Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 114/2018/0006/З |
Дугаар | 11 |
Огноо | 2018-03-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 11
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2018/0006/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн 8 дугаар баг, 13 дугаар байр, 79 тоотод оршин суух Ду- Д- нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/246 дугаартай захирамжид иргэн Д.******* “*******” гэж бичсэнийг залруулахгүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг алдаатай бичвэрийг залруулах захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/237, А/246 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг, Онгот ******* тоот хаягт Д.******* надад гэр бүлийн хэрэгцээний 753 м.кв газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжаар миний газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгосон тул захирамжийг эс хүлээн зөвшөөрч захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын А/437, А/438 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгосон.
Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/246 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн дагуу газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргасан боловч улсын бүртгэгч нь “Засаг даргын захирамж бүдэг, Засаг даргын захирамжид нэр зөрүүтэй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзав” гэсэн цохолт хийж миний мэдүүлэг, хүсэлт, тэдгээрт хавсгаргасан материалыг буцаасан тул Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан.
2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 7/6585 тоот албан бичгээр “Дархан-Уул аймгийн Засаг даргын А/246 дугаартай захирамжид Д.Д- нэр буруу бичигдсэн байгааг залруулан холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд хандан бүртгүүлэх боломжтой байна гэсэн хариу ирүүлсэн тул Засаг даргын А/246 дугаартай захирамжид иргэн Д.******* “*******” гэж бичсэнийг залруулах тухай өргөдлийг 2017 оны 09 дүгээр сард аймгийн Засаг даргад өгсөн. Өргөдлийн хариу өгөхгүй байсан тул Засаг даргын бичиг хэргийн ажилтнаас хариугаа шаардахад “Таны өргөдлийг газрын албанд шилжүүлсэн, газрын албанаас хариугаа ав” гээд хариу өгөхгүй байсан тул арга барахдаа Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/246 дугаартай захирамжинд иргэн Д.******* “*******” гэж бичсэнийг залруулах тухай өргөдлийн хариуг нэн дариу өгнө үү гэх утгатай гомдлыг гаргахад 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай албан тоотоор таны хүсэлтэнд хариу өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.
Харин Аймгийн Засаг даргаас ямар ч хариу өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Хариу хүлээгээд нэмэргүйг ойлгоод Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргах тухай хүсэлт гаргахад “*******” гэсэн алдаа засагдаагүй байна гээд миний хүсэлтийг хүлээж авахгүй байна.
Иймд аймгийн Засаг даргын А/246 дугаартай захирамжид иргэн Д.******* “*******” гэж бичсэнийг залруулах тухай өргөдөлд хариу өгөхгүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.******* нарын хүнд суртал гаргаж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эртэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан албан тушаалтны эс үйлдэхүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар албан тушаалтны дээрх эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, аймгийн Засаг даргын А/246 дугаартай захирамжид иргэн ******* “*******” гэж бичсэнийг залруулах тухай даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******аас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Д- нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/246 дугаар захирамжид Д.******* “*******” гэж алдаатай бичсэнийг залруулах захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/246 дугаартай захирамжид иргэн Д.******* “*******” гэж бичсэнийг залруулахгүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг алдаатай бичвэрийг залруулах захиргааны акт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА