Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           04           02                                  2020/ШЦТ/320

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч П.Д-, Д.Г- тэдгээрийн өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч Б.С- түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол прокурорын газраас Х овогт Б-ийн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х овог П-н Д-, Х овогт Д-ын Г- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905049870138 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ... -ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер, механик мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, охины хамт ....... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух,  ....... аймгийн .......... сум ... дугаар баг ......... гудамж ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овог П-н Д-.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ны өдөр ......... аймгийн ....... суманд төрсөн, ...настай, эрэгтэй дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, хувиараа давс борлуулах ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр .... тоотод оршин суух, ......... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ын Г-.

 

Монгол улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...  дугаар хороо ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн С-.

 

 

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Д-, Д.Г- нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто  замын зорчих хэсэг дээр иргэн Б.С-ыг газарт татаж унаган өшиглөж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто  замын зорчих хэсэг дээр иргэн П.Д-ын толгой тус газарт гараараа цохиж тархи доргилт бүхий хөнгөн буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д- мэдүүлэхдээ: “Зуун айл руу хүнд бараа өгөх гээд явж байсан чинь цагаан өнгийн автомашин урд орж ирээд зам хаагаад зогссон. Тэгсэн нэг нь миний талаар ирээд нэг нь манай хүүгийн талаар ирээд шууд хүний эд хөрөнгөд халдаж машины түлхүүр булаасан. Хоёр залуу бүлэглэж зодох гэж ирж байна гэж бодоод биеэ хамгаалж айлгах гээд халив аваад буусан. Тэгээд хэдүүлээ замаа чөлөөлж байгаад учраа олъё гэхэд чиний үе өнгөрсөн гэсэн. Чам шиг 10 залуу ирсэн ч би айхгүй. 10 жил суугаад гараад ирнэ гэж би хэлээгүй. Худал мэдүүлсэн байна. Тэр залуус өөрсдөө хүнийг бүлэглэж зодох гэж ирсэн. Чи яах гэж хүний хөрөнгөд халдаад байгаа юм гэхэд танай үе өнгөрсөн. Бид яахаа мэдэж байна гэсэн. Бүлэглэж зодсон гэж байна. 70 хүрч байгаа өвгөн энэ хоёр хүүхдийг зодолдуулаад бүлэглэж зодно гэж байхгүй. Тухайн үед аргагүй хамгаалалт хийсэн. С- ирээд шууд толь хага цохисон. Тэгээд жолоочийн талын хаалгыг нээгээд манай хүүг нүдээд гарсан. Би С-т гэмтэл учруулаагүй хамгаалалт хийсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г- мэдүүлэхдээ: “12 дугаар сарын 12-ны өдөр Эх нялхасын баруун талын уулзвараар зүүн гар тал руугаа эргэх хөдөлгөөн хийсэн. Тухайн үед зам түгжрэлтэй байсан тул уулзвар руу орж чадалгүй гэрэл солигдсон. Хороолол талаас ирэх хөдөлгөөний гэрэл асаад С- шахаад машинтайгаа миний урд орж ирсэн. Цаашаа явах хөдөлгөөн эхэлчихсэн байтал С- явахгүй байсан. Тэгэхээр нь би хажуу талаар нь тойроод урд нь ороод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан. Явж байтал урд бөглөрөл болоод зогсож байтал араас хүн гүйж ирээд машины толь хага цохиод, шил рүү хэд хэд хүчтэй цохиод тэгээд хаалга онгойлгож намайг цохисон. Тэр үед манай аав С- бид хоёрыг салгаад аав, С- хоёр хойшоогоо тойроод явсан. Би машинаа зогсоогоод энэ хоёр дээр очиход С- манай аавыг цохиж байсан. Би аавыг хамгаалах үйлдэл хийсэн. Тэгээд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд 11 дүгээр хорооллын Номинд бараа өгөх ёстой байсан. Номин дээр очсон цаг нь болчихсон бараагаа аваагүй. Тэгээд 100 айл руу бараагаа өгөх гээд явж байтал цагаан өнгийн Crown маркийн автомашинтай С-ын хоёр найз нь ирсэн. Машины урдуур шахаж зогсоод хоёулаа бууж ирээд гэрчээр мэдүүлэг өгсөн У- манай аавын талаар очсон. Бат-Эрдэнэ нь миний тал руу ирсэн. Тэгэхээр нь би юу болов яагаад зам хаачихваа гэсэн чинь та хоёр манай дүүг зодсон байна гэхээр нь ийм асуудал болсон гэж хэлтэл У- хажуу талаар орж ирээд шууд машины түлхүүр татаж авсан. Тэр үед манай аав та нар боль ингэж болохгүй гээд халив барьж буугаад маргалдаж байгаад түлхүүрээ авсан. Тэгээд цагдаа нар ирээд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Тэгсэн Баянголд болсон асуудал байна. Баянгол руу оч гэсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.С- мэдүүлэхдээ: “Тухайн үед би гэрлээрээ ороод явж байтал энэ хүн хажуунаас чихээд байхаар нь би оруулаагүй. Тэгтэл явган хүний боржур даваад миний урд гарсан. Тухайн үед миний машины дугуйг шүргээд яваад байсан. Тэгээд шууд чигээрээ яваад өгөхөөр нь миний уур хүрээд толийг нь хага цохичихсон нь үнэн. Маргалдаад байж байтал Г- хажуу талаас маш хүчтэй цохисон. Би нүүрээ дарж унаад босч чадаагүй. Би харилцан зодолдох боломж байгаагүй. Хоёр хүн нэг нь татаад нэг нь намайг цохиод унагаасан. Би газраас босч чадаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор П.Д- мэдүүлэхдээ: “Тухайн үед Г-, С- нарыг маргалдаж байхад нь С-ыг хойноос нь татаж салгах гэхэд С- миний тархи руу цохисон. Тухайн үед зүрх дэлссэн. Цаашаа явж байтал нүд сонин болсон. Тэгэхээр нь эмчид үзүүлсэн чинь нүдний даралт үүссэн байна гэсэн. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Б.С- мэдүүлэхдээ: “Д-тай зууралдаж байхад Г- бууж ирээд миний нүд рүү цохисон. Би газар унахад миний дээрээс өшиглөсөн. Чих рүү өшиглөсөн. Тухайн үед их хэмжээний цус гарсан. Гэмтэл авснаас болоод 7-10 хоног ажиллаж чадаагүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Прокуророос шүүгдэгч П.Д-ыг Д.Г-той бүлэглэж хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д- нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэв.

Учир нь хохирогч Б.С-ын “... микро машинтай хоёр хүн замын хажуу талын явган хүний зам дээгүүр гараад миний машины урдуур шахаад гарахдаа миний машины урд талын дугуйг шүргээд гарсан. Тэр үед би тэр микро машины араас очин шахаж зогсоогоод микро машиныг барьж явсан хоёр хүнтэй маргасан. Тэгээд би микро машины жолоочтой маргаж байхдаа микро машины жолооч талын толийг нь нэг удаа зүүн гараараа цохисон. Тэр үед микро машины жолоочийн хажуу талд явж байсан зорчигч нь машинаасаа бууж машинаа тойрон ирээд миний араас зуураад авсан. Тэр үед би нөгөө машинаас бууж ирсэн зорчигчтой марган зууралдаад байхад микро машины жолооч машинаасаа бууж ирээд миний зүүн нүд орчим маш хүчтэй нэг удаа гараараа цохисон. Тэр үед би нүүрээ дараад тонгойсон чинь анх надтай зууралдаад байсан хүн намайг замын хажуу тал руу татаж газар унагаад тэр хоёр хүн миний хоёр талаас хөлөөрөө өшиглөөд эхэлсэн.  ... Тэр үед би ганцаараа явж байсан. Тэр өдөр эхлээд микро машины жолооч миний хажуу талаас зүүн нүд орчим нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би жоохон манарсан бөгөөд анх надтай зууралддаг хүн нь намайг замын хажуу тал руу татаж унагаасан. Тэгээд намайг газар унаад байхад нөгөө микро машины жолооч залуу миний баруун талаас толгойн баруун тал болон чих орчим өшиглөөд байсан. Анх надтай зууралддаг нь миний зүүн талаас өшиглөөд байсан. ... Миний биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхинд болон баруун талын зулай хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал шарх гэмтлийг мөн хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлийн тухайн микро машины жолооч учруулсан байгаа. Харин баруун чихэнд үүссэн шарх гэмтлийг тухайн машинд явж байсан зорчигч миний чихнээс базан зулгаах явцад үүссэн байгаа. Баруун шууны шарх гэмтлийг яаж учирсан талаар мэдэхгүй байна. Газар унаад босоод ирсэн чинь зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

