Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

   2020           05           01                                    2020/ШЦТ/439

 

 

 

                                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Б.Ж- түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ж овогт Б-ын Ж-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905023031062 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ны өдөр ......... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл... , эцэг, эх, эгч дүү нарын хамт ...... аймгийн ........ сумын ... дугаар багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот ......... дүүргийн ... дүгээр хороо ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б-ын Ж-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны гадаа байсан 80-35 УБУ улсын дугаартай Sonata 6 маркийн автомашины 4 дугуйг нууцаар, хууль бусаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч У.С-д 400.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан иргэн Т.Т-гийн эзэмшлийн 39-97 УНО улсын дугаартай Toyota Verossa маркийн автомашины 600.000 төгрөгний үнэ бүхий 4 ширхэг дугуй, дугуйны обуд зэргийг нууцаар, хууль бусаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж- мэдүүлэхдээ: “Анх би өвлийн дугуйтай машинтай байж байгаад байрныхаа гаднаас өөрийн машины дугуйгаа алдсан. Хүнээс зуны дугуй гуйгаад хэсэг тавьж байсан. Тэгээд явж байгаад тэр машины дугуйг харсан. Цаашид зарж борлуулж ашиг олох бодол байгаагүй. Өөрөө дугуйгаа алдсан болохоор өөрийн машиндаа ашиглахаар дугуйг анх авсан. Гэтэл өмнө нь нэг хүн Sonata 6 машины дугуй худалдаж авна гэж байсан. Тэгэхээр нь би өөртөө байгаа тэр дугуйгаа зараад банкны зээлээ төлье гэж бодсон. Өөртөө байгаа дугуйгаа зарчихаар миний машин дугуйгүй болох гээд байсан” гэв.

 

1. Шүүгдэгч Б.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны гадаа байсан 80-35 УБУ улсын дугаартай Sonata 6 маркийн автомашины 4 дугуйг нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч У.С-д 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд.  /хэргийн 4-6 дугаар хуудас/

Хохирогч У.С-гийн “2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед өөрийн 80-35 УБҮ улсын дугаартай Sonata 6 маркийн автомашиныг байрныхаа гадаа орцны үүдэнд шахуу тавьсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүгд амарч байсан болохоор гэрээс гараагүй. Маргааш өглөө нь 07 цагийн үед манай нөхөр Энхмөнх ажилдаа явахаар гарсан. Удалгүй гэртээ эргэж орж ирээд чиний машины 4 дугуй алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө гарч хартал 4 дугуй нь байхгүй урд талыг нь элгээр нь хэвтүүлчихсэн баруун хойно нь хар өнгийн жижиг домократ хийчихсэн байсан. Тэгээд би цагдаа дуудсан.

... Миний машины 4 ширхэг өвлийн 215/65/15 хэмжээтэй дугуй Sonata 6 stock обудтайгаа цуг алга болсон. Би уг дугуйг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өгөөмөр захаас нэг ширхэгийг нь 120.000 төгрөгөөр авсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-20 дугаар хуудас/

... Тэгээд би гарч харахад бүх дугуй нь байхгүй доор нь нэг бетонон чулуу болох хар домократ эвчихсэн байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд явсаны дараа дугуй боодог боолтнуудыг газраас олж аваад машиндаа хийсэн байгаа. Мөн миний машинд өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Машины дотор байсан хар өнгийн домакратыг хэрэгт ач холбогдолтой байж магадгүй гэж бодоод авч ирсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан. /хэргийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... У.С-гаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн дугуйг авахдаа ашиглан доор нь үлдээсэн байсан гэх хар өнгийн эвхэгддэг домократ, дугуйн троцовыг хураан авч эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 55 дугаар хуудас/

