Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00866

 

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03829 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 380 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Ч-, Л.Н-, М.М- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл А.Ч-д зээлүүлсэн. Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Ч-, Л.Н- нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд зааснаар алданги тооцож, үндсэн зээл 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, хүү 4 800 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан тайлбартаа: 

Уг зээлийг авахаас өмнө Л.Н-, А.Ч-, М.Мөнхцацрал нар нь 5 500 000 төгрөгийг хувааж авахаар тохиролцсон. Ингээд нотариат ороод А.Ч-д 1 000 000 төгрөг, Л.Н-д 3 500 000 төгрөг, М.Мөнхцацралд 2 000 000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон боловч Л.Н- жирэмсэн байсан тул 4 гэрээ байгуулсан. Гэрээг байгуулсны дараа дээрх хувиарлалтын дагуу Б.Ж- нь өөрийн гараар тоолж хувиарлаж өгсөн. Иймд хариуцагч А.Ч- нь 1 000 000 төгрөг авсан ба мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн А.Ч- нь 3 удаа 80 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нийт 903 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнийг би он сараар шүүж баримтаар өгсөн. Бэлнээр 1 360 000 төгрөг төлсөн боловч бэлэн төлсөн мөнгийг нэхэмжлэгч Б.Ж- хүлээн зөвшөөрөхгүй. А.Ч-гийн хувьд зээлийг бүхэлд нь төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.Мөнхцацрал шүүхэд гаргасан тайлбартаа: 

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Ж- мөнгө зээлнэ гэхэд А.Ч-, Л.Н- бид мөнгө зээлсэн. Нотариатаар орсны дараа Л.Н-гийн иргэний үнэмлэхийг канондаж гарын үсэг зуруулсан. Би эхний 6 cap зээлсэн мөнгөний хүүг бэлнээр төлж байгаад түүнээс хойш дансаар шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дансаар 2 000 000 төгрөгийг хийж байсан. Түүнээс хойш би зээлсэн мөнгөний асуудал дууссан гэж өнөөдрийг хүртэл бодож явсан. Б.Ж-, н.Мэндбаяраас мөнгө зээлсэн гэдэг байсан тул мөнгийг Б.Ж-, н.Мэндбаяр нарын дансанд ээлжилж хийдэг байсан гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03829 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ч-гээс 505 500 төгрөг, хариуцагч М.Мөнхцацралаас 240 000 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлээс 9 754 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Л.Н-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Ч-гээс 15 815 төгрөг, хариуцагч М.Мөнхцацралаас 7 850 төгрөгийг тус тус нөхөн гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 380 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 88 550 төгрөг, хариуцагч А.Ч-гээс төлсөн 4550 төгрөг, хариуцагч М.Мөнхцацралаас төлсөн 4550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч А.Ч-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 1 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох тухай заасан байдаг. Хариуцагч А.Ч- нь зээл авснаас хойш нэхэмжлэгчид cap тутамд бэлнээр 80 000 төгрөг төлж байсан боловч энэ тухай шүүхэд баримтаар нотолж чадаагүй юм. Гэвч тэрээр зээлийн гэрээний хугацаанд 80 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 823 000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотолдог. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч А.Ч-г үндсэн төлбөрт 1 000 000 төгрөг, хүүнд 240 000 төгрөг, нийт 1 240 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзээд түүний төлсөн нийт 903 000 төгрөгийг 1 240 000 төгрөгнөөс хасч тооцон, үндсэн зээлийн үлдэгдэлд 337 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж дүгнээд алдангид 168 500 төгрөг тооцон хариуцагч А.Ч-гээс нийт 505 500 төгрөг гаргуулахаар шийдсэн юм. Дээрхи тооцоолол нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг зөрчсөн тул миний бие хариуцагч А.Ч-гийн гэрээний хугацаанд төлсөн 80 000 төгрөгийг хүүнд тооцож, үлдэх 823 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Дээрхи үндэслэлийн дагуу А.Ч- нь үндсэн төлбөрт 177 000 төгрөг, хүүнд 160 000 төгрөг, алданги 88 500 төгрөг, нийт 425 500 төгрөг төлөх үүрэгтэй болох юм. Гэвч давж заалдах шатны шүүх дээрхи үндэслэлийг хүлээн зөвшөөрч зөв тайлбарласан боловч хариуцагчийн төлөх ёстой үндсэн төлбөр 177 000 төгрөг дээр хүүний 160 000 төгрөгийг нэмж нийт 337 000 төгрөгнөөс алданги тооцон 168 500 төгрөгний алданги төлүүлэхээр шийдсэн нь Иргэний  хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт “Хүүгээс анз тооцохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч А.Ч-д холбогдох төлбөрийг 425 500 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч А.Ч-, Л.Н-, М.Мөнхцацрал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Н-д холбогдох шаардлагаас татгалзжээ. Хариуцагч А.Ч-, М.Мөнхцацрал нар нь шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 5 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч хугацаа хэтрүүлбэл алданги төлөх үүрэг хүлээж, талууд гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлдүүлэгч гэрээний зүйлийг зээлдэгч нарт шилжүүлснээр гэрээ байгуулагдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хариуцагч нарын төлсөн төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр тодорхойлж, зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний алданги зэргийг зөв тооцож, хариуцагч тус бүрийн хүлээх үүргийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4.-д заасан шаардлагад нийцжээ.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03829 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 380 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН