Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 124/2021/0036/З |
Дугаар | 221/МА2021/0578 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0578
Ц.Д-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор Ц.Д-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-н гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176483 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Ц.Д 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Татварын албанд ирүүлсэн.
Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Ц.Д-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж,бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил нь тогтоогдсон гэж үзэж зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн.
Гэтэл анхан шатны шүүх үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх , шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаар тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.
Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй.
“Увс финанс аудит” ХХК-иар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176483 дугаар шийтгэлийн хуудсаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ховд сумын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Анхан шатны шүүх “... Ц.Д нь сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашигласан, зардлын дансны орлого, зарлага, зарцуулалтаа аудитаар баталгажуулсан нь дээрх хууль, журмын зорилгод нийцсэн... ” гэсэн үндэслэлээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл данс бүртгүүлэх үүргийг нэр дэвшигчид хүлээлгэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Хуулийн дээрх заалтад “данс бүртгүүлэх” , “мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх”, “зарцуулах” талаар журам зөрчсөн үйлдэл тус бүрийг зөрчилд тооцохоор байна.
Улсын байцаагч нь “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын газарт бүртгүүлэх талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Ц.Д-д торгох шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх “зөрчил” гэж шийтгэлийн хуудсанд заагаагүй үйлдэл буюу “сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь хууль, журмын зорилгод нийцсэн” гэж маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, дээрх хуулиудыг буруу хэрэглэсэн, энэ талаарх хариуцагчийн маргаж буй давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Түүнчлэн Ц.Д нь “... сумын Ардчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн бөгөөд ямар шалтгаанаар хоцроосныг мэдэхгүй байна...” гэж тайлбарлаж байх боловч дээрх хуулиудаар дансаа аудитын байгууллагад бүртгүүлэхийг нэр дэвшигчид өөрт нь үүрэг болгосон, уг үүрэг биелэгдээгүй байх тул Ц.Даваажаргалд шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Татварын улсын байцаагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хавсаргаагүй, гомдол гаргагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт тусгагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийн хугацаа дууссан, хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн дардас дараагүй зэрэг зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Д-ын “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176483 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-ны давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