| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0521/Э |
| Дугаар | 0584 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 0584
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагч Г.Яндаг,
Өсвөр насны шүүгдэгч Б...., хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг,
Өсвөр насны шүүгдэгч Б...., хууль ёсны төлөөлөгч Д....,
Шүүгдэгч О...., тэдний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт ...ийн ..., Хуацай овогт ...рийн ..., Боржигон овогт ...ын ... нарт холбогдох 2008010200737 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 эх, эгч, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Тоосгоны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.
Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөө нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Тоосгоны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хуацай овогт ...ийн ... /.../.
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Тоосгоны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хуацай овогт ...рийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Өсвөр насны яллагдагч Б...., О...., Б.... нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24 дүгээр ...тоотод оршин суух иргэн А....ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч угаалгын машин 1 ширхэг, хивс 1 ширхэг, хувцасны индүү 1 ширхэг зэргийг хулгайлж 430,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24 дүгээр ...тоот гэрээ цоожлоод төрсөн дүү ...ын хамт хөдөө Өвөрхангай аймаг руу аав, ээжийнхээ гэрт очихоор явсан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт байж байсан чинь миний дугаар руу манай төрсөн дүү болох ... залгаад ахаа танай гэрт хулгайч орсон байна гээд Цагдаагийн газраас над руу ярьж байна гэж хэлэхээр нь чи манай гэрт очоод хараадах өөр эд зүйл алдагдсан байна уу? гэж хэлсэн юм. Удалгүй ... надруу залгаж ахаа танай гэрийн цоожийг эвдсэн байна. Дотроос нь юу алдагдсан талаар мэдэхгүй байна гэж хэлэхээр нь чи тэгвэл цагдаагийн газар очоод уулзчих гэж хэлсэн.Тэгээд ... надад ахаа би цагдаагийн газар очоод мэдүүлэг өгчихсөн шүү танай гэрээс угаалгын машин, хивс индүү алдагдсан юм шиг байна. Цагдаа нар хулгай хийсэн хүмүүсээс нь авсан гэж байна гэхээр нь ах нь ойрдоо мөд очиж чадахгүй, гээд цагдаа нарт хэлчихээрэй. ...ын бие өвдөөд энд эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн чинь за гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд би хөдөө байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг манай дүү солиод шинэ цоож хийчихсэн байхаар нь гэртээ ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд угаалгын машин, хивс, индүү байхгүй. Харин бусад эд зүйлс бүгд бүрэн бүтэн байсан ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,
2.Шүүгдэгч О....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө ажлаасаа буугаад гэрлүүгээ харьсан чинь гэрийн гадаа манай хамаатны дүү ... байсан. Ингээд ...тэй гэрийнхээ гадаа уулзаад юм ярьж байтал ... “Манай гэрийн ар талын гудамд байрлах ... ахын гэр хүнгүй, онгорхой байна, гэрт дотор нь угаалгын машин байна, авах уу” гэхээр нь яахын лай, лай гээд би гэрлүүгээ явж ... яваад өгсөн. Би гэртээ ороод унтах гээд хэвтэж байтал ..., ... хоёр орж ирсэн. ..., ... хоёрыг орж ирэхээр нь ...д ...