Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

 

 

 “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00083 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ганболдод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 14 178 445  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батхишиг,

Хариуцагч: Х.Ганболд,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Пүрэвбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Д.Эрдэнэцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ганболд нь Голомт банктай 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн КТ/0199120344 дугаарт зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3.000 ам.доллар болон 4 000 000 төгрөгийг хосолсон валюттай зээлийн эрхтэй 3798920180011316 дугаартай картыг хүлээн авч ашигласан болно. Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БД/0199120344 дугаартай батлан даалтын гэрээгээр “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийн Голомт банк дахь 8140000249 тоот дансаар батлан даалт гаргасан. Гэтэл зээлдэгч Х.Ганболд нь байгуулсан гэрээнийхээ эргэн төлөлтийг 458 хоногоор зөрчин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй, өнөөдрийн байдлаар 379892018001316 MNT тоот картын зээлийн үндсэн төлбөр 977 535  төгрөг, хүүний төлбөр 241 752 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165 566 төгрөг, нийт 1 384 855 төгрөг, 379892018001316 USD тоот картын зээлийн үндсэн төлбөр 2.938 ам.доллар, хүүний төлбөр 1.546 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 462.93 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 268.11 ам.доллар, нийт 5.215.53 ам.долларыг тус тус зээлийн эрхийн төлбөрийн төлөлтийг хийлгүй өнөөдрийг хүргэсэн байна. Иймд зээлийн үндсэн төлбөр болох 1 384 855
төгрөг болон 5.215.53 ам.доллар,  нийт 14 178 445.94 төгрөгийг  Х.Ганболдоос гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-д хоблогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
 

         Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Голомт банктай 2015 оны 1 дүгээр сараас эхлэн гэрээ байгуулан 379892018001316 дугаартай карт ашиглаж байсан. Уг картыг авахдаа тухайн үед миний авч байсан цалин манай компанийн үйл ажиллагаа зэргийг уялдуулан харилцан тохиролцож карт эзэмших гэрээ мөн Голомт банкны зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БД/0199120344 дугаартай Батлан даалтын гэрээг “Гашуун сухайтым төмөр зам” ХХК-ийн Голомт банк дахь 8140000249 тоот дансаар хийсэн. Гэтэл Тавантолгойн орд газрын хөрөнгө оруулалтын асуудал улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалан манай компанийн санхүүжилт 2015 оны 6 дугаар сараас эхлэн саатах болсноор компани ажилчдын цалин тавьж чадахгүйд хүрснээр уг картыг ашигласан хэрэглээ эргэн төлөлт хүндэрч ирсэн. Тухайн үед Голомт банкинд нөхцөл байдлын талаар удаа дараа тодорхой мэдээлж цалингийн үлдэгдэл болох 14 000 000 төгрөгийн үлдэгдлээс тооцоо хийж дуусгаж өгөхийг албан ёсоор хүссэн. Манай компаний дансанд 50 000 000 төгрөгийн санхүүжилт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2015 оны 10 cap орчимд орж ирэхэд банкны ажилтан Сугар-Эрдэнэд мэдэгдэж өөрийн картны үлдэгдэл төлбөрийг суутган ав гэсэн хүсэлт дахин гаргасан. Банк уг хүсэлтийн дагуу данснаас 15 000 000 төгрөгийг тусгаарласан боловч тодорхой хугацааны дараа ойлгомжгүй шалтгаанаар чөлөөлсөн байсан. Банк батлан даалтын гэрээний дагуу карт эзэмшигч миний бие мэдэгдсээр байхад уг мөнгийг тусгаарлаад буцаан олгосон байдлыг ойлгоогүй. Миний бие аливаа нэг төлбөрөөс зайлсхийгээгүй бөгөөд банктай байнгын харилцаатай гарах арга замыг олох гэж оролдож ирсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Голомт банкинд хүсэлт гаргаж энэ өдрөөр тасалбар болгож зээл болон зээлийн хүүг зогсоож “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн данснаас Баталгааны гэрээний дагуу суутган тооцоо хийхийг хүсэж албан хүсэлт гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Банкны мэргэжилтнүүдтэй уулзаж шүүхэд хандаач гэсэн хүсэлтийг өнөөг хүртэл миний бие өөрөө тавьж ирсэн. Гэвч миний зээл, зээлийн хүүг кампаниас авах цалингийн авлагын хэмжээнд хүртэл санаатайгаар хүлээсэн гэж үзэж байна. Голомт банкны картаар хэрэглэсэн зээл болон зээлийн хүүг миний хүсэлт гаргаж мөнгө тусгаарлуулсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцох, карт ашиглаагүй хугацааны картын хураамжийг бүрэн чөлөөлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцож Батлан даалтын гэрээний дагуу “Гашуун Сухайтын төмөр зам” ХХК-иас гаргуулахаар байна гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ганболдоос үндсэн төлбөр 8 184 464 төгрөг, хүүгийн төлбөр 4 035 187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 301 124 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн хүү 657 660 төгрөг, нийт 14 178 445 /нэг зуун арван дөрвөн сая долоон зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Гашуун Сухайтын Төмөр Зам” ХХК болон түүнд холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээний дагуу “Гашуун Сухайтын Төмөр Зам” ХХК-ийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Голомт банк татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

             Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Х.Ганболдын төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Х.Ганболдын бусад хөрөнгөөс төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

             Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 228 842 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 228 842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Х.Ганболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 29, 110 дугаар зүйлийг зөрчсөн байна. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 15-нд бичгээр хүсэлт гаргаж хаалт хийж, батлан даагчийн дансанд байгаа миний цалингийн үлдэгдлээс суутган тооцохыг мэдэгдэж байхад санаатай эс үйлдэл гарган гэрээ"-ний 4-р зүйлийн 4.2-т зааснаар зээлийн эрхийг хаагаагүй. Намайг 4 912 657 төгрөг 48 мөнгөөр хохироогоод байхад шүүх тооцож үзсэнгүй. 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний батлан даагч гуравдагч этгээдтэй байгуулсан 2015 оны 01 сарын 13-ны өдрийн гэрээний 3 дугаар зүйлд Батлан даагч гэрээний үндсэн өр бусад бүх холбогдох төлбөрийг төлөхөөр тохирсон болохыг шүүх хуралдаан дээр мэдэгдэж гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт тавьсаар байхад шүүх хэргийг тал бүрээс нь бодитой бүрэн дүүрэн нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Гашуун сухайтын төмөр зам” ХХК болон Х.Ганболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 178 445  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

            Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хосолсон валютын зээлийн эрхтэй карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Х.Ганболд нь 4 000 000 төгрөг болон  3 000 ам.долларын зээлийн эрхийн хэмжээтэй 3798 920180 01316 тоот картыг “Голомт банк” ХХК-иас хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн  8 дугаар тал/                                         

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Х.Ганболдоос шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Х.Ганболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа 10 гаруй сая төгрөгийг төлөөгүй байгаа гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд 9 500 000 төгрөгт эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна. /хх-ийн 24, 38-р тал/

 

            Зээлдэгч Х.Ганболд нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч ашиглаж, төгрөгийн зээлийн үндсэн үүрэгт 977 535 төгрөг, ам.долларын үндсэн үүрэгт 7 206 664 төгрөг тус тус төлөөгүй болох нь кредит картын хуулгаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 2.1-т зээлийн хүүг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3,5 хувь байхаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй болно. Иймд анхан шатны шүүх хариуцагч Х.Ганболдоос зээлийн хүүд  төгрөгийн зээлд 241 752 төгрөг, ам.долларын зээлд 3 793 710 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосон нь үндэслэлтэй байна.

 

Харин талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1-т “зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн хэмжээ 5 хувь” гэж тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцэхгүй, хууль зөрчсөн гэрээний зохицуулалт болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.6-д зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэх боловч уг заалтад нэмэгдүүлсэн хүүг хэдэн хувиар тохиролцсон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Х.Ганболдоос нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн зээлийн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн нийт 1 958 812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай  нийцнэ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь зээлийн батлан даагч буюу хариуцагч “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагыг үүрэг гүйцэтгэгч нь батлан даагчтай хамтран хариуцахаар заагаагүй байна. Иймээс анхан шатны шүүх хариуцагч “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-д  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Голомт банк” ХХК татгалзсаныг баталж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Анхан шатны шүүх 14 178 445 төгрөгийг /нэг зуун арван дөрвөн сая долоон зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөг гэж техникийн алдаа гаргасан байгааг дурдлаа.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ганболдоос 12 219 661 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 958 812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “… 228 842 төгрөг …” гэснийг “210 465 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.               

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА 

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