| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0550/Э |
| Дугаар | 0593 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 0593
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Б....,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Инжаан овогт ...ийн ..., Монголж овогт ...гийн ... нарт холбогдох 2008000000739 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хилийн албаны харуулын дарга мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4 эх, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 07 дугаар хороо ...дугаар байрны 07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Инжаан овогт ...ийн ... /.../.
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “...” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт камер хянагч ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Баганарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монголж овогт ...гийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.... нь Б....тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадна 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед иргэн М....гийн нүүр, толгойн тус газруудад өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр түүний биед дух, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Яллагдагч Б.... нь Б....тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадна 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед иргэн М....гийн гарнаас барьж, хөлөөрөө түүнийг санаатайгаар унагаж дух, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлэгтээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад үнэн зөвөөр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн үед би БГД-ийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд найз ...ийнд төрсөн өдөр нь байсан болохоор очоод ...ийнд 5, 6-лаа 7, 8 шил архи уугаад 17 цагийн үед ...ийн гэрээс гараад такси бариад 18 цагийн үед СХД-ийн 15 дугаар хороо ... тоот гэртээ орох санаатай байрныхаа гадна алхаж явахад үл таних хоёр залуу зогсож байгаач юм асууя гэж хэлээд ойртож ирээд юу гээд муухай хараад байгаа юм гэж хэлэхээр нь би яв яв ахын дүү гэж хэлэхэд намхан залуу нь намайг гарнаас бариад хөлөнд хөлөөрөө тохох мэх хийгээд би газар бөгсөөрөө унахад хамт явсан өндөр залуу нь миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа дэвсээд, толгойны ар дагзруу нэг удаа өшиглөөд шууд зугатаад явсан. Зодуулсны дараагаар миний толгой өвдөөд, нүдний хэсэгт хөхөрсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би бол дээрх хоёр залууг эсэргүүцэж цохиж зодоогүй ээ. Мөн би зодуулсныхаа дараагаар намайг зодсон хоёр залуугийн нэг залууг нь байрныхаа урд талын ... сүлжээ дэлгүүрт харсан, уг залуу хамгаалагч хийж байсан шиг санагдаад ... руу яваад ороход ... дотор намхан залуу нь байсан ба намайг согтуу байсан учраас бас ... дэлгүүрийн хүмүүс цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн. Би эмчилгээний зардалд 100,000 төгрөгөөр томографийн зураг авахуулж, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлж, унааны зардал 100,000 төгрөг, толгойгоо 40,000 төгрөгөөр бариулсан, эм тарианы зардлаа одоо сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,
2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг өнгөрч байх үед би өөрийн эзэмшлийн ...улсын дугаарт автомашинтай ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Өнөр плазаагийн 1 давхарт байрлах ... сүлжээ дэлгүүр дээр буюу ажил дээрээ очих гээд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны зүүн талын нэг нарийн туслах замаар явж байхад тухайн замын хажуугийн боржуур дээр үл таних хоёр эрэгтэй хүн согтуу бололтой сууж байсан бөгөөд уг хоёр залуугийн нэг залуу нь одоо энэ хэргийн хохирогч болсон ... гэгч залуу байсан юм. Тэгэхээр нь би цонхоороо “ийшээ гарчихая” гэхэд уг хоёр залуугийн хэн нь хэлснийг нь тухайн үедээ мэдээгүй ба нэг нь тойроод гарахгүй юу” гэхээр нь би дотроо энэ болохгүй хүмүүс байна гэж бодоод замынхаа нөгөө тал руу нь сайн шахаж байгаад уг хоёр залуугийн хажуугаар гарах гэж байхад нэг залуу нь “хөөе чи дайрлаа пизда минь” гэж хэлээд машины баруун хойд талын цонх руу гараараа цохихоор нь би зогсоход машины арын гупер рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би буувал зодоон болох байх гэж бодоод шууд чигээрээ яваад ажлынхаа гадна очиход манай нөгөө ээлжний камер хянагч ... ажлын гадна гарч ирсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоолд тавьчихаад машиныхаа арын хэсгийг харахад машины арын багажны бариул хагарч унжсан байсан. Тэгэхээр нь би ...д “сая 23 дугаар байрны энд хоёр согтуу нөхөр машины гупер рүү өшиглөчихлөө, хоёулаа очоодохьё" гээд ...