гийн ярьсан ... ахын гэрт хүнгүй байгаа талаарх яриаг нь яриад бид гурав хоорондоо ярилцаад ... ахын гэрээс угаалгын машиныг нь аваад зараад пүүз авч өмсье гэж тохиролцоод тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед манай гэрээс гараад ... ахын гэрийн гадаа ирсэн. ... ахын гэрийн гадаа бид гурав ирээд хашааны хаалгаар нь ороход хашаанд хоёр гэр байсан ба ертөнцийн зүгээр баруун талын ... ахын гэрийн гадаа очиход гэрийнх нь хаалга цоожгүй онгорхой байсан. Ингээд ..., ... бид гурав ... ахын гэрлүү цуг ороод асаагуурын гэрэл асаагаад хартал гэрт нь угаалгын машинаас гадна хивс, индүү байхаар нь гурвууланг нь авахаар шийдээд би хивсийг аваад угаалгын машин дотор индүүг нь хийгээд ..., ... хоёр угаалгын машиныг аваад гэрээс нь гараад ханын материалын шинэ давхар нэртэй автобусны буудлаас такси бариад ...гийн эмээгийн гэрт оруулаад тавьсан. Ингээд ... гэртээ үлдээд ... бид хоёр гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед ... бид хоёр такси бариад ...гийн гэрт очоод хулгайлсан эд зүйлээ аваад цахилгаан бараа худалдах газар очоод би хулгайлсан 3 эд зүйлийн зургийг харуулахад 160,000 төгрөгөнд авна гэсэн бөгөөд арай хямдхан авах юм бйнаа, өөр газарт аваачиж заръя гээд Ханын материалын эцэс рүү явсан. Ханын материалын эцэс очоод цагдаа нарт баригдсан. Таксины ах цагдаад бид гурвыг мэдэгдсэн байсан. Хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь хохирогчид хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 112-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Өсвөр насны шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд байрлах найз ...гийн гэр лүү нь ганцаараа явж байхад ... ахын хашааны хаалга онгорхой байсан, гэрлүү нь ороод уулзах гэсэн чинь гэрт нь хэн ч байхгүй, гэрийнх нь хаалга онгорхой байсан би орж харчихаад гараад ...гийн гэрт очсон. ... гэрт ус байхгүй гээд ... гээд айл руу усанд явсан. ...тай уулзаад ... бид 3 жаахан юм ярьсан. ... ахынд хүн байхгүй байна угаалгын машин байна тэрнийг нь хулгайлая гэж ярьсан. Тэгээд бид 3 ... ахынд очоод гэрт нь ороход хүн байхгүй байхаар нь ороод гэрийг нь үзчихээд бид 3 гараад өндөр настны буудал руу яваад тэндээс такси бариад буцаад ... ахын гэрийн гадна ирээд ... хүн хараад ... бид гурав ... ахын гэрээс угаалгын машин, хивс, индүүг таксинд оруулаад манай гэр лүү явсан. Гэрт очоод тэр 3-г буулгасан эмээ энэ юу вэ гэж асуухаар нь манай ахынх маргааш ирж авна гэж хэлсэн. Нөгөө хулгайлсан юмаа манай хойд талын байшинд оруулж тавьчихаад гадаа гараад маргааш өглөө нь тэр 2 манай гэрт ирэхээр тохироод явцгаасан. 02 сарын 07-ны өглөө манай гэрт ..., ... нар ирсэн. Дахиад ярилцаж байгаад ханын эцэс рүү яваад такси бариад буцаж манайд ирээд юмаа ачаад өндөр настны буудал руу явж байгаад ханын материалын автобусны эцсийн буудал дээр цагдаагийн эргүүлийн машинд баригдсан. ...Тэгээд цагдаагийн газарт очоод хулгайлсан эд зүйлээ хураалгасан. ...” гэх мэдүүлэг /хх 122-123 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Өсвөр насны шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны орой 21-22 цагийн орчим манай гэрт ... ирсэн. Манайд ус байхгүй гээд ... бид хоёр манай найз ...гийн гэр лүү явсан. ...тай уулзаад ... бид 3 жаахан юм ярьсан. Ингээд ярьж байгаад ... ахынд хүн байхгүй байна, угаалгын машин байна тэрнийг нь хулгайлая гэж ярьсан. Тэгээд бид 3 ... ахынд очоод гэрт нь ороход хүн байхгүй байхаар нь ороод гэрийг нь үзчихээд бид 3 гараад өндөр настны буудал руу яваад тэндээс такси бариад буцаад ... ахын гэрийн гадна ирээд ... ... бид гурав ... ахын гэрээс угаалгын машин, хивс, индүүг аваад таксинд оруулаад ...гийн гэр лүү явсан. Гэрт нь очоод хулгайлсан эд зүйлээ буулгасан. Нөгөө хулгайлсан юмаа ...гийн хойд талын байшинд оруулж тавьчихаад гадаа гараад маргааш өглөө ...гийн гэрт ... бид хоёр очихоор тохироод явцгаасан. 2020 оны 02 сарын 07-ны өглөө ... бид хоёр ...