Хохирогч П.Д-ын “... Тэр үед манай хүүгийн машины араас зогсож байсан машинууд сигналдаад эхлэхээр нь манай хүү нөгөө спорт машины урдуур гараад явсан. Тэгээд явж байтал гэнэт машин руу чулуу шидэж байгаа юм шиг чимээ гарсан бөгөөд би гайхаад юу болов гээд сууж байтал манай хүүгийн сууж байсан тал буюу жолооч талын толь хагараад нэг хүн зогсож байсан бөгөөд би гайхаад хартал тэр хүн манай хүүгийн талын хаалганы шилийг хоёр гараараа нилээн олон удаа цохисон. Азаар манай хүүгийн машины жолооч талын хаалганы шил хагараагүй. ... Тэгээд байж байтал нөгөө залуу миний хүүгийн сууж байсан талын хаалгыг татан онгойлгосон бөгөөд манай хүү суудлынхаа бүсийг зүүсэн байсан болохоор тэр залууг барьж чадаагүй. Тэр үед би гудамжны согтуу хүн л танхайраад байна гэж бодож байсан бөгөөд манай хүү над руу налаад байхад тэр залуу миний хүүг цохиод байсан. Тэр үед би хаанаас юун хүн ирээд танхайраад байна гэж бодоод нилээн удаан тэвчиж суусан боловч бүр хүүг маань цохиод байсан болохоор тэсэлгүй машинаас буусан. Тэгэхдээ би эхлээд тэр хүнийг согтуу хүн л солиорч байна гэж бодсон боловч тэр залуугаас архи үнэртэхгүй байсан. Тэгээд би машинаас буугаад нөгөө залууг хүүгийнхээ хаалгаар татах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор нилээн хүч гаргаад татсан. Тэр үед харин нөгөө залуу манай хүүгээс салаад над руу дайрч намайг заамдаад авсан. Тэр үед би нөгөө залуугаас чи чинь яаж байна, хаанаас гараад ирэв гэсэн чинь тэр залуу бид хоёрын хажуугаар гарч байсан танихгүй хүн наад залуу чинь тэр машинаас бууж ирсэн хүн байна гэхээр нь би зааж өгсөн газар луу хартал тэр залуугаас ямар учиртай юу болоод байгаа талаар асуугаад зогсож байтал тэр залуу миний толгойн баруун хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалахаар тэр залууг машинаас холдуулан замаас гарах гэсэн боловч тэр залуу дахиад намайг нилээн хүчтэй цохисон. Тэр үед би за энэ залуу хүнд намайг цохиод, зодох юм бол нилээн юм болох байсан юм байна гэж бодоод биеэ хамгаалсан байгаа. Тэр үед миний баруун гар нилээн хавдсан байсан. Тэр үед манай хүү машинаасаа  уг нь бууж ирсэн боловч машин нь уруу газар зогсож байсан болохоор өнхөрөөд эхэлсэн. Тэр үед  манай хүү машин руугаа гүйгээд машинаа зогсоогоод нөгөө залуу бид хоёр дээр ирэх үед нь би тэр залууг өөрийгөө хамгаалах үүднээс нэг удаа түлхсэн. Тэгээд би хүүтэйгээ машиндаа суугаад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

Б.С-ын гэрчээр өгсөн “ ... тэр хүн машинаасаа бууж ирээд намайг татаад зуураад байсан. Өөр зүйл бол болоогүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.Д- нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй буюу өөрөөр хэлбэр хохирогч Б.С-ын биед шүүгдэгч П.Д- нь халдаж гэмтэл учруулсан гэх хангалттай нотлох баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.С- нь шүүгдэгч П.Д- түүнийг хэрхэн зодсон талаар үндэслэл бүхий мэдүүлэг өгөөгүй, гэм буруутай нь бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ ... гарвал түүнийг .... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Д-ыг гэм буруугүйд тооцож, цагаатгах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г-од холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэв.

