Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0598

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,

Улсын яллагч А.Тунгалагтуяа,

Шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржиган овогт ...ын ...од холбогдох 2008011830650 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 12 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржиган овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Х.... нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б....ыг “машины түлхүүр өгсөнгүй” гэж үснээс зулгааж унагаж, газар унасан байхад дэвсэж түүний биед зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт, сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1,2 дугаар шүдний сулрал үүсгэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед би ажил дээрээ байж байтал манай нөхөр Х.... валентины баяр тэмдэглэж байна, найзуудтайгаа караокед байна, хүрээд ир гээд надруу утсаар ярьсан. Би 20 цагийн үед ажлаа тараад Баянхошууны тойрог дээр байдаг караокед ирсэн чинь манай нөхөр Х.... нэлээн согтчихсон 3 хүнтэй хамт байсан. Би Х....ыг гэрлүүгээ явья гэсэн чинь цагаа дуусгаадахья гээд явахгүй байсан. Тэгээд караокед 2 цаг байж байгаад 23 цаг өнгөрч байхад Х.... бид 2 гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд Х.... намайг янхан гэх зэргээр хашгирч хэл амаар доромжлоод, машины түлхүүр авч гарч явна гээд агсам тавиад байхаар нь би түлхүүрийг нь өгөхгүй байсан чинь намайг үснээс зулгааж унагаагаад, дээрээс дэвсээд, нүүр нүдгүй өшиглөж зодоод байсан. Би нүдээ цохиулахгүй гээд нүүрээ гараараа дараад хэвтэж байхад намайг зөндөө олон удаа толгой гар, нуруу, хүзүү, хөлрүү олон удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудаарай гээд орилсон чинь том охин 12 настай ... миний утсаар цагдаа дуудах гэсэн боловч утсыг нь булааж аваад мушгиад эвдлээд хаячихсан. Тэгээд би хүн дуудаарай гээд том охинлуугаа орилсон чинь хойд айлын 8 дугаар ангийн охин орж ирсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд тэр охины гар утсаар манай том охин цагдаа болон манай эгч нарыг дуудсан. Тэр хооронд намайг ална гээд юм авч шидээд, 2-3 удаа барьж аваад цохиж нүдээд арайхийж тавиулахаар юм авч шидээд байсан. Би шидсэн юманд нь хүүхдүүд оногдчихвий гэж бодоод хүүхдүүдээ хамгаалаад Х....ыг бариад авахаар өөрөө зодуулаад байсан. Агсам тавьж байх хоорондоо зурагтаа өшиглөөд унагаачихсан. Тэгээд Х.... намайг ална гээд хутга аваад дайрахаар нь хутгыг нь булааж авсан. Тэгээд манай эгч машинтай ирсэн чинь гарч явж байгаад эргэж орж ирсэн. Тэр хооронд миний зүрх өвдөөд ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн чинь эмч, цагдаа ирчихсэн байсан. ...Би ...оос нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардалд зарцуулагдсан баримт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад одоо гомдол, санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 11, 25 х/,

           2.Шүүгдэгч Х....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод "машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б....ыг үснээс нь зулгааж унагаж, газар унасан байхад нь дэвсэж биед нь зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт, сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2-р шүдний сулрал үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учируулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авч байгааг би ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялыг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх 47 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Гэрч О....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү ... бол багын даруухан, ажилсаг, хүнд тусархаг хүүхэд байсан одоо ч тэр зан нь хэвээрээ байгаа, цагаан цайлган, хүнд тусархаг, ах дүү нартайгаа эв түнжинтэй, эцэг эхийн хүмүүжил сайн, элдэв янзын хэрэг төвөгт орж байгаагүй, сургуульд сурч байхдаа их онц сурдаг байсан, элдэв янзын муу зуршилгүй тамхи татдаггүй, хааяа архийг тааруулж хэрэглэдэг ер нь л ажил хийгээд эхнэр 4 хүүхдээ тэжээх гэж яваа, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй тийм л хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 29 х /,

 

          4.Шинжээчийн 2688 тоот дүгнэлт

   1.Б....ын биед зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт,сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 36 х/,

 

5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/

6.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 53 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/

                8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 х/

           9.Аюулын зэргийн үнэлгээ “дунд” /хх 79-80 х/

            10.Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 71-78 х/

11.Эвлэрсэн тухай баримт /хх 88 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Х.... нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б....ыг “машины түлхүүр өгсөнгүй” гэж үснээс нь зулгааж газар унагаж дээрээс нь дэвсэж түүний биед зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт, сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2 дугаар шүдний сулрал үүсгэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ын “...би түлхүүрийг нь өгөхгүй байсан чинь намайг үснээс зулгааж унагаагаад, дээрээс дэвсээд, нүүр нүдгүй өшиглөж зодоод байсан. Би нүдээ цохиулахгүй гээд нүүрээ гараараа дараад хэвтэж байхад намайг зөндөө олон удаа толгой гар, нуруу, хүзүү, хөлрүү олон удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 11, 25 х/,

           Шүүгдэгч Х....ын “... Б....ыг үснээс нь зулгааж унагаж, газар унасан байхад нь дэвсэж биед нь зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт, сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2-р шүдний сулрал үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учируулсан. ...” гэх мэдүүлэг /хх 47 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Шинжээчийн 2688 тоот дүгнэлт

   1.Б....ын биед зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт,сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 36 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Х.... нь хохирогч Б....ын биед зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт,сарвууны арьсны зулгаралт, дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив шинжийг хангасан.

Шүүгдэгч Х.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

            Шүүгдэгч Х....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... эхнэр, нөхөр, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

          Шүүгдэгч Х...., хохирогч Б....ын нар гэр бүлийн баталгаатай болох нь тэдгээрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 53 х/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 15, 38 х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 58-60 х/-аар тогтоогдож байгаа тул дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдэл “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд “санаатай” хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Улсын Их Хурлын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэх нэмэлт орсон, уг хууль 2020 оны 02 сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан, уг гэмт хэрэг 2020 оны 02 сарын 14-ний шөнө үйлдэгдсэн бөгөөд дээрх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн хэрэгт буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй хэдий ч хууль хэрэглээний хувьд зохимжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх заалтад нийцэхгүй гэж шүүх үзсэн болно.

 

            Хохирогч Б.... хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 11, 25 х/, эвлэрсэн тухай бичгээр гаргасан баримт /хх 88 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Х....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох  ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            Х....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох  ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Боржиган овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х....ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Х....од үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х....од мэдэгдсүгэй.

 

 5.Х....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