн тал бөмбөлөгт зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун уушигны доод дэлбэнд цус хуралт, хамарт шарх, хамрын нуруу, дух, баруун хөмсөг, хамрын үзүүр, эрүүний зүүн тал, зүүн мөр, зүүн, баруун өвдөгөн зулгаралт, баруун зүүн дээд зовхи баруун шуунд цус хуралт тогтоогдлоо. Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас барсан байна.” гэсэн дүгнэлт,
Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн: “Ланд круйзер 200 маркийн авто машины жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байна. Энэ нь осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, авто машин болон эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Мөн шүүгдэгч Э-ийн: “Буудал хайж явж байгаад гэрлэн дохиогоор эргэхэд миний урд мотоциклтой хүн явж байсан. Нилээн явж байгаад тормоз гишгэсэн чинь хурд саарахгүй байхаар нь хоёр дарсан. Байнга энэ машиныг унадаггүй жижиг машин унадаг болохоор буруу гишгээд байгаа юм болов уу гэж бодоод хаазан дээр гишгэсэн тэгээд уулзвар дээр хүрч ирээд мотоцикл руу дөхөөд ирэхээр нь жолоогоо хажуу тийш нь дараад хажуу талын урсгал руу ороод тэр машинуудыг мөргөж зогссон. Би мотоциклтой хүнийг өнгөрөөчихлөө гэж бодсон. Тэгтэл манай нөхөр хүүхдүүд буугаад орилолдоод тэгээд эмнэлгээс эмч нар гарч ирээд нөгөө хүнийг авч орсон. Цагдаагийн газар өглөө яваад очсон чинь нөгөө хүн чинь урьд шөнө өнгөрчихлөө гэж ярьсан. Хохирогчид нийт 32 000 000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгч М-д 500 000 төгрөг, Ц-ын машинд 1 800 000 төгрөгийн үнэлгээ гарсан боловч машиныг нь авч 7 500 000 төгрөг өгсөн, Б-ийн машины хохирол 3 000 000 төгрөг гарсан. Тэр хүнд 370 000 төгрөг, эмнэлгийн төлбөр 170 000 төгрөг өгсөн, олон хоног эмнэлэгт хэвтсэн тэгээд гайгүй байхаар нь баярлаад 5 000 000 төгрөгөөр прус машин авч өгсөн. Г гэдэг хүний машины хойд талын гэрэл хагарсан байсан 100 000 төгрөг өгсөн. Д гэдэг хүнд 1 600 000 төгрөг өгсөн. Нийт 57 750 000 төгрөгийн хохирол барагдуулсан” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар тогтоогдож байна.
Хохирогч Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол 34 474 596 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаснаас 13 895 028 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлэн шүүгдэгч нь хохирогчид 32 500 000 төгрөг төлсөн болохыг дурдаж шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Э-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Э-д холбогдох 201707000043 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж ...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байна.
Тиймээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулж болох ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн уг хуулийг буцаан хэрэглэж, уг хуульд нийцүүлэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Э-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх, хор уршигийг арилгахад гарах зардлыг тогтоолгох тухай хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Э-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг
“Шүүгдэгч Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг,
“Шүүгдэгч Э-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 3, 4 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ч.ЭНХТӨР