Б.Ж-ы яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны гадаа байсан иргэн С- гэж хүний 80-35 УБУ улсын дугаартай Hyundai Sonata 6 маркийн автомашины 4 дугуйг хулгайлж авахдаа ганцаараа явж байсан. Уг дугуйг хулгайлж авахдаа өөрийн эзэмшлийн хар өнгийн Hyundai Sonata 6 маркийн 12-51 ХӨВ улсын дугаартай автомашинтайгаа явж байгаад хулгайлсан 4 ширхэг дугуйгаа машиндаа ачиж авч яваад маргааш нь машиндаа тавьчихсан явж байгаад дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригдах үедээ дугуйг зааж өгөөд, хохирогч У.С-д бүрэн бүтэн эргүүлэн хүлээлгэж өгсөн.  80-35 УБУ улсын дугаартай Hyundai Sonata 6 маркийн автомашины 4 дугуйг хулгайлж авахдаа машин доогуур өөрийн автомашинд байсан төмөр домократыг эвж байгаад аваад, хамгийн сүүлийн дугуйг авахдаа машин доогуур нь үлдээгээд явчихсан юм. Гэмт хэрэг үйлдсэн маань миний буруу. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2019 оны 12 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан иргэн Т.Т-гийн эзэмшлийн 39-97 УНО улсын дугаартай Toyota Verossa маркийн автомашины 600.000 төгрөгний үнэ бүхий 4 ширхэг дугуй, дугуйны обуд зэргийг нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 62-63 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “12-51 ХӨВ улсын дугаартай Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг Б.Ж-аас түр хураан авч уг тээврийн хэрэгслийг онгойлгоход түлхүүр таарах ба уг тээврийн хэрэгслийн хойд суудал дээр 225/55/18 хэмжээтэй хайлшин обудтай дугуй байсныг түр хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд багаж буюу тээшний хэсгийг нээхэд 165/55/15 хэмжээтэй дугуй 1 ширхэг, урд хаалгыг онгойлгоход суудал дээр ажлын бээлий 1 ширхэг дээд нарны хаалтны хэсгийг буулгахад Батболдын Ж-ы иргэний үнэмлэхний лавлагаа байсныг түр хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 64-66 дугаар хуудас/

Хохирогч Т.Т-гийн “... Ингээд гэртээ ороод унтаж амарсан боловч шөнө 02 цагийн үед нойр хулжиж сэрээд гэртээ зурагт үзээд хэвтэж байгаад шөнийн 04 цагийн орчимд цонхоороо гадагшаа машинаа хартал машины зүүн хойд талын дугуй байхгүй, доогуур домократсан байдалтай байхаар нь дугуйгаа хулгайд алдсан байна гэдгээ мэдээд шууд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Ингээд би шууд дуудлага өгөөд гадагшаа машинаа харахаар гарах үед цагдаа ирчихсэн байсан ба хэдий үед нь ирснийг мэдээгүй. Би бодохдоо ойрхон явж байсан юм байна гэж бодсон. Ингээд намайг гадагшаа гараад иртэл автомашины хажуу талд дугуйнуудын хажууд чулуунууд ивэх гээд бэлдээд тавьчихсан, бусад дугуйнуудын боолтыг сулласан, зүүн хойд талын дугуйг тайлж авсан байдалтай байсан. Мөн дугуйг хулгайлж авсан хүнийг барьчихсан байсан. Ингээд удалгүй үзлэг хийхээр бүрэлдэхүүн нь ирээд хулгай хийсэн хүний унаж явсан хар өнгийн Hyundai Sonata 6  маркийн автомашинд миний машины дугуй байсныг хурааж аваад надад хүлээлгэж өгсөн юм. Цагаан өнгийн 39-97 УНО улсын дугаартай Toyota Verossa маркийн автомашиныг би 2018 онд худалдаж авсан ба тухайн үед машинтай хамт 18 размерын гоёлын обуд ирж байсан юм. 2019 оны 10 дугаар сард Шархад орчмоос дугуй зардаг хүнээс машиндаа 4 шинэ дугуй Bridgestone брэндийн дугуйг нийлүүлээд 450.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77-78 дугаар хуудас/

Гэрч Д.Ш-ын “... Өдөр намайг гадуур ажилтай явж байхад дүү Ж- нь машиных нь урд талын дугуй хагарчихсан, запас дугуйгаа тавих гэсэн юм, та өгчихөөч гэхээр нь би гадуур ажилтай учраас өгөх боломжгүй байна гээд өгөөгүй юм. ... Ингээд дүү Ж- нь орой 23 цагийн үед хөдөө явлаа гэж хэлээд өөрийнхөө 12-51 ХӨВ улсын дугаартай хар өнгийн Hyundai Sonata 6 маркийн автомашинаа унаад гараад явсан ба би өчигдөр 20 цагийн үед гэртээ ирсэн цагаасаа хойш гадуур гараагүй, гэртээ байж байтал цагдаагаас над руу залгаад дуудахаар нь ирсэн юм. Тэгтэл дүү Ж- нь өчигдөр шөнө хулгай хийсэн. Тэгэхдээ миний машины ард байсан дугуйн троцов, домократ хоёрыг авч явсан гэдгийг сая мэдлээ. Би машинд байгаа эд зүйлсээ шалгаж үзээгүй юм. Надаас өдөр өгчихөөч гэж асууж байсан боловч шөнө гэрээс гарахдаа мэдэгдэлгүй аваад гараад явчихсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 116-117 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  эд мөрийн баримтаар тооцох тухай “улаан өнгийн домократ /өргөгч төмрийн хамт/ 1 ширхэг, 21 мм хэмжээтэй Г хэлбэрийн дугуйн троцов 1 ширхэгийг тус тус эд зүйлсийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 127 дугаар хуудас/

