Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00069

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,       Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар  /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, 3 дугаар хэсгийн 2-05 тоот хаягтай, /Регистрийн дугаар МБ:64021111, утас:99390702/ Монгол овогт Бямбадоржийн Алтангэрэлд холбогдох 17887500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн 3-р хэсгийн 02-05 тоотод оршин суух Б.Алтангэрэл нь 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Хүүхдийн цэцэрлэг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 20000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 15000000 төгрөг, зээлийн хүү 1312500 төгрөг, алданги 1575000 төгрөг нийт 17887500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас хүүхдийн цэцэрлэг байгуулахаар 15000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн 17887500 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна.Иймд энэхүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

                                              

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 17887500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Алтангэрэл нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг  удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 17887500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Алтангэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 123594 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.