гийн гэрт очсон. Бид гурав дахиад ярилцаж байгаад ханын эцэс рүү яваад такси бариад хулгайлсан эд зүйлээ ачаад явж байгаад ханын материалын автобусны эцсийн буудал дээр цагдаагийн эргүүлийн машинд баригдсан. ... Тэгээд цагдаагийн газарт очоод хулгайлсан эд зүйлээ хураалгасан. ...” гэх мэдүүлэг /хх 130-131 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өнөөдөр гадуур явж байхад эгч ... утсаар залгаад ... гэсэн дугаар руу залгаадах цагдаагаас залгаад байна гэхээр нь би тухайн дугаар руу залгахад цагдаагийн ажилтан байна. ...тоотод байх ах ...ын гэрт хулгай ороод угаалгын машин, хивс хулгайлж явсан хүмүүсийг барьсан байна. Ирээд цагдаа дээр уулзчих гэхээр нь би ирж уулзаж байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,
6.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24 дүгээр ...тоот гэрээ цоожлоод төрсөн ах ...ийн хамт Өвөрхангай аймаг руу аав ээжийнхээ гэрт очихоор явсан юм. Тэгээд аав ээж хоёр дээрээ оччихоод байж байтал 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр манай ах ... надад гэрт хулгайч орсон байна гэж Улаанбаатар хотоос ... залгаж хэлж байна гэж хэлсэн, тухайн үед миний бие өвдөөд эмчилгээ хийлгэж байсан болохоор сайн асууж чадаагүй, дараа нь харин ... ах гэрээс угаалгын машин, хивс, индүү алдагдсан байна хулгай хийсэн хүмүүс нь баригдсан гэж ... ахаас сонссон. Өөр зүйл сайн мэдэж чадаагүй, ...” гэх мэдүүлэг /хх 42 х/,
7.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтыын шатанд өгсөн: “...Миний хүү ... нь эцэг эхээс 2-лаа, айлын том хүүхэд. Аав ээж 2 нь бага байхад нь салсан. Дүү нь ээж дээрээ байдаг. ... нь их хурц ааштай, огцом ууртай. Сонгинохайрхан дүүргийн 9-р сургуульд сурч байгаад 5 билүү 6-р ангиасаа сургуулиасаа гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/,
8.Гэрч Ш....рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү ... дээрээ 1 эгчтэй, доороо 2 дүүтэй айлын дундах хүүхэд. Миний хүү О.... ааш зан тогтвортой, гадуур тэнэж явдаггүй, архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглэдэггүй, буруу зүйл хийвэл тэрийгээ хурдан ойлгодог. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,
9.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү ... нь эцэг эхээс 6-лаа, дээрээ 3 эгч, 1 ахтай, доороо 1 эрэгтэй дүүтэй. ... 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 9-р дунд сургуулийг төгссөн. Одоо Техник технологийн сургуулийн тогоочийн ангид сурдаг. Миний хүүгийн аав нь 2007 онд нас барсан. Миний хүү дөлгөөн даруухан, урлагын авъяастай, огцом уургүй, сэргэлэн цовоо зантай. ...” гэх мэдүүлэг /хх 46 х/,
10.Гэрч Ү....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...гийн эмээ нь байгаа юм. миний хүү ... манай 2 дахь хүүгийн хүүхэд. 2002 онд Улаанбаатар хотод төрсөн. Зан аашийн хувьд хурц зантай, хөдөлгөөнтэй. ...” гэх мэдүүлэг /хх 47-48 х/,
11.”Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “1 ширхэг угаалгын машин 260,000 т, 1 ширхэг хивс 150,000 т, 1 ширхэг индүү 15,000 т, хаалганы цоож 5,000 т, нийт 430,000 төгрөг /хх 87-88 х/,
12.Б....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 х/
13.О....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50 х/
14.Б....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 х/
15.Б....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 52, 55 х/
16.О....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 53 х/
17.Б....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60 х/
18.Б....гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 66 х/
19.О....гийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 96 х/
20.Б....гийн нас тоолсон тэмдэглэл /хх 97 х/
21.Б....гийн нас тоолсон тэмдэглэл /хх 98 х/
22.О....гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 101 х/