 

Б.Ж-ы яллагдагчаар өгсөн “... Би нийт 2 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд нэг гэмт хэрэг нь энэ байгаа юм. Би 2019 оны 12 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа байсан иргэн Т.Т- гэж хүний 39-97 УНО улсын дугаартай Toyota Verossa маркийн автомашины 4 дугуйг хулгайлж авах гэж завдсан. Ингэхдээ ганцаараа явсан бөгөөд уг машины 4 дугуйг авах гэж бүх боолтуудыг тайлаад хүний хөл хөдөлгөөн гайгүй болохоор нь зүүн хойд талын 1 дугуйг хулгайлж авахдаа өөрийн эзэмшлийн хар өнгийн  Hyundai Sonata 6 маркийн 12-51 ХӨВ улсын дугаартай автомашиндаа хийчихээд нөгөө 3 ширхэг дугуйг хулгайлах гэж байгаад цагдаад баригдсан юм. Уг машины дугуйг хулгайлах гэж байхдаа ахынхаа дугуйн троцовыг, домократтай нь ашигласан бөгөөд түүнийг машины хажууд үлдээсэн байж байгаад цагдаад хууралгасан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 125-126 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Б.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тэрээр шунахайн сэдлээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Hyundai Sonata 6 маркийн 12-51 ХӨВ улсын дугаартай автомашинд ашиглах зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэр  оршин суух байрныхаа нийтийн эзэмшлийн зам талбай буюу автомашины зогсоолд  байрлуулсан У.С-гийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн 80-35 УБУ улсын дугаартай автомашины 4 дугуйг, мөн Т.Т-гийн эзэмшлийн 39-97 УНО улсын дугаартай Toyota Verossa маркийн автомашины 600.000 төгрөгний үнэ бүхий 4 ширхэг дугуй, дугуйны обуд зэргийг нууцаар, хууль бусаар авахдаа домократ, троцов зэргийг хэрэглэсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ  өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

Прокуророос Б.Ж-д холбогдох хэргийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн байна.

Б.Ж-ы бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа ашигласан “өргөгч /домократ/, дугуй тайлах түлхүүр /троцов/” зэрэг нь тусгайлан бэлтгэж засаж тохируулж, зөвхөн тухайн үйлдэлд ашиглах зориулалттай болгоогүй харин түүний ашигласан багаж, хэрэгсэл нь автомашинд хэрэглэх зориулалттай стандартын дагуу үйлдвэрлэсэн нийтийн хэрэгцээний зүйлс байх тул уг хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй байна гэж дүгнэв.

Гэхдээ Б.Ж- нь ганцаараа хоёр машины нийт найман дугуйг хулгайлахдаа автомашин ашиглаж үйлдсэн тул хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм.

Мөн прокуророос Б.Ж-ыг “хулгайлахыг завдсан” гэж тусад нь зүйлчилсэн нь буруу байна.

Б.Ж- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг дагуу тусад зүйлчлэх шаардлагагүй байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийг мөрдөн шалгах явцад Хохирогч У.С-, Т.Т- нарт хулгайд алдсан зүйлсийг эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон нь У.С-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар хуудас/ хохирогч Т.Т-гийн “... миний машины дугуй байсныг хурааж аваад надад хүлээлгэж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78 дугаар хуудас/ зэргээр тогтоодож байх тул шүүгдэгч Б.Ж-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн домакрат 1 ширхэг, хар өнгийн домакрат 1 ширхэг, дугуйны троцов 2 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Ж-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Sonata 6 маркийн 21-51 ХӨВ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай  тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэн улсын төсөвт шилжүүлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ж- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч Б.Ж-ы өмгөөлөгч Д.Ганхуягийн санал болон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б-ын Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Ж-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Б.Ж-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Ж- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн домакрат 1 ширхэг, хар өнгийн домакрат 1 ширхэг, дугуйны троцов 2 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай  тогтоолыг хүчингүй болгож, 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй Hyundai Sonata 6 маркийн 21-51 ХӨВ улсын дугаартай автомашиныг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