 

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто замын зорчих хэсэг дээр иргэн Б.С-тай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж, газарт татаж унаган өшиглөж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто замын зорчих хэсэг дээр иргэн П.Д-ын толгой тус газарт гараараа цохиж тархи доргилт бүхий хөнгөн буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.С-ын “Би тэр өдөр 16 цагийн үед хорооллын бичил хороололд найз М-г буулгаад буцаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль орох гээд Эх нялхасын баруун хойд талын уулзвар орчим машинтайгаа явж байсан чинь саарал өнгөтэй 96-65 дугаартай микро маркийн машинтай хоёр хүн гэрлээрээ орохгүй миний хажуугаар шахаад байсан. Тэр үед би тэр микро машинтай хоёр хүний оруулалгүй шахаад явсан. Тэгсэн чинь тэр микро машинтай хоёр хүн замын хажуу талын явган хүний зам дээгүүр гараад миний машины урдуур шахаад гарахдаа миний машины урд талын дугуйг шүргээд гарсан. Тэр үед би тэр микро машины араас очин шахаж зогсоогоод микро машиныг барьж явсан хоёр хүнтэй маргасан.  Тэгээд би микро машины жолоочтой маргаж байхдаа микро машины жолооч талын толийг нь нэг удаа зүүн гараараа цохисон. Тэр үед микро машины жолоочийн хажуу талд явж байсан зорчигч нь машинаасаа бууж машинаа тойрон ирээд миний араас зуураад авсан. Тэр үед би нөгөө машинаас бууж ирсэн зорчигчтой марган зууралдаад байхад микро машины жолооч машинаасаа бууж ирээд миний зүүн нүд орчим маш хүчтэй нэг удаа гараараа цохисон. Тэр үед би нүүрээ дараад тонгойсон чинь анх надтай зууралдаад байсан хүн намайг замын хажуу тал руу татаж газар унагаад тэр хоёр хүн миний хоёр талаас хөлөөрөө өшиглөөд эхэлсэн. Тэр үед би өөрийнхөө толгойгоо дараад хэвтэж байгаад нэг хэсэг манарсан. Тэгээд би газар унан зодуулж байгаад жоохон ухаан ороод боссон чинь нөгөө хоёр хүн машиндаа суугаад явж байсан. Тэр үед би гар утсаараа 102 дугаарт залган дуудлага өгөөд нөгөө микро машинтай хоёры хүнийг 100 айлын барилгын дэлгүүрийн урд талын зам дээр зогсоож дахин цагдаад дуудлага өгч тэр хоёр хүнийг бариулсан.

... Тэр үед би ганцаараа явж байсан. Тэр өдөр эхлээд микро машины жолооч миний хажуу талаас зүүн нүд орчим нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би жоохон манарсан бөгөөд анх надтай зууралддаг хүн нь намайг замын хажуу тал руу татаж унагаасан. Тэгээд намайг газар унаад байхад нөгөө микро машины жолооч залуу миний баруун талаас толгойн баруун тал болон чих орчим өшиглөөд байсан. Анх надтай зууралддаг нь миний зүүн талаас өшиглөөд байсан.