23.Б....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 144 х/ зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч Б...., О...., Б.... нар урьдчилан тохиролцож бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 22 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24 дүгээр ...тоотод байрлах иргэн А....ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожыг эвдлэн нэвтрэн орж гэрээс угаалгын машин 1 ширхэг, хивс 1 ширхэг, хувцасны индүү 1 ширхэг зэргийг хулгайлж 430,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А....ийн “... манай дүү надад би цагдаагийн газар очоод мэдүүлэг өгчихсөн шүү танай гэрээс угаалгын машин, хивс, индүү алдагдсан юм шиг байна гэсэн. ... Тэгээд би хөдөө байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг манай дүү солиод шинэ цоож хийчихсэн байхаар нь гэртээ ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд угаалгын машин, хивс, индүү байхгүй. Харин бусад эд зүйлс бүгд бүрэн бүтэн байсан ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,
Шүүгдэгч О....гийн “...... ахын гэрээс угаалгын машиныг нь аваад зараад пүүз авч өмсье гэж тохиролцоод тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед манай гэрээс гараад ... ахын гэрийн гадаа ирсэн. ... ахын гэрлүү цуг ороод асаагуурын гэрэл асаагаад хартал гэрт нь угаалгын машинаас гадна хивс, индүү байхаар нь гурвууланг нь авахаар шийдээд би хивсийг аваад угаалгын машин дотор индүүг нь хийгээд ..., ... хоёр угаалгын машиныг аваад гэрээс нь гараад ханын материалын шинэ давхар нэртэй автобусны буудлаас такси бариад ...гийн эмээгийн гэрт оруулаад тавьсан. ... өөр газарт аваачиж заръя гээд Ханын материалын эцэс рүү явсан. Ханын материалын эцэс очоод цагдаа нарт баригдсан. Таксины ах цагдаад бид гурвыг мэдэгдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 112-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Өсвөр насны шүүгдэгч Б....гийн “... ... ахын гэрийн гадна ирээд ... хүн хараад ... бид хоёр ... ахын гэрээс угаалгын машин, хивс, индүүг таксигаар аваад манай гэр лүү явсан. Дахиад ярилцаж байгаад ханын эцэс рүү яваад такси бариад буцаж манайд ирээд юмаа ачаад өндөр настны буудал руу явж байгаад ханын материалын автобусны эцсийн буудал дээр цагдаагийн эргүүүлийн машинд баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 122-123 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Өсвөр насны шүүгдэгч Б....гийн “... ..., ... бид гурав ... ахын гэрээс угаалгын машин, хивс, индүүг аваад таксинд оруулаад ...гийн гэр лүү явсан. Гэрт нь очоод хулгайлсан эд зүйлээ буулгасан. ... такси бариад хулгайлсан эд зүйлээ ачаад явж байгаад ханын материалын автобусны эцсийн буудал дээр цагдаагийн эргүүлийн машинд баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 130-131 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч А....ын “... ...тоотод байх ах ...ын гэрт хулгай ороод угаалгын машин, хивс хулгайлж явсан хүмүүсийг барьсан байна. Ирээд цагдаа дээр уулзчих гэхээр нь би очиж уулзсан. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,
Гэрч А....ын “... ... ах гэрээс угаалгын машин, хивс, индүү алдагдсан, хулгай хийсэн хүмүүс нь баригдсан гэж ... ахаас сонссон. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “1 ширхэг угаалгын машин 260,000 т, 1 ширхэг хивс 150,000 т, 1 ширхэг индүү 15,000 т, хаалганы цоож 5,000 т, нийт 430,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 87-88 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Өсвөр насны шүүгдэгч Б...., Б...., О.... нар нь иргэн А....ийг хөдөө явсан хойгуур гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг угаалгын машин, 1 ширхэг хивс, 1 ширхэг хувцасны индүүг хулгайлсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг хангасан.
Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, ... зариулалттай орон байранд” нэвтэрсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан эсэхийг шалгавал.
Шүүгдэгч нарын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалтай гэр болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч гэрээ зориулалтын цоожоор цоожлоод явсан байхад уг цоожийг эвдлэн нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.
Өсвөр насны шүүгдэгч Б...., Б...., шүүгдэгч О.... нар өөрсдийн дээрх үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч Б...., Б...., О.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч Б...., Б...., О.... нар гэмт хэрэг үйлдэх үедээ 16, 17 настай байсан болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлүүдээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн субьектийн насны шалгуурыг хангаж байгаа.
2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлсон бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тусгай журмыг тогтоосон бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан хүн шүүхээр шийтгүүлэх үедээ арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй этгээдэд шаардлагатай тохиолдолд энэ журмыг хэрэглэж болох бөгөөд мөн шүүхээр шийтгүүлэх үед 18 насанд хүрсэн хүнд энэ бүлгийн 8.5 дугаар зүйлд заасан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэх, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалтыг О....д хэрэглэх боломжтой.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6. “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй” гэсэн заалтыг нэмсэн бөгөөд үйлчлэх хугацааг нь уг хуульд заагаагүй тул Монгол Улсын Үндсэн Хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их хурал албан ёсоор нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох зохицуулалт үйлчлэх бөгөөд албан ёсны хэвлэл болох Төрийн мэдээлэл сэтгүүлд уг хууль 2020 оны 02 сарын 13-ны өдөр нийтлэгдсэн.
Өсвөр насны шүүгдэгч нар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх зарчмын дагуу 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нэмэгдсэн зохицуулалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул О....гийн үйлдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 8.6 дугаар зүйлийг О....д хэрэглэх боломжтой.
Хохирогч А.... хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан болох нь шүүгдэгч нарын “Хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь хохирогчид хүлээлгэн өгсөн” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 112-114, 122-123, 130-131 х/, шүүхийн шатанд хохирогч А....ийн “би эд зүйлсээ бүгдийг буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх утсаар ярьсан тэмдэглэл /хх 156 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Б...., Б.... нарт 2 жилийн хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О....д 02 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар: Б.... Б.... нар өсвөр насны шүүгдэгч тул ялыг хоёр дахин багасгаж 01 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулах, О.... гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул мөн хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Өсвөр насны шүүгдэгч Б...., Б...., шүүгдэгч О.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гурвуулаа харилцан тохиролцож нэгдмэл нэг санаа зорилготойгоор гэмт хэрэгт оролцсон, насны хувьд хоорондоо ойролцоо зэргийг харгалзан тус бүрт нь 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу уг ялыг хоёр дахин багасгаж, Б...., Б.... нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, О....гийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр шийдвэрлэх үед насанд хүрсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч нарын ял шийтгүүлсэн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан хорих ялын дээд хэмжээнд нийцэж байгаа мөн субьектийн хувьд ч шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шалгуурыг бүрэн хангаж байгаа тул тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж өсвөр насны шүүгдэгч Б...., Б...., шүүгдэгч О.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хуацай овогт ...ийн ..., Хуацай овогт ...рийн ..., Боржигон овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б....г 02 жилийн хорих ялаар, Б....г 02 жилийн жилийн хорих ялаар, О....г 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б...., Б...., О.... нарт тус бүрт нь оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялуудыг хоёр дахин багасгаж, тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б...., Б.... нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б...., Б...., шүүгдэгч О.... нарт тус бүрт нь 01 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б...., Б...., О.... нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 02 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б...., Б...., О.... нарт мэдэгдсүгэй.
7.Б...., Б...., О.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б...., Б...., О.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