гийн хамт яваад нөгөө согтуу 2 залуугийн 1 залуу нь буюу ... гэгч залуу нь 23 дугаар байрны хойно нэг орцны гадна ганцаараа зогсож байсан. Тэгээд ... гэгч залуу дээр очоод “за яагаад машин өшиглөөд байна гупер хагалчихлаа” гэхэд ... гэгч залуу намайг цохих гэж байгаа юм шиг эвгүй хөдлөхөөр нь би ... гэгч залуугийн цээжин биенийх нь хэсгээс хоер гараараа бариад давхар тохоод бөгсөн хэсгээр нь газар унагахад ... шууд ... гэгч залуугийн нүүр рүү нь хөлөөрөө хоёр удаа дараалан өшиглөөд бид хоёр шууд зугатаад явсан. Тэгээд ... бид хоёр буцаж ажлын гадна очоод би гэр рүүгээ яваад, ... ажил руугаа орсон. Мөн ... гэгч залуу бол ... бид хоёрыг цохиж зодсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг өнгөрч байх үед би хуучин ажил болох СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр плаза төвийн нэг давхарт байрлах "..." сүлжээ дэлгүүр дээр камер хянагчийн ажлаа хийгээд байж байсан ба би ажлын гадна гараад ирэхэд нөгөө ээлжийн камер хянагч болох ... ажлын гадна машинтай ирээд машинаасаа буугаад хойшоо буюу 23 дугаар байр руу чигтэй алхаж явсан. Тэгэхээр нь би ...ын хойноос нь алхаад гүйцээд очиход ... надад “сая хоёр согтуу хүн, машины гупер руу өшглөчихөөд, пизда минь холуур яваач гээд байна, хоёулаа хамт очоодохоё” гэхээр нь хамт яваад ... бид хоёр 23 дугаар байрны хэддүгээр орцыг нь сайн санахгүй байна, нэг орцны урд очиход уг орцны гадна нэг залуу зогсож байсан. Тэгтэл ... тэр орцны урд зогсож байсан залуу руу дөхөж алхаж явахад уг залуу буюу одоо энэ хэргийн хохирогч ... гэгч залуу ... бид хоёр руу хараад “ үхсэнээ хараад байгаа юм, яасан” гээд бид хоёр руу ойртсон. Тэр үед ... ... гэгч залууд нэг үг хэлж байсан ба яг юу гэж хэлснийг нь би тухайн үед сайн сонсоогүй. Тэгтэл ... гэгч залуу ...ыг яасан “ийшлэе” гээд гарт нь хүрэхэд ...г нэг харахад газар унасан байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ жаахан сандраад ... газар унасан байхаар нь толгой руу нь хоёр удаа хөлөөрөө өшиглөөд ... бид хоёр шууд зугатаад явсан. Тэгээд ... бид хоёр ажлын гадна ирээд ... гэ ррүүгээ яваад би ажил руугаа орсон. Өөр зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шинжээчийн 4571 тоот дүгнэлт
1.М....гийн биед дух, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх 36 х/,
5.Б....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх 57 х/,
6.Б....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/,
7.Б....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61 х/
8.Б....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 62 х/
9.Б....гийн оршин суугаа хаягийн дотодорхойлолт /хх 69 х/
10.Б....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70 х/
11.Б....гийн ажлын газрын тодорхойлолт /хх 104 х/
12.Хохирол төлсөн баримт /хх 105 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Б...., Б.... нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадна 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед иргэн М....г “машин руу цохилоо” гэх шалтгаанаар Б.... М....гийн гарнаас барьж, хөлөөрөө түүнийг санаатайгаар унагах үед Б.... өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч М....гийн “.. .намхан залуу нь намайг гарнаас бариад хөлөнд хөлөөрөө тохох мэх хийгээд би газар бөгсөөрөө унахад хамт явсан өндөр залуу нь миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа дэвсээд, толгойны ар дагзруу нэг удаа өшиглөөд шууд зугатаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,
Шүүгдэгч Б....ын “...... гэгч залуугийн цээжин биенийх нь хэсгээс хоер гараараа бариад давхар тохоод бөгсөн хэсгээр нь газар унагахад ... шууд ... гэгч залуугийн нүүр рүү нь хөлөөрөө хоёр удаа дараалан өшиглөөд бид хоёр шууд зугатаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б....гийн “...... ...г нэг харахад газар унагасан байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ жаахан сандраад ...г газар унасан байхаар нь толгой руу нь хоёр удаа хөлөөрөө өшиглөөд ... бид хоёр шууд зугатаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 4571 тоот дүгнэлт
1.М....гийн биед дух, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх 36 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.
Шүүгдэгч Б...., Б.... нарын М....г бүлэглэн зодсон үйдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив шинжийг хангасан.
Шүүгдэгч З Б...., Б.... нар хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэн оролцсон болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул бүлэглэн үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б...., Б.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М.... “хохиролд 250,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 105 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Б...., Б.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч нар: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Шүүгдэгч Б...., Б.... нарын гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болж байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байхгүй, хувийн байдлын хувьд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хохирол төлбөр төлөгдсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Б...., Б.... нарт тус бүрт нь 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн..
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Инжаан овогт ...ийн ..., Монголж овогт ...гийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б....ыг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Б....г 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б...., Б.... нарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б...., Б.... нарт мэдэгдсүгэй.
5.Б...., Б.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б...., Б.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