... Миний биед тухайн үедээ бол маш их гэмтэл байсан. Миний нүүр хүн харахын аргагүй болчихсон байсан. Миний биед яг хэрэг болох үед үүссэн хамрын гэмтэл одоо хүртэл эдгэхгүй байгаа бөгөөд одоог хүртэл хөндүүртэй байгаад байна. Мөн тухайн үед миний баруун чих язраад оёдол тавиулсан бөгөөд би одоог хүртэл оёдлоо авхуулаагүй байгаа. Миний биед учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгаагүй асуудал байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний хамранд учирсан гэмтлийг тусгасан байсан бөгөөд миний хамар одоог хүртэл эдгээгүй байгаа учраас би өөрийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм. Миний биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхинд болон баруун талын зулай хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал шарх гэмтлийг мөн хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлийн тухайн микро машины жолооч учруулсан байгаа. Харин баруун чихэнд үүссэн шарх гэмтлийг тухайн машинд явж байсан зорчигч миний чихнээс базан зулгаах явцад үүссэн байгаа. Баруун шууны шарх гэмтлийг яаж учирсан талаар мэдэхгүй байна. Газар унаад босоод ирсэн чинь зүсэгдсэн байсан.

... Би одоогоор эмчилгээ хийлгэсэн зардлаа тооцож гаргаагүй байгаа. Миний биед учирсан гэмтэлд эм тариа авсан зардлын баримтууд байгаа. Одоо бол авч ирээгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл би өөрийн хамраа зүгээр болгож авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Хохирогч П.Д-ын “Би тэр өдөр 16 цагийн үед Д.Гэрэл-Одын хамтаар хүүгийнхээ ажилд туслан 11 дүгээр хорооллын Номин их дэлгүүрт бараа хүргэхээр явж Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Билэг их дэлгүүрийн хажуугаар дээш өгсөөд Эх нялхасын баруун хойд талын гэрлэн дохиогоор баруун эргээд дөнгөж уулзвар орчим зогсож байтал бичил хороолол талаас явдаг авто замын урсгалын ногоон гэрэл ассан. Тэр үед спорт маркийн нэг том дугуйтай машин манай хүүгийн машины хажуу талаар шахаад орж ирээд манай хүүгийн машины урд гараад зогссон. Тэр үед манай хүүгийн машины араас зогсож байсан машинууд сигналдаад эхлэхээр нь манай хүү нөгөө спорт машины урдуур гараад явсан. Тэгээд явж байтал гэнэт машин руу чулуу шидэж байгаа юм шиг чимээ гарсан бөгөөд би гайхаад юу болов гээд сууж байтал манай хүүгийн сууж байсан тал буюу жолооч талын толь хагараад нэг хүн зогсож байсан бөгөөд би гайхаад хартал тэр хүн манай хүүгийн талын хаалганы шилийг хоёр гараараа нилээн олон удаа цохисон. Азаар манай хүүгийн машины жолооч талын хаалганы шил хагараагүй.

...Тэгээд байж байтал нөгөө залуу миний хүүгийн сууж байсан талын хаалгыг татан онгойлгосон бөгөөд манай хүү суудлынхаа бүсийг зүүсэн байсан болохоор тэр залууг барьж чадаагүй. Тэр үед би гудамжны согтуу хүн л танхайраад байна гэж бодож байсан бөгөөд манай хүү над руу  налаад байхад тэр залуу миний хүүг цохиод байсан. Тэр үед би хаанас юун хүн ирээд танхайраад байна гэж бодоод нилээн удаан тэвчиж суусан боловч бүр хүүг маань цохиод байсан болохоор тэсэлгүй машинаас буусан. Тэгэхдээ би эхлээд тэр хүнийг согтуу хүн л солиорч байна гэж бодсон боловч тэр залуугаас архи үнэртэхгүй байсан. Тэгээд би машинаас буугаад нөгөө залууг хүүгийнхээ хаалгаар татах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор нилээн хүч гаргаад татсан. Тэр үед харин нөгөө залуу манай хүүгээс салаад над руу дайрч намайг заамдаад авсан. Тэр үед би нөгөө залуугаас чи чинь яаж байна, хаанаас гараад ирэв гэсэн чинь тэр залуу бид хоёрын хажуугаар гарч байсан танихгүй хүн наад залуу чинь тэр машинаас бууж ирсэн хүн байна гэхээр нь би зааж өгсөн газар луу хартал тэр залуугаас ямар учиртай юу болоод байгаа талаар асуугаад зогсож байтал тэр залуу миний толгойн баруун хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалахаар тэр залууг машинаас холдуулан замаас гарах гэсэн боловч тэр залуу дахиад намайг нилээн хүчтэй цохисон. Тэр үед би за энэ залуу хүнд намайг цохиод, зодох юм бол нилээн юм болох байсан юм байна гэж бодоод биеэ хамгаалсан байгаа. Тэр үед миний баруун гар нилээн хавдсан байсан. Тэр үед манай хүү машинаасаа  уг нь бууж ирсэн боловч машин нь уруу газар зогсож байсан болохоор өнхөрөөд эхэлсэн. Тэр үед  манай хүү машин руугаа гүйгээд машинаа зогсоогоод нөгөө залуу бид хоёр дээр ирэх үед нь би тэр залууг өөрийгөө хамгаалах үүднээснэг удаа түлхсэн. Тэгээд би хүүтэйгээ машиндаа суугаад явсан.

... Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг хэрэг болдог өдөр миний толгой руу хохирогч гээд залуу цохисноос үүссэн байгаа.

... Миний хувьд гомдолтой байна. Би тэр хэрэг болсон өдрөөс хойш нилээн хэд хоног зүрх дэлссэн байдалтай явсан. Нэхэмжлэх зүйл гэвэл би өөрийн биед учирсан хохирлоо баримтуудаа авч ирээд нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №241 дугаартай:

“1. Б.С-ын биед тархи доргилт, нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “Үзүүлэгч Б.С-ын биед үүссэн баруун чихний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь гараар базах, зулгаах үед үүсэх боломжтой гэмтэл” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №397 дугаартай:

“1. П.Д-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн үед үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Н.У-ын “Би одоо цагийг нь сайн санахгүй байна. Намайг Бат-Эрдэнийн хамтаар Дарь-Эхэд ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал Бат-Эрдэнийн гар утас руу С- өөрийнхөө гар утас руу залгасан. Тэр үед би утсаар яриагүй болохоор юу яриад байгаа нь сонсоогүй. Тэгээд Бат-Эрдэнийн гар утсаараа яриад дууссаны дараа асуутал Бат-Эрдэнэ надад С- хоёр хүнд зодуулсан гэж байна. Тэгээд нөгөө зодсон хоёр хүнээ хөөгөөд явж байна, тэр хоёр хүн зугтаагаад явчихлаа гэсэн. Тэр үед бид нар С-аас одоо тэгээд яах юм, наад хоёр хүн чинь зугтаад байгаа юм уу, одоо хаана явж байгаа юм гэж асуусан чинь С- би Баянбүрд орчим явж байна, тэр хоёр хүн зугтаад байна, боломжтой бол тэр хоёр хүнийг саатуулаад өгөөч гэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр манай ажил дээрээс гараад 100 айл орчмоос С-ыг зодсон гэх хүмүүс нь микро маркийн автомашин байсан.  Тэгээд тэр хүмүүсийг 100 айл орчим саатуулаад цагдаад дуудлага өгсөн.

... Анх уулзахад С-ын хувцас нүүр зэрэг нь нил цус болчихсон байсан. Тэгээд нүүр нь нилээн хавдчихсан байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр С-ыг зодсон гэх хоёр хүнийг та нар арай ингэж хүн зодож болохгүй гээд хэлж байсан. Ямар ч байсан С-ын аль чих нь билээ нэг чих нь ханзарчихсан нилээн цус гарч байсан бөгөөд нэг нүд нь тагларчихсан, хамар нь хавдсан нүүр, толгойгүй цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто замын зорчих хэсэг дээр иргэн Б.С-ыг газарт татаж унаган өшиглөж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто  замын зорчих хэсэг дээр иргэн П.Д-ын толгой тус газарт гараараа цохиж тархи доргилт бүхий хөнгөн буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Д-, Б.С- нар “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Д-, Д.Г-, Б.С- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Д.Г-, Б.С- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овог П-н Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Дамдинавын Г-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Х овогт Д-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Х овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Б.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Г-, Б.С- нарыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-, Б.С- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Д-, Д.Г-, Б.С- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Д-, Д.Г-, Б.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